Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 722

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би П.Э-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

...1. Нэхэмжлэгч П.Э нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугаацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн хувьд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 16645029 / арван зургаан сая зургаан зуун дөчин таван мянга хорин ес/ төгрөгийг олгохоор талууд харилцан тохиролцов.

2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар П.Э-д олгосон 6 сарын цалин хөлстэй тэнцэх 5 185 763 / таван сая нэг зуун наян таван мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийн тэтгэлгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс хасч тооцно.

3. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 11 459 763 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин есөн мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч П.Э-д Голомт банкны 1419006655 тоот дансаар шилжүүлэн өгнө.

4. Энэхүү гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

П.Энхмаагийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч П.Энхмаа нь хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүтэй харилцан тохиролцсоноо баталгаажуулж 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч П.Энхмаа болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 349 дүгээр шийдвэрээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан П.Э-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын нэгжийн даргын албан тушаалаас халсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэсэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч П.Э, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                 А.САРАНГЭРЭЛ