Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00301

 

Г.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02412 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2234 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Э

          Хариуцагч: У т з холбогдох

     Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, В.С, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2017-01-23-ны өдөр Тээврийн дээд сургуулийн захирал, удирдлагын баг хурал хийж, 2016 оны 6, 9 дүгээр сард оюутнуудын өгсөн өргөдөл гомдлын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ хурал дээр захирал Ж.Пүрэвсүрэн “энэ хүнийг сахилгын арга хэмжээгээр халахаар цалин хөлс нь бүрэн олгогдохгүй хохирно, өөрийн хүсэлтээр болговол бүх цалин хөлс нь олгогдоно” гэсэн. Ингээд хүний нөөцийн менежер н.Энхцэцэг та надад хүсэлтээ бичээд өг гэсний дагуу хүсэлт бичиж өгснөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байхад захирал, удирдлагын зүгээс намайг зөрчил  гаргасан  үйлдэл гаргаснаас  би сэтгэлийн хямралд орж,  ажлаасаа гарах, чөлөөлөгдөх бодит шалтгаан байхгүй байхад хүсэлт бичиж  өгч хохирсон. 2017-01-23-ны өдрийн 20 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. Би өөрийн санаачлагаар ажлаас гараагүй. Иймд электрон техникийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Г.Э ажиллах хугацаандаа тогтмол зөрчил дутагдал гаргаж байсан бөгөөд хичээлийн жилд 1-2 удаа шуурхай зөвлөгөөнд багшийн ёс зүйн асуудлаар ордог байсан. 2015-2016 оны хичээлийн жилд 2 удаа Г.Э багшийн ёс зүйн асуудлаар  хурал  хийсэн байдаг.Тухайлбал, 1 дүгээр улиралд тэрээр багшийн ёс зүйн зөрчил гаргаж, оюутанд “гар хүрсэн” асуудлаар  2015-11-27-ны өдөр орсон. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа шалтгаанаар уг байгууллагаас гарах шийдвэрийг хүлээж, түүнд авах арга хэмжээний талаар дахин хэлэлцэхээр болж хойшлогдсон боловч дахин хуралдаагүй, сахилгын арга хэмжээ ч  аваагүй өнгөрсөн. 2016 оны 02 дугаар улиралд  оюутны мэдлэгийг мөнгөөр үнэлж дүн тавьсан.  Төгсөх ангийн оюутнуудын өргөдөл, гомдлын мөрөөр сахилгын зөвлөл  хурал хийсэн бөгөөд  мөнгө өгсөн, авсан асуудлыг эрх бүхий байгууллагаар шалгуулах, гарсан шийдвэрийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулах, тэр хүртэл энэ зөрчлөөр арга хэмжээ тооцохыг түдгэлзүүлэхээр болсон. 2016-10-20-ны өдөр Тээврийн прокурорын газраас ирүүлсэн 2882 тоот тогтоолын дагуу  асуудлыг дахин хэлэлцэх, эцэслэн шийдвэрлэхээр хэлэлцсэн. Дээрх хуралд 2016-2017 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд багш Г.Э ажилласан байдлыг сургалтын албаны хичээл зохицуулагч багш Г.Халиуны 2016-11- 15-ны өдөр гаргаж өгсөн тайлан болон 2016-11-16-ны өдөр оюутнуудаас ирүүлсэн  өргөдлөөр гаргасан зөрчил, гомдол мөн 2016-2017 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд Хүний нөөцийн менежер болон хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нарын хийсэн Тээврийн дээд сургуулийн нийт багш нарын ажлын үзүүлэлтийг оюутнуудаар дүгнүүлсэн түүвэр санал асуулгын дүн зэргийг үндэслэн Г.Эыг ажлаас халах шийдвэрт хүрсэн. Хурлын шийдвэр гарахын өмнө тус сургуулийн захирал  “.. сахилгын зөрчлөөр багшийн ажлаас халагдах нь хүний нэр төртэй холбоотой асуудал бөгөөд дараа нь ажилд ороход сөрөг ихтэйгээс гадна багшид олгогдох санхүүгийн асуудалд хүндрэл гарна..” гээд  өөрийнх нь саналыг сонсоё гэхэд Г.Э нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдая гэж хэлсэн. Иймд хүсэлт гаргахад шахаж дарамталсан зүйл байхгүй. Өөрөө сахилгын зөвлөлийн хуралд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, өргөдлөө гаргаж,  тэтгэмж авсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02412 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох,  олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох Г.Эын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2234 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

     Нэхэмжлэгч тал хяналтын гомдолдоо: Г.Эын хөдөлмөрийн гэрээ цуцлахыг  ажил олгогч санаачилсан. Захирал Ж.Пүрэвсүрэн “...сахилгын зөвлөлийн гишүүдийн саналыг сонслоо. Багшийн ёс зүй, ажлын хариуцлага, сахилга бат алдагдуулсан зөрчил гаргасан, зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргаж байна...” гэсэн байна. Ажилтныг ажлаас буруу халсан. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг сахилгын зөрчлөөр халсан хирнээ шахаж шаардан өргөдлийг нь гаргуулан авсны дараа өөрийн хүсэлтээр гэсэн үндэслэлээр халсан. Г.Э өргөдөл гаргахад ажил олгогч хөндлөнгөөс оролцсон буюу “.. өөрийн хүсэлтээр ажлаас гарна..” гэж хэлүүлсэн. Хүний нөөцийн менежер нь өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгөөрэй гэсэн. “хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл" гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ. Я.Цэвэл зохиогчтой “Монгол хэлний товч тайлбар толь бичигт “шахалт” гэдэг үгийг “дарамт, шавдуулал” гэсэн байна. “Шаардлага” гэдэг үгийг “шавдаж шаардах, “нэхэх шаардах” гэсэн байна. Мөн “шахалт шаардлага” гэдгийг “эрх дураар биш, бусдын шахалт шаардлага, хавчилттай" гэж тайлбарласан байна. Гэтэл: Анхан шатны шүүхийн Үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч нь ... би өөрийн хүсэлтээр ажлаас гаръя” гэх тайлбар гаргасан гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Тэгвэл Г.Э яагаад тэгж хэлэх болсон үндэслэл, нөхцөл, шалтгаант холбоог шүүх олж хараагүй. Анхан шатны шүүхийн Үндэслэх хэсэгт ”... улмаар 2017 оны 01 сарын 19-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх бичгэн хүсэлтийг УБТЗ-ийн тээврийн дээд сургуулийн захиргаанд гаргасан...” гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Тэгвэл яагаад захирал Ж.Пүрэвсүрэн нь Г.Эыг хүний нөөцийн менежертэй уулзаж өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгөөрэй” гэж “шавдаж шаардсан”, “нэхэж шаардсан" болохыг шүүх дүгнээгүй. Анхан шатны шүүхийн Үүндэслэх хэсэгт “... Тээврийн дээд сургуулийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн хурлаар нэхэмжлэгчтэй холбоотой сахилгын зөрчлийн асуудлыг хэлэлцсэнийг ажил олгогчийн дарамт шахалтаар буюу ажилтан сайн дурын үндсэн дээр уг хүсэлтийг гаргаагүй, мөн уг хүсэлт нь ажилтныг өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэжээ. Сахилгын зөрчлийн асуудал хэлэлцсэнийг бид буруу гээгүй. Сахилгын зөрчлийн асуудлыг хэлэлцсэнийг бид шахалт дарамт гээгүй. Нөгөө талаас сахилгын зөрчил нь тогтоогдсон юм бол ямар журам байдаг юм тэр журмаараа халах ёстой. Сахилгын зөрчлөөр халсан гэсэн шийдвэр гаргасан  “сургуулийн хамт олонд шинэ даргын эрх мэдлийг харуулсан, дарга халж ч чаддаг, бас хүсвэл өршөөж чаддаг өгөөмөр сэтгэлтэй хүн”, “хууль бол би" гэсэн ухагдахуунаар нийгэмд буруу жишиг тогтоож байгааг шүүх анхаарсангүй. Тэгээд “захирлын зөв" гэж 2 шатны шүүх дүгнээд байгааг бид “шударга ёс алдагдлаа" гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь Хянавал хэсэгтээ “нэхэмжлэгчийн бичгээр гаргасан өвчний улмаас биеийн байдал доройтсон тул цаашид ажиллах боломжгүй гэсэн хүсэлт, хуралдааны тэмдэглэл дээр өөрийн хүсэлтээр гарах боллоо гэж хэлсэн нь ямар нэгэн заналхийлэл, шахалт үзүүлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдоогүй" гэсэн байна. Бид "ямар нэгэн заналхийлэл” байсан гэж яриагүй. Мөн өвчтэй гэсэн ямар ч баримт гаргаж өгөөгүй. Харин ажил олгогч “ямар нэг шалтгаан байх шаардлагатай” гэсэн учир “өвчний улмаас" гэж нэмж бичсэн юм гэж тайлбарласан. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Хөдөлмөрийн хуулийн 39.1-д заасан “Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нотлох баримтыг үндэслэн мөн хуулийн 40.1.4 дэх заалтыг хэрэглээгүй. Ажил олгогчоос Г.Эыг “сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлээр ажлаас шууд халсан шийдвэр гаргасан. Шийдвэрээ 2017-01-19-ний хурлын тэмдэглэлд бичүүлсэн байтал 2 шатны шүүх “энэ шийдвэр”-ийг мэдээгүй мэт өнгөрөөсөн. Дээр дурдсан баримтаар ажил олгогч ажилтанг ажлаас халсан байтал шүүх үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзсэн нь шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчлөө. Нөгөө талаар "хэргийн оролцогчийн биш бусад этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хэргийн оролцогчдоос тавигдаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийх бүрэн эрхтэй” гэсэн байтал ажлын хамт олны хуулийг сахин биелүүлэх сэтгэл зүй, хүмүүжил, хуульд итгэх итгэлийг тоогоогүй. Мөн төрийг өмчийн оролцоотой хуулийн этгээдийн материаллаг хохирлыг хайхраагүй. Шүүх зөвхөн  “...муу ажилтан Г.Э ажилдаа орох гэж байна...” гэсэн сэтгэгдлээр хандсан буюу маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандаагүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Г.Э 2017-02-22-ны өдөр шүүхэд хандан, Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн электрон техникийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг Монгол-оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдуулан /хх1, 18/ гаргасан байна. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргахдаа “...Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн сахилгын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар ажлаас халахаар шийдвэрлэж ... ажилтан өөрөө хүсэлт гаргасан байдлаар халагдвал цалин бүтэн олгогдоно гэх байдлаар дарамт, шахалт үзүүлсэн тул өөрөө халагдах өргөдөл бичсэн...” гэсэн үндэслэл заасан байна.

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө, нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн, ямар нэгэн дарамт, шахалт үзүүлээгүй гэжээ.

        Хэрэгт, ажил олгогчийн 2017-01-23-ны өдрийн 20 дугаар  тушаал, Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн захиргаанд хандаж гаргасан Г.Эын өргөдөл,   Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд  сургуулийн сахилгын зөвлөлийн  2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын 17/03 дугаар тэмдэглэл /хх 31-35,191/ авагдсан байх бөгөөд эдгээрийг зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулсны  үндсэн дээр шүүх шийдвэр гаргасан тул уг баримтуудын хэмжээнд гомдлын талаар  хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4, 172 дугаар зүйлийн 172.2-т нийцнэ.

         2. Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн захирал 2017-01-23-ны өдөр 20 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2, хөдөлмөрийн дотоод журмын 3.1, Г.Эын өргөдөл, хувийн хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2017-01-27-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан /хх 3, 28/, уг тушаалыг нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл болгосон байна.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах боломжтой бөгөөд “хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ.

         Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн захиргаанд хандаж гаргасан  Г.Эын өргөдөлд “... тус сургуульд 2000-09-01-с одоог хүртэл 16 жил холбооны багш, электроникийн багш мэргэжлээр тус тус ажиллаж байна. Чихрийн шижин өвчний улмаас биеийн байдал доройтож ачаалал даах чадвар хангалтгүй болсон учраас цаашид ажиллах боломжгүй тул өөрийн хүсэлтээр ажлаас 2017-02-01-р чөлөөлж өгнө үү...” /хх 191/ гэсэн байх бөгөөд уг өргөдлийг ажил олгогчид гаргахад хариуцагчийн зүгээс шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоо байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

          3. Ажил олгогч нь Г.Эыг сахилгын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж “ажлаас халах”-р  шийдвэр  гаргаж байсан нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж үзлээ.  

          Г.Э сахилгын зөрчил гаргасан эсэхийг ажил олгогч хуралдаанаар хэлэлцсэн нь Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 14.4.4-н “...хөдөлмөрийн сахилга зөрчсөн багш...-г сургуулийн сахилгын зөвлөлөөр хэлэлцэнэ...” гэсэн заалтад нийцсэн ажиллагаа байх тул уг үйл баримтыг нэхэмжлэгчид үзүүлсэн дарамт, шахалт гэж үзэх боломжгүй байна.

         Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн сахилгын зөвлөлийн хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17/03 дугаар тэмдэглэл /хх 31-35/-с үзвэл Г.Эыг ажлаас халах санаачилгыг ажил олгогч гаргасантай зэрэгцээд нэхэмжлэгч өөрөө ажлаасаа халагдах хүсэлтийг мөн гаргажээ.

         Талуудын хэн аль нь хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилга гаргасан нь тогтоогдсон, ажил олгогч ажилтныг “...өөрийнх нь хүсэлтээр халах...” хувилбарыг сонгож, тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1-г зөрчөөгүй байна.   

        4. Г.Э ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ огноог “2016-01-19“ гэж буруу бичсэн байх бөгөөд уг хүсэлтийг Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн сахилгын зөвлөлийн хурал болсон өдөр гаргасан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч ажлаас халагдах өргөдлийг 2017-01-19-ний өдөр гаргасан гэж шүүх үзсэн нь баримтад үндэслэгджээ.

      Ажилтан 2017-01-19-ний өдөр гаргасан өргөдөлдөө 2017-02-01-ны өдрөөс чөлөөлөгдөх хүсэлт тавьсан, ажил олгогч 2017-01-27-ны өдрөөр тасалбар болгон 2017-01-23-ны өдрийн тушаалаар Г.Эыг ажлаас нь чөлөөлсөн талаар зохигчид маргаагүй тул ажил олгогчийн 2017 оны 20 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.2, 43 дугаар зүйлийн 43.1-н зохицуулалтыг зөрчөөгүй гэж дүгнэв.

        Ажилтан ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцооны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хоёр шатны шүүх Г.Эын нэхэмжлэлийн талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг ханахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02412 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2234 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ