| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0141/Э |
| Дугаар | 000076 |
| Огноо | 2017-07-05 |
| Зүйл хэсэг | 192.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхтуяа |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 000076
Э.Дашдэнзэнд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 142/2017/0141/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Ялтан Э.Дашдэнзэн
Ялтны өмгөөлөгч С.Батмөнх-Очир
Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолтой Энхбатын Дашдэнзэнд холбогдох, 201701000048 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан Э.Дашдэнзэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 10 дугаар хороо ГОК хотхоны 5а-24 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УМ 92062113 регистрийн дугаартай, Жамбалынхан овгийн Энхбатын Дашдэнзэн.
Шүүгдэгч Э.Дашдэнзэн нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethahydrocannabinol/-ын агууламжтай 50 грамм бодисыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1700 цагаас 24 цаг хүртэл хугацаанд биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Жамбалынхан овгийн Энхбатын Дашдэнзэнг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1.д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Э.Дашдэнзэнг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1.д зааснаар шүүгдэгч Э.Дашдэнзэнд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эрүүгийн 201701000048 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethahydrocannabinol/-ын агууламжтай 50 грамм /6.9 грамм дээжилсэн/ бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Дашдэнзэн нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дашдэнзэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан Э.Дашдэнзэн давж заалдах гомдолдоо:
Би 02 дугаар сарын 01-нд хар даавуун цүнхтэй зүйлийг хэрэглэх, ашиглах зорилгоор аваагүй. Ямар ч хүн харсан анхаарал татахаар хүний хаясан хог биш гэдэг нь мэдэгдэхүйц даавуун уутанд хийсэн байсан.
Байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг байцаагч ингэж хэлсэн нь дээр ингэвэл чамд ял шийтгэл бага гайгүй өнгөрдөг гэж ойлгуулсан. Тийм болохоор би зөвшөөөрч гарын үсэг зурсан. Иймээс би тэр хар ууттай зүйлийг мансууруулах төрлийн бодис гэдгийг мэдсэн байж санаатай биедээ хадгалсан үйлдэл биш гэж гэж үзэж байна.
Мөн миний шээснээс шинжээчийн дүгнэлтээр мансууруулах бодис илэрсэн гэдгийг би огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тэр ууттай ургамал мэт зүйлийг хэрэглээгүй. Дөч гаран хоногийн дараа шээснээс илэрсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Дашдэнзэн нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethahydrocannabinol/-ын агууламжтай 50 грамм бодисыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Анхан шатны шүүх Э.Дашдэнзэнг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1.д зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэжээ.
Баривчлах ял 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд заасан ялын төрлөөс хасагдсан тул Э.Дашдэнзэнг баривчлах ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ялтан Э.Дашдэнзэнг баривчлах ялаас чөлөөлж, түүнийг нэн даруй сулласугай.
2.Э.Дашдэнзэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
С.ЦЭЦЭГМАА