Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2019/0644/З |
Дугаар | 221/МА2020/0385 |
Огноо | 2020-06-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2020/0385
2020 оны 06 сарын 17 өдөр Дугаар 221/МА2020/0385 Улаанбаатар хот
“С...” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “С...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/687 дугаар захирамжаар нэхэмжлэгч байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Үүнд:
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаар “А” ХХК-аас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байдаг.
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 4023 м.кв тус газрыг Төрийн өмчийн хороо эзэмшиж байсан бөгөөд “А т” ХХК-д орон сууцны зориулалтаар шилжүүлж, “А т” ХХК-аас “А” ХХК-д, “А” ХХК-аас “С...” ХХК-д дахин шилжүүлсэн байдаг.
Ийнхүү шилжүүлэхдээ анх газрыг Төрийн өмчийн хорооны ажилчдын орон сууцны зориулалтаар олгосон байтал газрын зориулалтыг эмнэлгийн зориулалттай болгон өөрчилж төрийн байгууллагын газрыг бусдад шилжүүлсэн байна.
Газрын зориулалтыг өөрчилсөн талаар шүүхээс үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.
Дээрх газар эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж гарсан тул Нийслэлийн Засаг даргын зүгээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгоно” гэж заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гардан аваад, шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргасан байдаг.
Итгэмжлэлээр олгогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д “Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд давж заалдах гомдлоосоо татгалзах эрхтэй” гэж заасны дагуу давж заалдах гомдлоос татгалзаж байна.
Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжаар “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Төрийн өмчийн хорооны эзэмшиж байсан 4026 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж “А т” ХХК-д орон сууцны зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн байх тул Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 дугаар захирамжийн “А т” ХХК-д холбогдох хэсэг, уг хууль бус захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 396 дугаар захирамжийн “А т” ХХК-д, “А” ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 438 дугаар захирамжийн “С...” ХХК-д холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан 2016 оны А/450 дугаар захирамжийн “С...” ХХК-д холбогдох хэсэг, түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон”-ыг нэхэмжлэгч “С...” ХХК-аас эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргажээ.
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар уг эрх төрийн байгууллагад хамаарахгүй байхаар зохицуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/687 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг үндэслэл болгон нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Учир нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжаар анх Төрийн өмчийн хорооны эзэмшиж байсан газрыг “А т” ХХК-д эзэмшүүлж, улмаар “А т” ХХК-ын эзэмшлийн газраас 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 396 дугаар захирамжаар 2291 м.кв газрыг “А” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлжээ.
Харин нэхэмжлэгч “С...” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаар “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд 2291 м.кв газрыг эмнэлгийн зориулалтаар “А” ХХК-аас шилжүүлэн 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/450 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний дагуу газар эзэмшиж байсан хуулийн этгээдээс газрыг шилжүүлэн эзэмшсэнээр үүссэн байх бөгөөд энэ тохиолдолд Газрын тухай хуульд заасны дагуу эрх нь үүссэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох Газрын тухай хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байжээ. Маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг үндэслэн гаргажээ.
Гэвч анх маргаан бүхий газрыг Төрийн өмчийн хороо буюу төрийн байгууллага эзэмшиж байсныг “А т” ХХК-д шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлийг маргаан бүхий газрыг “А т” ХХК-аас “А” ХХК-д, улмаар “А” ХХК-аас нэхэмжлэгч “С...” ХХК-д тус тус шилжүүлэхдээ захиргаа өөрөө шалган тогтоогоогүй, уг үндэслэлийг заагаагүй байна.
Гэтэл маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид шилжүүлэн эзэмшүүлж, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан, тухайн газар дээр барилга барих зөвшөөрөл өгч, түүний дагуу үл хөдлөх эд хөрөнгө бий болсны дараа “анх төрийн байгууллагын эзэмшиж байсан газрыг Газрын тухай хууль зөрчиж шилжүүлэн эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актуудыг хүчингүй болгох замаар (газар шилжүүлэн эзэмшүүлсэн захирамжууд) нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 болон Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д нийцээгүй байна.
Тухайлбал, анх төрийн байгууллагын эзэмшиж байсан газрыг хуулийн этгээдэд, тус хуулийн этгээд газрын зориулалтыг өөрчилж өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн зэрэг үйл ажиллагаанд шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллага болохын хувьд хариуцагч Нийслэлийн Засаг дарга өөрөө оролцож, улмаар нэхэмжлэгч маргаан бүхий газрыг захиргааны байгууллагаас олгосон зориулалтын дагуу ашиглаж үл хөдлөх хөрөнгө бий болсны дараа “хууль зөрчиж шилжүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Х...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах гомдол гаргасан боловч тус итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах гомдлоосоо татгалзсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д “Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд давж заалдах гомдлоосоо татгалзах эрхтэй” гэж заасанд нийцэж байх тул мөн зүйлийн 116.2-т заасны дагуу давж заалдах гомдол гаргаагүйд тооцож, шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянасан болохыг тэмдэглэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нь “газрын зориулалтыг өөрчилсөн талаар шүүхээс үнэлэлт дүгнэлт өгсөнгүй” гэсэн хэсгийг эс тооцвол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4-д “шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл ямар үндэслэл, заалтыг зөвшөөрөхгүй байгаа” талаар тусгах давж заалдах гомдолд тавигдах шаардлагыг хангахгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж, маргаан бүхий актыг хүчингүй болгосон байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7” гэж, мөн тогтоох хэсэгт гомдол гаргах эрхийг заасан сүүлийн өгүүлбэрийн “гомдол эрхтэй” гэсний дунд “гаргах” гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Х...” ХХК-ийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүйд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ