Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0006/З |
Дугаар | 221/МА2020/0404 |
Огноо | 2020-06-25 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2020/0404
О.О нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гуравдагч этгээд “П” СӨХ-ын захирал Б.З, “А” СӨХ-ны захирал Д.Г, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, О.О нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/571 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр:
“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан О.О нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь ханаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/571 дүгээр тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй. Учир нь тухайн маргаан бүхий актад үндэслэлийг маш тодорхой заасан бөгөөд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн байхад огт дурдагдаагүй болон хариуцагч талаас маргаагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлийг дурдаж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүх хуралдааны хуралдааны эцсийн шатанд захиргааны актад 40.1.2 дахь заалтыг дурдсанаар тайлбарлаж нэхэмжлэлийг хангаж байгаагаар тайлбарласан боловч шүүхийн шийдвэр бичгэн хэлбэрээр гарахдаа үүнийгээ хэрэг байснаар тайлбар байгаа нь маргаантай, эргэлзээтэй байдлыг бий болгож байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгийг сонсож үзэхийг хүсэж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон нийтэд илэрхий баримтыг үнэлэхгүйгээр хууль бус шийдвэр гаргасан ба хэт нэг талыг барьж, ашиг сонирхлын зөрчилтэй мэт шийдвэр гаргасан байх тул давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч А.М мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлээ хариуцагч захиргааны байгууллага албан тушаалтан нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон үндэслэлээ тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж тайлбарлан маргасан” гэж дүгнээд “...хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 196 дүгээр “Дархан цаазат газрын хамгаалалтын горим”-ыг баталсны дагуу нэхэмжлэгчээс
-Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ,
-Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгэж шинжээчээр батлуулсан,
-Газар ашиглах зорилгоор архитектур төлөвлөлтийн даалгавар хийлгэсэн,
-Барилгын эскиз зураг боловсруулж батлуулсан,
-Газрын төлбөрийг бүрэн төлж байсан нь Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горимд заасан үүргээ хэрэгжүүлж байсан тул тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна...” гэж, “...Учир нь нэхэмжлэгч нь түр буудаллах отоглох зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зскиз зургийн дагуу барилгын суурь нүх ухсан байх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчилсөн гэж үзэхээргүй байна...” гэж гол дүгнэлтээ хийсэн байдаг. Уг шүүхийн дүгнэлтэд дурдсан үйл баримтыг тус бүрчлэн авч үзэн нотлох баримт, хуулийн заалтыг тайлбарлавал дараах байдлаар ойлгогдохоор байна. Үүнд:
Шүүхийн дүгнэж байгаа шиг “тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хариуцагч байгууллагаас маргаан бүхий 2019 оны А/751 дүгээр тушаалыг гаргаагүй болох нь тухайн тушаалыг гаргахдаа үндэслэсэн хуулийн заалт, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг тодорхойлж дурдсан байдлаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.2-д “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуулийн заалтыг баримтлаагүй, уг заалтад заасан зөрчлийг гаргасан гэж үзээгүй нь энэхүү заалтыг тушаалдаа баримтлаагүй болон тушаалын 1 дэх заалтад “Улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэж үзээд яг энэхүү үндэслэлд хамаарах хуулийн заалтуудыг үндэслэл болгосон байдлаас тодорхой нотлогдоно гэж үзэж байна. Түүнчлэн шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн тайлбар, гуравдагч этгээд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар, мэтгэлцээний байдлаас болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 01-04-065/356 дугаар дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар давхар нотлогдож байхад эдгээр баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй.
Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгэж шинжээчээр батлуулсан тухайд:
Энэ нь хуулиар хориглосон үйл ажиллагаа явагдсан байдал, мэргэжлийн хяналтын байцаагчийн хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг бүхэлд нь үгүйсгэх хэмжээний зүйл биш бөгөөд дээрх ажиллагаануудыг нийтлэг байдлаар тусгай хамгаалалттай газар ашиглахыг хүссэн хуулийн этгээд бүхэн хийх бөгөөд уг маргаанд гол нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээнд үнэлэгдэх баримт биш.
Газар ашиглах зорилгоор архитектур төлөвлөлтийн даалгавар хийлгэсэн, Барилгын эскиз зураг боловсруулж батлуулсан тухайд:
Нэхэмжлэгчийн батлуулсан гэж нотлох баримтаар өгч, тайлбарласан, шүүхийн хуульд нийцсэн гэж дүгнээд байгаа дээрх АТД, Эскиз зураг нь тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсийн дэглэм, ашиглах эрх олгосон үндсэн зориулалт, хэрэгжүүлнэ гэж төлөвлөж батлуулсан төсөл төлөвлөгөөний дагуу эсэхийг үзэхэд зориулалтын дагуу бус “аялагч түр буудаллах, отоглох зориулалт бүхий орон байр” биш, төсөлд дурдсан “амралтын өвлийн байр 2 ш, 8 ханатай гэр ресторан 1 ш, 5 ханатай гэр 10 ш, 120 хүний суудалтай ресторан, боловсон бие засах газар бүхий ариун цэврийн байгууламж. цахилгааны дэд станц, халаалтын системийн байр, гүний худаг, харуулын байр гэх зэрэг барилга байгууламж барих аялал жуулчлалын зориулалт бүхий үйл ажиллагаатай нь нийцэхгүй” болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, газар дээр хийсэн үзлэг, АТД, Эскиз зураг нь ямар байдлаар батлагдсан байдал, хэргийн оролцогч нарын тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогддог.
Хэрэв үнэхээр зориулалтын дагуу нийцсэн гэж шүүх үзсэн бол төслийн дагуу тийм хийцтэй, тэдэн давхар тийм үйлчилгээ бүхий гэх байдлаар дэлгэрэнгүй дурдаж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ гэх байдлаар дүгнэх байсан болов уу. Харин ийм дүгнэлт хийгээгүй нь нотлох баримтаар зориулалтын дагуу батлуулсан АТД, эскиз зураг гэж үзэх боломжгүй байдлыг нотолж байгааг илэрхийлсэн зүйл гэж үзэж байна.
Газрын төлбөрийг бүрэн төлж байсан гэдэг үндэслэл нь зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй зөрчлийг хаацайлах үндэслэл болж чадахгүй бөгөөд уг үндэслэлийн тухайд хариуцагч байгууллагаас зөрчсөн тухай тайлбарыг гаргаагүй.
Аялагч түр буудаллах отоглох зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургийн дагуу барилгын суурь нүх ухсан байх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчилсөн гэж үзэхээргүй байна гэх дүгнэлтийн хувьд:
Нэхэмжлэгч О.О хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрх олгосон шийдвэрийн үндсэн зориулалтын дагуу буюу “Аялагч түр буудаллах отоглох зориулалт”-аар үйл ажиллагаа явуулах сонирхолгүй, явуулсан гэх үйл ажиллагаа нь үүнд нийцээгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 1, 5, 6, 27 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус зөрчсөн, хуулиар хориглосон тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсийн дэглэмийг санаатайгаар зөрчсөн үйл ажиллагааг,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина” гэж заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд шалгаж тогтоосон Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 01-04-065/356 дугаар дүгнэлт,
Шүүхийн маргаан бүхий газар дээр хийсэн үзлэг, бодит байдалд газар ухсан, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөгчийн хувьд чөлөөтэй ашиглах, орон гэртээ чөлөөтэй нэвтрэх орц гарцыг давхцуулан бусдад газар ашиглах байдлаар олгосон байдал, баригдсан авто машины зам нурсан байдал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн болон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчилснийг бодитоор харуулсан фото зураг болон гуравдагч этгээдийн зүгээс өгсөн фото зураг, тайлбар,
АТД, эскиз зураг, 2008 оны төсөл, уг төсөл хийлгэсэн байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ, газар ашиглах гэрээний нөхцөл, зориулалт,
2017 онд “О” ХХК-тай байгуулсан “Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах тухай гэрээ”-ний зорилго, нөхцөл, О.О нэхэмжлэгчийн хувьд ямар эрх, үүрэгтэй оролцож байгаа байдал, газар ашиглах эрх, газрыг ямар зориулалтаар уг гэрээнд ашиглаж байгаа байдал зэрэг олон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байхад эдгээр баримтуудыг буруугаар үнэлж, дээрх дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна.
2.Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 01-04-065/356 дүгнэлтэд дурдсан зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргаагүй гэж дүгнэсэн тухайд:
Уг дүгнэлт нь “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль тэдгээр нийцүүлэн гаргасан норм, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийн хүрээнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор шалгалт хийсэн байдаг бөгөөд уг зорилгын хүрээнд нэхэмжлэгчийг нийтдээ 8 зөрчил бүхий үйл ажиллагааг явуулсан гэж дүгнэн захиргааны бие даасан акт гаргаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн байдаг.
Хариуцагчийн хувьд мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүгнэлтээр зөрчил тогтоогдсон, мөн хуулийг зөрчсөн үйл ажиллагааг нэхэмжлэгч явуулсан гэж үзэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан.
Нэхэмжлэгчийн хувьд мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дээрх дүгнэлттэй маргаагүй бөгөөд тус дүгнэлт хүчин төгөлдөр байгаа.
Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудалд дүгнэлт хийж байгаа нь шүүх зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрээ гаргах гэсэн үүрэгтэй нь зөрчилдсөн.
Хэдийгээр хариуцагчийн хувьд маргаан бүхий актын үндэслэлдээ дээрх дүгнэлтийг оруулсан байх боловч шүүх үндэслэлдээ оруулсан гэдэг шалтгаанаар тухайн актын хуульд нийцсэн эсэх, мэргэжлийн хяналтын улсын байцаагч хууль зөрчсөн эсэхийг хянаж дүгнэлт өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг шүүх хянах тохиолдолд тухайн актыг гаргасан байцаагч нар хэрэгт хариуцагчаар татагдан оролцох, нэхэмжлэгч уг шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тохиолдолд дээрх дүгнэлтийг хийхээс бус шууд хуульд нийцээгүй, тухайн зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргаагүй гэж дүгнэх нь хууль зүйн хувьд боломжгүй.
3.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, сонсгох ажиллагааг явуулаагүй нь хууль зөрчсөн гэх дүгнэлтийн хувьд:
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрсөн тухай нөхцөл байдлыг зөвөөр шалгаж тогтоосон, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр мөн тогтоогдсон байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг бүрэн хийсэн, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй шалтгаан үндэслэлээ “нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлага бий болсон” тул сонсгох ажиллагааг явуулахгүйгээр захиргааны актыг гаргах Захиргааны ерөнхий хуулийн дагуу хийгээгүй нь үндэслэлтэй болох нь дээр дурдсан үйл баримт, түүнийг нотолсон нотлох баримтуудаар давхар тогтоогдож байгаа гэж үзэж байна.
4.Гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх дүгнэлтийн тухайд:
Гуравдагч этгээд нарын хувьд иргэн О.О хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох, түүний гаргасан зөрчилд хариуцлага тооцуулах, өөрсдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалах, өмчлөх эрхээ хуулийн дагуу ашиглах, чөлөөтэй нэвтрэх, орц гарцтай байх эрхүүдээ хамгаалах үүднээс төрийн захиргааны холбогдох байгууллагад өргөдөл гаргасаны үндсэн дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас олон акт, шийдвэрээр нэхэмжлэгч зөрчил гаргасан, түүнээс болж оршин суугч, өмчлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, өндөр эрсдэл үүссэн болохыг тогтоосон баримтууд хэрэгт авагдсан байхад 400 гаруй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмч хөрөнгөө чөлөөтэй ашиглах, орц гарцтай байх эрхүүд нь зөрчигдөөгүй, зам нурсан байдал, цэвэр ус бохирдсон байдал, газар ухсанаас болж хог хуримтлагдсан, агаарын бохирдол үүсгэж байгаа байдал, түр буудаллах зориулалттай ашиглах эрхтэй атлаа 12 давхар орон сууцны барилга барьсан, газар ухсан байдлыг огт хамааралгүй мэтээр дүгнэж байгаа нь хуульд үндэслэх, хууль ёсны байх, шударга ёсны зарчимд нийцээгүй маш буруу дүгнэлт болсон.
Нэхэмжлэгчийн хувьд үндсэн зориулалт, хуулийн дагуу газраа ашиглаж байхад үүний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан тохиолдолд шүүх түүний газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой атал эсрэгээрээ илтэд зөрчил гаргасан бусдын эрхийг зөрчсөн хууль бус үйл ажиллагааг хуульд нийцсэн мэтээр дүгнэж, нотлох баримтыг буруугаар үнэлсэн нь шүүхийн үндсэн зорилготой нийцээгүй.
5.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно”, 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах, 12 дугаар зүйл “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”,
...” гэж заасан хуулийн заалтуудыг хэрхэн ойлгож, энэхүү тохиолдолд хэрхэн тодорхойлж тус бүрт нь хамааруулсан байдлаар тайлбарлан хэрэглэж дүгнэлт өгөөгүй, тодруулбал илтэд газар ухсан байхад яагаад ухаагүй гэж дүгнэсэн нь энэ хуулийн 12.1-д заасантай ийм байдлаар нийцэж байгаа, нэхэмжлэгчийн барьсан гэх 12 давхар барилга нь хуулийн 11.7-д заасан аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалт бүхий орон байрт хамаарч байгаа бөгөөд хуулийн 12.5-д заасан өөр зориулалтын барилга барьсан эсэх, хөрс, ус, агаар хог хаягдал бүхий бохирдуулсан үйл баримтыг үгүйсгэхдээ хуулийн 12.6-д заасан нөхцөл байдлыг ямар байдлаар тайлбарлан хэрэглэж, хариуцагч байгууллага ямар байдлаар хуулийг зөрчсөн талаар маш тодорхой бус тайлбаруудыг хийснээс болж эдгээр хуулийн заалтууд болон мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хуулийн заалтыг шүүхээс зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна. Харин шүүхийн баримталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан хуулийн заалтыг энэ тохиолдолд тайлбарлан хэрэглэх ёсгүй байсан бөгөөд маргааны үйл баримтад хамааралгүй заалтыг хариуцагч байгууллагыг шийдвэртээ баримтлах ёстой байсан гэж тайлбар хийн хэрэглэсэн.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/158 дугаар тушаалын гол зорилго нь иргэн О.О өмнө ашиглах эрхийг нь дуусгавар болгосон газруудаас үл хөдлөх эд хөрөнгө бүхий 2.041 га-д хамаарах хэсгийн ашиглах эрхийг сэргээснээр Богдхан уулын Зайсангийн аманд байрлах 7 тусдаа газарт нэгэнт баригдсан барилгыг цаашид эзэмших, ашиглах эрхийг хууль зүйн хувьд хангахад чиглэснээс бус тухайн байршлуудад аялал, жуулчлалын зориулалтаар буюу хуульд заасанчлан аялагч түр буудаллах, отоглох зориулалт бүхий барилга байгууламж нэмж барихыг зөвшөөрсөн агуулгагүй байна.
Харин 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн ....... тоот газар ашиглах гэрчилгээний хавсралтад тэмдэглэгдсэнээр дээрх сэргээгдсэн байршлуудаас маргаан бүхий тушаалаар уг хавсралтын “Б” талбай буюу 5511.68 м.кв-д хамаарах хэсгийг хүчингүй болгосон нь энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт, албан шаардлага, танилцуулгад тусгагдсан “хууль бус үйлдэл”-үүд гарсантай шууд холбоотой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тухайлбал Сайдын тушаалын үндэслэл болсон Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 01-04-065/365 дугаар дүгнэлтээр 0.55 га газрын зарим хэсэгт барилга барих зориулалтаар “П” хотхоны ..... байрны урд талд тулган суурийн ханыг ил гартал 48х25 м орчим, “А” хотхоны 12 давхар байрны баруун урд талд 23.5х32.6 м орчим хэмжээтэй тус тус газар ухсаны улмаас хөрсний нуралт үүсч, барьсан түр хашаа нь нурсан, борооны ус хуримтлагдаж, хог хаягдал овоорч, үнэр орж тухайн орчныг бохирдуулсан байдалтай байсан нь тогтоогдсон, үүнээс хойш ч энэхүү нөхцөл байдал улам хүндэрсэн буюу ухсан 2 нүхний дунд байрлах хотхоны дундах авто зам хөрсний нуралтаас шалтгаалан цөмөрч, иргэдийн амьдрах аюулгүй байдал бодит байдалд алдагдсан нөхцөлтэй байсан нь шүүхийн үзлэгээр авсан болон бусад фото зургуудад хангалттай тусгагджээ.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019.11.22-ны өдрийн 02-07-094/1763 дугаар дүгнэлтэд “…“А” хотхон руу өгсдөг авто замын урд талд тулгаж ухсан нүхнээс шалтгаалан авто замын далан сууринд суулт үүссэн, их хэмжээний бороо орсны улмаас авто замын зорчих хэсгийн доогуур ус орж, зорчих хэсгийн хучилт хөндийрч нурж, цөмрөх нөхцөл байдал үүссэн, авто замын зорчих хэсэг дагуудаа цууралт өгч хагарсан нь Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахгүй байна гэж үзсэнээс гадна авто замын урд талд олгосон газрын асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар шийдвэрлүүлэх, барилга барих зөвшөөрлийг эргэн харах, хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан суурийн ажил нь хийгдэж байгаа 15 давхар барилгын газар эзэмшлийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох эсэхийг яам, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар шийдвэрлэх, одоо баригдаж буй барилгыг батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнөөс хасч, тухайн газарт хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар төлөвлөх, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах эсэхийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар шийдвэрлэх, эдгээр зөрчлийг хууль тогтоомжид нийцүүлэн арилгуулж ажиллахыг захиалагч О.О, гүйцэтгэгч “О” ХХК хариуцахаар тус тус шийдвэрлэн, уг дүгнэлтээ хариуцагчид хүргүүлсэн байна.
О.О захиалгаар баригдаж буй барилгын суурь ухсанаас шалтгаалан “А” хотхоны авто замын зарим хэсэг ашиглалтын шаардлага хангахгүй болсонтой холбогдуулан мөн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 05/1789 дугаар албан бичгээр уг зөрчлийг арилгахыг О.О үүрэг болгосон, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/210 дугаар төлөвлөгөөт бус шалгалт хийх удирдамжийн хүрээнд хийгдсэн улсын байцаагчдын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/210 дугаар хяналтын шалгалтын танилцуулгад газар ашиглуулах эрхийг сэргээсэн Сайдын тушаал хуульд нийцээгүй талаар, О.О хууль бус үйл ажиллагааг дэмжсэн байгааг болон үүнтэй холбоотой зөрчил тус бүрт дүгнэлт гаргажээ.
“П”, “А” хотхоны оршин суугчдын төлөөлөл, СӨХ-ноос Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргад үүссэн нөхцөл байдлыг арилгуулах талаар удаа дараа хандаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог төдийгүй дээрх улсын байцаагчдын дүгнэлт, танилцуулгууд ч эдгээр хотхоны оршин суугчид, СӨХ-ны гомдол, хүсэлтийн дагуу гарсан байдаг.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/970 дугаар захирамжаар тухайн орчмын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор О.О аялал жуулчлалын зориулалттай барилга угсралтын ажилтай танилцах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж байснаас гадна 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 02-03/5247 албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж хамтран ажиллах хүсэлт гаргахдаа дээрх ажлын хэсэг ажиллаж байгааг тэмдэглээд, одоогийн маргаан бүхий тушаалын үндэслэл болсон улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг ажлын хэсэгт ирүүлэхийг хүссэн байна.
Бодит байдалд тухайн газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах боломжгүй, эргэн тойронд нь хотхон, хорооллын хэлбэрээр нийтийн болон хувийн орон сууц баригдсан, О.О 2008 онд газар ашиглах эрх авахдаа “Э” ХХК-иар хийлгүүлсэн төслийн нарийвчилсан үнэлгээний тайланд /1-р хх-ийн 200-250 дахь талд/ заасанчилан нэг ээлжиндээ 70 хүн хүлээн авах аялал жуулчлалын бааз барих зорилгоор газраа огт ашиглаагүй, өөрөөр хэлбэл одоогийн гуравдагч этгээд нарын худалдан авч амьдран сууж буй “П”, “А” хотхонууд баригдсан байх тул энэхүү маргааныг шийдвэрлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2008, 2019 онд тус тус баталсан Зайсангийн аманд хэрэгжих аялал жуулчлалын баазын төсөлд хийгдсэн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан, 2019 онд баталсан уг төслийн 2019-2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013, 2014 онд баталсан иргэн О.Одсүрэнгийн цэцэрлэг, аялал жуулчлалын цогцолборын эскиз зураг, үүнд үндэслэсэн архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг баримтууд нь нотолгооны ач холбогдолгүй.
Үндсэндээ О.О ашиглах эрх бүхий газарт “аялал жуулчлалын бааз” нэрийн доор нийтийн зориулалттай орон сууцны барилга баригдсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд хэлбэрийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан, батлуулсан дээрх баримтуудыг бодит нөхцөл байдалд хийсвэр байдлаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үнэлэх нь утгагүй.
Хэрэгт авагдсан фото зургуудаар аялал жуулчлалын зориулалттай нэг ч байр, тэр тусмаа отоглох, буудаллах зориулалттай сууц огт байхгүй болох нь тогтоогдох бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03/3298 дугаар О.О гаргасан өргөдлийн хариунд “…Таны ашиглаж буй газарт барилгын суурь ухсан асуудлыг Та өөрт хамааралгүй, тухайлбал “П” хотхоны 206 дугаар байранд тулгаж ухсан урд талын нүхийг иргэн Ж.Д 6 давхар барилга барих гэрээний дагуу, “Астра вилла” хотхоны баруун талд ухсан нүхийг” О” ХХК-тай 12 давхар барилга барихаар гэрээ байгуулсаны дагуу тантай гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж буруутай гэж гомдолд дурдсан байх бөгөөд ухсан нүхийг газар эзэмшигч иргэний хуулиар хүлээсэн үүргийн дагуу нөхөн сэргээх хугацаатай үүрэг даалгаврыг улсын байцаагчаас өгсөн байхад арга хэмжээ аваагүй байх тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай хамгаалалттай газар ашиглаж байгаа иргэн нь тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан…” гэж үзжээ.
Анхнаасаа 0.55 га газарт “А” хотхоны 12 давхар барилга баригдсантай холбогдуулан уг барилгын доорх газрыг хамруулан ашиглах эрхийг иргэн О.О олгох шаардлагагүй, иймд маргаан бүхий тушаалаар 0.55 га газрын ашиглах эрхийг цуцалснаар уг 12 давхар барилгыг цаашид ашиглах, эзэмших этгээдийн эрх огт зөрчигдөхгүй.
Өөрөөр хэлбэл О.О ашиглах эрх бүхий газарт уг барилгыг “О” ХХК барихаар 2017 онд “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээний 2.1-д зааснаар О.О нь газар ашиглах эрх бүхий этгээдийн хувьд тус компанийн барьсан барилгын 15 хувийг авахаар тохиролцсныг “аялал жуулчлалын төслөө хэрэгжүүлж, аялагчдыг түр буудаллуулах, отоглуулах зориулалтаар үйл ажиллагаа явуулсан” гэж үзэхгүй.
Иймд хариуцагчаас О.О 0.55 га газрын ашиглах эрхийг сэргээснээр уг барилгыг ашиглах эрхийг бус харин ч одоогийн бодит байдлаар тогтоогдох хууль бус үйл ажиллагааг дэмжсэн хууль бус шийдвэр болсон байх тул үүнийгээ холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, шаардлага, оршин суугч иргэдийн хүсэлтээр хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7/, 12 дугаар зүйлийн 1/, 5/, 6, 27 дугаар зүйлийн 1/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчилэн цуцлах тухай” А/751 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч А.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН