Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 360

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн ,

Улсын яллагч  Г.Уянга,

Шүүгдэгч Д.Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1918003560381 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 148 тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй, урьд 1993 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих, 2003 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй буюу 1560000 төгрөгөөр торгох, 2003 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Д.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Д.Б- нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 64 дүгээр брак байрны 09 тоотод Т.Т.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Д.Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 5 сарын 14-ний өдөр би түрээсийн байр болох 61 дүгээр брак байрандаа ганцаараа “Түмний хишиг” нэртэй архийг уугаад сууж байхад Т.Б- манайд ирсэн. Тэгээд би архиндаа манараад хэсэг хэвтээд сэрэхэд Т.Б- манай өрөөнд сээж байсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд Т.Б- “яадаг юм бэ” гэж хэлээд надтай маргаад байсан. Тэгээд би боксоор цохисон” гэв.

Эрүүгийн  1918003560381 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Д.Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Халзан Т.Б- миний түрээслэн амьдарч байсан байрны шалан дээр шээгээд байсан. Тэгэхээр нь түүнийг яв гээд хөөсөн бөгөөд тухайн үед Б- явахгүй согтуурхаад надад агсам согтуу тавиад байсан тул би гарт таарсан зүйлээрээ түүний толгой руу болон нүүр хэсэг оүү нь 2-3 удаа цохисон. Тухайн үед миний амьдарч байсан түрээсийн өрөө тоггүй харанхуй байсан тул яг юугаар цохисоноо сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хатуу зүйл л байсан. Ингээд түүнтэй маргалдаж цохисны дараагаар тухайн брак байранд амьдардаг Улаанаа гэж дууддаг З.М- гэх залуу орж ирээд юу оолоод байгаа юм гэхээр нь наад Халзан Т.Б- чинь шалан дээр шээгээд байхаар нь бид хоёр маргалдсан юм чамд хамаагүй гэхэд түргэн тусламж дуудна гээд эмнэлэг рүү утастаад байсан удалгүй эмнэлэг болон цагдаагийн машин ирээд Халзан Т.Б-г эмнэлэг рүү харин намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн.” гэх мэдүүлэг /хх 18/,

 

            Хохирогч Т.Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг ухаан ороход Дархан Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын ажиглалтын өрөөнд орон дээр унтаж байсан. Тэгээд би толинд нүүрээ харахад зүүн шанаа, хүзүүний зүүн хэсгээр цус болж хатчихсан, зүүн хөмсөг сэтэрчихсэн, зүүн нүдний доор зүсэгдсэн, толгойны оройны зүүн хэсэгт хагарсан, хамар халцарсан шархтай байсан. Тухайн үед би яаж энэ гэмтэл учирсаныг бол мэдэхгүй байсан тул эмнэлгээс явлаа гээд яваад өгсөн. Эмнэлгийн сувилагч нь намайг хэн гэдэг бэ гэж асуухаар нь би Халзан Т.Б- гздэг юм аа гээд өөрийнхеө хочийг хэлчихээд яваад өгсөн. Намайг хаана хэнд зодуулсан талаар эмнэлгийн ажилчид асуухаар нь би өөрөө хэнд зодуулсан талаараа мэдэхгүй байсан учир уначихсан байх гэж хэлээд овог нэрээ хэлэхээс татгалзаад явчихсан юм. Тэгсэн өчигдөр би бирж орчим явж байгаад Улаанаа гэж дууддаг З.М- гэдзг залуутай тааралдсан чинь таныг цагдаа нар асуугаад байна лээ гэхээр нь яасан юм бол гэхэд та Д.Д.Б-д зодуулсан байхад чинь би таныг эмнэлэгт хүргэж өгсөн гэж ярихаар нь би 2019.05.14-нөөс 15-нд шилжих шөнө Д.Д.Б-д зодуулсан талаараа мэдсэн” гэх мэдүүлэг /хх 17/,

 

            Гэрч Д.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ хүний толгойн орой хэсэгт 1.5 см язарсан шархтай хамрын үзүүр зулгарсан, зүүн чамархайн хэсэгт 2.5 см шархтай байсан. Ингээд тухайн хүнд оёдол тавих гэсэн боловч хөдлөөд тавиулахгүй байсан” гэх мэдүүлэг /хх 19/,

 

Гэрч Д.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай ах Д.Д.Б- манай гэрээр ороод гарсан бөгөөд эрүүлжүүлэхээс гарч ирлээ гэж байсан. Урьд шөнө гэртээ байж байхад халзан Т.Б- хүрч ирээд гэрт шээгээд байхаар нь архи ууж байхдаа маргалдаад юугаар гэдгийг нь мэдэхгүй ямар ч байсан нэг юмаар цохиод толгойг нь хагалчихсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх 21/,

 

Гэрч З.З.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...09 тоот өрөө рүү орсон чинь харанхуй гэрэлгүй байсан бөгөөд асаагуурын гэрлийг асаагаад харсан чинь Д.Б- тухайн өрөөнийхөө орон дээр согтуу хэвтэж байсан. Харин тухайн орных нь доор нь хөнжил бололтой зүйл дээр Халзан Т.Б- гэж дууддаг 50 орчим насны ах бас согтуу бололтой хэвтэж байсан бөгөөд нүүр нь нил цус болчихсон байхаар нь та яасан бэ гэхэд Д.Б- бид хоёр жаахан маргалдаад өөр зүйл болоогүй гээд байсан. Харин би Д.Б-аас та яагаад Халзан Т.Б-г зодчихсон юм бэ гэхэд “яадаг юм бэ наадах чинь гэрээс гарахгүй байсан шүү дээ хүн юм хэлээд байхад нохой шиг хуцаад байхаар нь би зодчихсон юм” гэж байсан. Тэгээд та хүн зодоод болохгүй шүү дээ гэхэд “яадаг юм би үсрээд л мөрдөнд л орно шүү дээ” гээд миний урдаас томроод согтуурхаад байсан. Тэгэхээр нь би шууд өөрийнхөө 99307420 дугаарын утсаараа 7037103 гэсэн дугаар руу 64-р брак байрны 09 тоотод хүнд зодуулсан хүн байна гээд дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 22/,

 

Гэрч Д.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “...Д.Д.Б- гэдэг хүн бол ер нь их даруухан дуу муутай хүн байгаа юм. 2004, 2005 оны үеэс л их архи уудаг болоод сүүлдээ архины донтой болж нэг архи уухаараа гэртээ ирэхгүй 1 сар гаруй алга болчихдог байсан. Уг нь эхнэр, нэг хүүхдийнхээ хамтаар Дархан сумын 9-р баг 4-р хороолол 3-148 тоотод амьдардаг байсан ч түүнийг архи дарс уугаад байдаг болохоор нь эхнэр хүүхэд нь түүнээс одоогоос 3 орчим жилийн өмнө салаад явчихсан. Одоо эхнэр хүүхэд нь Улаанбаатар хотод амьдардаг. Хүү Б-нь хаяа түүнтэй холбоотой надаар дамжуулаад утсаар ярьж байгаа харагддаг өөр ч нэг их тэгж уулзаж учраад байдаг дотно холбоогүй болсон байна лээ. Д.Д.Б- нь эхнэр хүүхдээсээ салснаас хойш гадуур архи дарс ууж хог түүж тэнүүчилж амьдардаг болсон. Яг өөрийн гэсэн орон гэр байхгүй. Энэ тэнд  байрны орц хонгилд хоног төөрүүлж явж байна” гэх мэдүүлэг /хх 23/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 534 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Т.Т.Б-ын биед зүүн чамархай, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, хамрын шархны сорвинууд тогтоогдлоо.

2.Дээрх сорвинууд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Т.Т.Б-ын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 27-28/,

 

Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Т.Т.Б-ын биед үзлэг хийж 534 дугаартай дүгнэлт гаргасан. Т.Т.Б-ын биед учирсан зүүн чамархай, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, хамрын шархны сорвинууд нь хэрэг гарсан өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл юм. Учир нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 01 цаг 00 минутанд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд гэмтлийн эмч Энхбаатар дээрх гэмтлүүдийг тусгасан байсан” гэх мэдүүлэг /хх 33/,                                                    

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 7/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12/,

Хохирогч Т.Т.Б-ын яаралтай тусламжийн хуудас /хх 30/,

Шүүгдэгч Д.Д.Б-ын арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /хх 45-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 60-63/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 65/, Т.Энхтуяа, Б.Болд-Эрдэнэ нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 66-67/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Д.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 01:00 цагийн орчим Дархан сумын 6-р баг, 64-р брак байрны 9 тоотод хохирогч Т.Т.Б-ын эрх чөлөөнд шалтаг шалтгаангүй халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Гэрч Д.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ хүний толгойн орой хэсэгт 1.5 см язарсан шархтай хамрын үзүүр зулгарсан, зүүн чамархайн хэсэгт 2.5 см шархтай байсан. Ингээд тухайн хүнд оёдол тавих гэсэн боловч хөдлөөд тавиулахгүй байсан” гэх мэдүүлэг /хх 19/, гэрч З.З.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Халзан Т.Б- гэж дууддаг 50 орчим насны ах бас согтуу бололтой хэвтэж байсан бөгөөд нүүр нь нил цус болчихсон байхаар нь та яасан бэ гэхэд Д.Б- бид хоёр жаахан маргалдаад өөр зүйл болоогүй гээд байсан. Харин би Д.Б-аас та яагаад Халзан Т.Б-г зодчихсон юм бэ гэхэд “яадаг юм бэ наадах чинь гэрээс гарахгүй байсан шүү дээ хүн юм хэлээд байхад нохой шиг хуцаад байхаар нь би зодчихсон юм” гэж байсан.” гэх мэдүүлэг /хх 22/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 534 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Т.Т.Б-ын биед зүүн чамархай, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, хамрын шархны сорвинууд тогтоогдлоо.  2.Дээрх сорвинууд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Т.Т.Б-ын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 27-28/, шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 06 дугаа сарын 17-ны өдөр Т.Т.Б-ын биед үзлэг хийж 534 дугаартай дүгнэлт гаргасан. Т.Т.Б-ын биед учирсан зүүн чамархай, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, хамрын шархны сорвинууд нь хэрэг гарсан өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл юм. Учир нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 01 цаг 00 минутанд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд гэмтлийн эмч Энхбаатар дээрх гэмтлүүдийг тусгасан байсан” гэх мэдүүлэг /хх 33/,                                                 

Шүүгдэгч Д.Д.Б- нь хохирогч Т.Т.Б-ын эрх чөлөөнд халдаж зодсон үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн  шинжтэй байна.

Шүүгдэгч Д.Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт...”Т.Т.Б- гэрт шээсэн учраас цохьсон” гэж мэдүүлж байх боловч хэргийн газрын үзлэг, хохирогч Т.Т.Б-ын мэдүүлэг, гэрч З.З.М-гийн мэдүүлэг, шүүгдэгч Д.Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй гэж шүүх дүгнэлээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Д.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

 

Хохирогч Т.Т.Б-ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Д.Б-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр /хх 18/, шүүгдэгч Д.Д.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Д.Б-д 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн № Шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч 15 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож / 15 хоног х 8 цаг / эдлэх ялаас хасах нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг box гэх дөрвөлжин зүйл, саарал болон цайвар өнгийн 2 ширхэг хөнжлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ын цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон эдлэх ялаас хасч биечлэн эдлэх ялыг 120 цагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг box гэх дөрвөлжин зүйл болон саарал болон цайвар өнгийн 2 ширхэг хөнжлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

            6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Б-д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ