Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

Д.Э-, А.Г-, П.Б-,

Ц.Д- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Хурц,

цагаатгагдсан этгээд Д.Э-ын өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ,

цагаатгагдсан этгээд А.Г-ийн өмгөөлөгч Д.Тунгалаг,

цагаатгагдсан этгээд П.Б-гийн өмгөөлөгч Д.Дарьбазар,

цагаатгагдсан этгээд Ц.Д-ийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 154 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ж.Сандагсүрэнгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дугаартай эсэргүүцлийг үндэслэн цагаатгагдсан этгээд Д.Э-, А.Г-, П.Б-, Ц.Д- нарт холбогдох 201601000029 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хуримт түшээ овгийн Д.Э-, 1967 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ............ ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...............;

2. Хусан бүрд овгийн П.Б-, 1964 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто замын механикч мэргэжилтэй, “........” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн .................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................./;

Орхон аймгийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

 

3. Элбэгийнхэн овгийн Ц.Д-, 19....... оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Эрдэнэт уулын үйлдвэрт цахилгааны инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

 

4. Мөнгөн овгийн А.Г, 1965 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн..............суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, Булган аймгийн................ газрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

 

1. Д.Э- нь Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, А.Г-, Ц.Д-, П.Б- нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт, 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800.000.000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсний дагуу 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Тендерийн Үнэлгээний хороо байгуулах тухай” А/206 дугаар захирамж гаргахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны даргаар Л.Алтангэрэл, гишүүдээр худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшсэн болохыг гэрчлэх А3 төрлийн гэрчилгээгүй Л.Батболд, М.Алтанцэцэг, Г.Буянхишиг, Ж.Чинчулуун нарын албан тушаалтнуудыг томилсон,

 

Үнэлгээний хороо нь 2 удаагийн нээлттэй тендерийг зохион байгуулж, тендер ирүүлсэн “Анаг” ХХК, “ММК” ХХК-иудаас татгалзаж ажил гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ захиалагч Байгаль орчны газрын дарга А.Г-ийн зааж зөвлөснөөр техникийн үнэ ханш өссөн эсэхийг судалж, үндэслэлтэй тооцоо судалгаа хийлгүйгээр вальютын ханш өссөн үндэслэлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт “Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж “тоног, төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргуулж, захиалагчийн захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлэн 2013 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн “Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай” А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Г-т даалган, улмаар ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагагүй “Дачибү” ХХК-ийн нэрээр, өмнө нь Үнэлгээний хорооноос татгалзсан “Анаг” ХХК-ийн захирал П.Б-д давуу байдал олгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус 01 дугаартай “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, улмаар “Дачибү” ХХК-ийн захирал Ц.Д-, “Анаг” ХХК-ийн захирал П.Б- нар нь 1 суманд ногдох 50.000.000 төгрөгөөр 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын зах зээлийн ханшаар гэрээ байгуулах үед 28.278.400 төгрөгөөр худалдаалагдаж байсан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан техникийн шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлснийг хүлээн авах комисс байгуулалгүй нийлүүлэгчээс шууд сумын засаг дарга нарт хүлээлгэн өгч, улсад 347.545.600 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

2. А.Г- нь Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, Д.Э-, Ц.Д-, П.Б- нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт, 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800.000.000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсэн байхад өмнө нь захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлэх талаар аймгийн Засаг дарга Д.Э-ад зааж зөвлөснөөр Засаг дарга Д.Э- нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт “Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж “тоног төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргуулж, захиалагчийн захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлсэн,

 

Улмаар аймгийн Засаг дарга Д.Э-ын 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн “Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай” А/463 дугаар захирамжаар хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг даалгасны дагуу ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө нь энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагагүй “Дачибү” ХХК-ийн нэрээр өмнө нь Үнэлгээний хорооноос татгалзсан “Анаг” ХХК-ийн захирал П.Б-д давуу байдал олгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаалан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус 1 дугаартай “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулсны улмаас “Дачибү” ХХК-ийн захирал Ц.Д-, “Анаг” ХХК-ийн захирал П.Б- нар нь 1 суманд ногдох 50.000.000 төгрөгөөр 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын зах зээлийн ханшаар гэрээ байгуулах үед 28.278.4000 төгрөгөөр худалдаалагдаж байсан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан техникийн шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлснийг техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэхийг харьцуулан тодорхойлолгүйгээр нийлүүлэгчээс шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгч, улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

3. П.Б- нь “Анаг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.Э-, А.Г-, Ц.Д- нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг худалдан авч улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт “Дачибү” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж өгөх талаар Ц.Д-ид зааж зөвлөн, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлж хамжигчаар оролцсон,

4. Ц.Д- нь “Дачибү” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.Э-, А.Г-, П.Б- нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг худалдан авч, улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт П.Б-гийн зааж зөвлөснөөр учрах саадыг арилгах зорилгоор өөрийн “Дачибү” ХХК-ийн бичиг баримтыг бүрдүүлэн өгөхдөө дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлж байсан туршлагатай хэмээн хуурамч бичиг баримт үйлдэн өгч, захиалагчтай гэрээ байгуулан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Д.Э-, А.Г- нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, П.Б-, Ц.Д- нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийг баримтлан Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар Д.Э-, А.Г- нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар П.Б-, Ц.Д- нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Э-, А.Г-, П.Б-, Ц.Д- нарыг цагаатгаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-, А.Г-, П.Б-, Ц.Д- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц 201601000029 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, энэ хэрэгт Д.Э-, А.Г-, П.Б-, Ц.Д- нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Д-ийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг, Согоотын 10 дугаар байрны 21 тоот 2 өрөө орон сууцны, П.Б-гийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг, Хүрэнбулагийн 4 дүгээр хорооллын 8 дугаар байрны 13 тоот 3 өрөө орон сууцны, А.Г-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 105-188 тоот байрны, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Салхит найрамдал 2 дугаар байрны 4 тоот орон сууцны, “Ниссан санни” маркийн 64-46 БУА улсын дугаартай автомашины, Д.Э-ын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14Б байрны 19 тоот сууцны, “Исузу” маркийн 26-49 УБВ улсын дугаартай автомашины, “Тоёота ланд крузер 100” маркийн 92-99 БУА улсын дугаартай автомашины тус тус битүүмжлэлийг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Сумдын төвийн хатуу хог хаягдлыг дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг тракторын материал” гэх бичиглэл бүхий хавтастай, гадна талаараа ногоон өнгийн нуруулддаг хавтастай 37 хуудастай материал, “Дачибү” ХХК-ий гадна талаараа цэнхэр өнгийн хавтастай, хаяг тэмдэглэлгүй 56 хуудастай материалыг тус тус Байгаль орчин аялал жуулчлалын газарт, Булган аймгийн худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн “Анаг” ХХК-ийн тендерийн бичиг баримт гэх ногоон өнгийн 46 хуудас материал, “ММК” ХХК-ийн тендерийн бичиг баримт 119 хуудас, “Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” гэх тунгалаг өнгийн хавтастай, үдэж цэгцэлсэн 65 хуудас материалуудыг Булган аймгийн Худалдан авах хэлтэст тус тус хүлээлгэн өгч, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Ж.Сандагсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Э-, А.Г-, П.Б-, Ц.Д- нарыг цагаатгаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 Үүнд: Д.Э- нь Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр А/206 дугаартай, Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж гаргахдаа тухайн үед Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшсэн болохыг гэрчлэх А3 төрлийн гэрчилгээгүй Л.Алтангэрэл, Г.Буянхишиг, Л.Батболд, М.Алтанцэцэг нарыг томилсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна” гэсэн заалтыг зөрчжээ.

Мөн дээрх хууль бус Үнэлгээний хорооны шийдвэрээр шууд гэрээ байгуулах замаар Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх ажилд хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээг “Дачибү” ХХК-д шууд гэрээ байгуулах замаар олгож, тус компаниас нийлүүлсэн техникийн шаардлага хангахгүй тракторуудыг техникийн шаардлагын дагуу хүлээж авалгүй шууд сумдын Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн болох нь:

Л.Батсайханы сэжигтнээр өгсөн “... Аймгийн засаг даргаас 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр трактор, машин гэсэн 2 техник худалдан авахаар 50.000.000 төгрөг төлөвлөсөн боловч вальютын ханш өсөж үнэ хүрэхгүй байгаа тул “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хавсралтаар батлагдсан “тоног, төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” гэж өөрчлөхийн зэрэгцээ шууд гэрээ байгуулах аргаар 2013 онд багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгах эрхийг захиалагчид олгож өгнө үү” гэсэн албан бичиг ирсэн.” гэх,

Гэрч Ц.Цэрэндэжидийн “... 2013 онд Булган аймгийн Засаг даргын тамгын газраас сумдад нийлүүлэх тендер зарлагдаж, уг тендерт “Анаг” ХХК оролцон материалаа бүрдүүлэн өгсөн. Гэвч Бүрнээ надад тайлбарлан хэлэхдээ “Орон нутгийн компани учраас хэл ам гараад байна, өөр компани оруулах хэрэгтэй байна” гэж байгаад урьдын танил Дашдорж гэгчийн “Дачибү” нэртэй компанийг уг тендерт оруулахаар болсон. Бүрнээ өөрөө хэлэхдээ “Өр зээлгүй бол ямар ч хамаагүй, ямар нэгэн компани олоод ир” гэж байна гэж хэлж байсан. Трактор хүлээлгэн өгөх ажиллагаанаас хойш 3 орчим сарын хугацаанд Бүрнээ нь Булган аймгийн Засаг дарга Эрдэнэбат, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батсайхан нартай огт харьцахгүй, тэднийг утсаар залгахаар утсаа авахгүй байгаад байдаг байсан. Тэгээд би Бүрнээд найз нөхөд чинь ашиг орлоготой тендерийн ажил олж өгч байхад чи эргээд харьцдаггүй ямар муухай юм бэ гэхээр ямар нэгэн юм хэлдэггүй байснаа эцэстээ тэдэнтэй хэвийн харьцаатай болчихсон, ярьж хөөрөөд явах болсон. ...Эрдэнэбат даргатай Бүрнээ нь эртнээс найз нөхдийн харьцаа холбоотой” гэх,

Гэрч Д.Сэржмядагийн “... Манай нөхөр Дашдорж Орхон аймагт гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дачибү” ХХК-ийг 2009 онд байгуулан ажиллуулж байгаа. 2013 оны намар багын найз Бүрнээ гэгч нь ирж “Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 16 суманд хог хаягдал түрж булах трактор авах тендер зарлагдлаа. Манай компани уг тендерт ортол орон нутгийн компани учир хэл ам гараад байна. Аймгийн засаг дарга Эрдэнэбат болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батсайхан нар өөр компани олоод ир гэсэн. Иймд танай компанийг уг тендерт оруулья” гэж манай нөхрөөс гуйсан” гэх,

Гэрч Д.Түвшинбаярын “... ээж Янжиндолгорын төрсөн ах П.Б- гэгч 2013 оны сүүлчээр над руу залгаж “Хятадаас трактор авахаар явж байна. Одоо Бээжин хотод ирчихсэн байна. Чамтай цуг явна шүү” гэж хэлсэн. Ингээд удалгүй Бүрнээ ах ганцаараа ирсэн ба “”Дашдорж гэж хүнтэй цуг явж байгаад Улаанбаатар хотод үлдээсэн” гэж хэлж байсан. Ингээд бүрнээ ахын хамт Шандун хот руу явж “Votal” гэж компани дээр очиж уулзсан. Уг компаниар дамжуулан трактор үйлдвэрлэдэг компанитай холбогдон Шандун хотоос 16 ширхэг WZ25-16 маркийн трактор худалдан авахаар болж гэрээ байгуулсан. Трактор худалдан авах гэрээг хамгийн анх Бүрнээ ах очихдоо амаар ярьж тохироод урьдчилгаа мөнгө төгрөгөө өгөөд байгуулсан. Тэгээд Эрээн хотоос очиж трактороо авахдаа Дашдорж нь албан ёсоор цаасан дээр байгуулж, “Дачибү” ХХК-ийн нэрээр хилээр оруулж ирсэн” гэх,

Гэрч С.Болдсайханы “... Би 2014 оны хавар Эрдэнэт хотод төмөр замаар тээвэрлэн авч ирсэн 16 ширхэг урд талдаа түрдэг, хойд талдаа хутгадаг шанага бүхий тракторыг хүлээн авч Булган аймгийн Байгаль орчны газарт түр хүлээлгэн өгөөд дараа нь нэгдсэн журмаар хүлээн авах сумдын Засаг дарга нарыг ирэхээр нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн. Бүрнээ надад 2.000.000 төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. “Дачибү” ХХК-ийн техник хүлээлцсэн актууд дээрх захирал Дашдорж болон менежер Д.Чимэдлхам нарын нэр дээрх гарын үсгүүдийг сумдуудад трактор хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр би орлон зурсан юм. Би уг компанид ямар нэгэн ажил эрхэлж, цалин авч байгаагүй” гэх,

Гэрч Г.Буянхишигийн “... Миний бие 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/206 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар “Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. “Дачибү” ХХК нь 3 удаагийн нээлттэй тендерт огт тендерийн баримт бичиг материалаа ирүүлж байгаагүй. Сангийн яамнаас А-3 сертефикатыг надад 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр олгосон. Харин эхний удаагийн тендер зарлагдахад буюу 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр уг сертефикатыг аваагүй байсан. Үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан Л.Батболд нь надтай хамт сургалтад хамрагдаж байгаагүй, түүнд одоог хүртэл А-3 сертефикат байдаггүй юм билээ” гэх,

Гэрч М.Алтанцэцэгийн “... аймгийн засаг даргад шууд гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн. Ингээд шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар байгаль орчны газарт гэрээ байгуулах эрх ирсний дагуу манай газарт “Анаг” ХХК болон “Дачибу” ХХК-иуд шууд гэрээ байгуулах санал ирүүлсэн байсан. Тухайн үед газрын дарга Гантөмөр нь “Дачибү” ХХК-тай 16 ширхэг универсаль трактор худалдан авахаар гэрээ байгуулсан байсан. Манай байгууллага албан ёсоор, албан бичгээр 1 трактор болгож өөрчилье гэсэн санал хүргүүлээгүй. “Дачибү” ХХК-иас тракторуудыг шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас тракторуудыг хүлээж авах комиссын бүрэлдэхүүн, гишүүдийг томилсон шийдвэр гараагүй. Тракторуудын техникийн тодорхойлолтыг тулгаж хараагүй. Газрын дарга Гантөмөр нь надад “Анаг” ХХК болон “Дачибү” ХХК-иудын материалыг үзүүлж байсан бөгөөд “Анаг” ХХК-ийн материал нь хүсэлтээс өөр юмгүй байсан” гэх, гэрч Б.Баянмөнхийн “...”ММК” ХХК 2013 онд Булган аймгаас зарлагдсан трактор, өөрөө буулгагч автомашин нийлүүлэх тендерт манай компани оролцож 799.850.000 төгрөгөөр 16 ширхэг WZ40-16 маркийн универсаль трактор, мөн 16 ширхэг 5тн даац бүхий өөрөө буулгагч самосваль зэрэг нийт 32 техник нийлүүлэхээр үнийн санал хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл 1 универсаль тракторыг 25.440.000 төгрөг, 1 автомашиныг 16.800.000 төгрөгөөр тооцсон байна” гэх,

Гэрч Б.Цолмонтуяагийн “... Булган аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан “Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх машин механизм бэлтгэн нийлүүлэх” тендер шалгаруулалт нь хуулийн дагуу явагдсан эсэх талаар зөвлөмж тайлбар гаргаж байсан. Үнэлгээний хорооны гишүүдийг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг зөрчин томилсон тул уг тендер бүхэлдээ хүчингүй гэж үзэх үндэслэлтэй юм. А3 сертефикатыг сургалтанд хамрагдаж, шалгалт өгсөн дор нь олгодог. Түүнээс сургалтандаа хамрагдчихаад хэсэг хугацааны дараа олгодоггүй” гэх,

Шүүгдэгч Д.Э-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... ирсэн тракторуудыг техникийн тодорхойлолттой нь харьцуулж үзэлгүйгээр сумдын засаг дарга нарт шууд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э-, А.Г-, П.Б-, Ц.Д- нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.1-д “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг, 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг, 5.1.19-т “техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга технологи, түүнд тавигдах технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг” тус тус ойлгохоор, хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэх”-ээр заасан ба 27.1.2-т “техникийн тодорхойлолт” нь уг шаардлагын нэг хэсэг болж байна.

Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-т заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж заасан байх ба 40.2-т “Хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно” гэжээ.

Хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6-д захиалагч нь “бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих”-аар заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд шууд гэрээ нь тендерийн шалгаруулалтын нэг хэсэг бөгөөд мөн хуулийн шаардлагыг хангасан байхаар байна. Гэвч гэрээнд заасан техникийн шаардлага хангаагүй бараа нийлүүлсэн, түүнд захиалагч хяналт тавиагүй, шууд сумдын Засаг дарга нарт нийлүүлсэн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан, дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба тэдний үйлдэл, эс үйлдэхүй нь өөр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэхээр байна.

Түүнчлэн прокуророос яллагдагч Д.Э-ыг Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж хуулийн нэр томъёоны тодорхойлолтоор албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж ...хийх ёсгүй үйлдэл хийсэн буюу нэгдүгээрт- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-т “Худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх”, 47.6-д “Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна” гэсэн заалтуудыг зөрчин мэргэшээгүй албан тушаалтнуудыг гишүүдээр томилсон захирамж гаргасан. 30 дугаар зүйлийн 30.4.3 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тендерээс татгалзвал шууд гэрээ байгуулах” талаарх Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүлээн авсны дараа Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт, 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800.000.000 төгрөгөөр техник, тоног төхөрөөмж худалдан авах шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт хүсэлт гарган “тоног төхөөрөмж “ гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргуулж, 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн “Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай” А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажил болгон Байгаль орчны газрын дарга А.Г-т даалгасан нь өмнөх шийдвэрээр ажиллагааг өөрчлөлт оруулсан шийдвэртэй ажилд тендер шалгаруулалт явуулаад татгалзсан гэж дахин тендер шалгаруулалт явуулалгүйгээр шууд гэрээ байгуулсан, энэхүү үйлдлийг хийхдээ Гантөмөрийн зөвлөснөөр хийж, албаны эрх ашгийн эсрэг идэвхитэй үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Гэрээ байгуулж бараа нийлүүлсэн “Дачибү” ХХК-ийн ажилтан 16 ширхэг тракторыг захиалагчид өгөлгүй, Засаг даргын тамгын газрын хашаанд байрлуулж үлдээснийг Эрдэнэбатын үүрэг болгосноор Техникийн бүрэн бүтэн байдлыг шалгалгүйгээр сумдын Засаг дарга нарт шууд хүлээлгэн өгсөн болох нь нотлогдсон гэж үзсэн.

Түүнчлэн шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шаардлага хангаагүй буюу шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Д.Э- нарын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон талаарх дээрх үндэслэл бүхий нотлох баримтуудыг дурдаж дүгнэлт хэлсээр атал тухайн дүгнэлтийг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэж байгаа талаар дүгнээгүй. Д.Э-, А.Г- нарын албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа дээрх аргаар урвуулан ашиглаж, Үнэлгээний хороог хууль бусаар байгуулан, өөрсдийн хамаарал, нэгдмэл сонирхол бүхий аж ахуй нэгжээр техникийн тодорхойлолт шаардлага хангахгүй тракторуудыг сумдад шууд хүлээлгэн өгсөн үйлдэл нь “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажил үр дүнгүй явагдах, тухайн орон нутгийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байх тул албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нийтийн эрх ашиг сонирхол хохирсон нь тогтоогдож байхад хохирогчоор тогтоогдсон О.Саранзаяа нь гомдол саналгүй гэж мэдүүлсэн, учирсан хохиролгүй талаар албан бичиг ирүүлсэн нь төрийн байгууллагаас томилогдсон этгээд төр, нийтийн эрх ашгийг хамгаалж чадахгүй гэж үзэхээр байна.

Иймд Булган аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 154 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.Э-, А.Г- нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа бүлэглэн, урьдчилан үгсэж тохиролцон, урвуулан ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Тендер шалгаруулах үнэлгээний хорооны захирамж нь анхнаасаа хууль бусаар гарсан. Тендер шалгаруулалтын хүрээнд “ММК” ХХК-ийн захирлын мэдүүлэгт 50.000.000 төгрөгөөр нийт 32 ширхэг техник авах боломжтой байсан. Үүгээрээ дамжуулан тухайн тендер шалгаруулалтад оролцсон боловч татгалзсан байдаг. Үндэслэлгүйгээр тендерийн үнэлгээний хороо байгуулан тухайн тендерт оролцож байгаа 2 компанийг татгалзаж “Дачибү” ХХК-ийг тендерт оруулан шалгаруулсан. “Дачибү” ХХК нь тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж байхгүй, өмнө нь тухайн тендерт оролцож татгалзаж байсан бөгөөд “Анаг” ХХК-ийн захирал П.Б-тэй харилцаа холбоотой байсан. Мөн П.Б-тэй Д.Э-, А.Г- нар найзын холбоотой гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Хууль бус захирамж гарган тендерийг явуулсан мэт дүр үзүүлэн “Дачибү” ХХК 16 ширхэг техникийг нийлүүлсэн мэт харагдаж байгаа боловч энэ бүхний цаана “Анаг” ХХК-ийн захирал П.Б- нь Бүгд Найрамдах Хятад Ард улс руу явж техник бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Тухайн 16 ширхэг тракторыг хүлээж аваад 16 сумдын Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн байсан. Тухайн тракторуудаас техникийн шаардлага хангахааргүй тракторууд байсан бөгөөд “Анаг” ХХК-ийн захирал П.Б-гийн хамаатан болох С.Болдсайханыг техникийн тодорхойлолтыг хүлээж авсан байдлаар ажиллуулсан байсан. Тарааж өгсөн 16 ширхэг тракторыг сумын хогийн цэгийг зөөвөрлөх, иргэдийнхээ цэвэр аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготойгоор тараасан гэх боловч яг энэ чиглэлээрээ ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй, зарим тракторууд нь эвдэрсэн гэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Д.Э-ын өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тендерийн хороо байгуулагдсан. Тендерийн хороог байгуулахдаа, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийг зөрчсөн. Гэтэл тухай үеийн нөхцөл байдал өөрөө Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоолоор худалдах, худалдан авах газар гэж  байгуулагдсан байдаг. 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн аймаг, нийслэлд худалдах, худалдан авах ажиллагааны салбар газруудыг байгуулж эхэлсэн байдаг. Тухайн тендерийн хороо байгуулах үед А3 сертификатгүй байсан. Харин тендерийн хороо байгуулагдан зөвлөмж гаргахад тухайн тендерийн хорооны гишүүд бүгд А3 сертификаттай байсан. Зөвлөмж гаргахад А3 сертификатгүй байсан бол хууль бус үйл ажиллагаа гэж үзэж болно. Мөн “Дачибү” ХХК нь өөрөө материалаа бүрдүүлэн тендерийн хороонд ирүүлсэн байдаг. Д.Э-ын хувьд тухайн компанийн материалтай зөвлөмж гарахаас өмнө танилцах боломжгүй. Урьдчилан үгсэж тохиролцсон гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгаа. А.Г-ийн зөвлөсөнөөр тоног төхөөрөмж гэдэг нэрийг ухдаг, түрдэг трактор болгон өөрчлүүлсэн гэж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандсан Засаг даргын хүсэлт байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд олонхийн саналаар өөрчилсөн. Ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл хавтаст хэрэгт авагдаагүй. “Анаг” ХХК нь урьд нь тендерийн шалгаруулалтад ороод тэнцээгүй. Үгсэн тохиролцсон үйл ажиллагаа явуулсан нь хавтас хэрэгт авагдаагүй. Шинжээчийн дүгнэлтээр улсад 347.545.600 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлт хууль бус гарсан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тулган үзэхэд “Дачибү” ХХК-тай гэрээ байгуулахад техникийн тодорхойлолтод заагдсан тухайн техникийн үзүүлэлтүүд, БНХАУ-аас оруулж ирээд нийлүүлсэн техникийн тодорхойлолтод заагдсан үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт гаргахад шинжээчийн дүгнэлтэд дурдсан техникийн тодорхойлолтын үзүүлэлтүүд нь бүгд хоорондоо зөрүүтэй байгаа. Үнэлгээний хорооны тайланд интернетэд тавигдсан сайтын үнэлгээ, гурвалжингийн гүүрний худалдаа эрхэлдэг хүмүүсээс асуусан байдаг. Монголд ийм трактор нэг ч зарагдаагүй байгаа. Тухайн компанийн тээвэрлэлтийн зардлыг яаж тооцсон нь тодорхойгүй. 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс үнэлгээний хороог байгуулснаар энэ гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж байна уу, эсвэл 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Дачибү” ХХК-тай гэрээ байгуулснаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна уу гэдэг нь ойлгомжгүй. Хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болсон гэж үзэж байгаа учир цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...гэв.

 

Цагаатгагдсан этгээд А.Г-ийн өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан, энэ гэмт хэрэг нь албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашигласан байхаар хуульчилсан байдаг. Засаг даргын захирамж гараад А.Г-ийг худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг үүрэг болгосон. Үүрэг биелүүлэх явцдаа бие дааж ямар нэгэн шийдвэр гаргаагүй. “Анаг” ХХК, “Дачибү” ХХК нь өмнө нь тендерт оролцож байсан мэдээлэл байхгүй бөгөөд А.Г- энэ үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар засаг даргын захирамж гарснаар энэ үйл ажиллагаанд оролцсон. 2014 онд тракторуудыг худалдаж авах үед шанаганы багтаамжийн зөрүүтэй байгааг А.Г- засаг даргад танилцуулсан. Гэтэл сумдын засаг дарга нар цугларсан байсан тул одоо хүлээж аваад гардуулж өгөх ёстой гэх үүрэг өгсөн. А.Г- тракторуудыг өөрийн байгууллагын хашаанд байрлуулж байгаад сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгсөн. 2014 оноос хойш 2017 хүртэл Булган аймагт тракторуудыг ажиллуулж байсан. Эвдрэл гэмтлийн хувьд шалгаж тогтоогоогүй. Үнэлгээний хувьд зөрүүтэй байгаа нь үнэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. …” гэв.

 

Цагаатгагдсан этгээд П.Б-гийн өмгөөлөгч Д.Дарьбазар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Б- нь урьдчилан үгсэн тохиролцсон гэх баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар субъект нь “төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаалтнаар  ажиллаж байгаа этгээдийг хамааруулж ойлгоно” гэж заасан нь П.Б-гийн хувьд хамаарагдахгүй. Техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй трактор нийлүүлсэн гэдэгт 16 ширхэг трактороос 2 нь ажиллахгүй байна гэж хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Хохирлын хувьд ямар  нэгэн хохиролгүйг хохирогч удаа дараа хэлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. … гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ц.Д-ийн өмгөөлөгч М.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Д-ийн компани бол гэр бүлийн компани. П.Б- нь Ц.Д-ийн компанийн бичиг баримтыг ашиглан тендерт оролцон татвар болон холбогдох төлбөрийг нь төлөөд ашгаасаа 10.000.000 төгрөг өгнө гэж хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр Ц.Д-ийн компанийн бичиг баримтыг ашигласан үйл явц хавтас хэрэгт авагдсан байдаг. Гэвч Д.Э-, А.Г- гэх хүмүүстэй хамтран тендерт оролцсон талаар нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй. Компанийн бичиг баримтаа хэрхэн яаж бүрдүүлж өгсөн талаар тодорхой мэдүүлгүүд байдаг. Ц.Д- нь гэмт хэргийн холбогдогч байх бол бичиг баримт бүрдүүлж өгсөнд хариуцлага хүлээхээс биш тендерт оролцож, тракторыг нийлүүлэх үйл ажиллагаанд оролцоогүй. БНХАУ-аас оруулж ирэх үйл явцад оролцсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. …” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор /прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдлийг бичснийг хуулбарлаж/, “шүүгдэгч нарт ... яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийн шинжгүй байх тул цагаатгах нь зүйтэй байна” гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгажээ.

 

Шүүх ингэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” бол шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилжээ.

 

Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн гол шинж нь албан тушаалтан өөрийн эрх мэдлийг өөрийн эрхэлж буй албан тушаал, байгууллагын эрх ашгийн эсрэг ашигласан санаатай үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Албан тушаалтан өөрийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нийгэмд аюултай үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байдаг бөгөөд албаны ашиг сонирхлын эсрэг, төр-засгийн байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, хуульт ёсны ашиг сонирхолд харш үр дагаварт түүний үйлдэл нь хүргэж болохыг болон зайлшгүй хүргэнэ гэдгийг урьдчилан мэдсээр байж тийм үр дагаврыг хүсэж буюу зориуд бий болгох гэж үйлдсэн байдаг. Мөн албан тушаалын байдал гэж албан тушаалтны хашиж байгаа албан тушаалын болох тусгайлан олгосон эрх үүрэгтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг ойлгодог” гэсэн тайлбарыг хийсэн боловч уг тайлбарын агуулга нь Д.Э-, А.Г-, П.Б-, Ц.Д- нарын үйлдэлтэй хэрхэн хамааралтай байгааг нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, ялангуяа яллагдагч нарын өөрсдийн мэдүүлгээр тэд харилцан үгсэн тохиролцож, баримт бүрдүүлж, уг тендерт оролцсон байж болох үйл баримт авагдсан байхад хэргийн гол нөхцөл буюу гэмт хэрэг гарсан байдлын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, прокурорын яллах дүгнэлт дэх яллах нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг тодорхойлох хэсэгт тусгана гэснийг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 154 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Ж.Сандагсүрэнгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 154 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Э-, А.Г-, П.Б-, Ц.Д- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Д.Э-, А.Г-, П.Б-, Ц.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ