Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 000079

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.Амарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                         Хэргийн индекс 142/2017/0126/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

          Шүүх хуралдаанд: 

 

                      Прокурор                                          Б.Бүжинлхам

                      Ялтны өмгөөлөгч                            Р.Цэрэнханд

                      Нарийн бичгийн дарга                 У.Сүхбаатар нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолтой Уламбаярын Амарт холбогдох, 201714000112 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн 15 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй урьд ял шийтгүүлж байгаагүй, ОЙ 95100715 регистрийн дугаартай, Шангас овгийн Уламбаярын Амар.

 

Шүүгдэгч У.Амар нь 2017 оны 02 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 15 дугаар гудамжны 17 тоот хашаанд байх чингэлэгний төмөр цоожийг эвдэн орж дотор нь хадгалж байсан иргэн Д.Отгонбаярын 6 тооны хонины махыг хулгайлж 828.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Амарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1. болгон өөрчилж,

 

Шүүгдэгч Шангас овгийн Уламбаярын Амарыг бусдын хадгалуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1., Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3.д зааснаар шүүгдэгч У.Амарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Амарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхийн 145 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх шаардлага хангаагүй. Зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын үндсэн шинж нь өмчлөгч, эзэмшигч ашиглагч буюу хадгалуулагч, хадгалагч / итгэмжлэн хариуцсан этгээд/ хоёрын хооронд тухайн эд зүйлийг хадгалах, хадгалуулах талаар урьдчилан тохиролцсон иргэний эрх зүйн харилцаа, / хэлцэл / үүссэн байхыг шаардана.

Гэтэл У.Амар, хохирогч Д.Отгонбаяр нарын хооронд хадгалах хадгалуулах урьдчилан тохиролцсон ямар ч харилцаа үүсээгүй. Харин Д.Отгонбаяр нь шүүгдэгч Амарын эцэг Уламбаяртай харилцан тохиролцож түүний эзэмшлийн чингэлэгт 2016 оны 11 сарын сүүлээр хонь, үхрийн мах хадгалуулсан. Амар нь энд мах хадгалагдаж байгааг сүүлд буюу 2017 оны 01 сард хөдөөнөөс Орхон аймагт эмчилгээ хийлгэхээр ирээд мэдсэн талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн байдаг.

Түүнчлэн У.Амар нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 17-15 тоотод байнга оршин суудаггүй, хөдөө мал маллаж амьдардаг, 2017 оны 01 дүгээр сарын дундуур Орхон аймагт эмчилгээ хийлгэхээр түр ирсэн байхдаа буюу 2017 оны 02 сарын 06-ны өдөр өөрийн оршин сууж байсан Цагаанчулуут багийн 15-р гудамжны 17 тоот хашаанд байх чингэлгийн 2 ширхэг цоожийг сүхээр эвдэн орж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь тогтоогдсон.

Иймээс шүүхээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2.т зааснаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байгаа..., гэвч шүүх шинээр мөрдөгдөж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулж шийдвэрлэх боломжтой гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Амарыг 2017 оны 02 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 15 дугаар гудамжны 17 тоот хашаанд буюу өөрийн аав Уламбаярын чингэлэгний төмөр цоожийг эвдэн орж дотор нь байсан иргэн Д.Отгонбаярын хадгалуулсан хонины 6 гулууз махыг хулгайлж, 828.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд У.Амарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1. болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3.д зааснаар шүүгдэгч У.Амарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Мөн хэргээс үзвэл анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, үүний улмаас шийтгэх тогтоол үндэслэлтэй гарахад нөлөөлсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын ...эсэргүүцлээ дэмжиж байгаа боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ шинээр мөрдөгдөж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлж шийдвэрлэх боломжтой... гэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон  тэдний  өмгөөлөгч,  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭЦЭГМАА

 

 

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

 

                                                                                                            Ц.ТУЯА