Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0459/З |
Дугаар | 221/МА2020/0202 |
Огноо | 2020-03-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2020/0202
Д.Э нарын нэр бүхий иргэдийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч бөгөөд нэр бүхий иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, М.Э, Б.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.М, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, тус дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, М.Э нарын нэр бүхий 38 иргэний нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч нарын нэр бүхий шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан нэр бүхий 38 ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг тус тус даалгах, Улаанбаатар хотын ерөнхий менежерт холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг зөрчин албадан чөлөөлсөн нэхэмжлэгч М.С, Л.М, Ц.Э, М.Ханат, Э.А, З.А, Б.Б, Б.Б, А.А, Б.Б нарын ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дүгээр шийдвэрээр:
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсгийн г, 29.1.3 дахь хэсгийн а, 29.1.5 дахь хэсгийн д, 29.1.6 дахь хэсгийн ж, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.3, 31.1.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч нэр бүхий 38 иргэний нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлж ирүүлсэн байршлуудад ТҮЦ ажиллуулах гэрээ байгуулах эсэх асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежерт тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 38 иргэнтэй түргэн үйлчилгээний цэг ажиллуулах гэрээг сунгах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг зөрчин албадан чөлөөлсөн нэхэмжлэгч М.С, Л.М, Ц.Э, М.Х, Э.А, З.А, Б.Б, Б.Б, А.А, Б.Б нарын ТҮЦ-ийг буцаан байршуулахыг даалгах гэсэн хэсгийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан мэдэгдэх болон шаардах хуудсыг хүчингүй болгох хэсгээсээ, татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд шийдвэрийн энэ хэсэгт завж заалдах гомдол гаргах эрхгүй,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар захиргааны байгууллагаас маргаан бүхий харилцааг зохицуулж шинээр хэм хэмжээний акт гаргаж журамласан үйл ажиллагаанд энэ шийдвэр саад болохгүйг дурдаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Г дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нэхэмжлэгч 38 иргэний нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлж ирүүлсэн байршлуудад ТҮЦ ажиллуулах гэрээ байгуулах эсэх асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежерт тус тус даалгаж...” гэжээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын дэргэдэх худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан нэр бүхий 38 ТҮЦ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг тус тус даалгах, Улаанбаатар хотын ерөнхий менежерт холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах” гэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан байдаг.
Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч Улаанбаатар хотын ерөнхий менежер гэрээ байгуулах, сунгах асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй байхад дүгнэлт хийсэн. Үүнийг шүүхийн шийдвэрийн тэргүүн нүүрний нэхэмжлэлийн шаардлага хэсэг, 30 дугаар нүүрний Үндэслэх хэсгийн 3 дугаар хэсэг, 4 дүгээр хэсгийн 15 дахь мөрнөөс тодорхой харагдаж байна.
2.Мөн шүүхийн шийдвэрийн 36 дугаар нүүрний 4 дэх догол мөрөнд “харин хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Засаг дарга, Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл болон Улаанбаатар хотын ерөнхий менежер нь нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээгээ сунгах, шинээр гэрээ байгуулахаас татгалзаж, улмаар ТҮЦ-ний байршлыг тодорхойлж өгөөгүйгээс маргаан үүсэх үндсэн нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна” гэж бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийжээ.
Учир нь Улаанбаатар хотын ерөнхий менежер Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 2 дугаар хэсгийн 2.1.2-т заасны дагуу дүүргүүдийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг байршуулах байршлыг дүүргүүдийн саналыг үндэслэн нийт 4 удаагийн тушаал баталсан байдаг. Эдгээрийн нэг буюу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/135 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэгт 11 байршил баталж үүргээ биелүүлсэн.
Гэтэл шүүх Улаанбаатар хотын ерөнхий менежер гэрээ байгуулахаас татгалзсан, байгуулсан гэрээг сунгахгүй байгаа буруутай мэтээр илт алдаатай дүгнэлт хийж үүнийгээ Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/179 дүгээр захирамжаар хүчингүй болсон Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/28 дугаар захирамжаар баталсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дүрмийн зохицуулалтаар тайлбарлан бичсэн байна.
3.Шүүхийн шийдвэрийн 38 дугаар нүүрний 2 дугаар догол мөрөнд “Улаанбаатар хотын ерөнхий менежер нь ТҮЦ-ний байршлыг дүүргийн саналаар баталдаг үйл ажиллагааг гэрээ байгуулах үйл явцаас салгаж ойлгох боломжгүй” гэж тусдаа 2 ойлголтыг нэг үйл ажиллагаа мэтээр энгийн ойлгомжтой зүйлийг гуйвуулан, ямар нэг хууль, журам, дүрэмд гэрээ байгуулах талаар дурдаагүй эрх хэмжээ, чиг үүргийг хамаатуулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн Улаанбаатар хотын ерөнхий менежерт ТҮЦ эрхлэгчидтэй гэрээ байгуулах, сунгахыг даалгасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Дөрөв. Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б, тус дүүргийн тус дүүргийн Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Засаг даргын орлогч Т.Б нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгч нар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдуулан ТҮЦ эрхлэгч нэр бүхий 38 иргэнтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч 38 иргэнтэй гэрээ байгуулахыг даалгаж, гэрээ сунгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “....нэхэмжлэгч нэр бүхий иргэд 1997-2000 оны эхэн үеэс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах хэлбэрээр жижиг бизнес эрхлэн ажиллуулж ирсэн бөгөөд дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс эдгээр иргэдтэй гэрээ байгуулан гэрчилгээ олгон хамтран ажиллаж ирсэн байна..., захиргааны байгууллагын зүгээс тухайн асуудлыг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлээгүй, хуулийн үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, ТҮЦ эрхлэгчдэд ажиллах нөхцөл боломж олгоогүй атлаа олон жил тогтвортой худалдаа үйлчилгээ эрхэлсэн нэхэмжлэгч нартай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус..., Нийслэлийн хотын хэмжээнд түүний дотор дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулахгүй байх эсвэл энэ асуудлыг хориглосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, уг асуудлыг дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хурлаар удаа дараа хэлэлцэн шинээр байршлыг тогтоох, зарим иргэдэд зөвшөөрөл олгох зэргээр үйл ажиллагаа үргэлжилж байгаа нөхцөлд нэхэмжлэгч нарын гаргасан гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг үгүйсгэх боломжгүй” гэжээ.
Тус хэрэг нь анх 2016 оны 5 дугаар сард захиргааны хэрэг үүсэн хянан шийдвэрлэгдсэн боловч 2018 оны 1 дүгээр сард давж заалдах шатны шүүхээс дахин хянан хэлэлцэгдэхээр буцаагдсан билээ. Дахин хэлэлцүүлэхээр буцаагдсанаас хойш 2 жил гаруйн хугацаанд анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой тодорхой ажиллагаа хийхгүй байсаар хэргийг шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хууль бус эс үйлдэхүй гэж тодорхойлсон хариуцагчийн нэхэмжлэгч нартай гэрээ байгуулаагүй, сунгахаас татгалзсан үйлдэл нь дараах шалтгаантай. Үүнд:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг орхино” гэж тус тус заасан байна.
Үүнээс үзэхэд эс үйлдэхүй хууль бус байх нөхцөл нь иргэдээс өргөдөл гомдол гаргасан байх, тэрхүү өргөдөл, гомдлыг захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй байхыг ойлгохоор байна. Гэтэл нэхэмжлэгч нараас М.Э 2015 оны 1 дүгээр сарын 28, С.Г 7 дугаар сарын 10, Б.Б 5 дугаар сарын 7, Г.Н 2 дугаар сарын 1, С.Ч 5 дугаар сарын 1, Ц.Б 3 дугаар сарын 9-ний өдөр тус тус дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэст хүсэлт гаргаж байсан.
Тус иргэдийн хувьд ТҮЦ нь тухайн үед үйлчилж байсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан журмын шаардлагад нийцээгүй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан загварын дагуу хийгдээгүй, бусад нэхэмжлэгч нарын хувьд түргэн үйлчилгээний цэг эрхлэх талаар албан ёсоор хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй тул хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
2. Нөгөө талаар анхан шатны шүүх шийдвэртээ “ТҮЦ ажиллуулахгүй байх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид цугларсан 7 хавтаст хэрэгт буй баримтуудыг бүрэн гүйцэд судалж шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Учир нь ТҮЦ эрхлэгчид дүүрэг болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас батлагдаагүй байршилд MNS5879:2012 Замналын зогсоол стандартын дагуу автобусны буудал дээр ТҮЦ байршуулахыг хориглосон байхад ТҮЦ-ээ дур мэдэн байршуулсны улмаас иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учрах, нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үр дагавар үүсэж, энэ талаар иргэд, байгууллагуудаас гомдол санал ихээр гарсан тул Нийслэлийн Засаг даргаас 2015 оны “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/76, 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “Газрын зөрчил арилгах тухай” өдрийн А/863 дугаар захирамжуудаар нийтийн эдэлбэрийн газар, гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ, зөөврийн байгууламж болон авто зам, явган хүний зам хаасан обьект, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж сунгасан хашаа зэргийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгож, газар чөлөөлөх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/802, 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01/141, 2015 оны 10 дугаар сарын 01/1637 дугаар албан бичгүүдээр дүүргийнхээ нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байрлуулахгүй байх, автобусны буудал дээр ажиллаж байгаа ТҮЦ-үүдийг нүүлгэх, өөр газарт шилжүүлэх үүрэг чиглэлийг дүүргийн Засаг даргад өгсөн.
Уг захирамж, албан бичгээр өгөгдсөн үүрэг даалгаврыг үндэслэн дүүргийн Засаг даргаас зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг буулган, газар чөлөөлөх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж ирсэн. Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс ТҮЦ-ийн талаар баримталсан бодлого бол анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар огт ТҮЦ ажиллуулахгүй гэдэг бодлого биш, зөвхөн зөвшөөрөгдсөн байршилд зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулах, тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулдаг тул нийтийн эзэмшлийн зам талбай тэр дундаа автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулахгүй байх чиглэлийг баримталсан.
Дүүргийн Засаг даргыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлдөг тул дүүргийн Засаг дарга болон түүний дэргэдэх байгууллагууд нь дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Үүний дагуу дээд шатны байгууллагаас холбогдох шийдвэрийг гаргаж, дүүргийн зүгээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлсэн байтал энэ талаар анхан шатны шүүх хэт явцууруулж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч 38 иргэдээс Ж.Э, Л.М, С.С, А.Д, Н.О нараас бусад нь автобусны буудал дээр ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь хариуцагчийн зүгээс гэрээ байгуулахгүй байх үндсэн шалтгаан бөгөөд зохицуулах зөвлөлийн зүгээс автобусны буудлаас өөр газар байрших тухай шаардлага тавихад “өөр байршилд ажиллаад ашиг орлого олох боломжгүй, байнгын орлогын эх үүсвэр хааж байна” гэж тайлбарладаг нь гэрээ байгуулах үндэслэл болохгүй ба цөөн тооны ТҮЦ эрхлэгч нар өөрсдийн эрх ашгаа нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан үйлдэл юм.
3.Мөн хариуцагчийн зүгээс гэрээ байгуулахгүй байгаа нэг шалтгаан бол ТҮЦ эрхлэгч нарын ТҮЦ нь загварын бус, орчны тохижилт хийдэггүй, тамхи ширхэглэн борлуулдаг, насанд хүрээгүй хүүхдэд тамхи борлуулах, гарал үүсэл нь тодорхойгүй ороомог, мантуун бууз, хуушуур зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаалах зэргээр Тамхины хяналтын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандарт зөрчдөг явдал юм.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч иргэдийн ТҮЦ байршиж буй газруудад газар эзэмших эрх олгосон шийдвэр дүүргийн Засаг даргаас гараагүй бөгөөд газрын төлбөр тогтоосон акт болон нэхэмжлэгч нараас газрын төлбөр төлж байсан нь газар эзэмших, ашиглах зөвшөөрөл, ТҮЦ эрхлэх үйл ажиллагааны зөвшөөрөлд тооцогдохгүй.
4.Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч иргэдийг олон жил ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тул хариуцагчаас гэрээ байгуулах ёстой” гэж дүгнэж буй нь мөн л үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар нэхэмжлэгч иргэдийн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан хугацаа харилцан адилгүй, /шүүхийн шийдвэрийн 33-36 дугаар тал/ огт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэдийг “олон жил” гэх нэг ойлголтод хамааруулан “зохих этгээдийн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан” гэж дүгнэсэн нь буруу юм.
Учир нь огт гэрээ байгуулж байгуулж байгаагүй Ж.Э, С.Ч, Ч.Н, С.Х, Н.Б, А.А нарын хувьд хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогддоггүй бөгөөд ямар нэг байдлаар гэрээтэй байсан иргэдтэй адилтган авч үзэж буй нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан “ижил нөхцөл”-д хамаарахгүй ба эдгээр иргэдэд холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан.
Бусад 34 иргэдийн хувьд хариуцагчтай гэрээтэй байсан хугацаанд л зөвшөөрөл үйл ажиллагаа эрхэлсэнд тооцогдох ба анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч 34 иргэдийг зохих этгээдийн зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан” гэж дүгнэсэн хэрнээ шүүхийн шийдвэрийн 39 дүгээр талд “...нэхэмжлэгч иргэдийн ТҮЦ ажиллуулах хамтран ажиллах гэрээний хугацаа дуусаж, эрх зүйн үйлчлэлгүй болсон, энэ үйл баримтын дараа тодорхой цаг хугацаа өнгөрсөн байгаа нь нэхэмжлэгч тус бүрээр өөр өөр” гэж хийсэн дүгнэлтийнхээ эсрэг дүгнэлт хийсэн.
Анхан шатны шүүх зөвхөн гэрээтэй байсан хугацаанаас гадна гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан хугацааг нэгтгэн дүгнэсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл зөвхөн тухайн онд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан бусад онуудын үйл ажиллагааг зөвтгөхгүй, тэдэнд давуу эрх олгохгүй ба хариуцагчийн зүгээс гэрээ байгуулах үндэслэл болохгүй юм.
5.Нөгөө талаар Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх, ТҮЦ ажиллуулахтай холбоотой харилцааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”, мөн оны 56, 2017 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-уудын дагуу зохицуулж байсан. Уг журмуудын дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх, ТҮЦ ажиллуулах иргэн, байгууллага нь дүүргээс тогтоож өгсөн байршилд харьяа дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаагаа эрхлэх, улмаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын тушаалаар ТҮЦ эрхлэгч нарын байршлуудыг батлахаар зохицуулж өгсөн.
Гэтэл эдгээр журмууд нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний актын шаардлагыг хангахгүй байсан тул Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 01/4172 дугаар албан бичгээр ТҮЦ эрхлэгч нартай гэрээ байгуулахгүй байх, сунгахгүй байх үүрэг чиглэлийг өгсөн. Өнөөдрийн байдлаар худалдаа үйлчилгээ тэр дундаа түргэн үйлчилгээний цэг ажиллуулахтай холбоотой ямар ч дүрэм журам, стандарт байхгүй байгаа бөгөөд захиргааны байгууллагуудын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, нийслэл дүүргүүдээс санал авсан.
Хуулийн өөрчлөлтийн агуулга нь тус хуульд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нийслэлийн хэмжээнд түргэн үйлчилгээний цэг ажиллуулахтай холбоотой журам батлах эрх олгоход чиглэгдсэн. Анхан шатны шүүх “...Нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах байршил, тоо тогтоох, хууль журмын хүрээнд шаардлага хангасан нөхцөлд гэрээ байгуулах эсэх нь захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарч байна” гэж дүгнэсэн хэрнээ дүгнэлтийнхээ эсрэг буюу захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан.
Мөн нэхэмжлэгч тус бүр захиргааны байгууллагад хэзээ өргөдөл, хүсэлтээ гаргасан, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шалгаж тогтоогоогүй хэрнээ “гэрээ байгуулаагүй, сунгаагүй эс үйлдлийг хууль бус” гэж үзэж гэрээ байгуулахыг даалгаж шийдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Эдгээр үндэслэлүүдээр хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
-Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа “…зөвхөн нэхэмжлэгч 38 иргэн гэлтгүй тус дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ эрхэлж байгаа иргэдийн хувьд энэхүү харилцааг зохицуулсан дагаж мөрдөх журам байхгүй учраас шинээр журам гарах хүртэл хугацаанд нүүлгэхгүй гэдэг байрь суурьтай байгаа…” гэснийг,
-Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У “…Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам батлах тухай” 56 дугаар тогтоол болон 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх тухай” 61 дүгээр тогтоолыг тус тус дагаж мөрдөхгүй байгаа…” гэснийг,
-дээрх 61 дүгээр тогтоолоор 56 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон боловч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1-1/1802 дугаар дүгнэлтээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд энэхүү 61 дүгээр тогтоолыг батлах эрх хуулиар олгогдоогүй, журмын зарим заалтууд иргэдэд чирэгдэл учруулсан, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрх хэмжээг хуулиар эрх олгоогүй этгээдэд олгосон, хуулиар хориглоогүй асуудлыг хориглосон, бусад хуулиар зохицуулсан харилцааг давтан зохицуулсан зэргээр зохих хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн бүртгэлд бүртгээгүй болохыг,
-Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдэх шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд түүнийг биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг хариуцлага хүлээлгэхгүй” байхаар зохицуулсныг,
-Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 391 дүгээр тогтоолд “…Хууль зүй, дотоод хэргийн яам Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх дээрх журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхээс татгалзсанаар уг журам нийтээр заавал дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт биш бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй болно…” гэж дүгнэснийг тус тус харгалзан,
Энэхүү маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн түргэн үйлчилгээний цэг /цаашид ТҮЦ гэх/-ийг албадан нүүлгэхгүй, одоогийн байгаа байршилд үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангах шаардлагатайг тэмдэглээд шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаав.
1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэхээс үл хамаарч ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх шаардлагатай.
Дээрх 56 дугаар тогтоолоор батлагдсан журмын 1.3-т зааснаар “ТҮЦ эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна”, 2.1.1-т “ТҮЦ нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана”, 2.1.2-т “Тухайн зөвшөөрөгдсөн цэгт түр байрлах ТҮЦ-ийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежер гаргаж, тушаалаар батална” гэж тус тус зохицуулсан байхад шүүхээс шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч Улаанбаатар хотын ерөнхий менежер гэрээ байгуулах, сунгах асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй байхад дүгнэлт хийн “нэхэмжлэгчдийн ТҮЦ ажиллуулах гэрээ байгуулах эсэх асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Улаанбаатар хотын ерөнхий менежерт даалгаж” шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хэрэгжих боломжгүй шийдвэр болжээ.
Нэр бүхий нэхэмжлэгчдээс дээрх шаардлагыг Улаанбаатар хотын ерөнхий менежерт бус зөвхөн Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Засаг даргын дэргэдэх зохицуулах зөвлөлд холбогдуулж гаргасан байхад, мөн шийдвэрийн тодорхойлох хэсэгт энэ талаар тодорхой бичсэн атлаа дээрх байдлаар дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцсэнгүй.
Улаанбаатар хотын менежерт холбогдуулж “56 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах” шаардлага гаргасан байхад шүүхээс “…эрх зүйн үйлчлэлгүй уг тогтоолыг хэрэгжүүлэх талаар шаардлага гаргах үндэслэлгүй…” гэх байдлаар “даалгах”-тай холбоотой хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байгаа эсэх, 2015 онд дүүргийн хэмжээнд баталсан байршлын тоо хангалттай эсэх, уг батлагдсан байршилд нэхэмжлэгчдийн эрхэлж буй ТҮЦ хамаарч байгаа эсэх, яагаад нэмж байршил батлаагүй шалтгааны талаар дүгнээгүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-т заасан “шүүх нэхэмжлэлийн …шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” нөхцөл үүссэн байна.
2.Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэлд нэр бүхий 38 иргэнтэй тогтоосон байршилд ТҮЦ эрхлэх гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн байдлаар шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулсан нь тусгагдсан, гэтэл бичгээр гарсан шийдвэрт энэхүү шаардлагыг агуулгын хувьд өөрчилж “гэрээ байгуулах эсэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” байдлаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн дээрх зохицуулалттай зөрчилдсөнөөс гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М энэ талаар тодорхой тайлбарлаж, гомдол гаргаагүй шалтгаанаа шүүх техникийн алдаатай шийдвэр гаргасан гэж үзсэн гэжээ.
Гэвч шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт үгийн илэрхий алдаа гаргасан гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасны дагуу залруулга хийгээгүй байх тул шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэрт тусгагдсан шийдлийн агуулгыг адилтган засварлах эрх давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй болно.
3.Өмнө дүгнэсэнчлэн 56 дугаар тогтоолоор батлагдсан журмын 1.3-т “ТҮЦ эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг 1 жилээр сунгаж болно” гэж заасан байхад мөн л нэр бүхий нэхэмжлэгч нартай ТҮЦ ажиллуулах гэрээ байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах шийдвэрлэсэн нь зөрчилтэй болжээ.
4.Хариуцагчаас нэр бүхий ТҮЦ эрхлэгч нартай гэрээ байгуулахгүй байгаа нэг үндэслэлээ “…тэдгээр нь дүүрэг болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас батлагдаагүй байршилд MNS:5879:2012 Замналын зогсоол стандартын дагуу автобусны буудал дээр ТҮЦ байршуулахыг хориглосон байхад дур мэдэн байршуулсны улмаас иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулах, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөх үр дагавар үүссэнтэй холбоотой…” гэж тайлбарлах тул энэ талаар хэргийг дахин шийдвэрлэхдээ дүгнэлт өгөх нь зүйтэй.
5.Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 3-2/18 дугаар лавлагаагаар 56 дугаар тогтоол захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон, иймд энэхүү тогтоол нь 61 дүгээр тогтоолын нэгэн адил эрх зүйн үйлчлэлгүй байх тул үүнийг хэрэгжүүлж ажиллахыг даалгах шаардлага гаргах болсон эрх зүйн үндэслэлийг, цаашлаад ТҮЦ эрхлэхтэй холбоотой эрх зүйн үйлчлэл бүхий эрхийн акт батлагдаагүй байгаа энэ тохиолдолд ямар эрх зүйн үндэслэлээр, аль хариуцагчид холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж буйг нэхэмжлэгчдээс тодруулах шаардлагатай.
Түүнчлэн шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаар магадлалд заасны дагуу нэхэмжлэгч тус бүрийн эрх зүйн байдал, ТҮЦ эрхлэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй эсэхэд бүрэн гүйцэд дүгнэлт хийгээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.7-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 849 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН