Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00348

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02390 дүгээр шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  2304 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.О

          Хариуцагч: НШГАнд холбогдох

          Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

     Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-01-30-ны өдрийн 102/ШШ2017/00356 дугаар захирамжаар Д.О, Ц.Халиунаа нараас 43.658.337 төгрөг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Захирамжийн дагуу НШГА Д.Оийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Төмөр замын 57 дугаар байрны 60 тоотын 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 82.850.000 төгрөгөөр үнэлж, түүний 70 хувь болох 57.995.000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг 2017-05-10-ны өдөр хүлээлгэн өгсөн. Энэ 2 өрөө байр нь 1981 онд ашиглалтад орсон ч хотын A зэрэглэлийн бүсэд байрладаг, худалдаа үйлчилгээний болон төмөр замын зорчих үйлчилгээний төвтэй ойролцоо байдаг учир одоогийн зах зээлийн үнэ нь 130 сая төгрөгөөр үнэлэгддэг. Гэтэл НШГА зах зээлийн ханшнаас хэт доогуур 82.850.000 төгрөгөөр үнэлж, үүний 70 хувь болох 57.995.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: 2017-01-30-ны өдрийн 102/ШШ2017/00356 дугаар захирамжаар Д.О, Ц.Халиунаа нараас 43.658.337 төгрөгийг гаргуулж 2017-01-30-ны дотор Голомт банкинд төлж барагдуулах, дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 57 дугаар байрны 60 тоотод байрлах, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар 2017-04-10-ны өдрийн 148/1., 2017-04-11-ний өдрийн 148/2., 2017-04-19-ний өдрийн 148/3 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан. Д.О, Ц.Халиунаа нараас Иргэний хуулийн  177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад 2 өрөө орон сууцыг 100сая төгрөгөөр үнэлж үнийн саналаа өгсөн. Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.  Д.О, Ц.Халиунаа, төлбөр авагч Голомт банкинд үнэлгээчний үнэлсэн үнэлгээг 2017-05-10-ны өдрийн 3/13656 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн. Уг мэдэгдлээр Д.О, Ц.Халиунаа нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн  177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнэ 82 850 000 төгрөгийн 70 хувь 57 995 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн. Уг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргах ёстой байдаг ч уг хугацааг хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан байна. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-01-30-ны өдрийн захирамжаар Д.О, Ц.Халиунаа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43.470.685.01 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 187.652 төрөг, нийт 43.658.337.01 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам, 57 дугаар байр, 60 тоот хаягт орших, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авах тогтоол үйлдсэн. Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хөрөнгийг худалдан борлуулах үнийн дүнд тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээчин томилж, 2017-05-03-ны өдөр үнэлгээний дүгнэлт гарсан. Шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа нь 2017-05-10-ны өдөр дээрх хөрөнгийн үнэлгээг танилцуулан, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг 57.995.000 төгрөгөөр тогтоох болохыг мэдэгдсэн. Гэтэл Д.О нь 2017-06-02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд урьд нь өөрийн буруутай үйлдлээс шалтгаалж буцсан нэхэмжлэлээ дахин гаргаж гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Энэхүү гомдолд иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Д.О гомдол гаргах  хугацааг хэтрүүлсэн байна гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02390 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хөрөнгийн үнэлгээний “Баян Модот” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2017-06 тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Оийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн  байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2304 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02390 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч  хяналтын гомдолдоо: Орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, мөн үнэлгээний 70 хувь болох 57.995.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул дээрх үнэлгээг хүчингүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

          Д.О нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр НШГАнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага тавьжээ. /хх 1/ Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. /хх 31/

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.  

    Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

    Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 102/ШШ2017/00356 дугаар захирамж /хх 5-6/ гаргаж Д.О, Ц.Халиунаа нар 43.658.337 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар  "Голомт банк" ХХК-тай тохиролцож эвлэрснийг баталсан, уг захирамжийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 00452 дугаартай гүйцэтгэх хуудас /хх 33/ бичигдсэн, НШГА 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн үйл баримт тогтоогдсон байна.

         НШГА шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээр дурдсан захирамжийн дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Төмөр зам, 57 дугаар байрны 60 тоот 2 өрөө орон сууцыг  битүүмжлэн хурааж, талууд  харилцан тохиролцоогүйгээс эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийг зөрчөөгүй тул энэ тухай гомдлоор нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

       Түүнчлэн, эд хөрөнгийн үнийг шинжээч “хэт бага” тогтоосон тухай тайлбараа  нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

       Төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч шинжээч томилж, шинжээчийн  үнэлгээнээс анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцжээ.

       Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар дүгнэлт хийхдээ  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул  шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02390 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2304 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Насан-Өлзийгийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ