Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, шатахууны үнэ 49853000 төгрөг, алданги 16000000 төгрөг нийт 65853000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-ийн захирал Б.Баярсайхан, хариуцагч Рэн Дэвэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг, хариуцагч Ч.Ганцацралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Азбаяр, өмгөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

                                                                                          Т  О Д О Р Х О Й Л О Х  нь:

Нэхэмжлэгч “Мандахговь” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дундговь аймгийн Хулд сумын иргэн Б.Баярсайхан миний бие “Мандахговь” ХХК-ийн захирлаар ажилладаг. Манай компани нь 2000 оноос хойш өнөөг хүртэл 20 жил Дундговь аймгийн Хулд сумын төвд шатахуун түгээх станцын үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Тус суманд бичил уурхайн чиглэлээр тэнд ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Рэн Дэвэн нь 2014 оны 02 сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд шатах тослох материалыг худалдан авч, зарим үед зээлээр авдаг байсан. Рэн Дэвэн нь бараа материалын тооцоог тэнд ажлыг нь хариуцаж ажилладаг өөрийн төлөөний хүн болох Ч.Ганцацралаар дамжуулж тооцоогоо хийдэг байсан. Эхний удаагийн 2-3-н тооцоог Баярсайханы дансаар шилжүүлж хийсэн. Дараагийн тооцоонуудыг огт хийгээгүй. Энэ хооронд компанийн өр авлага, тооцоо хуримтлагдаж, их хэмжээний алданги төлж өр авлага хохирол амсаж байгаагаа удаа дараа хэлэхээр одоо 2015 оны 07 сард төлж барагдуулна гэсэн. Сүүлд 8-9 сард дуусгана гэчихээд бүр сүүлдээ 1 жил 3 сар болсон. Манай компани алданги  төлөөд алдагдалд ороод хэцүүдлээ яах вэ гэхээр алдангиа чи цаад газраа төлж бай, би мэдэж байгаа үндсэн мөнгөтэй чинь хамт төлнө, айлтгүй гээд өнөөг хүртэл уг мөнгийг төлөөгүй, компанийг дампууруулж явна. Иймд шатахууны үнэ 49853000 төгрөгийг, “Гүн зэгэстэй” ХХК-нд төлсөн алданги 16000000 төгрөг нийт 65853000 төгрөгийг Рэн Дэвэнгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 65853000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан. Өнөөдрийн байдлаар хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нараас шатахууны үнэ 49853000 төгрөг, алданги 16000000 төгрөг нийт 65853000 төгрөгөөс 11500000 төгрөгийг хасаад  үлдэгдэл төлбөр болох 54353000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Рэн Дэвэн /REN DEWEN/ шүүхэд  гаргасан хариу тайлбартаа: “Дундговь аймгийн Хулд сумын “Мандахговь” ХХК-ийн захирал Б.Баярсайханы БНХАУ-ын иргэн Рэн Дэвэн намайг хариуцагчаар татаж, надаас 65853000 төгрөг нэхэмжилж шүүхэд гаргасан нэхэмжлэлийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие Б.Баярсайханы нэхэмжлэлд бичсэн бензин шатахууныг түүнээс зээлээр худалдан авах талаар бидний хооронд гэрээ тохиролцоо хийсэн зүйл байхгүй. Энэ нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл би энэ хэргийн хариуцагч биш. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.Ганцацрал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Баярсайханаас шатахуун авч байгаагүй. БНХАУ-ын иргэн Рэн Дэвэн гэх хүн шатахуун авч байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ” гэжээ.

Нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Дундговь аймгийн Хулд сумын төвд шатахуун түгээх үйл ажиллагаа явуулдаг манай “Мандахговь” ХХК-ийн шатахуун түгээх станцаас хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нар нь 2014 оны 05 сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл шатахуун худалдаж авдаг байсан. Нийт 94856000 төгрөгний шатахуун худалдаж авсан. Энэ тооцооноос 2015 оны 05 сарын 06-ны өдрөөс өмнөх тооцоог хийж дуусгасан. 2015 оны 05 сарын 06-ны өдрөөс 2015 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шатахууны тооцооны үлдэгдэл 49853000 төгрөг болсон байсан. 2015 оны 06 сарын 28-ны өдрийн байдлаар 49853000 төгрөгний үлдэгдэлтэй байгааг хариуцагч Ч.Ганцацрал нь хүлээн зөвшөөрч 2015 оны 08 сарын 20-ны өдөр тодорхойлолт гаргаж, нотариатчаар батлуулсан. Энэ мөнгийг Рэн Дэвэн төлнө гэж хэлсэн. Түүнээс хойш төлбөр төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие Рэн Дэвэнтэй утсаар ярихад Ч.Ганцацралд шатахуун өгч бай, мөнгийг нь төлнө гэж хэлдэг байсан. 2015 оны 02 дугаар сард түлшний тооцоо 20 сая төгрөг болохоор нь манай компани шатахуун өгөхөө зогсоосон. Гэтэл Рэн Дэвэн утсаар яриад шатахуун өгч бай, мөнгийг нь шилжүүлнэ гэхээр нь нэмээд шатахуун өгсөн. Дундговь аймгийн Хулд сумын нутагт байгаа жоншны уурхайд Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нар нь хамтран үйл ажиллагаа явуулж байсан. Ч.Ганцацрал Хулд сумын жоншны уурхайгаас жонш гаргаад Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу 2300 гаран тонн жонш ачуулсан байсан. Рэн Дэвэн нь Ч.Ганцацралд 40 сая төгрөг шилжүүлсэн гэж хэлдэг. Тэр мөнгийг Ч.Ганцацрал манай компанид шилжүүлээгүй. Рэн Дэвэнтэй утсаар яриад шатахууны тооцооны үлдэгдэл 49853000 төгрөгийг нэхэхээр удахгүй өгнөө гэж хэлдэг. Би Рэн Дэвэнд хандан манай компани “Гүн зэгэстэй” ХХК-иас зээлээр шатахуун худалдаж аваад төлбөрөө төлж чадахгүй алданги төлөөд хэцүү байна,  шатахууны тооцооны үлдэгдлийг өгөөч гэхэд чи тэр компанидаа алдангиа төлж бай би бүгдийг нь төлнө гэж Рэн Дэвэн хэлдэг байсан. Сүүлдээ гар утсаа авахгүй, утсаа хаачихдаг болсон. Рэн Дэвэн нь шатахууны бүх тооцоог Ч.Ганцацралд өгчихсөн гэдэг. Ч.Ганцацрал нь Рэн Дэвэн төлөх ёстой гэдэг. Энэ хоёр хүн хамтарч ажиллаж байсан нь үнэн. Манай компаниас шатахуун аваад 49853000 төгрөгний үлдэгдэл байгаа нь үнэн. Рэн Дэвэн нь Ч.Ганцацралд хэдэн төгрөг өгсөн, Ч.Ганцацрал нь Рэн Дэвэнтэй ямар тооцоотой нь надад хамаагүй. Эдгээр хүмүүсийн хоорондын асуудал. Би авто машины шатахуун худалдсан мөнгөө л гаргуулах хүсэлтэй байна. Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нар манай компаниас авсан шатахууны үнэ 49853000 төгрөгийг төлөөгүй 1 жил гаран болсноос өнөөдрийн байдлаар манай компани “Гүн зэгэстэй” ХХК-д зөвхөн алдангид 24000000 төгрөг төлөөд хохирчихоод байна. Эдгээр хүмүүс тооцоогоо цаг тухайд нь төлсөн бол би алданги төлөхгүй байсан. Би “Гүн зэгэстэй” ХХК-д одоо 50 сая төгрөгний үндсэн зээлийн төлбөр төлөгдөөгүй байж л байгаа. Ч.Ганцацрал нь шүүхэд намайг нэхэмжлэл өгснөөс хойш 11500000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нараас шатахууны төлбөр 38353000 төгрөг, алданги 24000000 төгрөг, Дундговь аймгийн Хулд сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирж шүүхэд нэхэмжлэл гаргах гэж 2016 оны 08 сарын 23-нд, эрх үүрэгтэй танилцах гэж 2016 оны 10 сарын 03-нд, шүүх хуралдаанд 2016 оны 11 сарын 01-нд нийт 3 удаа ирсэн авто машины бензиний зардал 544500 төгрөг, 3 удаагийн буудлын хөлс 105000 төгрөг нийт 63002500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Рэн Дэвэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Рэн Дэвэн Б.Баярсайхан нарын хооронд хэлцэл хийгдээгүй, худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Ч.Ганцацрал нь Рэн Дэвэнтэй хамтран ажиллах талаар амаар тохиролцож, 500 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон. Рэн Дэвэн хөрөнгөө оруулсан. Ч.Ганцацрал нь 200 сая төгрөгний хөрөнгө оруулах байсан ч оруулаагүй. Рэн Дэвэн нь 2015 оны 06 сард 25 сая, 15 сая төгрөг нийт 40 сая төгрөгийг Ч.Ганцацралын данс руу шилжүүлсэн  байгаа. Ч.Ганцацрал өөрөө “Мандахговь” ХХК-д төлсөн бол түүнийгээ өөрөө нотлох баримтаар нотлох ёстой. 2015 оны 08 сарын 20-ны өдөр Ч.Ганцацрал нь тооцоо нийлсэн тодорхойлолт гаргаж өгч нотариатчаар батлуулсан байгаа. “Мандахговь” ХХК-ийн захирал Б.Баярсайханы эхнэр Ж.Оюунцэцэгтэй тооцоо нийлсэн байгаа. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч Ч.Ганцацрал нь тооцоо нийлж, төлбөрийг хүлээн зөвшөөрсөн тул үүргийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байгаа. Ч.Ганцацрал өөрөө тооцоо нийлсэн тул төлбөрийг төлөх ёстой. Хавтаст хэргийн 70-р талд Ч.Ганцацрал нь хүсэлт гаргаж өгсөн. Уг хүсэлтэд 2015 оны 05 сар хүртэлх тооцоог хийсэн. 2015 оны 05 сараас хойшх тооцоог хийгээгүй гэж тайлбар гаргасан нь үгүйсгэгдэж байна. 2015 оны 06 сард Рэн Дэвэн нь 40 сая төгрөгийг Ч.Ганцацралын дансанд шилжүүлсэн. Нотлох баримтаар мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар хуулийн этгээд нэхэмжлэл гаргаж байгаа бол шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр тамга дарах ёстой. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-р нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах байсан. Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл мөн. Рэн Дэвэн нь Б.Баярсайханы нэхэмжилж байгаа 63002500 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Харин Ч.Ганцацрал төлөх ёстой. Рэн Дэвэн Ч.Ганцацралд 40 сая төгрөг өгсөн нь нотлогдож байна. Ч.Ганцацрал нь Б.Баярсайханд өгсөн гэдгийг өөрөө нотлох ёстой. Б.Баярсайханы нэхэмжилсэн алданги 24 сая төгрөгийг Рэн Дэвэн төлөх үндэслэлгүй. Учир нь алданги тооцсон бичгийн гэрээ байхгүй. Мөн ирэх очих бензиний зардал, буудлын зардлыг Рэн Дэвэн төлөхгүй. Рэн Дэвэн Ч.Ганцацрал нар нь хамтран үйл ажиллагаа явуулж жонш гаргадаг байсан. Рэн Дэвэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.Ганцацралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Азбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Дундговь аймгийн Хулд сумын жоншны уурхайд Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нар нь 2014 оны 05 сарын 18-ны өдрөөс жонш олборлох үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Рэнцэнпүрэв гэдэг хүний уурхай байсан. Рэнцэнпүрэв Рэн Дэвэн нар жонш олборлох талаар тохиролцож хамтран үйл ажиллагаа явуулж байсан. Ч.Ганцацрал нь “Мандахговь” ХХК-ийн шатахуун түгээс станцаас шатахуун авч байгаагүй. Ч.Ганцацрал хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. “Мандахговь” ХХК-ийн нэхэмжилж байгаа шатахууны үнийг Рэн Дэвэн төлөх ёстой. Ч.Ганцацрал нь Рэн Дэвэнтэй хамтран ажилллаж үйл ажиллагаа явуулж байсан. Ч.Ганцацрал нь Рэн Дэвэнд тоног төхөөрөмж нийлүүлж ажиллаж байсан. Ч.Ганцацрал нь 2014 оны 11 сараас ажиллаж байгаад өвөл цагаан сарын өмнө үйл ажиллагаа явуулахаа зогсоогоод 2015 оны 03 сараас 06 сар хүртэл ажилласан. Ч.Ганцацрал нь Б.Баярсайхантай тооцоо нийлсэн нь үнэн. Рэн Дэвэн Ч.Ганцацралыг очоод тооцоо нийлээд ир гээд явуулсан. Б.Баярсайхан нь цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол гаргасан. Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хулд суманд жонш олборлоход үйл ажиллагааны маш их зардал гарч байсан. Ажилчдын цалин, хоол, хүнс, сэлбэг хэрэгсэл, шатахуун, жонш ачуулах зардал гэх мэт олон зардал гарч байсан. Дундговь аймгийн Хулд сумын жоншны уурхайд Ч.Ганцацрал нь 2014 оны 05 сарын 15-ны өдрөөс 2015 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл Рэн Дэвэнтэй хамтран үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн. Ч.Ганцацрал нь 2 эксковаторыг Рэн Дэвэнд түрээслүүлж байсан. Тэр гаргасан жоншийг Рэн Дэвэн бүгдийг нь авдаг байсан. Үйл ажиллагааны зардлыг Ч.Ганцацрал хариуцахгүй. Энэ төлбөрийг Рэн Дэвэн төлөх ёстой. Иймд Ч.Ганцацралд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

         Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                   Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч “Мандахговь” ХХК нь хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нараас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, шатахууны үнэ 49853000 төгрөг, алданги 16000000 төгрөг нийт 65853000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Ганцацралын төлсөн 11500000 төгрөгийг хасч, нэхэмжлэгч “Мандахговь” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, шатахууны үнэ 38353000 төгрөг, алданги 16000000 төгрөг нийт 54353000 төгрөгийг хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Мандахговь” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, шатахууны үнэ 38353000 төгрөг, алданги 24000000 төгрөг, ирж очих бензиний зардал 544500 төгрөг, буудлын хөлс 105000 төгрөг нийт 63002500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Рэн Дэвэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг,  хариуцагч Ч.Ганцацрал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Азбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Нэхэмжлэгч “Мандахговь” ХХК нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох 2015 оны 05 сарын 06-ны өдрөөс 2015 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шатахууны тооцооны үлдэгдэл 49853000 төгрөгний шатахууныг хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нарт шилжүүлсэн гэдэг нь хавтаст хэргийн 70-р талд авагдсан Ч.Ганцацралын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, 77-78-р талд авагдсан Дундговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 09 сарын 25-ны өдрийн 498 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол, 139-147-р талд авагдсан Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нарын Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбарууд, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Ганбатын нотлох баримтаар гаргаж өгсөн “Ч.Ганцацрал, Оюунцэцэг нарын гарын үсэгтэй тооцоо хийсэн баримт” зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан байх тул зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мандахговь” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, шатахууны үнэ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч Рэн Дэвэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг нар нь “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийг төлөх үндэслэлгүй, Ч.Ганцацрал төлөх ёстой” гэх, хариуцагч Ч.Ганцацрал болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Азбаяр нар нь “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийг төлөх үндэслэлгүй, Рэн Дэвэн төлөх ёстой” гэх тайлбаруудыг тус тус шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, ирүүлээгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдохгүй байна.

Хариуцагч Рэн Дэвэн нь “шатахуун худалдан авах гэрээ байхгүй, энэ хэргийн хариуцагч би биш, төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэх тайлбар, хариуцагч Ч.Ганцацралын “Би Баярсайханаас шатахуун авч байгаагүй, Рэн Дэвэн шатахуун авч байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбарууд нь

-хариуцагч Ч.Ганцацралын “Ч.Ганцацрал би 2014 оны 05 сараас 2015 оны 07 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын нутагт түймэрт цагаан жоншны уурхайд  БНХАУ-ын иргэн Рэн Дэвэнтэй аман гэрээ байгуулж  өөрийн экскаваторуудаа түрээслүүлж ажиллаж байхдаа Хулд сумын төв дэх Мандахговь ХХК-ийн шатахуун түгээх станцын ажилтан Оюунцэцэг, Рэн Дэвэн 2-ын тохиролцоогоор шатах тослох материалыг би очиж авдаг байсан. Рэн Дэвэн миний дансаар 2015 оны 05 сар хүртэлх шатахууны үнийг шилжүүлж тооцоо хийдэг байсан. 2015 оны 05 сараас хойшх түлшний тооцоо Рэн Дэвэнгээс мөнгө шилжиж ирээгүй. ШТС-ын Ж.Оюунцэцэг нь удаа дараа шатахууны тооцоо хийгээгүй шалтгаанаар шатахуун олголтоо зогсоож байсан. Рэн Дэвэн өөрөө Оюунцэцэгтэй утсаар ярьж мөнгийг нь би төлнө, түлш өгч бай, санаа зоволтгүй гэж тохирч  байсан. Сүүлдээ мөнгөө өгөөгүйгээс 49853000 төгрөгний түлш төлөгдөөгүй” гэх хүсэлт,

-хариуцагч Рэн Дэвэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэгийн  “Рэн Дэвэн Ч.Ганцацралд 40 сая төгрөг шилжүүлсэн. Энэ талаарх нотлох баримт хэрэгт байгаа. Ч.Ганцацрал, Рэн Дэвэн нар нь Дундговь аймгийн Хулд сумын жоншны уурхайд 2014 оны 05 сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл хамтран ажиллаж жонш олборлож байсан. Рэн Дэвэн Ч.Ганцацрал нар нь 500 сая төгрөгний хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохиролцсон байсан. Ч.Ганцацралтай өөр маш их мөнгөний тооцоо байгаа. “Мандахговь” ХХК-ийн шатахууны төлбөрийг Ч.Ганцацрал төлөх ёстой” гэх тайлбар,

Хариуцагч Ч.Ганцацралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Азбаяр, өмгөөлөгч Б.Ганбатын “Ч.Ганцацрал, Рэн Дэвэн нар нь Дундговь аймгийн Хулд сумын жоншны уурхайд 2014 оны 05 сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл хамтран ажиллаж жонш олборлож байсан. 2015 оны 05 сарын 06-ны өдрөөс 2015 оны 06 сарын 28-ны хугацааны шатахууны төлбөрийн үлдэгдэл 49853000 төгрөг үлдсэн байсан нь үнэн. Энэ төлбөрийг Рэн Дэвэн төлөх ёстой. Уурхайгаас гаргасан бүх жоншийг Рэн Дэвэн авдаг байсан. Уурхайд үйл ажиллагаа явуулахад үйл ажиллагааны маш их зардал гардаг байсан. “Мандахговь” ХХК-ийн шатахууны төлбөрийг Рэн Дэвэн төлөх ёстой” гэх тайлбар,

-хариуцагч Рэн Дэвэн цагдаагийн байгууллагад өгсөн “2014 оны  05 сарын 19-ний өдрөөс Дундговь аймгийн Хулд сумын “Тэлмэн жонш” ХХК-д 1 тонн жоншийг 70000 төгрөгөөр олборлож өгөхөөр тохиролцсон. Хулд суман дахь үйл ажиллагааг Ганцацрал хариуцан ажилласан. Ганцацрал бид хоёр 50,50 гэсэн хөрөнгө оруулалтаар хамтран ажиллаж үйл ажиллагааг Ганцацрал гардан гүйцэтгэж байсан” гэх тайлбар,

-хариуцагч Ч.Ганцацралын цагдаагийн байгууллагад өгсөн “Рэн Дэвэнтэй би хамтарч 2014 оны 05 сарын 19-ний өдрөөс Дундговь аймгийн Хулд сумын Түймэрт цагаан жоншны уурхай дээр ажиллаж эхэлсэн” гэх тайлбар  болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй, няцаагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Рэн Дэвэн болон итгэмлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг, хариуцагч Ч.Ганцацрал болон итгэмлэгдсэн төлөөлөгч Ц.Азбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч  учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч “Мандахговь” ХХК нь ирж очих бензиний зардал 544500 төгрөг, буудлын хөлс 105000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч  үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 24000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч “Мандахговь” ХХК нь 24000000 төгрөг гаргуулахаар бичгээр гэрээг хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нартай байгуулаагүй, “Гүн зэгэстэй” ХХК-д төлсөн алдангийг хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нар нь төлөх үндэслэлтэй гэдгийг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул 24000000 төгрөгний алдангийг гаргуулах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 64-66-р талд авагдсан “Гүн зэгэстэй” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд хэдэн төгрөгний зээлийг хэдэн хувийн хүүтэй олгож байгаа нь тодорхойгүй, хавтаст хэргийн 71-74-р талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар 24 сая төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдож байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гэдэг нь нотлогдохгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хариуцагч Рэн Дэвэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг нь шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн 40 сая төгрөгний мөнгөн шилжүүлгийн баримтаар хариуцагч Ч.Ганцацралд 40 сая төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдож байгаа хэдий ч яг ямар зориулалтаар, юуны төлбөрт шилжүүлсэн нь нотлогдохгүй, нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-д олгосон гэдэг нь нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасан байна.

Нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-ийн захирал Б.Баярсайханы шүүх хуралдаанд гаргаж өгсөн 544500 төгрөгний бензин олгосон зарлагын баримт, Бор-Өндөр сумын “Жинчин” зочид буудлын баримтыг үндэслэн ирж очих бензиний зардал 544500 төгрөг, буудлын хөлс 105000 төгрөгийг хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нараас гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, шатахууны үнэ 38353000 төгрөгийг, ирж очих бензиний зардал 544500 төгрөгийг, буудлын хөлс 105000 төгрөгийг нийт 39002500 төгрөгийг хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нараас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нараас 39 002 500 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч Рэн Дэвэнгээс 19501250 төгрөгийг, хариуцагч Ч.Ганцацралаас 19501250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “Мандахговь” ХХК нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 8649500 төгрөгөөр нэмэгдүүлсэн байх тул 8649500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 153342 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож, нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487215 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч Рэн Дэвэнгээс улсын тэмдэгтийн хураамж 255456 төгрөгийг, хариуцагч Ч.Ганцацралаас улсын тэмдэгтийн хураамж 255456 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-д олгох нь зүйтэй байна.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-120-т тус тус

 заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Рэн Дэвэнгээс 19501250 /арван есэн сая таван зуун нэг мянга хоёр зуун тавин/ төгрөгийг, хариуцагч Ч.Ганцацралаас 19501250 /арван есэн сая таван зуун нэг мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 153342 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487215 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч Рэн Дэвэнгээс улсын тэмдэгтийн хураамж 255456 төгрөгийг, хариуцагч Ч.Ганцацралаас улсын тэмдэгтийн хураамж 255456 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-д олгосугай.

           3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

 5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                            М.ЭНХМАНДАХ