Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2020/0403

 

С.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө-ын өмгөөлөгч Ё.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 280 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Г-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.Г 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 1401 тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203035259 дугаарт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 46.1.7 дахь заалтуудыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 54,337,500 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь хэсэгт зааснаар гаргуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 280 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 1401 тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203035259 дугаарт бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 54,337,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.  

Гурав. Нэхэмжлэгч С.Г дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“Анхан шүүх нь нэхэмжлэгчийн Захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 54,337,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасан зөрчлийг гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Нэг. Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан “ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ..." тухайд:

Хэргийн материалд “Улсын бүртгэлийн ерөнхий газар”-аас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр уг хэрэг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон байх боловч тус итгэмжлэлийг олгосон Б.Б нь “Улсын бүртгэлийн ерөнхий газар”-ыг төлөөлж, итгэмжлэл олгох эрхтэй этгээд эсэх тухай баримт авагдаагүй байна.

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан “анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн ...” тухайд:

Анхан шатны шүүхээс “...С.Г нь Улсын бүртгэгчийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын хэмжээг 54,337,500 төгрөгөөр тогтоон маргаж байх ба энэхүү хохирол нь нэхэмжлэгчид учирсан бодитой хохирол мөн эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн дээрх хэсгийг хангахаас татгалзах шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй

Гэтэл шүүх нь дээрх үүргийнхээ хүрээнд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг ариулах зорилгоор “нэхэмжлэгч”-ээс тодруулга авах, нотлох баримт өөрт нь болон бусад этгээдүүдэд хадгалагдаж байгаа эсэхийг лавлаагүй нь шүүхээс нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлэхгүйгээр буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, тодорхой нотлох баримт бүрдээгүй байхад шүүх хуралдааныг явуулсан

Гурав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 121.3.7-д заасан “анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй...” тухайд:

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарлан маргаж байгаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх иргэн Д.Ш болон “АК” ХХК-д хуульд заасан журмын дагуу үүссэн тухайн барилга нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан зураг төсөлд тавигдах шаардлалыг хангасан эсэх нь энэхүү маргааны зүйлд хамаарахгүй тул шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын Ү-2203035259 дугаарт бүртсэн бүртгэлийг буюу хамгийн анх Улсын бүртгэлийн бүртгэлд тухайн бодит нөхцөлд байхгүй, байх боломжгүй зүйлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл үүсгэж, гэрчилгээг Д.Ш-д олгосон захиргааны байгууллагын үйлдлийг дүгнэлгүй, нэхэмжлэгчид Улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлсэн үйлдлийг дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг дүгнэлгүй орхисон.

Иймд гомдлын шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож , анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн Захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 54,337,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасан зөрчлийг гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.” гэж дурджээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1/270 дугаар албан бичгээр Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Г.Ө-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх ба тус байгууллагын баримт бичгийн хэвлэмэл хуудас, тамга зэргээр Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааварын 2.2.1-д “Төр, захиргааны байгууллагын албан баримт бичгийг стандартын шаардлагын дагуу хэвлэлийн аргаар бэлтгэсэн, төрийн сүлд, соѐмбо бүхий хэвлэмэл хуудсан дээр, аж ахуйн нэгж, компанийн албан баримт бичгийг бэлэгдэл тэмдэг, лого бүхий хэвлэмэл хуудсан дээр үйлдэнэ”, 2.3.12-т “Баримт бичгийн албан ёсны хүчин төгөлдөр байдал болон албан тушаалтны гарын үсгийг тамга, тэмдэг дарж, баталгаажуулна. Байгууллагын тамгыг дарга, орлогчийн, байгууллагын тэмдгийг зохион байгуулалтын нэгжийн даргын гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна...” гэж тус тус зохицуулсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд тухайн байгууллагыг төлөөлж, итгэмжлэл олгох эрхтэй этгээд мөн болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх энэ талаарх дахин тодруулах шаардлагагүй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн эрх хууль, ёсны эрх ашиг хөндөгдөж байгааг тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг анхан шатны шүүх цуглуулсан гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч С.Г болон иргэн Д.Ш нар 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Зээлээр автомашин худалдах худалдан авах гэрээ”, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” зэрэг оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан талаарх баримтуудаар нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэн Д.Ш-аас шилжүүлэн авах хэлцэл хийж, тус хэлцлийн улмаас ямар хэмжээний хохирол учирсан болох нь хангалттай тогтоогдоно гэж үзлээ.

Харин үлдсэн 34,337,500 төгрөг болон олох ёстой ашиг орлого зэрэг хохирол нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, баримтуудаар тогтоогдох боломжгүй байхаас гадна ийнхүү нэхэмжлэгчээс нийт гаргуулахаар шаардаж буй “Худалдах худалдан авах гэрээ”-ний улмаас учирсан гэх 54,337,500 төгрөгийн хохирол нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан бодитой хохирол гэж үзэх боломжгүй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүднээс холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

Түүнээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчид хүчин төгөлдөр бус бүртгэлийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлээр бусдад шилжүүлсэнтэй холбоотой хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх зэрэг хэлбэрээр харьяаллын дагуу гомдол, нэхэмжлэл гаргахад тус шийдвэр саад болохгүйг тодорхой дурджээ.

Эцэст нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байх тул Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 1401 тоот хаягт байршилтай 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203035259 дугаарт бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг анхан шатны шүүх “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй” алдаа бүхий илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй байна.” хэмээн дүгнэж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл, түүний үндсэн дээр олгосон гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоосон байна.

Ийнхүү маргаан бүхий улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг Д.Ш-ын нэр дээр, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “АК” ХХК-ийн нэр дээр, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр С.Г-ын нэр дээр тус тус бүртгэсэн бүртгэл, гэрчилгээнүүд нь эрх зүйн үйлчлэлгүй байх тул нэхэмжлэгчийн “...хамгийн анх Улсын бүртгэлийн бүртгэлд тухайн бодит нөхцөлд байхгүй, байх боломжгүй зүйлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл үүсгэж, гэрчилгээг Д.Ш-д олгосон захиргааны байгууллагын үйлдлийг дүгнэлгүй, нэхэмжлэгчид Улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлсэн үйлдлийг дүгнэсэн...” гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч С.Г-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА