Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00224

 

Р.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01874 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2017/01993 дугаар магадлалтай,

Р.О-ын нэхэмжлэлтэй,

Ж Э Э С- ХХК-д холбогдох,           

Хамтран ажиллах гэрээнээс гарсны дагуу хураамжид төлсөн төлбөр 70.000 ам.доллар буюу 156.612.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Хамтран ажиллах гэрээнээс үүссэн алдагдалд 685.101.747,9 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Р.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Ж Э Э С-" ХХК болон "М Х-" ХХК-тай төмрийн хүдэр баяжуулах ажилд оролцохоор харилцан тохиролцож, "Хамтран ажиллах гэрээ" байгуулсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 100 000 ам.долларыг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын "Zhong tian trading" компанид шилжүүлсэн. "Ж Э Э С-" ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваатай 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, "Ж Э Э С-" ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Р.О-д 130 000 ам.долларыг "Хамтран ажиллах гэрээ"-ний төлбөрт өгөхөөр тохиролцон "Харилцан тохиролцсон баталгаа" хэмээх баримт бичгийг үйлдсэн.

Уг мөнгөн дүнгээс 60 000 ам.долларыг компани төлж, үлдэгдэл 70 000 ам.долларыг төлөөгүй тул харилцан тохиролцсон баталгааны дагуу 70 000 ам.долларын зарласан ханш 2237,32 төгрөгөөр тооцон 156.612.400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: "Ж Э Э С-" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваа 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан. Монголросцветмет ХХК-иас 2012 онд зарласан Хэнтий аймгийн Дархан сумын Баргилтын уурхайд оператор компани ажиллуулах PDD-21/2012 тоот тендэрт Ж Э Э С- ХХК шалгаран, уулын ажлын гэрээний дагуу 2012 оны 4 дүгээр сараас эхлэн хийж гүйцэтгэсэн. Монголросцветмет ХХК-иас гэрээт ажлын хөлсөө төлөхгүй удааширсанаас Ж Э Э С- ХХК болон гэрээт туслан гүйцэтгэгч бусад компаниудын санхүүгийн нөхцөл хүндэрсэн тул уулын ажлын гэрээг 2012 оны 8 дугаар сараас зогсоосон. Үүссэн өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар Монголросцветмет ХХК-ийн удирдлагатай уулзаж, ярилцлага хийснээр төмрийн хүдрийг өр төлбөрт авахаар тохирсон. Төлбөрт авах төмрийн хүдрийг боловсруулж, өөрсдийн алдагдлыг нөхөн талаар "Ж Э Э С-" ХХК болон "МОНМАГ" ХХК, "Петро-Жамп" ХХК, М Х- ХХК-иуд харилцан уулзалт зохион байгуулсны үр дүнд "М Х-" ХХК-ийн захирал З.Анхбаяр БНХАУ-ын Shanghai joyal Mining Machinery үйлдвэрийн төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмж санал болгосон.

Ийнхүү М Х- ХХК-ийн захирал З.Анхбаярын санал болгосон БНХАУ-ын Shanghai joyal Mining Machinery үйлдвэрийн төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмжөөр Хэнтий аймгийн Дархан сумын Баргилтын уурхайн төмрийн хүдрийг зохих стандарт, норм, өгөгдсөн төлөвлөгөөний дагуу баяжуулах ажлыг хийж гүйцэтгэхээр Ж Э Э С- ХXK, М Х- ХХК, Р.О- нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулсан. Гэрээний 5.1, 5.2, 5.6-д "Мөнхий Хаяа" ХХК, Р.О- нар баяжуулах тоног төхөөрөмжийг худалдан авахад тус бүр 116 000 ам долларын хөрөнгө оруулалт хийх, М Х- ХХК нь Баяжуулах үйлдвэрийг оруулж ирэн угсрах, хэвийн үйл ажиллагааг хангаж, эвдрэл гэмтлийг засварлах үүрэг хүлээсэн. "М Х-" ХХК-ийн захирал З.Анхбаяр нь БНХАУ-ын ZHONG TIAN RADING-гээс төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмжийг оруулж ирсэн бөгөөд Р.О- ZHONG TIAN TRADING-ийн Эрээн хот дахь AGRICULTURAL BANK OF CHINA-ийн данс руу 100 000 ам.доллар шилжүүлсэн. Ж Э Э С- ХХК нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр төмрийн хүдрийг баяжуулах үйлдвэр рүү тээвэрлэх, уурхайн ажиллах нөхцөлийг хангаж ажилласан. Түүнчлэн гэрээнд тоног төхөөрөмжийн санхүүжилтэнд хөрөнгө оруулах үүрэг хүлээгээгүй ч хамтын эрх ашгийг хэрэгжүүлэхийн төлөө санхүүжилтэнд 2013 оны 8 дугаар сарын 01-нд төмрийн хүдрийн эхний баяжмал 1595 тонн буюу 103 739 ам.доллартай тэнцэх баяжмалыг БНХАУ-ын ZHONG TIAN TRADING pyy вагонд ачилт хийлгэсэн. Гэрээнд төмрийн хүдэр баяжуулах зөөврийн төхөөрөмжийг талууд тэнцүү хувиар эзэмшинэ гэж заасан.

Баргилтын уурхайд төмрийн хүдрийг баяжуулах тоног төхөөрөмжийг гэрээнд зааснаар 2012 оны 12 дугаар сарын 10-ны дотор угсарч бэлэн болгох байсан ч 2013 оны 02 сард авчран угсралтын ажлыг 2013 оны 06 cap хүртэл хийж цаг хугацаа маш алдаж хохирсон. 2013 оны 6 дугаар сарын 01-нээс 2013 оны 11 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд 32 хоног буюу 650 цаг ажиллаж 13 000 тонн 45 хувь агуулга бүхий хүдэр баяжуулсан. Гэрээнд заасан цагаар ажиллавал 150 хоног, 2550 цаг ажиллаж 280 500 тн 51 хувиас дээш агуулгатай хүдэр баяжуулах үүргийг хүлээж байсан ч баяжуулах тоног төхөөрөмжийн техникийн бэлэн бус байдал, горимын дагуу ажиллаагүйгээс хангагдаагүй. Гэрээнд заасан чанараар тооцвол 29 100 тонн түүхий хүдрээс 18 000 тонн 51 хувь агуулга бүхий төмрийн хүдрийн баяжмал авах байсан. М Х- ХХК-ийн оруулж ирсэн тоног төхөөрөмж нь гэрээнд зааснаар ажиллахгүй, хацарт бутлуур байнга хахах, эвдрэх буюу сул зогсолт их хийж, төмрийн хүдрийн агуулга 51 хувьд хүрэхгүй, цаг хугацаа алдаж, алдагдал хүлээсэн. Мөнхий хаяа ХХК нь тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулахын тулд өөрийн эрх үүргээ Трэйже Трэйд ХХК-д шилжүүлсэн бөгөөд уг компани 50-60 төгрөгийн хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмжинд оруулж хэвийн ажиллуулах үүрэг хүлээсэн хэдий ч үүргээ биелүүлээгүй. Тоног төхөөрөмж нь зориулалтын бус гэдгийг 2013 оны 11 дүгээр сарын 15-нд шалган баталгаажуулж мэдсэн.

Р.О-той харилцан тохиролцсон баталгааг 2013 оны 10 дугаар сарын 11-нд байгуулсан. Тухайн үед манай компани гэрээг цуцлах санал гаргалгүй, хамтран ажиллах талуудаа хүндэтгэн, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулах тал дээр анхаарч ажиллахыг М Х- ХХК-д мэдэгдэн, хүлээцтэй хандсан. Гэтэл гэрээний В тал болох иргэн Р.О- нь гэрээнээс гарч хөрөнгө оруулсан зардал болох 100.000 ам.доллараа буцаан авах талаар удаа дараа хүсэлт тавьж байсан. Баталгааг гаргах үед Р.О- нь албан ёсоор гэрээнээс гараагүй байсан бөгөөд манай компани хөрөнгө оруулалтын мөнгийг нь буцааж төлж эхэлснээр Р.О-ын тоног төхөөрөмжинд оруулсан хөрөнгө оруулалтын эзэмших эрх манайд шилжин манайх баяжуулах тоног төхөөрөмжийг эзэмших давуу эрхтэй болно гэж үзэж байсан. Гэтэл харилцан тохиролцсон баталгааг хийснээс 1 сарын дараа 2013 оны 11 дүгээр сарын 15-нд буюу тоног төхөөрөмж ажиллах боломжгүй нь эцсийн байдлаар тогтоогдсон тул гэрээний бүх талуудад гэрээ цуцлах албан тоот явуулсан. М Х- ХХК-ийн захирал З.Анхбаяр Баргилтын төмрийн хүдрийн уурхай дээр байсан баяжуулах тоног төхөөрөмжийг авахаар ирэхэд "Ж Э Э С-" ХХК-ийн үйлдвэр хариуцсан инженер н.Гансүх нь Р.О-д хөрөнгө оруулалтын зардал 100.000 ам.долларын үлдэгдлийг өгч тооцоогоо дуусгасан эсэхийг асууж баталгаа үзүүлэхийг хүссэн. З.Анхбаяр нь Р.О- руу тэр дороо ярьж мессеж ирүүлэхийг хүссэн бөгөөд н.Гансүхийн мобикомын 99116692 дугаарын утсанд Р.О-ын мобикомын 99112060 дугаарын утаснаас "бидний хоорондын тоног төхөөрмжийн тооцоо дууссан, тоног төхөөрмжийг өгч явуулна уу" гэсэн мессеж ирснийг н.Гансүх, Л.Цэрэндаваа захиралд үзүүлж баталгаажуулснаар тоног төхөөрөмж өгч явуулснын үйлдвэр хариуцсан инженерээр ажиллаж байсан н.Гансүх гэрчилнэ. Р.О-ын хөрөнгө оруулсан тоног төхөөрөмж манай эзэмшилд үлдэхгүй болсон тул дээрх баталгаа хэрэгжих үндэслэлгүй болсон. Р.О- 2013 оны 10 дугаар сарын 11-нээс 2016 оны 5 дугаар cap хүртэл уг баталгааны талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Манай компанийн санхүүгийн баримт бичиг, тооцоонд баяжуулах тоног төхөөрөмжтэй холбоотой асуудал дуусгавар болсон нь нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч "Ж Э Э С-" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Ж Э Э С- ХХК нь Монголросцветмент ХХК-ийн хөрс хуулалтын төлбөрийн авлагадаа 70 000 тонн түүхий төмрийн хүдрийг эхний ээлжинд хүлээн авсны дагуу Р.О- /В тал/ болон М Х- ХХК /Б тал/ нар уг түүхий хүдрийг баяжуулахад зохих технологийн горимын дагуу тоног төхөөрөмж авч хөрөнгө оруулалт хийж баяжуулах түүний дагуу ашиг хүртэх гэрээний үндэслэл болсон. "Ж Э Э С-" ХХК-ийн нэр дээр хүлээн авсан 70.000 тонн түүхий хүдрийг зохих стандарт технологиор баяжуулахад гэрээний 2.1 баримтлан "Төмрийн хүдрийг 51 хувиас дээш агуулгатай, баяжуулалтын хорогдлыг 35 хувиас ихгүйгээр баяжуулна" гэсэн гэрээний үүргийг Б болон В талууд ноцтойгоор зөрчсөн буюу технологи, стандарт бус тоног төхөөрөмжийг хуурамчаар худалдан авчирсан, төмрийн баяжуулалтын бус хайрга бутлуурын зориулалттай төхөөрөмжийн уурхайд нийлүүлсэн. Уг төхөөрөмж нь төмрийн хүдэр баяжуулалтын зориулалтын бус байсны дагуу "Ж Э Э С-" ХХК нь дараах шууд нэмэлт зардал, санхүүгийн хохирол үүрч алдагдалд орсон. Үүнд: Тоног төхөөрөмж хуурамч буруу байснаас шууд 5.000 тн төмрийн хүдрийн баяжмал алдагдсан бөгөөд тухайн борлуулалтын үнэ 1 тонн баяжмал 65 ам.долларын үнээр тооцвол 325.000 ам.доллар буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Монгол банкны зарласан ханш 2.428,64 төгрөг буюу 789.308.000 төгрөг, 13 000 тонн 45 хувь агуулга гарцтай баяжмалыг борлуулах боломжгүй тул бид Арвин хүдэр ХХК-иар захин баяжуулах шаардлагаар гарсан шууд зардаларвин хүдэр талбай руу 23 км тээвэрлэлтийг нэг тонн 2.640 төгрөг, нийт 13.000 тонн зардал 34.320.000 төгрөг, 13.000 тонныг нойтон баяжуулалт гаргах нэг тонны 9 ам.доллар төлж нийт 117.000 ам.доллар буюу 284.150.880 төгрөг, Баяжуулалтыг шуудайлах нэг ширхэг 9 ам.доллар, 1.500 шуудайлсан нийт 13.500 ам.доллар буюу 32.786.640 төгрөг, 70.000 тн түүхий хүдрээс 29.000 тн-ыг баяжуулахад зохих ёсоор баяжмал гараагүй дээрх ихээхэн хэмжээний нэмэгдэл зардал гарах болсноор үлдэгдэл 30 000 тн түүхий хүдрийг өөрсдөө баяжуулах боломжгүй болж Лут чулуут ХХК-тай гэрээ байгуулж баяжуулсан. Нэг тонныг 6.000 төгрөгөөр баяжуулж нийт 180.000.000 төгрөгийн зардал төлсөн. Тиймээс уг гэрээний хүрээнд Б болон В талууд залилан хуурч зориулалтын бус тоног төхөөрөмж нийлүүлснээр зохих ёсны баяжуулсан төмрийн хүдрийн баяжуулалт гаргах боломжгүй болж нэмэлтээр нийт 1.320.565.520 төгрөгийн зардал гаргаснаар ашиг орлогыг алдсан. Р.О- тоног төхөөрөмжийг гэрээний дагуу хангаагүйгээс үүссэн нэмэлт үйл ажиллагааны шууд зардлуудыг огт хариуцаагүйгээс гадна уг хуурамч тоног төхөөрөмжийн улмаас ашигт ажиллагаа алдагдаж, үйл ажиллагаа явах хугацаанд Р.О- нь тоног төхөөрмж зориулалтын бус гэдгийг бүрэн мэдэж ямар ч туслалцаа дэмжлэг үзүүлээгүй, үүргээ хангаагүй, 3 талт гэрээнээс өөрийгөө гаргаж цуцлах удаа дараа хүсэлтээ гаргаж байсан. Гэрээний эрх үүргээс зайлсхийж хөрөнгө оруулалтын 100.000 ам.доллар авч дууссан. Тиймээс Р.О- хуурамчаар тоног төхөөрөмжийг нийлүүлэлтэд оролцож гэрээг цуцлан гарсныг үндэслэн дээрх үр дагавар хохирлыг хариуцуулж 440.188.506,6 төгрөгийг гаргуулна.

Гэрээгээр нийт 70.000 тн-ыг 2.2 заалтыг үндэслэн 31 хоногт баяжуулах бүрэн дуусгах буюу нэг сарын уурхайн үйл ажиллагааны зардал гарах тооцоо алдагдаж гэрээний үндсэн тоног төхөөрмжийн стандарт бус, гэрээний цаг хугацаанд хангаагүй, угсралтыг түргэн шуурхай хийгээгүй, мөн технологийн стандарт горимын бус дагуу байнгын эвдрэл гэмтлээр ажлын сул зогсолт хийгдсэн. Тоног төхөөрмжийн угсралт ажиллагаа дуусаж баяжуулах ажиллагаа 2016 оны 6 дугаар сараас эхлэн 2013 оны 11 дүгээрсарын 01-ний өөдр хүртэл явагдсан ба нийт 2550 цаг /тоног төхөөрмжийн бэлэн байдлыг 85 хувь тооцсон/ ажиллах байсан боловч нийт 560 буюу 32 хоног ажилласан байна. Тиймээс зөрүү 1900 цагийг сул зогсолтоор үр ашиггүй өнгөрч, зохих ёсны уурхайн зардлууд гарсан. Энэхүү хугацаанд гэрээний 2.2 үндэслэхэд цагт 110 тн баяжуулах хүчин чадалтай, ажиллавал зохистой 2550 цагт нийт 280.550 тн төмрийн хүдрийн баяжмал авахаар байсан боловч 29.100 тн төмрийн хүдрийг баяжуулсан. 2013 оны 01 дүгээрсараас эхлэн 5 сар дуустал тоног төхөөрөмжийн угсралт зардал 266.933.516 төгрөг, 2013 оны 6 сараас эхлэн 9 сарыг дуустал баяжуулалтын ажлын уурхайн зардал 367.807.516 төгрөг байна. Уг хугацааны хувьд уурхайн үйл ажиллагааны хугацаа тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдал хангагдаагүйгээс цаг хугацаа сунжирч төсвийн уурхайн зардал шууд нэмэгдэж нийт 734.739.724 төгрөгийн шууд төлөвлөгдөөгүй нэмэлт зардал гаргасан. Энэхүү зардлыг гэрээний 3.4-д зааснаар Р.О-оос уг зардлыг зохих хувь 244.913.241,3 төгрөг гаргуулна.

Иймд Ж Э Э С- ХХК-иас нийт 2 055 305 244 төгрөгийг нэмэлт зардал гарсан бөгөөд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д заасны дагуу Р.О- хамтран хариуцах үүрэгтэй тул нийт 685.101.747,9 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Хамтран ажиллах гэрээгээр тоног төхөөрөмжийг "М Х-" ХХК хариуцах үүрэг хүлээсэн. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь иргэн Р.О- мөн, биш гэдэг асуудал хөндөгдөж байгаа бөгөөд сөрөг шаардлагын зардлын тооцоо гаргасан баримтгүй. Гэрээнээс үүдэлтэй аливаа хохирол Иргэний хуульд заасан шалтгаан, үндэслэл бүхий байх ёстой. Хамтран ажиллах гэрээнд зааснаар тоног төхөөөрөмжийг Трэйже Трэйд ХХК, М Х- ХХК-д Хятад улсаас хариуцан оруулж ирсэн. Хариуцагч хууль зүйн үндэслэлгүй, бичгийн нотлох баримтгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01874 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1, 480.1.2, 479 дүгээр зүйлийн 479.4, 176 дугаар зүйлийн 476.1, 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Ж Э Э С-" ХХК-иас 70.000 ам.доллар буюу 156.612.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.О-д олгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт заасныг баримтлан Р.О-оос 685.101.747,9 төгрөг гаргуулах "Ж Э Э С-" ХХК-ийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 941.020 төгрөг, хариуцагч "Ж Э Э С-" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.583.458 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч "Ж Э Э С-" ХХК-аас 941.020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.О-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2017/01993 дугаар магадлалаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01874 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 480 дугаар зүйлийн 480.1.1, 480.1.2, 479 дүгээр зүйлийн 479.4, 176 дугаар зүйлийн 476.1, 234 дүгээр зүйлийн 234.4 гэснийг 479 дүгээр зүйлийн 479.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж Э Э С- ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.141.955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 156.612.700 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Р.О-ын нэхэмжлэлтэй, Ж Э Э С- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэж, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсгийг үндэслэсэн. Гэтэл энэ нь талуудын гэрээний дагуух тохиролцоотой зөрчилдснөөс гадна Иргэний хуулийн тус заалтыг шүүх хэрэглэхдээ буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01874 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 сарын 06-ны өдрийн 210/МА2017/01993 дугаар магадлалын үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р.О- хариуцагч Ж Э Э С- ХХК-д холбогдуулж хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хураамжид төлсөн мөнгө, ашгийн хамт 70.000 ам.доллар буюу 156.612.700 төгрөг гаргуулах нэхэмжлэл, Ж Э Э С- ХХК нь Р.О-оос хамтын үйл ажиллагааны явцад гарсан нэмэлт зардал, алдагдалд нийт 685.101.747,9 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүх Р.О-ын нэхэмжлэлийг хангаж, Ж Э Э С- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Шийдвэр, магадлалыг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж, зохигчдын хооронд үүссэн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ж Э Э С- ХХК, М Х- ХХК болон иргэн Р.О- нар 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төмрийн баяжмал боловсруулах, экспортод гаргах үйл ажиллагааг хамтран явуулахаар тохиролцсон нь тогтоогджээ. 

Хамтран ажиллах гэрээний дагуу гэрээний нэг тал болох Р.О- гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж төмрийн хүдэр баяжуулах тоног төхөөрөмжийн үнэд 100.000 ам.долларыг хураамж болгон шилжүүлснийг зохигч маргаагүй байна.

Хамтын үйл ажиллагааны явцад Р.О-ын гэрээнээс гарах, оруулсан хураамжаа эгүүлэн авах хүсэлтийн дагуу гэрээний оролцогч Ж Э Э С- ХХК-ийн захирал Л.Цэрэндаваа 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллахад оруулсан хураамжийг ашгийн хамт нийт 130.000 ам.долларыг төлөх баталгааг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч Р.О- энэхүү баталгааг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон заажээ.

Дээрх баталгаа, зохигчдын тайлбарын агуулгад дурдагдсан тухайн үеийн нөхцөл байдлаас үзэхэд хамтран ажиллах гэрээнээс Р.О-  гарч, түүний мөнгөөр худалдан авсан төмрийн хүдэр баяжуулах тоног төхөөрөмжийг эзэмших эрхийг  Ж Э Э С- ХХК  өөртөө шилжүүлэн авч, хураамжийг, ашгийн хамт төлөх үүргийг хүлээж, гэрээний 2 тал тохиролцсон гэх үндэслэл тогтоогджээ.

Баталгааны дагуу Р.О- нь Ж Э Э С- ХХК-с 40.000 ам.долларыг авсан үйл баримтад зохигч маргаагүй. 

Баталгаа гаргаснаас хойш Ж Э Э С- ХХК 130.000 ам.долларыг Р.О-д төлөхөөр амалсан нөхцөл байдал өөрчлөгдсөн нь хэргийн баримтаар тогтоогдсныг хоёр  шатны шүүх анхаараагүй, нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үндэслэл, журмыг зөрчжээ.

Шүүх зохигчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

Ж Э Э С- ХХК-ийн М Х- ХХК болон Р.О-д явуулсан удаа дараагийн албан бичгүүд, гэрч нарын мэдүүлэг зэргээс үзвэл Ж Э Э С- ХХК-иас баталгаа гаргасны дараа буюу 2013 оны 12 дугаар сараас талуудын төмрийн хүдэр олборлож, экспортод гаргах хамтын үйл ажиллагаа тоног төхөөрөмж зориулалтын бус байснаас болон горимын дагуу ажиллуулах боловсон хүчин дутагдалтайн улмаас, хамтран ажиллах гэрээний үр дүн алдагдалтай болсон гэх үндэслэлээр талууд бие биедээ харилцан санал тавьж гэрээг цуцлахаар, гэрээний дагуу бий болсон тоног төхөөрөмж, боловсруулсан болон боловсруулаагүй төмрийн баяжмалыг хэрхэх, Р.О-ын оруулсан хураамжийг хэн төлөх талаар харилцан санал солилцон шийдвэрлэснээр М Х- ХХК буюу түүний эрх, үүргийг шилжүүлэн авсан Трэйж трэйд ХХК нь Ж Э Э С- ХХК-ийн Р.О-д төлсөн 40.000 ам.долларыг тус компанид, Р.О-д оруулсан хураамжийн үлдэх 60.000 ам.долларыг тус тус төлж, тоног төхөөрөмжийг өөртөө авах, Ж Э Э С- ХХК нь төмрийн баяжмалыг өөртөө үлдээхээр тохиролцсон гэх хариуцагчийн гаргасан тайлбар, нотлох баримтыг нэхэмжлэгч няцааж чадаагүй байна. Түүнчлэн М Х- ХХК-ийн  эдлэх эрх, хүлээх үүргийг шилжүүлэн авсан Трэйж Трейд ХХК-с /түүний захирал Хасбагана/ 20.000 ам.долларыг Р.О-д өгснөөр тэрээр нийт 60.000 ам.доллар авсныг зохигч хэн аль нь үгүйсгээгүй байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодорхойлсон талуудын тохиролцоо, албан бичиг, гэрч нарын мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн атлаа  нотлох баримтын агуулгыг бүрэн тодорхойлоогүйгээс нөхцөл байдал өөрчлөгдсөн үйл баримтын талаар дүгнэлгүйгээр Ж Э Э С- ХХК баталгааны дагуу 70.000 ам.долларыг Р.О-д төлөх үүрэгтэй хэмээн үзсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ байдалд давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Иймд баталгааны дагуу нэхэмжлэгч Р.О- Ж Э Э С- ХХК-иас 70.000 ам.доллар нэхэмжлэх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 478.11, 479 дүгээр зүйлийн 479.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Р.О-оос хамтын үйл ажиллагааны явцад гарсан нэмэлт зардал, алдагдалд нийт 685.101.747,9 төгрөг гаргуулах Ж Э Э С- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01874 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2017/01993 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11, 479 дугаар зүйлийн 479.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ж Э Э С- ХХК-с 70 000 ам.доллар буюу 156.612.400 төгрөгийг гаргуулах Р.О-ын нэхэмжлэл, Р.О-оос 685.101.747,9 төгрөг гаргуулах "Ж Э Э С-" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.         

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 941.014 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ