Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 710

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ц-Э м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц-Э м” ХХК-ийн захирал Д.Б шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Н.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь Геологи, уул уурхайн  кадастрын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1298 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт Улаан чулууны нуруу нэртэй газарт орших XV-0053.. дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа билээ. 

Манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл хүчин төгөлдөр байх үед буюу 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд заасан эрхийн хүрээнд Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахаар хүсэлт, гэрээний төсөл, холбогдох материалын хамт Ашигт малтмалын газарт хүргүүлсэнд Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн АӨҮА-2014/09/18 тоот шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн дуусах огноог 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгаж, тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийсэн.

Гэтэл ийнхүү хүсэлт өгснөөс хойш 7 сарын хугацаа өнгөрсний дараа тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийсэн атлаа 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5-4614 дүгээр албан бичгээр Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсноор 23 дугаар зүйл хүчингүй болсон тул Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломжгүй хэмээн мэдэгдсэн. 

Улмаар Компанийн зүгээс дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд хандсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.12-ны өдрийн 1030 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, Газрын тосны газрын Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эрх зүйн харилцаа байсан болохыг хүлээн зөвшөөрч, Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн. Мөн шийдвэрийн үндэслэлд манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах боломжоор төрийн захиргааны байгууллага хангаагүй болохыг тогтоосон. 

Компани шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалт хүссэн өргөдлийг 2017 оны 01 дүгээр сарын 20, 23-ны өдөр гаргахаар тус тус материалаа бүрдүүлэн хүргэсэн. Гэвч Кадастрын хэлтсийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авдаг мэргэжилтэн н.Ббилэг өргөдөл хүлээн авахаас татгалзсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1030 дугаар шийдвэрээр төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа хэтэрснийг тогтоосон атал хариуцагч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон учраас шүүхийн шийдвэрээр тогтоосон эрхийн дагуу гаргаж буй өргөдлийг хүлээж авахгүй, мөн шүүхийн шийдвэрээр компанийн эрхийг тогтоосон ч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авахыг даалгаагүй учраас аливаа үйлдэл хийхгүй гэсэн. 

Манай компани нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан журам болон төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан. 

Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн өргөдөл, түүний хавсралт баримтыг огт хүлээж аваагүй. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өмнө ашиглалт хүссэн өргөдөл, түүний хавсралт материалыг дахин өгсөн боловч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нэгэнт дуусгавар болсон учир өргөдлийг хүлээн авах боломжгүй гэх хариу өгч, өргөдлийг хүлээн авалгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. Үүний улмаас нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалт хүссэн өргөдөл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг төрийн захиргааны байгууллагын зүгээс үндэслэлгүйгээр хязгаарлаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хөндсөн.  

Нэхэмжлэгчийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргахын тулд хуульд заасан баримт материалыг бүрдүүлэх, хуулиар тогтоосон үүргээ биелүүлэн ажиллахын тулд төрийн захиргааны байгууллагаас холбогдох зөвшөөрөл авах, баримт материал баталгаажуулах, шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх зэрэг хугацаагаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломж байгаагүй билээ. 

Ийнхүү төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон үйл баримтыг шүүхийн дурьдсан шийдвэрүүдээр тогтоосон байтал тусгай зөвшөөрлийн хугацаа нэгэнт дуусгавар болсон хэмээн компанид хуулиар олгогдсон болон шүүхийн шийдвэрээр тогтоолгосон эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна.

Иймд Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Улаан чулууны нуруу нэртэй 14744.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372Х дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 61 дүгээр шийдвэрээр “Х” ХХК-д олгосон байна.

“Х” ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Улаан чулууны нуруу нэртэй 14744.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1298 дугаар шийдвэрээр “Ц-Э м” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна. 

2014 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар 9 дэх жилийн хугацаа дуусгавар болж байгаа тусгай зөвшөөрлийг сунгах эрх төрийн захиргааны байгууллагад олгогдоогүй, сунгах хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна. 

“Ц-Э м” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр буюу тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө уг тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргаж, Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ” гэж заасны дагуу өөрийн талбай дээрх нөхцөл шаардлагуудыг тооцоолсны үндсэн дээр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай байгуулах боломжтой байсан байна. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1030 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Ц-Э м” ХХК-ний “ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ гэрээ байгуулахыг  хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, “Ц-Э м” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй”, мөн 24.2-т “Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно” гэж хуульчилжээ. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ц-Э м” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа  “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” гэж тодорхойлсон.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Ц-Э м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Улаан чулууны нуруу нэртэй газарт орших 3780.99 гектар талбайд ашигт малтмалын 5372Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Х” ХХК-д олгож, улмаар тусгай зөвшөөрлийг 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Ц-Э м” ХХК-д шилжүүлсэн байна.

“Ц-Э м” ХХК нь ашигт малтмалын 5372Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй холбогдуулан хариуцагч төрийн захиргааны байгууллагатай дараах байдлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэн шийдвэрлүүлж байжээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1027 дугаар шийдвэрээр “Ц-Э м” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын 5372Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 257 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж дээрх шийдвэрийг хүчингүй болгосон.

 Мөн “Ц-Э м” ХХК нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд тогтоогдсон эрдэс баялгийн нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд тогтоогдсон эрдэс баялгийн нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ даалгаж шийдвэрлэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1030 дугаар шийдвэрээр “Ц-Э м” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг даалгах, ашиглалтын өмнөх үйл ажиллагааны  гэрээ байгуулсан аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй болохыг тогтоолгох, “Ц-Э м” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, хохирол 35 сая төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газрын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг, ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй болохыг тогтоосон бөгөөд харин бусад шаардлага болох ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу шүүхээс тогтоогдсон дараах үйл баримтуудад  дүгнэлт хийхгүй, энэхүү үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй болно. Үүнд:

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр:

- ...тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах, өргөдөл гаргах эрхтэй бөгөөд хариуцагч дээрх эс үйлдэхүйгээрээ хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ”, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1030 дугаар шийдвэрээр:

- “...ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлт гаргах эрх 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу маргаан бүхий 5372Х дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах ашигт малтмалын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр үүссэн байна”, “...нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг тооцуулах ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтийг Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ 2014 оны 01 дүгээр сарын 28, 02 дугаар сарын 17-ны өдөр тус тус гаргаж байсан...”, “...нэхэмжлэгчийн гаргасан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтийг хариуцагч Ашигт малтмалын газар /хуучнаар/ хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй байна”, “...хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд нэхэмжлэгчийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах боломжоор төрийн захиргааны байгуулллага хангаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж тус тус.

Нэхэмжлэгч “Ц-Э м” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны  өдөр  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ашигт малтмалын 5372Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор зохих журмын дагуу өргөдөл гаргаж, холбогдох материалуудыг хавсаргаж хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан тул “Ц-Э м” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/11 дугаар албан бичгээр Кадастрын хэлтсийн даргад “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжоор хангаж өгөх” хүсэлтийг гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга  2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 7/807 дугаар албан бичгээр “...1030 дугаар шийдвэрт танай эзэмшилд байсан ... тусгай зөвшөөрлийн талбайд Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг тогтоосон байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өөрчлөлтөөр  хүчингүй болгосон тул танай компанитай тус гэрээг байгуулах боломжгүй...” гэж хариу өгчээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, 26.1.1.-д “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх”, 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ямарч тохиолдолд өргөдөл гаргаж байгаа аж ахуйн нэгжийн өргөдлийг хүлээн авах, хянан үзээд зохих шийдвэр гаргах үүрэгтэй.

Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд нэхэмжлэгчийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах боломжоор төрийн захиргааны байгуулллага хангаагүй болохыг тогтоосоор байтал “Ц-Э м” ХХК-иас гаргасан өргөдлийг хүлээн авч хянан үзэлгүйгээр шууд өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болно.

Нөгөө талаар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлээр ашиглалтын өмнөх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулж байсан бөгөөд уг зохицуулалт хүчингүй болсноор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл  шууд гаргахаар хуульчилжээ. 

Иймд “Ц-Э м” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл хүчин төгөлдөр байх үед Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст холбогдуулан ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний талаар маргаан үүсгэж шүүхээр шийдвэрлэгдсэн байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон” гэж мэтгэлцсэн.  

Ашигт  малтмалын  тухай  хуулийн  56  дугаар  зүйлийн  56.8-д  “Энэ  хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасны дагуу “Ц-Э м” ХХК нь ашигт малтмалын 5372Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан үүссэн маргааныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 257, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 502, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1030 дугаар шийдвэрүүдээр хянан шийдвэрлэж хариуцагч захиргааны байгууллагын бурууг тус бүр тогтоож байсан байх тул хариуцагч төрийн захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан цаг хугацаанаас эхлүүлэн аж ахуйн нэгж шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, захиргаа шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл эзэмших цаг хугацааг тасалдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг хайгуулын талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах, өргөдөл гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүйгээрээ мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж заасан үүргээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх тул “Ц-Э м” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж дүгнэлээ.

“Ц-Э м” ХХК “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсны дагуу энэ хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчид гаргасан өргөдөл түүнд хавсаргасан баримтууд нь  Ашигт малтмалын хуулийн 24, 25  дугаар зүйлд заасан шаардлагад нийцэж буй эсэхэд шүүхээс ямар нэгэн дүгнэлт өгөөгүй болохыг дурьдаж байна. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 26.3, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц-Э м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын 5372Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохыг хүсч гаргасан өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   С.ТӨМӨРБАТ