Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01166

 

   2017 оны 04 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01166

              Улаанбаатар хот

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                          

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12б байрны 67 тоотод оршин суух, Тайжууд овогт Хандсүрэнгийн Нансалмаа /РД-ЧР45110406/-гийн,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 22 тоотод оршин суух, Боржигон овогт Доржийн Уранбилэг /РД-ЧР72012004/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Нансалмаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Нансалмаа нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Д.Уранбилэгтэй зээлийн гэрээг бичгээр байгуулан, 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, Иргэний хуульд зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож байхаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд 9 сая төгрөг гаргуулах нэхэмжлэл шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Зээлдэгч нь зээлдүүлэгчид гэрээнд зааснаар 3 сарын хүү 900,000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлийн төлөлтөөс 1,400,000 төгрөгийг хасуулж, одоо үндсэн зээлийн төлөлтөд 3,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 3,600,000 төгрөг, мөн төлөгдөөгүй зээлийн алдангийг гэрээнд зааснаар тооцоолж, 1,800,000 төгрөгийн хамт нийт 5,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Уранбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Х.Нансалмаагаас 5 сая төгрөг зээлж авсан ба хүү болон зээлийн эргэн төлөлтөд 1,600,000 төгрөг төлсөн. Алдангид нэхэмжилж байгаа 1,800,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Би 3,600,000 төгрөг төлөх ёстой. Учир нь би Х.Нансалмаагаас нэг бус удаа хүүтэй мөнгө зээлж тухайн үед нь өсгөн өгч байсан. Одоогоор би ямар нэгэн орлогогүй, хүүхдээ хараад гэртээ байгаа учир миний энэ байдлыг харгалзан үзэж, 3,600,000 төгрөг төлөхөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х.Нансалмаа нь хариуцагч Д.Уранбилэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,400,000 төгрөг болгон багасгажээ.

Хариуцагч Д.Уранбилэг нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,600,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 1,800,000 төгрөгөөс татгалзаж, үндэслэлээ “... өмнө нь мөнгө зээлж өсгөж өгч байсан, одоо орлогогүй, гэртээ хүүхдээ харж байгаа” гэж тайлбарладаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангав.

Учир нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараас харахад нэхэмжлэгч Х.Нансалмаа нь хариуцагч Д.Уранбилэгтэй 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулан, 5,000,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын  хугацаатай зээлдүүлэхээр тохирч, мөнгийг түүнд шилжүүлсэн болох нь нотлогдож байна. /хх-4, 19 дүгээр хуудас/

Ингэснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсчээ.

Хариуцагч Д.Уранбилэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч алдангийг зөвшөөрөхгүй маргаж байна. /16, 23 дугаар хуудас/

Талууд гэрээний 2.7 дахь заалтаар зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон учир нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирол буюу алдангийг гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй.

Мөн хариуцагчийн татгалзаж буй шалтгаан нь гэрээний хариуцлага тооцох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч Д.Уранбилэг нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах ёстой байсан байх тул нэхэмжлэгч талын, хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Уранбилэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нансалмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Уранбилэгээс 101,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Д.Уранбилэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-44 дүгээр хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Уранбилэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нансалмаад олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Уранбилэгээс 101,350 төгрөг гаргуулан Х.Нансалмаад буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

               

           

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД