Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00223

 

М Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 157/ШШ2017/00108 дугаар шийдвэртэй,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226/МА2017/00019 дугаар магадлалтай,

М Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ч.Г-, Р Д- нарт холбогдох,  

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт шатахууны үнэ 38.353.000 төгрөг, алданги 24.000.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарсан зардал 649.500 төгрөг, нийт 63.002.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э-, хариуцагч Р Д-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-, хариуцагч Ч.Г, өмгөөлөгч Ц.Ж-, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р Д-, Ч.Г- нар нь өөрийнхөө уурхайд шатах тослох материалыг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны хооронд манай шатахуун түгээх станцаас худалдан авч, зарим үед аман хэлцэл байгуулан зээлээр авдаг байсан. Нийт 94.856.000 төгрөгний шатахуун аман хэлцлээр зээлээр худалдаж авсан. Энэ тооцооноос 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс өмнөх тооцоог хийж дуусгасан. 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шатахууны тооцооны үлдэгдэл үндсэн төлбөр 49.853.000 төгрөг болсон. Р Д-, Ч.Г-д зээлээр нийлүүлсэн түлш, бензинийг манай компани Гүн зэгэстэй ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 15-1 тоот зээлийн гэрээний дагуу өөрөө зээлээр авсан байсан. Р Д-, Ч.Г- нар нь биднээс авсан дизель түлш, бензины төлбөрийг төлөхгүй байсны улмаас манай компани Гүн зэгэстэй ХХК-д дээрх гэрээний 2.3-д заасны дагуу алданги төлөх ёстой болсон. Гүн зэгэстэй ХХК-иас удаа дараа үндсэн төлбөр болон түүний алдангийг нэхэмжилсэн тул бид нийт 24.000.000 төгрөгийн алдангийг тус компанид төлж барагдуулсан. Ч.Г- нь 2016 оны 5 дугаар сард 11.500.000 төгрөг төлсөн. Р Д-, Ч.Г- нарын аман хэлцлээр хамтран авсан шатахууны үнэ 38.353.000 төгрөг, хариуцагч хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох шатахуун нийлүүлэгч Гүн зэгэстэй ХХК-ийн өмнө хүлээсэн алданги 24.000.000 төгрөг, Дундговь аймгийн Хулд сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гарсан зардал 649.500 төгрөг нийт 63.002.500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Г-ын шүүхэд гаргасан тайлбартаа: Би М Г- ХХК-иас шатахуун авч байгаагүй, Р Д- шатахуун авч байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ шугамаараа төрсөн эгч Ж.О-, түүний нөхөр Б.Баярсайхантай тохиролцож М Г- ХХК-иас түлш авч уурхай ажиллуулсан. Р Д-, Б.Баярсайхан, Ж.О- нар нь хоорондоо тохиролцож шатахууныг зээлээр авч төлбөрийг дараа нь төлөх нөхцөлтэйгөөр явдаг байсан. Заримдаа манай ажилчид шатахуун, түлш, тосол зэргийг авдаг байсан. Миний хувьд М Г- ХХК-тай ойр дотнын харилцаа байхгүй. Ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй. Мөн өөрийн биеэр нэг ч удаа түлш очиж авч байгаагүй гэжээ.

Хариуцагч Р Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р Д-, Ч.Г- нар нь Хулд сумын Түймэрт гэх газар жонш олборлохоор 50:50 хувиар хөрөнгө оруулж жонш олборлоё гэж Рэнцэнпүрэвийн бичил уурхайн газар дээр олборлолт хийхээр харилцан тохиролцсон. Ч.Г- надтай харилцан тохиролцоогүй гэж ярьдаг хэдий ч гэсэн өмнө нь М Г- ХХК-ийн захирал Б.Баярсайхан гомдол дээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан мөрдөн байцаалтад өгсөн тайлбар дээр хамтран ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байдаг. 2014 оны 4 дүгээр сараас Р Д- нийт 19 удаагийн 219.000.128 төгрөг, 2015 онд 27 удаагийн шилжүүлгээр 342.000.000 төгрөг, нийт 561.128.000 төгрөг шилжүүлсэн. М Г- ХХК-ийн нэхэмжилж байгаа 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 6  дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны шатахууны зардлын төлбөрт Р Д- 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх нийт 7 удаагийн шилжүүлгээр 100.000.000 төгрөгийг Ч.Г-ын данс руу шилжүүлсэн байдаг.

Мөн 2015 оны 5 дугаар сард Ж.О- Р Д- руу таны шатахууны зардал 30.000.000 төгрөг болсон. Р Д- 2015 оны 5 дугаар сарын 16-наас 2015 оны 6 дугаар сарын 24-ний хооронд нийт 60.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нэхэмжлэгч Б.Баярсайхан Р Д-д шатахууны төлбөрөө миний данс руу шилжүүлж болдоггүй юм уу гэж хэлэхэд Р Д- Ч.Г-тай хамтран ажиллаж байгаа учраас Ч.Г-ын дансаар шилжүүлэх нь зүйтэй гэж байсан. Р Д- мөнгө шилжүүлэх болгондоо Ч.Г-ын данс руу мөнгөн шилжүүлэг хийж байсан. Аудитын дүгнэлтэд Ч.Г- гэдэг хүн нийт 152.128.000 төгрөгийн шатахуун зарцуулсан гэсэн баримтыг Дундговь аймгийн цагдаагийн газарт гаргаж өгсөн байдаг. Үүнийг аудит задлаад үзэхээр Гүн зэгэстэй ХХК-ийн шатахуун түгээх станц, М Г- ХХК-ийн шатахуун түгээх станцаас шатахуун худалдаж авч байсан. Харин Зээгийн бүтээл ХХК-ийн шатахуун түгээх станцын шатахуун төлбөрийг иргэн Дашцэрэнгийн данс руу 23.619.000 төгрөгийг Ч. Ганцацрал шилжүүлсэн.

Мөн М Г- ХХК-ийн шатахуун түгээх станцын төлбөрийг Б.Баярсайхан гэдэг хүний данс руу 35.332.000 төгрөг шилжүүлсэн байна гэдэг нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдаж байна. Энэ 152.128.000 төгрөгийн шатахуун зарцуулсан гэсэн мөртлөө яагаад Б.Баярсайхан гэдэг хүний мөнгийг дундаас нь өгөхгүй өөр зориулалтын бусаар зарцуулсан юм. Түүнээс биш Р Д- гэдэг хүн шатахууны зардлыг бүрэн гүйцэд төлсөн. Зээгийн бүтээл шатахуун түгээх станц Дорноговь аймгийн шүүхээс Ч.Г- гэдэг хүнээс 5.000.000 төгрөгийн шатахууны төлбөрийг нэхэмжилсэн байдаг. Түүнийг нь шүүх хангаж шийдсэн байдаг. Үлдсэн төлбөр нь Б.Баярсайхан буюу М Г- ХХК-ийн мөнгө гэж ойлгож байгаа. Тийм учраас Р Д- нэхэмжлээд байгаа шатахууны төлбөрийг цаг хугацаанд нь Ч.Г- гэдэг хүний данс руу төлсөн тул Р Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 157/ШШ2017/00108 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.Г-аас 63.002.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Г- ХХК-нд олгож, хариуцагч Р Д--д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487.215 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г-аас 63.002.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 472.963 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М Г- ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226/МА2017/00019 дугаар магадлалаар, Хэнтий аймгийн Бор-Өндөр Сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 157/ШШ2017/00108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ч.Г-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хуурамжинд төлсөн 473.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2-т заасныг буруу хэрэглэсэн. Магадлалалд дурдахдаа “Нэхэмжлэгчээс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хариуцагч Хятад улсын иргэн Р Д-д 2016 оны 6 дугаар сарын 16-нд гардуулахдаа түүнээс монгол хэл мэдэх эсэхийг асууж тодруулалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2- т зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэлээр тайлбар өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхийг түүнд тайлбарлан өгөөгүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрх ноцтой зөрчигдсөн байна” гэж дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэлээр тайлбар өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхийг түүнд тайлбарлан өгөөгүй” гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид нь монгол хэл болон бичиг мэдэхгүй байх мөн, хэлгүй, дүлий, хараагүй байх нь эдгээр хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй бөгөөд энэхүү харилцаанд оролцогч нь бусад хүмүүсийн нэгэн адил эрх зүйн байдлыг нь хангах зорилгоор тэдэнд орчуулагч хэлмэрчийг оролцуулах замаар аливаа хууль бус ялгаваргүйгээр уг эрхийг нь хамгаалах зохицуулалтыг хуульд тусгаж өгсөн байдаг. Иймд, хуулийн дээрх заалт нь “монгол хэл мэддэггүй”, “сонсголгүй”, “хараагүй” зэрэг нөхцөлөөс шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд монгол хэлээр, бичгээр оролцох боломжгүй нөхцөлд хэрэглэхээр зохицуулжээ. Гэтэл БНХАУ-ын иргэн Р Д- нь Монгол Улсад 10 гаруй жил бизнесийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд Монгол хэлийг амаар болон бичгээр бүрэн эзэмшсэн хүн тул хуулийн дээрх заалтийг хэрэглэх боломжгүй. хэргийн материалд авагдсан Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс байцаагдсан Р Д-ий мэдүүлэгт энэ тухай тодорхойлсон болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2-т заасан ”монгол хэл мэддэггүй бол” гэсэн урьдач нөхцөл тухайн тохиолдолд үүсээгүй болно.

Хариуцагч Р Д- нь бие даан оролцоогүй бөгөө орчуулагч байлцуулан Монгол Улсын иргэн З.Г-т хуульд заасан бүх эрхийг олгон итгэмжлэл олгосны үндсэн дээр З.Г- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд оролцсон. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх хуралдаан зэрэг хэлтэй холбоотой ямар нэгэн асуудал зөрчил гараагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй явагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г- нь эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг нэхэмжпэл гардуулсан баримт зэрэг дээр гарын үсэг зурж уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх бүх эрх үүргийг эдлэн оролцохын сацуу дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байгаагүй зэргээс харахад хариуцагчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй гэх давж заалтах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна.

Р Д-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч болох З.Г-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г- нь нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгсөн байдаг ба энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогддог. Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1.2-т заасныг зөрчин хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5, 168.1.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг “Р Д-д нэхэмжлэлийг гардуулахдаа орчуулагч байлцуулаагүй Монгол хэл мэддэг эсэхийг тодруулаагүй” гэх үндэслэл нь 1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ажиллагаа биш 2-т “зөрчил” гэж үзсэн нь ч “ноцтой” зөрчилд тооцогдохгүй 3-т шүүхийн шийдвэр гарахад шууд нөлөөлөл үзүүлээгүй, 4-т өөрийн тус эрх зөрчигдсөн талаар хариуцагч гомдол гаргаагүй бөгөөд тус эрхийг зөрчигдсөн гэж үзэхгүй байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Зөвхөн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5, 168.1.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын үндэслэх хэсэгт, итгэмжлэгчээс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хариуцагч Хятад улсын иргэн Р Д- 2016 оны 6 сарын 16-нд гардуулахдаа түүнээс Монгол хэл мэдэх эсэхииг асууж тодруулалгүй, ...мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-т Иргэнии хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зорчигдсон байна... " гэж дүгнэжээ.

Дээрх нь дугнэлт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Учир нь, тухайн иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хариуцагчаар татсан этгээд нь Р Д-. Р Д- өөрөө анхан шатны шүүх дээр очиж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байдаг. Ийм байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхээс нэхэмжлэлийн хувийг дахин гардаж авах шаардлагагүй юм. Хэдийгээр Р Д- нь БНХАУ-ын иргэн боловч тэрээр Монгол Улсад 10-аад жил оршин сууж байгаа бөгөөд Монгол хэлний аман болон бичгийн бүрэн чадварыг эзэмшсэн тухайн үйл явдлыг Монгол хэлээр бүрэн ойлгох чадвартай хүн юм. Энэ тохиолдолд Р Д-ээс Монгол хэл мэддэг эсэхийг тодруулах шаардлагагүй бөгөөд энэ ажиллагаанд Р Д- өөрийн хууль ёсны эрх ашиг зөрчигдлөө гэж гомдол гаргаагүй учраас тус эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд Монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэлээр тайлбар өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхийг" түүнд тайлбарлан өгөөгүй...” гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь, Р Д- нэхэмжлэлийн хувийг гардаж аваад түүний дараа 2017 оны 6 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаагаа нотлож буй баримтуудыг Хэнтий аймгийн Бор-өндөр сум дахь Сум дундын шүүхэд хүргүүлсэн. Мөн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Р Д- нь өөрийн хэл болох Хятад хэл дээр итгэмжлэл үйлдэж албан ёсны орчуулагчаар орчуулуулж нотариатаар гэрчлүүлж итгэмжлэл үйлдсэн бөгөөд уг итгэмжлэлээр өөрийн бүрэн эрхийг З.Г- надад олгосон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан.

Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч Р Д-ий /R D/ итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын   гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

М Г- ХХК нь Р Д-, /R D/ Ч.Г- нарт холбогдуулж шатахууны үнэ 38.353.000 төгрөг, алданги 24.000.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажилагаатай холбогдон гаргасан зардал 649.500 төгрөг, нийт 63.002.500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх дээрх мөнгийг бүхэлд нь хариуцагч Ч.Г-аас гаргуулж,  Р Д-д /Ren Dewen/ холбогдох  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тус шүүх, хэргийг шийдвэрлэхдээ хэн хэний хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, маргааны зүйл нь юу болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага бүрт эрх зүйн дүгнэлт өгч хуулийг тайлбарлан хэрэглээгүй, тухайлбал, шүүх шийдвэр гаргахын тулд зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.

Түүнчлэн магадлалд заасан зөрчлийг анхан шатны шүүх гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөөгүй тохиолдолд хяналтын шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226/МА2017/00019 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г- нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжид нэхэмжлэгч 473.000 төгрөг, хариуцагч 473.000 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ