Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 95

 

Д.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0327/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                    Б.Сүрмандах

Хохирогч                                     Г.О-

Хохирогч У.Х-ын

өмгөөлөгч                                    П.Батжаргал

Нарийн бичгийн дарга                Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 379 дугаар шийтгэх тогтоолтой Д-гийн Л-д холбогдох 1918002910410 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогч Г.О-, хохирогч У.Х-ын өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай Ц- овогт Д-гийн Л-.

Шүүгдэгч Д.Л- нь 2018 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр “Цайдамын хөндий” гэх нэртэй газарт асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 06-32 ХӨҮ улсын дугаартай “Тоуоtа Рrius 20” маркийн, хар хөх өнгийн автомашиныг жолоодон Улаанбаатараас Хөвсгөл аймгийн Мөрөн сум орохоор замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3.т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б.д заасан “хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7.а.д заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас Г.О-ийн жолоодож явсан 91-49 УНЭ улсын дугаартай “Тоуоtа Рruis-20” маркийн сувдан цагаан өнгийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарч, улмаар зорчигч У.Х-, Н.Б-, жолооч Г.О- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Ц.У-, Д.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 379 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Ц- овгийн Д-гийн Л-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.Л-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүгдэгч Д.Л- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Д.Л-гээс 8.618.157 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6-р хороо, 1-1-т оршин суух /РД:**********/ У.Х-т 4.149.986 төгрөг /дөрвөн сая нэг зуун дөчин есөн мянга есөн зуун наян зургаа/-ийг, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, 104-65 тоотод оршин суух /РД:**********/ Г.О-т 4.468.171 төгрөг /дөрвөн сая дөрвөн зуун жаран найман мянга нэг зуун далан нэг/-ийг тус тус олгох,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар хохирогч У.Х-, Г.О- нар нь шүүхээс хэлэлцэгдээгүй хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

-Хохирогч У.Х-, хохирогч Г.О- нар цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн заалт нь шүүх ялтанд оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд төлөхөөр тогтоохдоо түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор хуульчилсан гэж үзэхээр байна.

Шийтгэх тогтоолын 2.т Д.Л-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг ямар хэмжээгээр, хэдий хугацаанд төлж барагдуулахыг заагаагүй  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3.т заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх...” хуульд заасан шаардлага хангаагүй.

Шүүхийн шийтгэх тогтоолд ялтан торгох ялыг төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоолд тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар тусгах хуульд заасан шаардлагыг мөн хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2019/шцт/379 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3.т заасныг ноцтой зөрчсөн үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

Прокурор давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байна... гэжээ.

Хохирогч Г.О- давж заалдах гомдолдоо:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт маш удаан хугацаанд шалгаж сунжирсан ба Улаанбаатар хотод оршин суудаг учраас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт ирж, удаа дараа мэдүүлэг өгч байсан, Улаанбаатраас Дархан-Уул аймагт ирж өмгөөлөгч сонгон авсан, шинжээчийн дүгнэлттэй танилцах, хэргийн материал танилцахаар Улаанбаатраас ирж танилцсан, өвчтэй хэвтэрт байх хугацаандаа эмнэлгээр явах, эмнэлэгт хэвтэх, дахин шинжилгээ хийлгэх, шарх боолтоо цэвэрлүүлэх гэх мэт зайлшгүй шаардлагаар би унаа тэргээр явах нь тодорхой байхад миний нэхэмжилсэн унааны баримтаа гаргаж өгсөн шатахууны зардал 898,819 төгрөгөөс нэг ч төгрөгийг хангаж шийдээгүйд гомдолтой байна. Манай улс шатахууны баримтыг олгохдоо зарлагын баримтаар бус е-баримтаар олгож байгаа бөгөөд хэн гэдэг хүн ямар машинд шатахуун авч байгаа тэмдэглэгээ хийдэггүй байдлаас болж би шатахуунд өөрөөс зарцуулсан зардлаас нэг ч төгрөгийн хохирлоо барагдуулж чадаагүйд туйлаас гомдолтой байна.

Миний өөрийн унаж явсан “Приус-20” маркийн 91-49 УНЭ улсын дугаартай авто машин нь осол болсны дараа тээврийн хэрэгслийн бүхээгний урд талын хэсгээрээ, гэрэл дохио, салхины шил, аккумлятор, шил арчигчийн усны сав, гал хамгаалагчууд, хагарсан, радиотор, сэнс, хөдөлгүүрийн блок, крыло, гупер, хөдөлгүүрийн хаалт, үндсэн арал урд хэсгээрээ тахийсан зэрэг нь ослын дараа эвдрэл гэж тогтоогдсон / 1 хх 142-143/ дахин унаж хэрэглэх боломжгүй болсон учраас шаардлагатай үед хүний унаанд бензин түлш хийж явсан юм. Мөн өвчтэй байх хугацаандаа худалдагчид сард 800,000 төгрөгийг 3 сар төлсөн 2,400,000 төгрөг бензин шатахууны 898,813 төгрөг нийт 3,298,813 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгчээс гаргуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогч У.Х-ын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

Хохирогч У.Х-ын өмгөөлөгч би дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хохирогч У.Х- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 11,585,640 төгрөг нэхэмжилснээс 4,149,986 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 7,435,654 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисонд дараах үндэслэлээр гомдож байна.

Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийн шаардлагаас 1,468,134 төгрөгийн бензин шататхууны зардлыг “...эмнэлэг эмчилгээ, оношилгоо шинжилгээнд өөрийн автомашинаар явдаг, 2 автомашинаа ээлжлэн бензин, газ хийлгэдэг байсан гэх боловч автомашины талаархи нотлох баримтаа ирүүлээгүй, тухайн авто машинд дээрх зардлаар шатахуун хийсэн эсэх нь тодорхой бус” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй дүгнэлт болсон.

Учир нь осол гарсан 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш шүүх хуралдаан болтол гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй буюу хохирогч У.Х-ын гэмтэл бүрэн эдгээгүйн улмаас байнгын эмчилгээ, сувилгаанд явж байгаа нь хууль сануулж өгсөн хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор УБ-Дарханы хооронд ирж очиж байсан үйл баримт тогтоогдсон.

Гэтэл шатахуун хийсэн 2 авто машин нь хэний авто машин болох, аль авто машинд шатахуун хийсэн болохыг нотлох баримтыг ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул бензин, шатахуунтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэлгүй орхисон нь үндэслэлгүй шийдвэр болсон.

Нөхөн төлбөр гаргуулах талаар: 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 216927 тоот шийдвэрээр хохирогч У.Х-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай тогтоосон.

У.Х- нь осолд орох үедээ албан ёсны цалин, хөлс орлогогүй байсан тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3., 228.6., 505 дугаар зүйлийн 505.2.т заасныг баримтлан 2019.04.13-наас 2020.08.14-ний өдрийг хүртэл нийт хөдөлмөрийн чадвар алдсан 16 сард 320.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 5 120 000 төгрөгийн нөхөн төлбөр шаардаж иргэний нэхэмжлэл гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх “хохирогч гэм хор учрахаас өмнө цалин хөлс, орлогогүй байсан хэдий ч сар бүр ямар ажил үйлчилгээ , орлого, түүнтэй адилтгах бусад орлого олдог байсан эсэхээ нотлох баримтаар нотолж ирүүлээгүй байгаа нь иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтагган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон.

Учир нь 505 дугаар зүйлийн 505.2.т “ Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан ба шүүхийн дүгнэснээр нэгэнт “цалин хөлс орлогогүй нь тогтоогдсон” тул ямар орлого олдог байсан нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл цалин орлоготой этгээд дутуу авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогынхоо зөрүүг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг үндэслэн нэхэмжилж байгаа тохиолдолд хохирогч өмнө нь ямар орлого олж байснаа нотлох ач холбогдолтой болохоос бус осол гарах үед цалин орлогоггүй байсан хохирогч байгаагүй цалин, орлогоо яаж нотлох, энэ нь ямар ач холбогдолтойг ойлгохгүй байна.

Иймд шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж хохирогч У.Х-ын гаргасан иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтээ нь хамт шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хоёр. Ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг нь торгох, эсхүл нийтэд тустай албадан ажил хийлгэх сонгох санкцтай.

Шүүгдэгч Д.Л-гээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг хэрхэн төлөх талаар асуухад “би ажилгүй байгаа, ээж маань ажил хийдэг, ээж төлнө гэсэн” утгатай мэдүүлэг өгсөн нь түүний бусдад учруулсан хохирол болон торгуулийг ээж нь төлөх нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.

Дээрх шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлснээр шүүхээс оногдуулсан торгуулын ялыг түүний ээж төлж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн ээж л энэ хэргийн ял, хариуцлагыг үүрч, шийтгэх тогтоолд заагаагүй болохоос биш бодит байдал дээр шүүгдэгчийн ээжид нь ял халдаачихлаа гэж үзэхээс өөр аргагүй байна.

Иймд шүүгдэгч Д.Л-г торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.т “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна”, мөн зүйлийн 3.т “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан шударга ёсны зарчим болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэхгүй байх тул шүүгдэгч Д.Л-д оногдуулсан торгох ялыг, нийтэд тустай албадан ажил хийлгэх ял болгон өөрчлөх нь Эрүүгийн хуулийн зорилт, шударга ёсны зарчимд нийцэж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна., Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3.т заасныг ноцтой зөрчсөн үндэслэлээр  оногдуулсан ял болон хохирогч нарт төлөх  хохирол төлбөрийг төлөх хугацааг хэсэгчлэн тогтоож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч У.Х-ын өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Шүүгдэгч Д.Л- нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг хэрхэн төлөх талаар асуухад “би ажилгүй байгаа, ээж маань ажил хийдэг, ээж төлнө гэсэн” утгатай мэдүүлэг өгсөн нь түүний бусдад учруулсан хохирол болон торгуулийг ээж нь төлөх нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.

Дээрх шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлснээр шүүхээс оногдуулсан торгуулын ялыг түүний ээж төлж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн ээж л энэ хэргийн ял, хариуцлагыг үүрч, шийтгэх тогтоолд заагаагүй болохоос биш бодит байдал дээр шүүгдэгчийн ээжид нь ял халдаачихлаа гэж үзэхээс өөр аргагүй байна.

Иймд шүүгдэгч Д.Л-г-торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна”, мөн зүйлийн 3.т “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан шударга ёсны зарчим болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэхгүй байх тул шүүгдэгч Д.Л-д оногдуулсан торгох ялыг, нийтэд тустай албадан ажил хийлгэх ял болгон өөрчлөх нь Эрүүгийн хуулийн зорилт, шударга ёсны зарчимд нийцэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.О- тайлбартаа:

Өвчтэй байх хугацаандаа худалдагчид сард 800,000 төгрөгийг 3 сар төлсөн 2,400,000 төгрөг, бензиний 898,813 төгрөг гээд нийт 3,298,813 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгчээс гаргуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Л-г 2018 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр “Цайдамын хөндий” гэх нэртэй газарт  засмал  зам дээр өөрийн өмчлөлийн 06-32 ХӨҮ улсын дугаартай, “Тоуоtа Рrius 20” маркийн, хар хөх өнгийн автомашиныг жолоодон Улаанбаатараас Хөвсгөл аймгийн Мөрөн сум орохоор замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Г.О-ийн жолоодож явсан 91-49 УНЭ улсын дугаартай “Тоуоtа Рruis 20” маркийн сувдан цагаан өнгийн автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гарч,  зорчигч У.Х-, Н.Б-, жолооч Г.О- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Ц.У-, Д.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.Л-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчээс нийт 8.618.157 төгрөгийг гаргаж, үүнээс хохирогч У.Х-т 4.149.986 төгрөг, хохирогч Г.О-т 4.468.171 төгрөгийг тус тус олгохоор  зааж, шүүгдэгч Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Л-д холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогч Г.О-, хохирогч У.Х-ын өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан бүхэлд нь  хянаж үзлээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Л- нь 2018 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө өөрийн өмчлөлийн “Тоуоtа Рrius 20” маркийн хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хамгаалах бүс хэрэглээгүй, мөн хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй олон хоног, нойргүй машин барьж явж ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар нойрмоглосноос замын эсрэг урсгалаар яг өөдөөс нь машин ирж байхад замын урсгал сөрж иргэн Г.О-ийн жолоодож явсан “Тоуоtа Рruis 20” маркийн автомашиныг мөргөж, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочид хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтуудыг биелүүлэхгүй зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, зорчигч У.Х-, Н.Б-, жолооч Г.О- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Ц.У-, Д.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

          Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд болох хохирогч У.Х-, Н.Б-, Г.О-, Д.Б-, насанд хүрээгүй хохирогч Ц.У- нарын мэдүүлгүүд, гэрч Т.Ялалтын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, хохирогч нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  5261., 5071., 878.,  761., 5088., 4773 дугаар  дүгнэлтүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  352., 468 дугаар  дүгнэлт, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 24  дугаар дүгнэлт, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн 018., 24 дугаар  дүгнэлт, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ болон хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, хохирогч У.Х-ын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрийн хуулбар, хохирогч У.Х-, Г.О- нарын өвчний түүхийн хуулбар, хохирогч Н.Б-т учирсан осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, хохирогч нарын эмчилгээний зардлын баримтууд, зам тээврийн ослын газарт болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл болон тухайн үед болсон үйл баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.   

Шүүгдэгч Д.Л-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээний дотор хэлэлцсэн, бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчид  оногдуулсан ял үйлдсэн хэргийн шинж, гэм буруугаа гэмшиж байгаа болон хохирол төлсөн байдал, мөн хувийн байдалд тохирсон байна.  

Анхан шатны шүүх хохирогч нарын нэхэмжилсэн хохирлын тооцоог нэг бүрчлэн тооцож дүгнэсэн хэдий ч давж заалдах шатны шүүх зарим хохирлын хувьд бодит байдалд нийцүүлэн нотлох баримтуудыг үнэлээд шүүгдэгчээс нэмж  гаргах  нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал хохирогч У.Х- нь шүүгдэгч Д.Л-гээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нийт 11.585.640 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн төлсөн 830.000 төгрөгийг хасаж, 4.149.986 төгрөгийг гаргуулж хохирогч У.Х-т олгохоор шийдвэрлэж, үлдэх 7.435.654 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хохирогч У.Х- нь дээрх ослын улмаас биед нь зүүн гарын атгаал ясны хүзүү хэсгийн хугарал, баруун нүдний ухархайн дотор доод гадна ханын цөмөрсөн хугарал, баруун хацрын нум ясны хугарал, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын цөмөрсөн хугарал гэмтлүүд үүсч, мэс заслын дараах байдалтай, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн хөлийн шилбэ, шагайнд цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирч, улмаар ослын дараа Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50%-иар 12 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн., мөн ослын хэрэг нь Дархан-Уул аймагт үйлдэгдсэн, хохирогч нь Улаанбаатар хотод амьдардаг, хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь Дархан-Уул аймагт явагдаж шийдвэрлэгдсэн тул энэ хооронд нааш цааш явж мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох зэргээр байцаан шийтгэх ажиллагаанд оролцож олон удаа явсан, осол болсноос хойш эмчлүүлж, сувилуулах, оношилгоо, шинжилгээ хийлгэх зэрэгт явган явах боломжгүй, зайлшгүй машин унаагаар явах шаардлагатай байсан нь түүний биедээ авсан гэмтлээс тодорхой харагдаж байгаа бөгөөд унаа, шатахууны нотлох баримтуудаа ирүүлснийг үндэслэн шатахууны зардал гэж нэхэмжилсэн 1.468.134 төгрөгийг шүүгдэгчээс гаргаж хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Харин хохирогч У.Х- нь ослын өмнө ямар ажил, үйлчилгээ, орлого, түүнтэй адилтгах бусад орлого олдог байсан эсэхээ нотлох баримтаар нотолж ирүүлээгүй, нөхөн төлбөр 5.120.000 төгрөг нэхэмжилсэн үндэслэлээ нотолсон баримтаа ирүүлээгүй тул бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж анхан шатны шүүх тогтоолдоо зааж шийдвэрлэсэн нь зөв байна.

Мөн хохирогч Г.О-ийн хувьд шүүгдэгчээс нийт 13.588.171 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх нотлох баримтыг үндэслэн 10.468.171 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэн, шүүгдэгчийн төлсөн 6.000.000 төгрөгийг энэ төлөх төлбөрөөс хасаж тооцон, 4.468.171 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.О-т олгохоор шийдвэрлэж, хохирогч өвчтэй байсан хугацаандаа дэлгүүртээ худалдагч авч ажиллуулсан 3 сарын хугацааны цалин гэж 2.400.000 төгрөг, бензин, шатахууны зардал гэж 898.819 төгрөг буюу 3.298.819 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нотлох баримтаас үзвэл хохирогч Г.О-ийн биед ослын улмаас зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы эгэмний дунд шугамаар далд хугарал, өвчүү ясны далд хугарал, өвчүүний бүдэрхий босоо хугарал, хүзүүний С6-С7 нугалмуудын завсрын жийргэвчийн фиборозон цагирагийн урагдал, цүлхийлт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан, түүний төрсөн хүүхэд насанд хүрээгүй хохирогч Ц.У-ын биед хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан байх ба осол Дархан-Уул аймагт гарсан, хохирогч нар нь Улаанбаатар хотод амьдардаг, хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Дархан-Уул аймагт явагдаж шийдвэрлэгдсэн тул хохирогч У.Х-ын нэгэн адил энэ хооронд нааш цааш явж мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох зэргээр байцаан шийтгэх бүх ажиллагаанд оролцож олон удаа явсан, осол болсноос хойш эмчлүүлж, сувилуулах, оношилгоо, шинжилгээ хийлгэх зэргээр гэр, эмнэлгийн хооронд явган явах боломжгүй, зайлшгүй машин унаагаар явах шаардлагатай байсан нь тэдний биедээ авсан гэмтлээс тодорхой харагдаж байгаа тул унаа, шатахууны нотлох баримтуудаа ирүүлснийг үндэслэн шатахууны зардал 898.819 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Харин дэлгүүрт  гэрээгээр худалдагч авч ажиллуулсан гэж 2.400.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь нотлогдохгүй өөрөөр хэлбэл энэ талаар хуулийн шаардлага хангасан  нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Мөн  анхан шатны шүүх шүүгдэгч Д.Л-д 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа хуульд заасны дагуу торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөх талаар шийтгэх тогтоолд заагаагүй нь буруу бөгөөд харин шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөрийг шийтгэх тогтоолд заахдаа хэсэгчлэн төлүүлэх эсхүл тодорхой хугацаа заах боломжгүй бөгөөд энэ ажиллагааг эрх бүхий байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцтгэдэг болно. 

            Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг, мөн хохирогч Г.О-, хохирогч У.Х-ын өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан гаргасан давж заалдах гомдлын Дархан-Улаанбаатарын хооронд явсан замын зардал болон бензин, шатахууны зардал нэхэмжилсэн хэсгийг хүлээн авч, зарим хэсэг болох   худалдагчийн цалин, нөхөн төлбөр гаргуулах, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчлүүлэх тухай хэсгийг   хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.,  39.6 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 379 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., 4 дүгээр заалтыг:

       - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 60.000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. Гэж.,

      -Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Д.Л-гээс нийт 10.985.110 төгрөгийг гаргаж үүнээс Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6-р хороо, 1-1-т оршин суух /РД:**********/ У.Х-т 5.618.120 /таван сая зургаан зуун арван найман мянга нэг зуун хорь/ төгрөгийг., Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, 104-65 тоотод оршин суух /РД:**********/ Г.О-т 5.366.990 /таван сая гурван зуун жаран зургаан мянга есөн зуун ер/ төгрөгийг тус тус олгосугай гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг болон хохирогч Г.О-, хохирогч У.Х-ын өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч,  зарим  хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                ШҮҮГЧИД                              Ц.ТУЯА

                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ