Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 229

 

Ж.Энхтайванд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Д.Булганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ,

Хохирогч Л.Саранчимэг, С.Отгончимэг, Б.Хонгорзул,

Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаар магадлалтай 201514000452 тоот эрүүгийн хэргийг хохирогч Л.Саранчимэг, С.Отгончимэг, Б.Хонгорзул нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1988 онд төрсөн, ял шийтгүүлж байгаагүй Бага хотгойд овогт Жадамбын Энхтайван нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 9162.6, 96.2.9, 96.2.10 дахь заалтад заасан “танхайн сэдэлтээр, давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Энхтайваныг танхайн сэдэлтээр, давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.6, 96.2.9, 96.2.10 дахь заалтад зааснаар 10 /арав/ жилийн хорих ялаар, тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16 дахь заалтад зааснаар 25 /хорин тав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.6, 96.2.9, 96.2.10-д зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16-д зааснаар оногдуулсан 25 /хорин тав/ жилийн хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 25 /хорин тав/ жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялаас 8 /найм/ жилийн хорих ялыг гянданд, 17 / арван долоо/ жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар цагдан хоригдсон 189 /нэг зуун наян ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Отгончимэг, Л.Саранчимэг, Б.Хонгорзул, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ нарын саналыг сонсоод

Тодорхойлох нь

Хохирогч С.Отгончимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хохирогч бид бүхний хувьд 2 хүний амь нас, 3 хүний биед хүнд, хөнгөн гэмтэл учруулсан гэм хорын уршиг өнөөдрийг хүртэл арилаагүй, эд материалын болон оршуулгын зардлаас нэг төгрөг ч төлөгдөөгүй байна. Хэрэг гарснаас хойш 9 сарын хугацаанд Ж.Энхтайван болон ар гэрийнхэн нь бидэнд нэг удаа ч гэсэн эмгэнэл илэрхийлж, зул барьж гашуудаагүй, шүүхийг болон биднийг үл хүндэтгэн, 4 удаа шүүх хурал хойшлуулж, тэр хооронд өмгөөлөгч нараа хэд хэдээр нь сольж, өчнөөн сая төгрөг зарцуулж байж, бид бүгдийн хохирлыг болон үлдсэн хүмүүсийн эмчилгээний зардал гэж нэг төгрөг ч өгөөгүй. Хохирогч бидний хувьд энэ алуурчныг амьд явах эрхтэй гэж үзэхгүй байна. 25-н жилийн дараа энэ алуурчин амьд гараад ирнэ. Миний ээж болон дүү маань босож ирэхгүй, үлдсэн хүүхдүүд эрүүл аж нийгэмд айдасгүй амьдрах баталгаа байхгүй. Иймд энэ хүнийг цаазаар авах ялаар яллаж өгнө үү” гэжээ.

Хохирогч Л.Саранчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Уг хэргээс болж миний хувьд сэтгэл санааны өвчин туссан. Хайртай хүүгээ энэ алуурчны гарт хүн хархын аргагүй болтол сэглүүлж алуулсандаа харамсаад барахааргүй. Бага хүү болох Б.Эрдэнэбаяр нь тархиндаа хүнд гэмтэл авснаар айж түгших сэтгэцийн эмгэг өвчтэй болсон ба шөнө унтдаггүй, одоо хүртэл харсан зүйлээсээ болоод шокын байдалтай байна. Том хүүгийн минь амь насыг хороож, бага хүүг минь эд эрхтэн болон сэтгэл зүрхнээс нь хэзээ ч арилахгүй ийм аймшигтай зүйл хийсэн алуурчин амьд явах эрхтэй гэж үзэхгүй байна. Ж.Энхтайван нь аав, ээжтэйгээ мал маллаж амьдардаг. Түүнийгээ шүүх хурал дээр ганцаараа амьдардаг гэж худал хэлж байсан. Жадамбын нэр байгаа мал, эд хөрөнгөнөөс Ж.Энхтайванд оногдох хэсгээс бидний оршуулгын зардал болон эмчилгээний зардлыг гаргуулж өгнө үү. Миний хүү Б.Эрдэнэбаяр 25-н жилийн дараа эрүүл саруул, нийгмийн идэвхтэй хүн байж чадах уу гэдгээс айж байна. Ийм аймаар хэрэг үйлдэж, хийсэн хэрэгтээ гэмшихгүй шүүх хурал дээр элий балай болж жүжиглэж байгаа алуурчин Ж.Энхтайванд оногдуулсан 25 жилийн ялыг нь цаазаар авах ял болгож өгнө үү” гэжээ.

Хохирогч Б.Хонгорзул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Энэ хэргээс болоод Хонгорзул миний бие тархины хүнд гэмтэл авч, тархины болон зүүн гарын хүнд хагалгаанд орж, ажил хийх чадваргүй болж 65%-ийн группд орсон. Тархины хагалгаанд орсноор заримдаа ой санамжаа түр алдах, олон нийтийн газар явахаар гар хөл салганаж, чичирч улмаар унаж татдаг болсон. Хөгшин настай эмээ, дүүгээ хүнд алуулсан нь миний буруугаас болсон мэт санагдаж сэтгэл санаа тогтворгүйжиж, амьд явах хүсэлгүй болгосон. Намайг насан туршид минь эрэмдэг болгосон энэ алуурчнаас охин бид 2-ын эмчилгээний зардлыг гаргуулж өгнө үү. Мөн миний охин Ууганцэцэгийг ирээдүйд ямар хүн болох, эрүүл саруул нийгмийн идэвхтэй хүн болох үгүй нь мэдэгдэхгүй байна. Ж.Энхтайванд өгсөн ял бага байна, цаазын ял болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Ямар нэг саналгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийн дээд хэмжээ буюу 25 жилийн хорих ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Ж.Энхтайван нь танхайн сэдэлтээр, давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, 2 буюу түүнээс олон хүн буюу 4 настай Б.Ууганцэцэг, 5 настай Б.Эрдэнэбаяр нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, мөн танхайн сэдэлтээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 2 буюу түүнээс олон хүн буюу 81 настай эмэгтэй Н.Бавуумаа, 9 настай эрэгтэй С.Эрдэнэбулган нарыг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэхдээ Ж.Энхтайван нь хохирогч Б.Хонгорзулыг алах санаатай анх очоод, сүх барьж толгойн тус газар нь цохисон, үүний улмаас хохирогч Б.Хонгорзулын биед гавал ясны ил хугарал, тархины эдийн хүнд няцрал, гэмтэл үүссэн нь тогтоогдсон. Азаар хохирогч Б.Хонгорзул амьд үлдсэн. Өөрөөр хэлбэл сүх барьж толгой руу нь цохиж, түүнийг “алъя” гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлсэн боловч Ж.Энхтайванаас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас хохирогч амьд үлдсэн. Мөрдөн байцаалтын шатанд ч шүүгдэгч “би алъя гэсэн санаа зорилготой байсан” гэж мэдүүлдэг. Талийгаач эмэгтэй болон Б.Хонгорзул нарыг сүхээр цохисны дараа хоёулаа үхчихлээ гэж бодож байтал хүүхэд гэрээс гараад гүйхэд нь араас нь сүх барьж хөөж гудамжинд алсан онц жигшүүртэй гэмт хэргийг үйлдсэн. Улсын Дээд шүүхийн 2009 оны 14 дүгээр тогтоолын 6-д заасны дагуу Ж.Энхтайваны Б.Хонгорзулыг гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн тохирох заалтаар зүйлчилж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Прокурор би хохирогч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг мөн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Уг хэргийн хувьд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруутай хүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлж болзошгүй нөхцөл байдлуудын талаар тогтоовол зохих асуудлыг тал бүрээс нь бүрэн шалгах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бодитойгоор тодорхойлох, үйлдэл, холбогдлыг нарийвчлан шалгаж тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн байна гэж үзэв.

Шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гарахад чухал ач холбогдолтой байж болох дараах нөхцөл байдлыг мөрдөн байцаалтаар тодруулах шаардлагатай гэж дүгнэлээ.

Ж.Энхтайваны олон хүний амь нас, эрүүл мэндэд аюултай гэмтэл учруулсан үйлдлүүдийн арга, түүнийг хэрэгжүүлэхэд ашигласан зэвсэг, мөн учирсан гэмтлүүдийн байрлал, шинж чанар, тоо хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гаргаж байсан зан авир, заналхийллийн шинж чанарыг зөв тодорхойлж, түүний санаа зорилго юунд чиглэсэн болохыг шалгах нь бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, Ж.Энхтайван нь хоёр хүний амь насыг хохироосноос гадна хохирогч Б.Хонгорзул, Б.Эрдэнэбаяр нарын амь биед аюултай гэмтэл учруулахдаа хүнийг санаатай алах гэмт хэргийн субьектив санааг агуулсан болон түүний хүсэл зоригоос үл шалтгаалан гэмт хэрэг туйлдаа хүрээгүй нөхцөл байдал байсан эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтаар шүүгдэгч Ж.Энхтайваны үйлдсэн хүнийг санаатай алах гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг зөв тогтоож, түүний үйлдэл бүрд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, гэмт хэргийн бүрэлдэхүүн, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай гэж дүгнэв.

Иймд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хохирогч Л.Саранчимэг, С.Отгончимэг, Б.Хонгорзул нарын гомдлыг хүлээн авч, Ж.Энхтайванд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Энхтайванд холбогдох  201514000452 тоот эрүүгийн хэргийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Орхон аймгийн прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол Ж.Энхтайванд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Т.УРАНЦЭЦЭГ

                                       ШҮҮГЧ                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН