Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 94

 

Б.А-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0359/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.МанлайБ- даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Г.Уянга

              Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолтой Б-ын А-эд холбогдох, 1918000000405 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай Ж- овогт Б-ын А-.

Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны орой 21.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, ** байрны ** тоотод гэртээ эхнэр Ц.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Б.А-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх эжиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-эд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж эсэргүүцэл гаргаж байна. Үндэслэл нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тоггоож болно” гэсэн заалт нь шүүх ялтанд оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд төлөхөөр тогтоохдоо түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор хуульчилсан гэж үзэхээр байна.

2. Шийтгэх тогтоолын 2.т “...Б.А-эд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг ямар хэмжээгээр, хэдий хугацаанд төлж барагдуулахыг заагаагүй..” атлаа тогтоолын 3.т “..Б.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3.т заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх...” хуульд заасан шаардлага хангаагүй.

3. Шүүхийн шийтгэх тогтоолд ялтан торгох ялыг ямар хугацаанд төлөхийг тогтоогоогүй, хэрэв шүүх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д заасныг хангаагүй байна.

дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3.т заасныг ноцтой зөрчсөн үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх шүүгдэгчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулсан ба уг ялыг хэрхэн яаж төлөх талаар тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Б.А-эд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.А-ийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны орой 21.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 1-а байрны 53 тоотод гэртээ эхнэр Ц.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.А-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.А- нь эхнэрээ зодож биед нь баруун нүдний зовхи, зүүн хацар, доод эрүү, цээжний зүүн дээд хэсэг, баруун, зүүн хөхний дээд хэсэг, зүүн мөр, бугалга, шуу, баруун сарвуу, зүүн ташаанд цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, хохирогч Ц.Ц-ын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.08.26-ны өдрийн 711 дугаар дүгнэлт болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.  

Мөн  хэрэг мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн  хэргийн хэмжээний дотор хэлэлцсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-эд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа ялыг хэдий хугацаанд, ямар хэмжээгээр төлөх талаар шийтгэх тогтоолд заагаагүй, өөрөөр хэлбэл түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох байсныг анхаараагүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.д зааснаар шүүгдэгч Б.А-эд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                             ШҮҮГЧИД                                  Ц.ТУЯА

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ