Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2017/00289/и |
Дугаар | 001/ХТ2018/00289 |
Огноо | 2018-02-22 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/00289
Ч.Огийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02338 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2258 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Ч.О
Хариуцагч: УБТЗд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Д.Дүүрэнжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч,түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: УБТЗын даргын 2017-06-06-ны өдрийн Б-II-107 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30.2.4, Хөдөлмөрийн гэрээний 2.3, нийгэмлэгийн дүрмийн 23 а, и, з, 2017-05-30-ны өдрийн Шуурхай хурлын шийдвэр үндэслэсэн. Ч.О Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга, ерөнхий инженерээр 2015-07-01-с хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан. Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг талууд харилцан тохиролцож тусгасан байдаг. Ч.Ог буруутгахдаа 2017-05-02-ны өдөр Сайншандаас Олон-овоо өртөө рүү засварын материал ачиж явсан ДГА 59-24 улсын дугаартай Зил-130 Самосвал машин Айраг өртөө орчимд осолдсонд буруутгасан. Гэтэл тус ослын талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017-05-31-ний өдрийн 54/06/19 тоот дүгнэлтээр ослыг “үйлдвэрлэлийн бус осол”-р тооцсон. Мөн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр ЗИЛ-130 маркийн 59-24 ДГА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Амарсайхан нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2-г зөрчөсний улмаас осол гарсан гэж үзсэн. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 30 тоот дүгнэлтээр амь хохирогчийн цусанд 3.4 промилли спиртийн агууламж илэрсэн буюу хүнд зэргийн согтолттой байсан гэсэн дүгнэлт гарсан. Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн 2017-05-26-ны өдрийн 17/14 тоот шинжээчдийн дүгнэлтээр 59-24 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэгт 2017-04-28-ны өдөр орсон, стандартын шаардлага хангаж тэнцсэн байдаг. Ч.Ог осолтой шууд холбоотой гэх мөн буруутай гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдсон хууль тогтоомж, дүрэм, журмыг биелүүлж ажилласан байтал осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгасан. Осол гаргасан Б.Амарсайхан 2017-05-02-ны өглөө ажилдаа хэвийн ирж, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа авснаар ажилдаа гарсан байдаг бөгөөд Сайншандаас Олон-Овоо өртөө орох замдаа буюу Сайншандаас 170 км хол газарт архи уусан бөгөөд энэ нь тогтоогдсон. Осолд Ч.Ог буруутгасан нь үндэслэлгүй. Ч.Ог буруутгаж буй осол 2017-05-02-ны өдөр гарсан байхад 2017-06- 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-г зөрчсөн. Иймд Ч.Ог Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, олговорт 3 834 459 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: 2017-05-02-ны өдөр осол болж 2 хүн осолд орсны 1 нь амь насаа алдсан. Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн даргын 2016-03-02-ны өдрийн 81 тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерийн эзгүйд орлогч дарга-ерөнхий инженер орлон ажиллах ёстой байдаг. Осол гарсан өдөр тус ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер чөлөөтэй байсан бөгөөд Ч.О орлон гүйцэтгэж байсан. Уг ослын талаарх шуурхай хурлыг Замын ерөнхий инженер А.Р.Мещеряковын удирдлага 2017-05-30-ны өдөр УБТЗ-ын Удирдах газарт хийсэн. Тус хуралд Ч.О биечлэн оролцсон бөгөөд хурал дээр ажлын хариуцлага муу байсан гэдгээ өөрөө зөвшөөрсөн байдаг. Хурлын шийдвэрийн дагуу УБТЗ-ын даргын Б-II-107 тушаал гарч, Ч.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02338 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ч.Ог УБТЗын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 4 116 420 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2258 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Осол гарсан талаар талууд маргаагүй ба шүүх зөвхөн маргааны гол зүйлийн талаар дүгнэлт гаргах эрхтэй атлаа ослын талаар дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-н заалтаар байгууллага дээр “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс”-ын ахлагчаар Ч.О ажиллаж байсан ба осолдогчийг согтуу байсан эсэх талаарх мэдээллийг мэдсэн байсан бөгөөд уг ослыг “үйлдвэрлэлийн бус ослоор” тооцож буруу дүгнэлт гаргасан. 2017-05- 30-ны өдрийн Замын ерөнхий инженерийн удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн талаар хангалттай нотолсон.Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд уг хурлын тэмдэглэлийг “эрх бүхий этгээдийн шийдвэр биш" гэж дүгнэсэн. УБТЗ-нь удирдлагын “босоо тогтолцоо”той тул нэхэмжлэгчийн ажилладаг салбар нэгж нь Замын ерөнхий инженерийн шууд удирдлаган доор ажлаа явуулж, тайлагнадаг. Шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр дүгнэлт гаргах, шүүхийн өмнө оролцогчид тэгш байх гэсэн ерөнхий зарчмыг алдагдуулсан байна. Дээрх нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэгчийн зөрчил нь нотлогдохгүй байна гэж буруу дүгнэлт гаргасан. Гэтэл 2017-05-02-нд тус анги дээр осол гарч хүний амь нас үрэгдсэн ба уг осол нь байнга давтамжтай гараад байгаа нь тус ангийн удирдлагуудын хариуцлага, сахилга баттай холбоотой. Уг осолтой холбогдуулан Замын ерөнхий инженерийн удирдлаган доор хийсэн шуурхай хурал дээр тус ангийн удирдлагууд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар хэлэлцэгдсэн бөгөөд орлогч даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3,-т заасан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан. Гэтэл шүүх Ч.Огийн зөвхөн осол гарахын өмнө хийсэн ажилчдыг сургалтанд хамруулсан тухай зураг, гарын үсэг бүхий баримтыг нотлох баримтаар үнэлэн дүгнэлт гаргасан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Ч.О 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр УБТЗд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн орлогч дарга-ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...Ч.О ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт хийсэн байв.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ “...ажил олгогч тушаал гаргахдаа ажилтан зөрчил гаргасан эсэхийг урьдчилан тогтоогоогүй байна... Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн хурлын 2017-05-30-ны өдөрийн тэмдэглэл нь эрх бүхий этгээдийн шийдвэр биш байна...” гэсэн агуулга бүхий үндэслэл заажээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
УБТЗын дарга 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр II-107 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, хөдөлмөрийн гэрээний 2.3, нийгэмлэгийн дүрмийн 22”а”,”и”,”з”., 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг баримтлан “... 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр осол гарч жолоочийн амь нас эрсдсэн нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилгаа хангалтгүй өгч, осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй ...” гэж Ч.Ог ажлаас нь халжээ.
Ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажлыг Ч.О гүйцэтгээгүй нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч буй нь тогтоогдоогүй байх тул “... ажилтны гаргасан зөрчил нотлогдоогүй байхад тушаал гаргасан нь буруу...” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл, сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргахад ажилтан хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг зөрчсөн буюу зөрчил гаргасан нь тогтоогдсон байх шаардлагатай юм.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02338 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2258 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 80.813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Б.УНДРАХ