Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 507

 

 

 

 

 

 

 

 

 

О.Түвшинбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор С.Мөнхгэрэл,

            ялтан О.Түвшинбаярын өмгөөлөгч Р.Батцогт, А.Ганбат

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Түвшинбаярын өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан давж заалдах гомдлоор О.Түвшинбаярт холбогдох 2016 2502 2648 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Одгийвийн Түвшинбаяр, 1992 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 3 дугаар гудамжны 117 тоотод оршин суух,

-2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг багтааж биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан.

-2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2 дахь хэсэгт зааснаар уг 2 жилийн хорих ялд 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 3 сарыг нэмж нэгтгэн 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан.

-2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялд урьд 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялын зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн, / РД:УП92051853 /;

Шүүгдэгч Б,Түвшинбаяр нь ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдраас 19-нд шилжих шөнө 80-90 УНМ улсын дугаартай Бенз загварын автомашиныг хэрэглэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангийн гадна байрлуулан тавьсан 15-05 УНГ улсын дугаартай “Тоёота Аллион” загварын автомашины цонхыг хагалан нэвтэрч, монетон бөгж хулгайлан авч Б.Энхбаярт 880.000 төгрөгийн,

2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны урд байрлах Хаан банкны урд зогсоолд байрлуулан тавьсан 29-39 УНЧ улсын дугаартай “Тоёота Хайландр” загварын автомашины цонхыг хагалж, “Макбүүк” загварын зөөврийн компьютер, бичиг баримт, тамга, цүнхтэй куртик, бэлтгэлийн өмд, цамц, пүүз зэрэг эд зүйлсийг хулгайлж, Г.Баясгаланд 500.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 1.380.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Одгийвын Түвшинбаярыг давтан үйлдлээр, бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар түүний эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, ялтан О.Түвшинбаяр нь төлөх төлбөргүйг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан О.Түвшинбаярын цагдан хоригдсон 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар ялтан О.Түвшинбаяраас 5.000.000  /таван сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Ялтан О.Түвшинбаярын өмгөөлөгч Р.Батцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолын "ТОГТООХ" хэсгийн 4 дэх болон 5 дах заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Үүнд: ...Анхан шатны шүүх О.Түвшинбаярын цагдан хоригдсон хоногийг буруу тооцож шийтгэх тогтоол гаргажээ. О.Түвшинбаяр нь 2017 оны 1-р сарын 09-ний өдрөөс эхлэн 2017 оны 05-р сарын 15 хүртэл нийт 124 хоног хоригдсон байхад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан О.Түвшинбаярын цагдан хоригдсон 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 59-р зүйлийн 59.2-т “Цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногтой тэнцүүлж ялын хугацаанд оруулж тооцно” гэж заасныг зөрчиж цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсон гэж үзнэ.

Шүүхээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар О.Түвшинбаяраас 5.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай” гэж заасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.        

Учир нь О.Түвшинбаяр нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ 80-90 УНМ дугаартай Бенз маркийн авто машиныг ашиглаагүй бөгөөд “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд Шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тоггоолын 1.7-д “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй” гэж заасантай нийцэхгүй байна. Улсын Дээд Шүүхийн дээрх тогтоолд зааснаар О.Түвшинбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо “Монос” эмийн сангийн гадаа байсан иргэн Б.Энхбаярын өмчлөлийн 15-05 улсын дугаартай “Тоёото аллион” загварын автомашины цонхыг хагалж 880.000 төгрөгийн үнэ бүхий монетон бөгжийг хулгайлахдаа Т.Бямбажавын эзэмшлийн 80-90 УНМ дугаартай Бенз загварын авто машиныг хулгайлах үйлдэлдээ ашиглаагүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, 5 дах заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Ялтан О.Түвшинбаярын өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Батцогт өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Надад хэлэх тайлбар байхгүй гэв.

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шинээр хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад “Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл гэмт хэрэг үйлсэн этгээдийн өөрийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авч хохирлыг барагдуулна” гэж заасан. О.Түвшинбаяр нь учруулсан хохирлоо төлсөн тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, тээврийн хэрэгслийг буцаан олгох нь зүйтэй гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Ялтан О.Түвшинбаяр нь давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангийн гадна байрлуулан тавьсан 15-05 УНГ улсын дугаартай “Тоёота Аллион” загварын автомашины цонхыг хагалан нэвтэрч, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны урд байрлах Хаан банкны урд зогсоолд байрлуулан тавьсан 29-39 УНЧ улсын дугаартай “Тоёота Хайландр” загварын автомашины цонхыг хагалж, “Макбүүк” загварын зөөврийн компьютер, бичиг баримт, тамга, цүнхтэй куртик, бэлтгэлийн өмд, цамц, пүүз зэрэг эд  хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан О.Түвшинбаяр /1хх-45-46, 48, 159, 190, 197-198, 201/ мөрдөн байцаалтад хохирогч Г.Баясгалан /1хх-32/, Б.Энхбаяр /1хх-157, 161, 162, 2хх-26/, иргэний нэхэмжлэгч О.Гэрэлт-Од /1хх-34/ нарын өгсөн мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-8-9/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх-19/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-20/, эд зүйлийн үнэлгээ /1хх-28, 174/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-29, 167-171/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх О.Түвшинбаярын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба түүнд хорих ялыг сонгон оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Ялтан О.Түвшинбаярын хэргийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэх шинжүүд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд тусгагдаагүй байх тул түүний хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хуулийн үндэслэлтэй гэж үзлээ.

Энэ төрлийн хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт багасган тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар О.Түвшинбаярт анхан шатны шүүхээс оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан О.Түвшинбаярт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх О.Түвшинбаяр хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ 80-90 УНМ дугаартай Бенз загварын автомашиныг хэрэглэсэн болох нь нотлогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар дээрх автомашины үнэ болох 5.000.000 төгрөгийг О.Түвшинбаяраас гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ,” гэж заасныг үндэслэн тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт  хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэсэн заалтад нийцүүлэх нь зүйтэй гэж үзэв. Иймд О.Түвшинбаяр нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлснийг харгалзан түүний гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх иргэн Т.Бямбажавын өмчлөлийн 80-90 УНМ улсын дугаартай “Бенз” загварын автомашины үнэ болох “...5.000.000 төгрөгийг О.Түвшинбаяраас гаргуулан улсын орлого болгох”-оор заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Нөгөөтэйгүүр, О.Түвшинбаяр нь ... иргэн Б.Энхбаярын өмчлөлийн 15-05 улсын дугаартай “Тоёото Аллион” загварын автомашины цонхыг хагалж ... монетон бөгжийг хулгайлахдаа Т.Бямбажавын эзэмшлийн 80-90 УНМ дугаартай “Бенз” загварын авто машиныг жолоодож явсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр анхан шатны шүүх уг авто машины үнэтэй дүйцэхүйц 5.000.000 төгрөгийг О.Түвшинбаяраас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд Шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.7-д “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй” гэж заасантай нийцээгүй байна.

Ялтан О.Түвшинбаяр нь 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 124 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “69 хоног” гэж “55” хоногоор дутуу тооцсоныг залруулах нь зүйтэй.

Иймд ялтны өмгөөлөгч Ө.Батцогтын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.