Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 369

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ганхуяг,

Улсын яллагч:  Г.Уянга,

Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-эд холбогдох эрүүгийн 1918000000405 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Жавхлант суманд төрсөн, эрэгтэй, 54 настай, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, замын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 1а байрны 53 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.А-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б.А- нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 1-а байрны 53 тоотод гэртээ эхнэр Ц.Ц.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б.А- согтуруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 1-а байрны 53 тоотод гэртээ эхнэр Ц.Ц.Ц-ыг “яасан удаан хийдэг юм бэ” гэж хэрүүл маргаан хийж, зүй бус үг хэллэг хэрэглэн толгойн дагз руу цохих, улмаар нүүр цээж рүү цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрх чөлөөнд нь халдсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б.А-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь дараах нотлох баримтаар хангалттай тогтоосон байна. Үүнд:

            Шүүгдэгч Б.Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр найз Төрбаттай Дархан зах дээр тааралдаад бид хоёр шинэ Дарханд Т- найзынд архи, пиво ууж байгаад би их согтсон юм. Манай найз Төрбат намайг хоноод архиа гаргаад яв гэж хэлэхээр нь би гэртээ харина гэж хэлж байснаа санаж байгаа. Ингээд би гэртээ орж байснаа санаж байна. Манай эхнэр Ц.Ц- гал тогооны өрөөнд вариан чанаад сууж байсныг нь санаж байна. Тэгээд би нэг мэдсэн чинь эхнэрийнхээ дээр гараад нүүр, цээж рүү нь цохиж байсан. Тэгээд би ухаан ороод эхнэрээ зодохоо больсон. Би тухайн үед их согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх 29/,

            Хохирогч Ц.Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.А- гал тогооны өрөөнд орж ирээд “яасан удаан юу хийгээд байгаа юм бэ” гэж надаас асуусан юм. Тэгэхээр нь би варень чанаад л байж байна шүү дээ гэж хэлсэн чинь Б.А- миний гар утсыг шалгаад намайг “чи муу банзал, янхан” гэж хараагаад миний ард зогсож байгаад эхлээд миний толгойны ар дагз хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхэд миний ухаан балартаад газар унахад Б.А- миний дээр гарч сууж байгаад миний нүүр, цээж хэсэг рүү хоёр гараараа цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би эсэргүүцэл үзүүлж гараараа хаасан тэгэхэд Б.А- миний шуу, гарлуу бас цохисон.” гэх мэдүүлэг /хх 11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 711 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.3.Ц.Ц.Ц-ын биед баруун нүдний зовхи, зүүн хацар, доод эрүү, цээжний зүүн дээд хэсэг, баруун, зүүн хөхний дээд хэсэг, зүүн мөр, бугалга, шуу, баруун сарвуу, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 19-20/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.Б.А-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.Б.А- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Шүүгдэгч Б.Б.А-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсаныг гэмтт хэрэгт тооцох зохицуулалттай.

 

Иймд шүүгдэгч Б.Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Ц.Ц.Ц-ын хохирогчоор өгсөн “надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр /хх 11/, шүүгдэгч Б.Б.А-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн 1918000000405 дугаартай хэргээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/,

Хохирогч Ц.Ц.Ц-ын яаралтай тусламжийн хуудас /хх 17-18/,

Хохирогч Ц.Ц.Ц-ын “Саран-Элит” клиникийн эмнэлгийн КТ оношилгоо /хх 21-23/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 39-40/,

Шүүгдэгч Б.Б.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 30-38/

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Б.А-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Б.Б.А-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон хохирогч Ц.Ц.Ц- гомдол саналгүй гэснийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б.А-эд холбогдох эрүүгийн 1918000000405 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.А-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.А-эд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ