Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 380

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Н.Тунгалаг,

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Э, А.Г, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Б, Ц.Д нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... дугаартай эрүүгийн хэргийг Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 10 дугаар 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1967 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын ....... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д.Э,

 

2. Монгол Улсын иргэн, 1964 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, авто замын механик мэргэжилтэй, “Анаг” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Х овогт П.Б , урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

 

3. Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “.....” ТӨҮГ цахилгааны инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Э овогт Ц.Д

 

4. Монгол Улсын иргэн, 1965 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Булган  аймгийн  Булган  суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, М овогт А.Г,

 

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Э, А.Г мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт П.Б, Ц.Д нарт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Э нь Булган аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800,000,000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсний дагуу 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Тендерийн Үнэлгээний хороо байгуулах тухай” А/206 дугаар захирамж гаргаж, үнэлгээний хорооны даргаар Л.Алтангэрэл, гишүүдээр Л.Батболд, М.Алтанцэцэг, Н.Буянхишиг, Ж.Чинчулуун нарын албан тушаалтнуудыг томилсон, Үнэлгээний хороо нь 2 удаа нээлттэй тендерийг зохион байгуулж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй үндэслэлээр тендерт оролцсон компаниудаас татгалзаж, 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “ажил гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах” №1 дугаар зөвлөмж гаргасан, улмаар техникийн үнэ, долларын ханш өссөн үндэслэлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт ”Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлсний дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нар хуралдаж тоног төхөөрөмж буюу трактор, самосваль зэрэг 2 техникийг “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргасан, Засаг дарга Д.Э 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “эрх шилжүүлэх, ажил гүйцэтгэх тухай” А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Г даалгасан, А.Г нь “Дачибү” гэх ХХК-тай 01 дугаартай “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулсан, улмаар “Дачибү” ХХК-ийн захирал Ц.Дашдорж, “Анаг” ХХК-ийн захирал П.Б нар нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн,  VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгсөн үйл баримт  хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын талаар оролцогч нарын хэн аль нь маргахгүй байх ба хавтаст хэрэгт Анаг, ММК, Дачибү ХХК-ийн тендэрт оролцсон материал, засаг даргын захирамж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, бэлтгэн нийлүүлэх гэрээ зэрэг хэрэгт хамааралтай нотлох баримтууд авагдсан байна.

 

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар дээрх бүх үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан, шүүгдэгч нар гэм буруугүй гэж мэтгэлцжээ.

1.Гэм буруугийн талаар:

 

Тухайн үед засаг даргаар ажиллаж байсан Д.Э нь долларын ханш өссөн үндэслэлээр Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд ”Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж, уг хүсэлтийн дагуу ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж өмнө нь 800,000,000 төгрөгөөр хог хаягдлыг ухах, ачих, түрэх, булах зориулалттай трактор, самосваль тус тус 16 буюу нийт 32 ширхэг техник худалдан авахаар байсан бол тендерийн дагуу худалдан авах бараа, үйлчилгээний тоо хэмжээг нэг дахин бууруулж 16 ширхэг техник буюу 16 ширхэг трактор худалдаж авахаар болж өөрчилжээ.

 

Нээлттэй тендер сонгон шалгаруулах замаар худалдан авах бараа, үйлчилгээний тоо хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд дахин нээлттэй тендер шалгаруулах ёстой, шууд гэрээ байгуулах үндэслэлгүй байхад 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “эрх шилжүүлэх, ажил гүйцэтгэх тухай” А/463 дугаар захирамж гарган ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Г даалгажээ.

 

Шүүгдэгч А.Г нь ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ямар ч ажлын туршлагагүй, санхүүгийн хувьд чадавхгүй, байгуулагдсанаас хойш ихэнх хугацаанд татварын “х” тайлан гаргаж өгч байсан “Дачибү” ХХК-ийн сонгож, нийлүүлсэн 16 ширхэг тракторыг бэлтгэн нийлүүлэх гэрээнд заасан шаардлагыг хангасан эсэхийг нягтлалгүй шууд сумдын Засаг дарга нарт хүлээлгэн өгчээ.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэбат, А.Г нарын дээрх үйлдэл нь албан тушаалын эрх мэдлийг албаны буюу нийтийн эрх ашгийн эсрэг ашиглаж, “Анаг” ХХК-ийн захирал П.Б эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хийгджээ гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Б нь “Дачибү” ХХК-ийн захирал Ц.Д хүсэлтээр БНХАУ руу явж трактор худалдан авах ажиллагаанд оролцсон, тендер шалгаруулах гэрээ байгуулах зэрэгт ямар ч хамааралгүй гэж байх боловч “Дачибү” ХХК-ийн дансанд 2 удаагийн гүйлгээгээр орж ирсэн мөнгийг орж ирсэн даруйд нь шилжүүлэн авч зарцуулсан талаарх хавтаст хэрэгт авагдсан банкны дансны хуулга, гэрч  Ц.Шинэдоржийн “...Миний том ах Ц.Д нь өөрийн найзын бизнест тусалж байгаа гэж тухайн үед би ойлгож, ах Ц.Д  хүсэлтийн дагуу өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-26-35 тоот хаягт байрлалтай 38 м.кв 3 өрөө байрыг Орхон аймгийн Хас банкны барьцаанд тавьж 66 сая төгрөгийн зээл авч, мөнгийг нь бэлнээр банкан дээр Дашдорж ах болон түүний найз Бүрнээ нарт өгсөн. Миний ах Ц.Д нь надад хэлэхдээ "найз Бүрнээгийн бизнест тусалж байгаа юм" гэж хэлсэн ба тухайн үед банкнаас зээл авахдаа Ц.Д ахын "Дачибү" ХХК-ийн нэрээр Бүрнээ нь Булган аймгаас зарласан тендерийг авч 16 ширхэг трактор оруулж ирээд Булган аймагт нийлүүлж байгаа талаар хэлсэн. Түүний "Дачибү" ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, жил бүр "Х" тайлан гаргаж өгдөг компани гэж би ойлгодог” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175/, гэрч Б.Энхнасангийн “...2014 оны 01 дүгээр сард П.Б надаас Булган аймагт трактор, комбайны тендерт шалгарсан. Уг тендерт санхүүгийн туслалцаа хэрэгтэй байна гээд 60,000,000 төгрөгийн зээл гуйсан. Би өөрөөсөө 9,000,000 төгрөгийг, найз Батжаргалаас 48,500,000 төгрөгийг гэх мэтээр цуглуулж 60,000,000 төгрөгийг зээлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174/ зэрэг баримтуудаар түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

П.Б нь Дачибү ХХК-ийн нэрээр худалдан авах ажиллагаанд үгсэн тохирч оролцсон байна.

Авлигын эсрэг хуулийн 3-р зүйлд “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, “давуу байдал” гэж хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж заасан.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг, “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг, “техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга технологи, түүнд тавигдах технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг” тус тус ойлгохоор заасан.

Захиалагч буюу А.Г нь “Дачибу” ХХК-тай шууд гэрээ байгуулахдаа уг компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан  “төлбөрийн чадвартай эсэх, Монгол Улсын хуулийн дагуу татвар төлсөн эсэх, сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцсон туршлагатай эсэх, гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхтай эсэх”-ийг огт нягтлалгүй  гэрээ байгуулжээ.

Худалдан авах бараа, үйлчилгээний тоо хэмжээ 2 дахин багассан тохиолдолд шууд гэрээ байгуулах үндэслэлгүй ба шууд гэрээ байгуулахдаа дээрх шаардлагыг хангасан эсэхийг нягтлалгүй гэрээ байгуулсан нь албан тушаалтан хийх ёстой үйлдлийг хийгээгүй байна гэж үзэх бүрэн үндэслэл юм.

Шууд гэрээ байгуулахтай холбогдон бүрдүүлсэн гэх “Дачибү” ХХК-ийн материалд төлбөрийн чадвар, өмнөх туршлага, сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцсон туршлагатай холбоотой, Дачибү ХХК-ийн 2013 оын 11-р сарын 11-ний өдрийн “бидний хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллана уу” гэх хүсэлт, Дачибү ХХК-ийн “өмнө бусад газар тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлж байсан” гэх өөрийн компанийг тодорхойлсон баримт, үнийн санал, тоног төхөөрөмж нийлүүлэх хуваарь, эрүү, иргэний болон тендертэй холбогдолтой асуудлаар хэрэг маргаан шийдвэрлүүлж байгаагүй талаарх Орхон аймгийн шүүхийн тамгын хэлтсийн тодорхойлолт, 2013 оны 10-р сар хүртэл “х” тайлан гаргасан талаарх Орхон аймгийн татварын хэлтсийн тодорхойлолт зэрэг 8 хуудас баримт байх /эд мөрийн баримтаар хураагдсан Аймгийн БОАЖГ №2 гэх 56 хуудас бүхий цэнхэр хавтас/ ба  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан  наад захын шаардлагыг хангахгүй баримтууд байна.

Шүүгдэгч Д.Э, А.Г нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлаагүй шалтгаанаа “уг хууль хэрэгжиж эхлээд удаагүй байсан, сургалтад оролцож эрх авсан хүн байхгүй байсан, долларын ханш өссөн, цаг хугацаа алдсан бол төсөвт суулгасан 800,000,000 сая төгрөг эргэн татагдах байсан” гэж тайлбарлажээ.

 

Төрийн албан тушалтан хэн боловч албан үүргээ зохих ёсоор биелүүлж, хуулийг ягштал мөрдөх учиртай ба хууль мэдэхгүй байх  нь хариуцлагаас зайлсхийх үндэслэл биш болно.

 

Хэрэгт авагдсан Дачибү ХХК-ийн трактор худалдан авах гэрээний үнийн дүн, худалдан авсан тракторуудын гааль, НӨАТ төлсөн баримт, төмөр замаар тээвэрлэсэн баримт зэргийг түүвэрлэн тооцож үзэхэд вагон тээвэрт /2-р хавтас, 126-132/  16 ширхэг тракторыг 6 вагонд хуваан ачиж нийт 8,645,200 төгрөг буюу нэг тракторт 540,325 төгрөг, гааль, НӨАТ-т 16 ш тракторт нийт 46,248,204.36 төгрөг буюу нэг тракторт 2,890,213 төгрөг, үйлдвэрлэгч нийлүүлэгчээс DAF нөхцөлөөр худалдан авагчийн хилийн гарц хүртэл буюу Эрээн хот хүртэл зардал орсон үнэ /2-р хавтаст хэргийн 184, 178/ 10,500$*1752,38₮ /тухайн үеийн ханш/ =18,662,847 төгрөгөөр тооцоход 1 тракторын үнэ хэрэгт авагдсан баримтуудаар 22,093,685 төгрөг болж байна.

 

Шинжээч /1-р хавтаст хэргийн 186/ нэг тракторын үнийг 20 хувь ашиг тооцон 28,278,400 төгрөг гэж тогтоожээ.

 

Шүүгдэгч П.Б, Ц.Д нар тракторыг Эрээнээс Замын-Үүд, Эрдэнэтээс Булган хүртэл жолооч тус бүрт тус 300,000 төгрөгөөр хөлсөлж жолоодуулан хүргэсэн, масло тос, бензиний зардал, гэрээ байгуулах хэлэлцээ хийх зорилгоор удаа дараа явахад гарсан тээвэр, буудал, орчуулагч, хоолны гэх зардлуудыг тооцоогүй гэж мэдүүлж байх боловч уг зардлуудыг нэг тракторт 5 сая буюу 80 сая төгрөг гэж тооцсон ч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээнд хүрэхгүй байх тул уг үнэлгээг бодитой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нар нь захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод  заасан техникийн шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхгийг нийлүүлснийг техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан эсэхийг харьцуулан тодорхойлолгүйгээр нийлүүлэгчээс шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгч улсад 347,545,600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол тус тус учруулсан, өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Эрдэнэбат, А.Г нар нь хувийн явцуу ашиг сонирхлоор шүүгдэгч Дайчибү ХХК-ийн захирал Ц.Дашдорж, түүгээр улбаалан найз П.Б нарт давуу байдал олгож дээрх үнийн дүнгээр худалдан авах боломжтой байсан тракторыг 347,545,600 төгрөгөөр илүү үнээр худалдан авах боломжийг бүрдүүлсэн, шүүгдэгч П.Б, Ц.Д нар 28,278,400 төгрөгийн үнэ бүхий тракторыг 50 сая төгрөгөөр хуйвалдан нийлүүлж эдийн ашиг хонжоо олжээ.

 

Шүүгдэгч Д.Э, А.Г нар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч П.Б, Ц.Д нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж дээрх хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутай болохыг нотлох дараах бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

 

Л.Батсайханы сэжигтнээр өгсөн “... Аймгийн засаг даргаас 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр трактор, машин гэсэн 2 техник худалдан авахаар 50,000,000 төгрөг төлөвлөсөн боловч валютын ханш өсөж үнэ хүрэхгүй байгаа тул “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хавсралтаар батлагдсан “тоног, төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” гэж өөрчлөхийн зэрэгцээ шууд гэрээ байгуулах аргаар 2013 онд багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгах эрхийг захиалагчид олгож өгнө үү” гэсэн албан бичиг ирсэн” гэх,

 

Гэрч Ц.Цэрэндэжидийн “...П.Б 1998 онд гэр бүл болсон. 2013 онд Булган аймгийн ЗДТГ-аас сумдад трактор нийлүүлэх тендер зарлагдаж, уг тендерт "Анаг" ХХК оролцон материалаа бүрдүүлэн өгсөн. ...Бүрнээ надад тайлбарлан хэлэхдээ  "Орон  нутгийн  компани  учраас  хэл  ам   гараад байна,  өөр  компани оруулах хэрэгтэй байна" гэж байгаад танил Д гэгчийн "Дачибү" нэртэй  компанийг уг тендерт оруулахаар  болсон. Б  өөрөө  хэлэхдээ  "Өр зээлгүй бол ямар ч хамаагүй, ямар нэгэн компани олоод ир" гэж байна гэж хэлж байсан ба яг хэн гэж албан тушаалтан тэгж хэлсэн талаар мэдэхгүй байна. Ингээд Ц.Д  "Дачибү" ХХК-ийг тендерт оруулахаар болоод Дашдоржтой хамт өдөр бүр Булган аймаг руу явж байсан ба нэг өдөр намайг Бүрнээ Эрдэнэт хотын Хас банкан дээр дуудсан. Тэгээд яваад очтол Бүрнээ ганцаараа Хас банкны вип өрөөнд их л баяр, хөөртэй сууж байсан ба "Чиний дансанд тракторын урьдчилгаа мөнгө болох 400 сая төгрөг төрийн сангаас орчихсон байгаа. Одоо аваад надад өгөөдөх" гэж хэлсэн. Тэгээд би гайхаад уг мөнгийг нь данснаасаа аваад Бүрнээд бэлнээр нь өгсөн. Үүний  дараа  Бүрнээгийн  төрсөн дүү Янжиндолгорын хүү Түвшинбаяртай  холбогдож  БНХАУ руу явсан. Явахдаа ганцаараа явсан. Ингээд БНХАУ-ын трактор үйлдвэрлэдэг компанитай гэрээ байгуулж ирсэн. Гэвч удалгүй Бүрнээ гэртээ ирэлгүй 7 хоног орчим хугацаанд алга болсон бөгөөд бид хүмүүсээс сурагласаар байгаад түүнийг БНСУ руу  явсан талаар олж мэдсэн. Ингээд Солонгосоос ирээд байж байтал Эрээн дээр тракторууд нь ирчихээд үлдэгдэл мөнгөө Хятадууд нь шаардаад эхэлсэн. Иймд Ц.Д  болон түүний дүүгийнх нь байрыг Хас банкинд барьцаанд тавьж 100 гаруй сая төгрөгийн зээл авч байсан. Банкнаас зээлсэн мөнгийг Бүрнээ авсан ба БНХАУ руу трактор авч ирэхээр явсан. Арав гаруй хоногийн дараа төмөр замаар тээвэрлэн Эрдэнэтэд тракторуудыг авч ирсэн. Тэгээд тракторуудыг Булган аймагт хүлээлгэн өгөх ажиллагаа болсон ба Бүрнээ нь би  Булган аймагт үзэгдэж харагдаж болохгүй гээд гэртээ байгаад байсан. Дашдорж болон түүний хамаатан нар л тракторуудыг хүлээлгэн өгсөн байх. Тэгээд дараа нь гүйцэтгэл мөнгөө авч Ц.Д  барьцаанд тавьсан байр зэргийг чөлөөлсөн боловч гэртээ ямар нэгэн ашиг орлого авч ирээгүй. Бүрнээ надад Дашдоржид 100 сая төгрөг зээлчихсэн байгаа гэсэн. Харин Бүрнээгийн дүү Түвшинбаяр надад сүүлд хэлэхдээ "Нугарсан ашигтай бизнес болсон шүү эгчээ" гэж хэлж байсан. Трактор хүлээлгэн өгөх ажиллагаанаас хойш 3 орчим сарын хугацаанд Бүрнээ нь Булган аймгийн Засаг дарга Эрдэнэбат, ИТХ-ын дарга Батсайхан нартай огт харьцахгүй, тэднийг утсаар залгахаар утсаа авахгүй байгаад байдаг байсан. Тэгээд би Бүрнээд “найз нөхөд чинь ашиг орлоготой тендерийн ажил олж өгч байхад чи эргээд харьцдаггүй ямар муухай юм бэ” гэхээр ямар нэгэн юм хэлдэггүй байснаа эцэстээ тэдэнтэй хэвийн харьцаатай болчихсон, ярьж хөөрөөд явах болсон..., Эрдэнэбат даргатай Бүрнээ нь эртнээс найз нөхдийн харьцаа холбоотой” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-160/,

 

Гэрч Д.Сэржмядагийн “...Манай нөхөр Д Орхон аймагт гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Дачибү" ХХК-ийг 2009 онд байгуулан ажиллуулж байгаа. 2013 оны намар багын найз Бүрнээ гэгч нь ирж "Булган аймгийн ЗДТГ-аас 16 суманд хог хаягдал түрж булах трактор авах тендер зарлагдлаа. Манай компани уг тендерт ортол орон нутгийн компани учир хэл ам гараад байна, танай компанийг уг тендерт оруулъя гэж манай нөхрөөс гуйсан. Дашдорж зөвшөөрч "Дачибү" ХХК-ний нэрээр орж ялалт байгуулсан. Уг тендер нь 16 ширхэг тракторыг 800 сая төгрөгөөр худалдан авч, нийлүүлэх байсан бөгөөд урьдчилгаа 400 сая төгрөг нь 2013 оны11 дүгээр сарын 30-нд манай шинээр нээлгэсэн Хас банкны дансанд орж, уг өдрөө Бүрнээ нь мөнгийг өөрийн эхнэрийн данс руу хийлгэсэн. Үлдэгдэл 400 сая төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 25-нд мөн дансаар орж ирснийг Бүрнээ бэлнээр авсан. Компанийг тендерт оруулж өгсний урамшуулал гэж 5 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162, 5-р хх-ийн 80-81/,

 

Гэрч Д.Түвшинбаярын “... ээж Янжиндолгорын төрсөн ах П.Б гэгч 2013 оны сүүлчээр над руу залгаж “Хятадаас трактор авахаар явж байна. Одоо Бээжин хотод ирчихсэн байна. Чамтай цуг явна шүү” гэж хэлсэн. Ингээд удалгүй Бүрнээ ах ганцаараа ирсэн ба “”Дашдорж гэж хүнтэй цуг явж байгаад Улаанбаатар хотод үлдээсэн” гэж хэлж байсан. Ингээд Бүрнээ ахын хамт Шандун хот руу явж “Votal” гэж компани дээр очиж уулзсан. Уг компаниар дамжуулан трактор үйлдвэрлэдэг компанитай холбогдон Шандун хотоос 16 ширхэг WZ25-16 маркийн трактор худалдан авахаар болж гэрээ байгуулсан. Трактор худалдан авах гэрээг хамгийн анх Бүрнээ ах очихдоо амаар ярьж тохироод урьдчилгаа мөнгө төгрөгөө өгөөд байгуулсан. Тэгээд Эрээн хотоос очиж трактороо авахдаа Дашдорж нь албан ёсоор цаасан дээр байгуулж, “Дачибү” ХХК-ийн нэрээр хилээр оруулж ирсэн” гэх,

 

Гэрч С.Болдсайханы “... Би 2014 оны хавар Эрдэнэт хотод төмөр замаар тээвэрлэн авч ирсэн 16 ширхэг урд талдаа түрдэг, хойд талдаа хутгадаг шанага бүхий тракторыг хүлээн авч Булган аймгийн Байгаль орчны газарт түр хүлээлгэн өгөөд дараа нь нэгдсэн журмаар хүлээн авах сумдын Засаг дарга нарыг ирэхээр нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн. Бүрнээ надад 2,000,000 төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. “Дачибү” ХХК-ийн техник хүлээлцсэн актууд дээрх захирал Дашдорж болон менежер Д.Чимэдлхам нарын нэр дээрх гарын үсгүүдийг сумдуудад трактор хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр би орлон зурсан юм. Би уг компанид ямар нэгэн ажил эрхэлж, цалин авч байгаагүй” гэх,

 

Гэрч Г.Буянхишигийн “... Миний бие 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/206 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар “Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. “Дачибү” ХХК нь 3 удаагийн нээлттэй тендерт огт тендерийн баримт бичиг материалаа ирүүлж байгаагүй” гэх,

 

Гэрч М.Алтанцэцэгийн “... аймгийн засаг даргад шууд гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн. Ингээд шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар байгаль орчны газарт гэрээ байгуулах эрх ирсний дагуу манай газарт “Анаг” ХХК болон “Дачибү” ХХК-иуд шууд гэрээ байгуулах санал ирүүлсэн байсан. Тухайн үед газрын дарга Гантөмөр нь “Дачибү” ХХК-тай 16 ширхэг универсаль трактор худалдан авахаар гэрээ байгуулсан байсан. Манай байгууллага албан ёсоор, албан бичгээр 1 трактор болгож өөрчилье гэсэн санал хүргүүлээгүй. “Дачибү” ХХК-иас тракторуудыг шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тракторуудыг хүлээж авах комиссын бүрэлдэхүүн, гишүүдийг томилсон шийдвэр гараагүй. Тракторуудын техникийн тодорхойлолтыг тулгаж хараагүй. Газрын дарга Гантөмөр нь надад “Анаг” ХХК болон “Дачибү” ХХК-иудын материалыг үзүүлж байсан бөгөөд “Анаг” ХХК-ийн материал нь хүсэлтээс өөр юмгүй байсан” гэх,

 

 Гэрч Б.Баянмөнхийн “...”ММК” ХХК 2013 онд Булган аймгаас зарлагдсан трактор, өөрөө буулгагч автомашин нийлүүлэх тендерт манай компани оролцож 799,850,000 төгрөгөөр 16 ширхэг WZ40-16 маркийн универсаль трактор, мөн 16 ширхэг 5тн даац бүхий өөрөө буулгагч самосваль зэрэг нийт 32 техник нийлүүлэхээр үнийн санал хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл 1 универсаль тракторыг 25,440,000 төгрөг, 1 автомашиныг 16,800,000 төгрөгөөр тооцсон” гэх,

 

Гэрч Б.Цолмонтуяагийн “... Булган аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан “Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх машин механизм бэлтгэн нийлүүлэх” тендер шалгаруулалт нь хуулийн дагуу явагдсан эсэх талаар зөвлөмж тайлбар гаргаж байсан. Үнэлгээний хорооны гишүүдийг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг зөрчин томилсон тул уг тендер бүхэлдээ хүчингүй гэж үзэх үндэслэлтэй юм. А3 сертефикатыг сургалтанд хамрагдаж, шалгалт өгсөн дор нь олгодог. Түүнээс сургалтандаа хамрагдчихаад хэсэг хугацааны дараа олгодоггүй” гэх мэдүүлэг,

Тендерийн урилга /1-р хх-ийн 49/,

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 68-69/,

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдааны тогтоол /1-р хх-ийн 51-58/,

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол /1-р хх-ийн 73/,

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Г, “Дачибу” ХХК-ийн захирал Ц.Д нарын хооронд байгуулагдсан гэрээ, хавсралтууд /1-р хх-ийн 78, 81/,

Сумдын хатуу хог хаягдлыг дарж булахад зориулагдсан ухдаг түрдэг тракторыг хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, акт /1-р хх-ийн 84-86/,

Үнийн санал хүргүүлэх тухай Монтрак групп ХХК-ний албан бичиг /1-р хх-ийн 94/,

Монгол Улсын Сангийн яамны зөвлөмж тайлбар /1-р хавтас 179-181 хуудас/, трактор худалдах, худалдан авах гэрээ  /1-р хавтас 146 хуудас/,

Шинжилгээ хийх шинжээч томилсон тогтоол, хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 182-183/, болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримт зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нарын гэм буруу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байх тул шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

2015 оны Эрүүгийн хуулиар дээрх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Сайнзаяа “...Миний бие одоо Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогч ажилтай бөгөөд Аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/357 дугаартай “иргэний нэхэмжлэгч томилох тухай” захирамжаар хэрэг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцохоор томилогдсон..., би 2014 онд Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр аймгийн 15 сум, 1 тосгонд нийт 16 ширхэг трактор худалдаж авсан сумдын трактор ашиглалтын байдалтай 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн үеэр утсаар холбогдон танилцсан. Сумдын санхүүгийн албаны дарга болон тамгын газрын дарга, нягтлан нартай утсаар холбогдон ярилцахад 7 сумын трактор эвдэрчихсэн ажиллахгүй байгаа талаар ярьсан. Үүнээс 6 сум нь тракторын сэлбэгийг олж тавьбал цаашид ажиллана гэж ярьсан бол нэг сум буюу Сайхан сум нь уг трактороор юм хийдэггүй, цаашид ажиглах шаардлага байхгүй тул ингээд орхино гэж байсан. Харин бусад 8 сум нь ямар ч байсан тракторуудыг ажиллуулж байгаа талаар ярьсан..., тухайн үед уг тракторуудыг хүлээж авах комисс томилсон шийдвэр гаргаагүй..., техникийн тодорхойлолттой нь тулгаж аваагүй, энэ талаар акт үйлдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд нийлүүлэгч компаниас шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгсөн байсан..., мэргэжлийн байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна..., нэг ширхэг тракторыг 28,278,400 төгрөгөөр худалдаж авсан гэж тооцож үзэхээр 16 ширхэг трактороос нийт 347,545,600 төгрөгний зөрүү гарч байна. Иймд энэ зөрүү буюу улсад учирсан хохирлыг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс нэхэмжилж, нөхөн төлүүлэх шаардлагыг тавьж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156/ гэжээ.  

 

Иргэний хуулийн 497-р зүйлд “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахаар,гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцахаар заасан ба шүүгдэгч П.Б нь төсвөөс шилжүүлсэн 800,000,000 төгрөгийг захиран зарцуулсан, уг мөнгийг “Дачибү” ХХК-ийн дансаар шилжиж орсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол 347,545,600 төгрөгийг гэмт хэрэгт оролцсон байдал, уг мөнгийг хэн хэрхэн зарцуулсан зэрэг байдал зэргийг харгалзан П.Бүрнээгээс 300,000,000 төгрөг, Дачибү ХХК-иас 47,545,600 төгрөг гаргуулан Булган аймгийн Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэв.

 

Ял эрүүгийн хариуцлагын талаар:

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд “хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч нар 800 сая төгрөгийг бүрэн шилжүүлж авсан өдрөөр буюу 2014 оны 3-р сарын 26-ны өдрөөр гэмт хэрэг үйлдэгдэж дууссан хугацааг тооцоход шүүгдэгч Д.Э, А.Г Ц.Д нарын хувьд хөөн хэлэлцэх буюу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн  анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан тул шүүгдэгч Д.Э, А.Г Ц.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч П.Б нь 2016 оны 4-р сарын 10-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-8-13 тоотод эхнэр Ц.Цэрэндэжидийг зодож бие махбодод нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 125 дугаартай тогтоолоор /2-р хавтас 42-47-р хуудас/ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заасан ба шүүгдэгч П.Бүрнээгийн сүүлийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс буюу 2016 оны 4-р сарын 10-ны өдрөөс шинээр тоолвол энэхүү тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 4-р сарын 10-ны өдөр дуусахаар байна.

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш тухайн гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө хуульд заасан хариуцлага хүлээхээс зориуд зайлсхийх үйлдэл хийгээгүй, хуульд тусгайлан заасан хугацааны дотор дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдвол шалгуур тогтоосон хугацаанд уг этгээд үйлдсэн хэргийнхээ нийгмийн хор аюулыг ухамсарлаж ойлгон, засарч хүмүүжсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай хүмүүнлэг энэрэнгүй ёсны зарчимд үндэслэсэн ойлголт ба нөгөө талаас уг гэмт хэргийг илрүүлэх, шалгах, шийтгэх арга хэмжээг тухайн хугацаанд нь амжуулж авч чадаагүйн төлөө төрийн хүлээх хариуцлагын хэлбэр юм.

Иймд шүүгдэгч П.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар гэм буруутайд тооцсон шийдвэрийг танилцуулсны дараа оролцогч нараас шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй ба улсын яллагч нийт шүүгдэгчид холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал тавьсан тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нар ял, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлд “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг зарласны дараа улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт гаргана, улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт, тайлбар хэлсний дараа шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах ажиллагаа дууссаныг зарлана” гэж заасан ба нэгэнт улсын яллагч ял, эрүүгийн хариуцлагын талаар санал хэлээгүй, шүүгдэгч П.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй тул ял шийтгэл оногдуулсан болно.

Шүүгдэгч П.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба шүүгдэгч П.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул торгох ял шийтгэх үндэслэлгүй ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хор уршгийг харгалзан 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг эдэлж дууссанаас хойш 5 жилийн хугацаанд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг хасав.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Д эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг, Согоотын 10 дугаар байрны 21 тоот 2 өрөө орон сууцны, А.Г эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 105 дугаар байрны 188 тоот орон сууцны, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Салхит найрамдал 2 дугаар байрны 4 тоот орон сууцны, Ниссан сани маркийн 64-46 БУА улсын дугаартай авто машины, Д.Эрдэнэбатын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5-р хороолол, 14Б байрны 19 тоот орон сууцны, Исузи маркийн 26-49 УБВ улсын дугаартай автомашины, Тоёото ландкрузер 100 маркийн 92-99 БУА улсын дугаартай авто машины битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, П.Б эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг Хүрэнбулагийн 4 дүгээр хороололын 8 дугаар байрны 13 тоот 3 өрөө орон сууц битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг тракторын материал” гэх бичиглэл бүхий хавтастай, гадна талаараа ногоон өнгийн нуруулддаг хавтастай  37 хуудас материал, “Дачибү” ХХК-ийн  гадна талаараа цэнхэр өнгийн хавтастай, хаяг тэмдэглэлгүй  56 хуудастай хавтасласан материал, Булган аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн “Анаг” ХХК-ий тендерийн бичиг баримт гэх ногоон өнгийн хавтастай 46 хуудас материал, “ММК” ХХК-ий тендерийн бичиг баримт 119 хуудас, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БУ-БХС-17/2013" гэсэн хаягтай, бор өнгийн хатуу цаасаар хавтаслаж үдсэн 110 хуудас материал, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” гэх тунгалаг өнгийн хавтастай, үдэж цэгцэлсэн 65 хуудас материалуудыг хэрэгт үлдээж, шүүгдэгч П.Б авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Т овогт Д.Э, М овогт А.Г нарыг бүлэглэн Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашилаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, Х бүрд овогт П.Б, Э овогт Ц.Д нарыг төрийн албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хамжигчаар оролцсон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Т овогт Д.Э, М овогт А.Г, Э овогт Ц.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Х бүрд овогт П.Б-д төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Б оногдуулсан төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 347,545,600 төгрөгийн 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийг Х бүрд овогт П.Б, 47,545,600 /дөчин долоо сая таван зуун дөчин таван мянга зургаан зуу/ төгрөгийг 4378288 регистрийн дугаартай “......” ХХК-иас тус тус гаргуулан Булган аймгийн Засаг даргын тамгын газарт олгосугай.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Э, А.Г П.Б, Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг тракторын материал” гэх бичиглэл бүхий хавтастай, гадна талаараа ногоон өнгийн нуруулддаг хавтастай  37 хуудас материал, “Дачибу” ХХК-ий  гадна талаараа цэнхэр өнгийн хавтастай, хаяг тэмдэглэлгүй  56 хуудастай хавтасласан материал, Булган аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн “Анаг” ХХК-ий тендерийн бичиг баримт гэх ногоон өнгийн хавтастай 46 хуудас материал, “ММК” ХХК-ий тендерийн бичиг баримт 119 хуудас, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БУ-БХС-17/2013" гэсэн хаягтай, бор өнгийн хатуу цаасаар хавтаслаж үдсэн 110 хуудас материал, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” гэх тунгалаг өнгийн хавтастай, үдэж цэгцэлсэн 65 хуудас материалуудыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Ц.Д эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг, Согоотын 10 дугаар байрны 21 тоот 2 өрөө орон сууцны, А.Г эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 105-188 тоот байрны, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Салхит найрамдал 2 дугаар байрны 4 тоот орон сууцны, Ниссан сани маркийн 64-46 БУА улсын дугаартай авто машины, Д.Э эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5-р хороолол, 14Б байрны 19 тоот орон сууцны, Исузи маркийн 26-49 УБВ улсын дугаартай автомашины, Тоёото ланд крузер 100 маркийн 92-99 БУА улсын дугаартай авто машины битүүмжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, П.Б эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг Хүрэнбулагийн 4 дүгээр хороололын 8 дугаар байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хохирол, төлбөрт тооцуулахаар шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, А.Г Ц.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, шүүгдэгч П.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Б авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД