Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргасан “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, О.Т, хариуцагч улсын байцаагч С.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 291 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан “Х” ХХК-ийн захирал Т.С гомдлоор, тус компанийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид холбогдох хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Х” ХХК-ийн захирал Т.С 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 0153274 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр:

“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Х” ХХК-ийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 0153274 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. “Х” ХХК-ийн захирал Т.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.“Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” хийх бодит нөхцөл бүрдээгүй, хууль зүйн үүрэг үүсээгүй тухайд:

“Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г хуулийн этгээд болгон хийлгэх үүрэг хүлээдэггүй. Бүгд газар дээр оршиж, агаараар амьсгалах зэргээр байгаль орчныг ашигладаг хэдий ч сөрөг нөлөөллийг нь тодорхой хэмжээнд хязгаарлан хуулиар энэхүү хязгаарыг давахыг хориглодог. Харин сөрөг нөлөөлөл нь зөвшөөрөгдсөн хэмжээ давсан тохиолдолд л түүнийг хүлцэх хэмжээнд буулгахын тулд “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г боловсруулж хэрэгжүүлэх үүрэг үүсдэг.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ямар зорилгоор хийхийг Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгээр харин менежментийн төлөвлөгөөгөөр ямар ажил хийхийг “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах тайлагнах журам”-ын 1.5, 2.1 дэх хэсэгт маш тодорхой зохицуулсан.

-Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “...тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх ...зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна”,

-“Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 1.5-д “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд: Сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ /агаарын чанар, гадаргын ба газрын доорх усны нөөц, хөрсөн бүрхэвч, газрын хэвлий, ургамал нөмрөг, амьтны аймгийг хамгаалах, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон арга хэмжээ болон тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг тусгана/

-Мөн журмын 2.1-т “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна” гэснээс үзэхэд “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан нь тогтоогдсон байгууллага байгаль орчны сөрөг нөлөөллийг арилгах зорилгоор хийх бөгөөд түүнийг хэрхэн хийх аргачлал, хугацаа, гарах зардлыг нарийн төлөвлөж тусгасан цогц үйл ажиллагаа байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “...нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах...” гэж зааснаар тус байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хийхэд тодорхой урьдчилсан нөхцөлтэй байна. Уг нөхцөл буюу стандартаас давсаныг тогтоосон сөрөг нөлөөлөл байхгүй, менежментийн төлөвлөгөө боловсруулах боломжгүй байхад биднийг менежментийн төлөвлөгөө боловсруулж, хянуулж батлуулах үүрэгтэй гэх нь үндэслэлгүй юм.

“Х” худалдааны төвийн хувьд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байгаль орчны сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй гэдэг нь хавтас хэрэгт байгаа дараах эрх бүхий мэргэжлийн байгууллагаас хянан шалгаж тогтоосон дүгнэлтээр батлагдана.

-“Х” ХХК-ийн уурын зуух нь сүүлийн үеийн чанарт тавигддаг стандарт болон бусад шаардлагыг бүрэн хангасан эсэхийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэмжилт хийсэн АЧХЗБХ-ийн оператор техникч Н.Б, Хянасан АЧХЗБХ-ийн ахлах мэргэжилтэн О.А мөн Тавилцсан баталсан Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Г нарын гаргасан “Хэмжилтийн дүнгийн хуудас”-аар илэрхийлэгдэж, хэмжилтэд утааны хийн агууламж нь MNS 5043:2016 стандартад нийцсэн хүлцэх хэмжээнээс хэтрүүлж бохирдуулаагүй болох нь тогтоогдсон.

-Мөн газрын чанарын шаардлага хангасан эсэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас мэргэжилтнүүд хэмжилт хийж 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт” гаргасныг Улсын ерөнхий шинжээч Л.Б баталгаажуулсан ба уг дүгнэлтэд “...хөрсний стандартын зөвшөөрөгдөх /MNS 5043:2008/ хүлцэх хэмжээнээс хэтрээгүй бохирдолгүй байна” гэж тогтоосон.

-2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх бүхий мэргэжлийн байгууллага “Э” ХХК-ийн “Худалдааны төвийн цогцолборын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”-ын дүгнэлтээс үзвэл “Х” худалдааны төвийн үйл ажиллагаанаас зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байгаль бохирдол тогтоогдоогүй.

-Байгаль орчин газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б хяналт шалгалт, хяналтын хуудас зэргээр байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөлөл байхгүй болохыг тогтоосон.

2.“Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” хийхийг шаардах хууль зүйн үндэслэл бүрдээгүй тухайд:

Улсын байцаагч нь “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” хийхийг шаардах эрх дараах тохиолдолд үүсэхээр хуулиар зохицуулсан.

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “...тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, ...сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан сөрөг нөлөөлөл тогтоогдсон бол байгаль орчны улсын байцаагч шаардах эрхтэй. “Х” ХХК-ийн хувьд сайн дураараа 2012 онд “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” хийлгэсэн бөгөөд тэрхүү үнэлгээгээр байгаль орчны бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээнээсээ давсан сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй.

Тэгээд ч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул 2012 оны “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”-тэй холбогдуулан Зөрчлийн тухай хууль хэрэглэн зөрчил ногдуулах боломжгүй юм.

-Агаарын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т мэргэжлийн алба нь ...сөрөг нөлөөллийн стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад ...шуурхай мэдээлнэ...”, 20 дугаар зүйлийн 20.2-т “аж ахуй нэгж байгууллагын, ...сөрөг нөлөөлөл нь тогтоосон стандартаас хэтэрсэн нь ...тогтоогдсон тохиолдолд байгаль орчны ...улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу уг зөрчлийг арилгах”, Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д “Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулна...”, “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”-ын 36-д “Холбогдох мэргэжлийн байгууллага, ...газарт хийсэн хянан баталгааны явцад илэрсэн зөрчлийг, ...холбогдох Засгийн газрын эрх бүхий байгууллагад мэдээлэх үүрэгтэй” гэж хуульчилсан.

Эдгээр хуулийн заалтуудаас харахад эрх бүхий мэргэжлийн шинжээчид агаарын хувьд жил бүр, газрын хувьд 5 жил бүр хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах бөгөөд хэрэв зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан зөрчил илэрвэл Байгаль орчны улсын байцаагчид мэдэгдэж улмаар зөрчлийг арилгуулахаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г хийхийг шаардах эрх үүсэхээр байна.

Гэтэл “Х” ХХК-ийн хувьд 2019 онд дээрх мэргэжлийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй.

3.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах тайлагнах журмын 2.1-т “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж ...тодорхойлсон сөрөг нөлөөг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна” гэжээ.

Байгаль орчны улсын байцаагч нь байгаль орчны хууль тогтоомж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хэдийд ч хяналт шалгалт хийх эрхтэй бөгөөд зөвшөөрөх хэмжээнээс давсан зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгуулахаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийхийг шаардах эрхтэй.

Гэтэл “Х” худалдааны төв дээр Байгаль орчны улсын байцаагчид 2019 онд гэхэд л 2 удаа хяналт шалгалт хийж дүгнэлт гаргаж тэмдэглэл үйлдсэн. Ялангуяа Байгаль орчны улсын байцаагч С.Болорцэцэгийн төлөвлөгөөт хяналт шалгалтаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан бохирдол илрээгүй.

“Х” ХХК-д хийсэн хяналт шалгалтуудаар зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй тул түүнийг буюу байхгүй зүйлийг арилгахаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” хийхийг шаардах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 291 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, гомдлыг шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

“Х” ХХК-ийн ашиглаж буй уурын зуух стандартын шаардлагад нийцсэн эсэх, үйл ажиллагаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа эсэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, хэмжилт хийгдсэнээс үл хамааран хууль болон журамд зааснаар тус компани нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах үүрэгтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тус компаниас байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулалгүйгээр олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаагаа хүлээн зөвшөөрдөг, харин ийнхүү батлуулаагүй шалтгаанаа гомдолд дурдсанчлан “…хууль зүйн үндэслэл бүрдээгүй, өөрөөр хэлбэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан сөрөг нөлөөлөл тогтоогдсон бол байгаль орчны улсын байцаагч шаардах эрхтэй, компанийн хувьд 2012 онд сайн дураараа байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн бөгөөд уг үнэлгээнд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй…” гэжээ.

Гэтэл тэрхүү хийлгэсэн гэх “Худалдааны төвийн цогцолборын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”-д байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах чиглэлийг зааснаас гадна уг тайланд 5 жил тутамд нэмэлт тодотгол хийлгэх, хүнсний захын хүчин чадал нэмэгдэх, өргөтгөл шинэчлэн хийх тухай бүрт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж нарийвчилсан үнэлгээний тайланд зохих журмын дагуу нэмэлт тодотгол хийлгэж байх шаардлагатай болохыг тус тус тусгасан, түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч Д.Э 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 6/1964 дүгээр албан бичигт “Х” ХХК-ийн боловсруулсан ерөнхий үнэлгээний дүгнэлтийг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2-т зааснаар тус компанийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор худалдааны төвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой гэж бус, харин ч уг хуулийн 7.4.3-т заасны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн болох нь ерөнхий шинжээчийн дээрх дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд гомдол гаргагч “сайн дураар” байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хийлгээгүй, харин уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.2-т заасан эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна” гэсний дагуу хуульд заасан шаардлагыг биелүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээчээр батлуулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргад танилцуулж, мэргэжлийн байгууллага болох “Э” ХХК-иар хийлгэсэн тайлан гэж үзнэ.

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байх” бөгөөд 9.5-д Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэхээр, 9.6-д Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгахаар”, 9.7-д Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгахаар тус тус заасан байна.

“Х” ХХК-ийн 2012 онд анх удаа хийлгэсэн тайлан болон эдгээр хуулийн зохицуулалтаас нэгтгэн дүгнэхэд зөвхөн үйл ажиллагааны улмаас үүссэн сөрөг нөлөөлөл нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд л байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах үүрэг үүснэ гэж үзэхгүй.

Түүнчлэн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, …нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна” гэсэн нь зөвхөн сөрөг нөлөөллийг бууруулах, арилгахын тулд бус мөн үүсч болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилго ч байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хамаарч байна.

Үүнээс гадна хуулийн 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална”, 9.9-д “Энэ хуулийн 9.10-т зааснаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тус сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил бүр тайлагнана” гэж тус тус зааснаас үзэхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр боловсруулан батлуулах төдийгүй биелэлтийг жил бүр тайлагнах нь “Х” ХХК-ийн хуулиар хүлээсэн үүрэг болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 291 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,…” гэснийг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3, 8 дугаар зүйлийн 8.3, 8.4.7, 8.8, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.8, 9.9, 9.12,…” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, “Х” ХХК-ийн захирал Т.С гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “Х” ХХК-иас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН