| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2020/0043/З |
| Дугаар | 221/МА2020/0407 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2020/0407
2020 оны 07 сарын 01 өдөр Дугаар 221/МА2020/0407 Улаанбаатар хот
Ш.Д-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Т, гуравдагч этгээд Ч.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 286 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Ш.Д-н нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/272 дугаар захирамжийн Ч.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг гуравдагч этгээдийн зүгээс дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д ... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна ...”, “Газрын тухай хулуийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д зааснаар ... Засаг дарга нь энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан ... тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтад олгогдсон эсэх ... шалган тогтоох үүрэгтэй байна ...” хэмээн тус тус дүгнэж, Хан-Уул дүүргийн Засаг дарга нь дээрх хуулийн заалтуудыг удирдлага болгоогүй, үүргээ биелүүлээгүй хэмээн дүгнэсэн.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр нэхэмжлэлд дурьдагдаж буй 515 м.кв талбай бүхий газарт хашаа барьж амьдарч байгаа нь тогтоогдсон. Гуравдагч этгээд нь 515 м.кв талбай бус зөвхөн өөрийн амьдарч буй 151 м.кв талбай бүхий газрыг эзэмших хүсэлтээ Хан-Уул дүүргийн газрын алба, Засаг даргад гаргасан бөгөөд тухайн газар нь нэхэмжлэгчийн болон өөр аливаа этгээдийн эзэмшил, өмчлөлд бүртгэлгүй байсан тул гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон.
Өөрөөр хэлбэл, аливаа этгээд нь эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмших хориотой тул гуравдагч этгээд нь дээрх хуулийн заалтын дагуу зөвхөн өөрийн амьдарч буй газрыг эзэмших хүсэлтийг гаргасан бөгөөд тухайн газар нь аливаа этгээдийн эзэмшил, өмчлөлд хуулийн дагуу анхнаасаа бүртгэгдээгүй байсан тул Хан-Уул дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг олгосон захирамжийг гаргасан. Харин нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртлэх хугацаанд хууль бусаар, эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмшсээр байна. Нэхэмжлэгчийн амьдарч буй 515 м.кв талбай бүхий газар болон гуравдагч этгээдийн эзэмшлийн 151 м.кв талбай бүхий газар нь урьд нь аливаа этгээдийн эзэмшил, өмчлөлд бүртгэгдэж олгогдоогүй буу давхцаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбараар бүрэн нотлогддог.
Дээрхээс дүгнэхэд энэхүү гомдолд дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь өөрөө бодит байдалд нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж чадаагүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 286 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/272 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 1-633б тоот 151 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Ч.М-т эзэмшүүлснийг нэхэмжлэгчээс “... Ч.М нь манай хашаанд түр оршин суух хугацаанд манай хашааны газраас ... эзний зөвшөөрөлгүй гэрчилгээ гаргуулсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргасан байна.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь тухайн газрыг эзэмших ашиг сонирхолтой байсан гэж үзэхээр байх бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий газарт газар эзэмшүүлэхдээ уг газрыг хэн бодитоор эзэмшиж, ашиглаж байгааг захиргааны байгууллага тогтоосны үндсэн дээр газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхээр байжээ.
Маргаан бүхий газарт нэхэмжлэгч Ш.Д-г 1999 оноос хойш амьдарч байгааг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга тодорхойлсон байх бөгөөд тухайн газарт нэхэмжлэгчийн амьдарч буй хашаанд гуравдагч этгээд бууж нэхэмжлэгчтэй зэрэгцэн амьдарч байгаад нүүсэн талаар хэргийн оролцогчид маргаагүй, тухайн газарт нэхэмжлэгч эхлэн амьдарч бодитоор ашиглаж байгаа болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заажээ. Нэхэмжлэгчийн бодитоор ашиглаж, суурьшин амьдарч байсан газарт гуравдагч этгээд тодорхой хугацаанд амьдарсан (нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр) нь гуравдагч этгээдийн эзэмшихээр хүсэлт гаргасан газрыг бусад этгээд ашиглаж байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээс захиргааны байгууллагыг чөлөөлөхгүй, маргаан бүхий захиргааны актыг гаргах үед (болон одоо ч) гуравдагч этгээд тухайн газарт амьдрахаа больсон байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар гуравдагч этгээд маргаагүй байна.
Нөгөө талаар, газрыг аливаа этгээд эзэмшиж, өмчилж байгаа талаар газрын мэдээллийн санд мэдээлэл байхгүй байгаа нь хариуцагч дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахдаа хүсэлт гаргаж буй газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаагүй байх, бусдын газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх зэрэг Газрын тухай хуульд заасан шаардлыг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох үүргээс чөлөөлөгдөх үндэслэл биш юм.
Түүнчлэн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан нь нэхэмжлэгчийн оршин сууж буй газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн шийдвэрийг зөвтгөх хууль зүйн үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэл зорилготой, тухайн газарт бодитоор оршин сууж байсан байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээр болон Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын зохицуулалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн, бодитоор ашиглаж буй газраа хуулийн дагуу эзэмших нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны актын гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэсэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг баримтлаагүй, техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ