Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 485

 

                                                            

 

 

 

 

Б.Уламбаярт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулганыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Уламбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан давж заадлах гомдлоор Б.Уламбаярт холбогдох эрүүгийн 201526011326 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Халанхай овогт Баянсайханы Уламбаяр, 1991 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Булган аймгийн Хутга-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Булган сум, 2 дугаар баг, Хужиртын 2б-17 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 9 дүгээр гудамжны 9 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ГН91040912/,

 

Б.Уламбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 7-ны орой Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух иргэн Б.Нямхоролтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь “зүүн шуу ясанд хугарал, хүзүү, баруун бугуйд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хуйханд өнгөц шарх” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан,

2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан, хүндэвтэр гэмт хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байхдаа 2015 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Уламбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Уламбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Уламбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Уламбаярыг 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Б.Уламбаяр албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар солихыг мэдэгдэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Уламбаярын урьдчилан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Уламбаяр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Уламбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Уламбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, “шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэснийг зөрчиж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар хэдийгээр ялтан Б.Уламбаяр төлөх төлбөргүйг дурдсан боловч Б.Уламбаяр хохирогч, хамтран амьдрагч Б.Нямхоролд 1.708.000 төгрөг төлсөн талаар тогтоолд дурдалгүйгээр шууд төлөх төлбөргүй гэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 1.708.000 төгрөгийг дурдаж өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

 

                                                                       ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Уламбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 7-ны орой Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух иргэн Б.Нямхоролтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь “зүүн шуу ясанд хугарал, хүзүү, баруун бугуйд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хуйханд өнгөц шарх” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

 

Ялтан Б.Уламбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 7 дугаар сарын 7-нд ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Нямхорол “цалин чинь хэзээ буух юм” гэж асуухад нь би “10-нд бууна” гэсэн чинь хоол хийж байснаа уурлаад “танай эцгээс болж би ийм байдалд орчихоод байна, мөнгө олж өг” гэсэн. ...Нямхорол дэвтэр дээр юм бичээд байхаар нь “юу хийж байгаа юм, харъя” гэхэд “гуйлгачин минь мөнгө олж чадахгүй байж цаашаа зайл” гэсэн. Тэгэхээр нь миний дургүй хүрээд гуйлгачин гэж хэлүүлж доромжлуулсандаа тэсэхгүй нэг удаа алгадсан. Гарах гэхээр нь татсан чинь ор уруу толгойгоороо унасан. Тэгээд босгоод орон дээр суулгатал муухай орилоод “муу луйварчны хүүхэд” гэж доромжлохоор нь “дуугүй болооч” гээд баруун гараа далайтал гараараа хаасан. Тэгсэн Нямхорол “гар хугарчих шиг боллоо, хөндүүр оргиод байна” гэсэн. Намайг “угаадас асгаад ир” гэхээр нь асгачихаад иртэл Ануш, Өлзий хоёрыг утсаар дуудсан байсан. ...Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад ямар ч мөнгөгүй болчихоод самарт яваад өгсөн. Би аав Баярсайханыг олж Нямхоролын мөнгийг авч өгөх гээд цагдаа дээр олон хоног очиж чадаагүй. Сүүлдээ очвол хоригдох байх гэж бодоод зугтаагаад явсан. ...Нямхорол элдэв янзын үгээр намайг доромжлоод хөөж туугаад байхаар нь би босож ирээд нэг удаа алгадсан. Нямхорол гарах гэхээр нь ор луу түлхээд суулгасан. Нямхорол орилоод хэрүүл хийгээд байхаар нь “дуугүй байгаач” гээд гараа далайхад миний өөдөөс гараараа хаахаар нь зүүн гарынх нь шууны хэсэгт гараараа 1 удаа цохиод авсан. Тэгээд шууны хэсэг нь хугарсан. Баярсайханы араас Булган аймаг яваад олдохгүй болохоор цаашаа гэр лүүгээ яваад нилээд удсан. Буцаад очвол хоригдох байх гэж бодож айгаад Булганд байгаад байсан. ...Би ихэвчлэн Булган аймгийн Хишиг-Өндөр суманд амьдарч байсан. Нямхоролд 708.000 төгрөг өгсөн...” /хх-ийн 25-26, 114, 127/,

хохирогч Б.Нямхорол мөрдөн байцаалтын шатанд “...2015 оны 7 дугаар сарын 7-ны 23 цаг өнгөрч байхад гэртээ би хамтран амьдрагч Уламбаяр, хажуу айлын залуу Батбаатар, түүний эхнэр Ариунаа, өөрийн 6 настай хүү Тэлмэн нарын хамт байсан. Би Ариунаатай наадмаар хуушуур хийх тухай ярилцаад Уламбаяр, Батбаатар хоёр зурагт үзэж байсан. Ариунааг гарч явахад Уламбаяр босч ирээд миний бичиж байсан цаасыг авч үзчихээд үгийн зөрөөгүй баруун гараараа миний зүүн шанаа руу нэг алгадаж, зүүн хөл рүү нэг өшиглөсөн. Тэр үед Батбаатар бид хоёрыг харчихаад гараад явсан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, би чамайг яасан юм бэ” гэтэл юу ч хэлэлгүй ахиад баруун гараараа зүүн шанаа руу алгадаж, орон дээр араар савуулж шидэн, дээрээс 2-3 удаа дэвссэн. Гэрээс зугтааж гарах гэтэл өргөж газарт саваад, ахиад орон дээр авч шидээд хоолой боосон. Би босоод гараад гүйх гэтэл “дуугүй бай” гээд хаалга дотроос түгжсэн. Тэгэхээр нь би “угаадас асгаж, бие засмаар байна” гэж худлаа хэлж гарсан. Гарахдаа ширээн дээр байсан гар утсаа аваад дүү Өлзий, Ануш нарыг дуудсан. Тэгээд Ануш ирээд уйлж Уламбаяр луу “яаж байгаа юм бэ, цагдаа дуудлаа” гэхэд Уламбаяр гараад зугтаасан. Тэгээд дахиж Уламбаяртай уулзаагүй. ...Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. ...Уламбаяр бид хоёр Уламбаярын аав Баярсайхан гэдэг хүний надаас авсан 1.500.000 төгрөгөөс болоод маргаан үүсч Уламбаяр намайг зодсон. Миний гар эдгэсэн. Эмчилгээний зардалд 108.700 төгрөг, байрны түрээсийн мөнгөнд 600.000 төгрөг нэхэмжилнэ...” /хх-ийн 18, 51, 105/,

 

гэрч Х.Гантөгс мөрдөн байцаалтын шатанд “...Гэрт нь ороход Нямхорол эгч ширээнийхээ хажууд цаасан дээр юм бичээд сууж байсан. Уламбаяр ах орон дээр зурагт үзээд хэвтэж байсан. Тэгээд бид хоёр гэртээ орж ирээд байж байтал удалгүй Нямхорол эгч залгаад “Эгчийн дүү хурдан ороод ирээч, Уламбаяр намайг зодоод байна” гээд уйлаад байсан. Нөхөр бид хоёр ортол ...Нямхорол эгч уйлчихсан, толгойноос нь цус гарчихсан, үс нь зулгаасан юм шиг сэгсийсэн, гараа хөдөлгөж болохгүй байна гээд сууж байсан. Тэгэхээр нь би хашгираад “яаж байгаа юм, яасан олон удаа зоддог юм гэхэд” Уламбаяр ах хажуугаар гараад зугтчихсан. Анх ороход тэр хоёр хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй зүгээр байсан...” /хх-ийн 19/,

гэрч Б.Бат-Өлзий мөрдөн байцаалтын шатанд “...Тэгээд гэртээ ороод удаагүй байхад Нямхорол манай эхнэр рүү яриад “Уламбаяр зодоод байна, хүрээд ир” гэж дуудсан байсан. Эхнэр бид хоёр очтол Уламбаяр Нямхоролыг зодсон байдалтай, Нямхоролын хоолой улайсан, гар хөдөлж болохгүй байна гэж байсан. Цагдаа дуудна гэхэд Уламбаяр гараад зугтаачихсан. Урьд нь хэд хэдэн удаа маргалдаж Уламбаяр Нямхоролыг зодож байсан. Нямхорол орилж хашгирдаг, зодуулчихлаа гэж манайд орж ирдэг байсан...” /хх-ийн 20/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Нямхоролын биед зүүн шуу ясанд хугарал, хүзүү баруун бугуйнд зулгаралт, зүүн бугалга зүүн шуунд цус хуралт, хуйханд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл...” болохыг тогтоосон шинжээчийн 10082 дугаар дүгнэлт /хх-ийн 9/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Б.Уламбаярын гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Уламбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Уламбаярт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч гомдол саналтай, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан албадан ажил хийлгэх ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Б.Уламбаяр албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан ялтан Б.Уламбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 7-ны орой Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух иргэн Б.Нямхоролтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь “зүүн шуу ясанд хугарал, хүзүү, баруун бугуйд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хуйханд өнгөц шарх” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Б.Уламбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Хавтаст хэрэгт ялтан Б.Уламбаяр хохирогч Б.Нямхоролд 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 50.000 төгрөг,  2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 358.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөг, нийт 708.000 төгрөгийг хохиролд төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 120-122/, “...708.000 төгрөгийн хохирол төлсөн...” гэж анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна. Харин ялтан, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан болон ялны анхан шатны шүүх хуралдааны явцад өгсөн “... Шилэн хийцэд ажиллаж байхад гэрээс орж 1.000.000 төгрөгийг хохирогчид авч өгсөн...” гэх мэдүүлгийг тус тус нотлох  баримт хэрэгт алга.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хохиролд 708.000 төгрөг төлсөн...” гэсэн дүгнэлт, тогтоох хэсэгт “...Б.Уламбаяр бусдад төлөх төлбөргүй...” гэж дурдсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.7 дахь заалтад “шүүхийн тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих асуудал ...эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эсэх”, мөн хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх заалтад “тогтоолын тогтоох хэсэгт шийдвэрлэвэл зохих бусад асуудал ...хохирлыг төлүүлэх тухай шийдвэр” гэж тус тус заасныг зөрчсөн хэмээн үзэх боломжгүй байна. 

 

Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл ялтан болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ялтнаас 1.708.000 төгрөгийн хохирол төлсөн гэж өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   

Энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтан Б.Уламбаярын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Уламбаяр, түний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: