Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 102/2015/04645/И |
Дугаар | 001/ХТ2018/00248 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/00248
*** -дугаар сургуулийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01451 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/02199 дүгээр магадлалтай,
*** -дугаар сургуулийн нэхэмжлэлтэй
Ц.Г, Ө.Ш, Ж.А, Д.О, Б.Д, Ц.Т -нарт холбогдох,
Газраас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Ө.Ш -, Ц.Т - нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-, хариуцагч Ө.Ш -, Ц.Т - нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т -, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар сургууль нь Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 558 тоот гэрчилгээ, 2008/558 тоот гурвалсан гэрээгээр хуулийн дагуу газар ашигладаг. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар Ц.Г -, Ж.А- нарт сургуулийн ашиглаж байгаа газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 300 м.кв газар эзэмших эрхийг олгосон. Тус сургуулийн ашиглаж буй газарт хууль зөрчиж олгосон эрхийг Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 389 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, түүний дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/479 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Ө.Ш -, Д.О-, Б.Д-, Ц.Т - нар ямар нэгэн эзэмших эрхгүйгээр мөн сургуулийн эзэмшлийн газарт оршин сууж байгаа. Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 09/336, 09/337, 09/338, 09/339, 09/340, 09/341 тоот албан бичгүүд, сургуулийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 71, 72, 73, 74, 75, 76 тоот албан бичгээр газар чөлөөлөх шаардлагыг хариуцагч нарт хүргүүлж газрыг чөлөөлж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй байна. Газрын кадастр зөрүүтэй гэх боловч ахин лавлагаа гаргуулж авсан бөгөөд ямар нэгэн эрхийн актгүй, сургуулийн газарт оршин сууж, сургуулийг уг газраа ашиглахад нь саад учруулж байгаа учир хариуцагч Ц.Г -, Ө.Ш -, Ж.А-, Ц.Т - нарыг сургуулийн газраас албадан нүүлгэж, газар чөлөөлж өгнө үү. Харин хариуцагч Д.О-, Б.Д- нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас тэдэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна гэжээ.
Хариуцагч Ц.Г - шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг Соёмбот 1-15 тоотод амьдардаг. Би 1997 оноос эхлэн Хан-Уул дүүргийн *** дугаар сургуульд багшаар тасралтгүй 11 жил ажилласан. Тус сургуулийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга, 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж ирсэн. Энэ хугацаанд өөрийн гэр оронг тус хорооны нутаг дэвсгэр болох Соёмбот 1 дүгээр гудамж 15 тоот газарт албан ёсны бүртгэлтэй амьдарч ирсэн. Надад хуулийн дагуу олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших 0183518 тоот эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 тоот шийдвэрийг үл хэрэгсэн өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, шүүхийн шийдвэрүүд гаргуулан маргалдаж байгааг үл зөвшөөрч байна. Маргалдагч 2 тал *** дугаар сургууль иргэд бидний эрх ашиг хууль ёсны оршин амьдарч байсан газрыг цаг хугацаа хол зөрүүтэй олгогдсон хэм хэмжээ, зураг зүйн зөрүүтэй зураглал мэтээр иргэн хүний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байгааг зөвшөөрөхгүй. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 1-15 тоот нь 32 дугаар сургуулийн аж ахуйн хашаанд орохгүй, энэ газар сургуулийн аж ахуйн хашаа байгаагүй, сүүлд хуйвалдаж кадастрын зурагт оруулчхаад одоо иргэдийг хөөж байна. Энэ газарт би 21 жил амьдарсан байхад өмнө нь сургуулийн хашаа байгаагүй. Би 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 захирамжаар уг газрыг эзэмших эрхтэй болсон. Миний хаяг, оршин суугаа бүртгэл бүгд энэ хаягт байгаа, тиймээс хууль ёсоор оршин сууж байгаа гэж үзэж байна. Үндсэн хуульд заасан иргэд оршин суух газраа сонгох эрхтэй байхад газар чөлөөл гэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Ж.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Соёмботын 1-16а тоот буюу хуучнаар 5 дугаар хэсгийн задгайд 1993 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. 32 дугаар сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: нэхэмжлэл дээр бичсэн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болон 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлууд надад хамааралгүй. Миний эзэмшлийн газар одоог хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх ХУД-ийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/479 тоот захирамж надад хамааралгүй. Миний бие гэр бүлийн хамт хуулийн дагуу газар эзэмшиж амьдардаг бөгөөд хууль зөрчсөн, хууль бусаар амьдраагүй. Сургууль 2005-2006 оноос манай аж ахуйн хашаа гэх болсон, гэтэл бидэнд 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 224 захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Албан ёсны гэрчилгээтэй, хэрвээ ямар нэгэн маргаан давхцал байсан бол энэ үед гэрчилгээ олгохгүй байсан. Тэгээд ч энэ газар сургуулийн аж ахуйн хашаанд хамаарахгүй, шүүхээс хийсэн үзлэгээр шатсан агуулах байсан газар бол аж ахуйн хашаа байсан, гэтэл биднийг аж ахуйн хашаанд сууж байгаа гэдэг үндэслэлгүй. Сургууль аж ахуйн гэсэн баримтыг 2008 оноос хойш бүрдүүлсэн байна. Тиймээс кадастрын зураг зөрүүтэй. Энэ хаягт олон жил амьдарсан иргэдийг үндэслэлгүйгээр газар чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж байна. Энэ хаягт оршин сууж байгаа нь оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэх бүхий баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Ш - шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд Улаанбаатар хотод ирж *** дугаар сургуульд үйлчлэгчээр 2007 он хүртэл тасралтгүй 10 жил ажиллаад өндөр настны тэтгэвэрт суусан. ...Уг сургуулийн газрын хажуугийн гудамжны хоосон хог хурсан доголыг нөхөр хүүхдийн хамт цэвэрлэн буусан. Энэ газартаа 17 жил хүү, хүргэн, бэр, хүүхдүүдийн хамт 13 ам бүлээрээ амьдарч байна. Миний энэ газар 32 дугаар сургуулийн газарт хамаарахгүй. Иймээс хүү н.Ариунболд газрыг барьцаалан 2 давхар байшин барьж амьдарч байна. *** дугаар сургууль улсын обьект бөгөөд байгууллагын захирал Т.Мөнхбаяр нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан хүний эрхийн хууль болон хувийн өмчийн хуулийг ноцтой зөрчиж хүний үзэл бодол ашиг сонирхлын төлөө улсын байгууллагын нэрийг барьж Монгол Улсын хуулийг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргаж байна. Бид нар өөрийн эзэмшлийн газартаа кадастрын зураглал хийлгэн, улсын төлөөлөл болон хороо дүүргийн зөвшөөрөлтэйгөөр нийт 616 айл албан ёсоор зөвшөөрөгдөж Улсын Их Хуралд өргөн барьсан гэжээ.
Хариуцагч Ц.Т - шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нотлох баримтыг хуралдаан дээр гаргаж мэтгэлцэх журмаар шийдвэрлэнэ гэжээ.
Хариуцагч Ө.Ш -, Ц.Т - нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т - шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Ш -, Ц.Т - нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбын 1-16 тоотод олон жил оршин суусан иргэд. Эдгээр хүмүүсийн оршин сууж байгаа газар сургуулийн аж ахуйн хашаа гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн гэрчилгээгээр олгогдсон сургуулийн байшин байрлах А талбайн хувьд маргаангүй, харин Б талбай болох аж ахуйн хашаа гэх газар тодорхойгүй. Хэрвээ аж ахуйн хашаа байсан юм бол яаж ашиглаж байсан нь тогтоогдохгүй, аж ахуйн хашаанд буулгасан гэвэл үүнийг нотлох баримтгүй тул хариуцагч нарын оршин сууж байгаа газрыг сургуулийн аж ахуйн хашаа байсан гэдэг эргэлзээтэй. Мөн кадастрын зураг зөрүүтэй, 0,79 га газар гэсэн байж, м.кв зөрүүтэй. Нэхэмжлэгч өөрийн аж ахуйн хашааны газар гэдгээ нотлоогүй тул хариуцагч нарыг газар чөлөөлүүлэхээр шаардах үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэдийн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Би энэ хаягт оршин суудаггүй. Манай дүү нар амьдардаг. Надад хамааралгүй. Миний бие ... дугаар сургуулийн аж ахуйн хашаанд 2008 оны 10 дугаар сард гэрээрээ ирж буугаад одоог хүртэл ажиллаж амьдарч байгаа. Миний бие ... дугаар сургуулиас газрыг чөлөөлж өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учир миний хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн ... дугаар дунд сургуулийн аж ахуйн хашаанд амьдардаг. Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, газар чөлөөлөх хүсэлтийг хүссэн үед чөлөөлөх болно гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01451 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Г -, Ж.А-, Ө.Ш -, Ц.Т - нараас нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн *** -дугаар дунд сургуулийн газрыг албадан чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн *** -дугаар дунд сургууль нь хариуцагч Б.Д- Д.О- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Г -, Ж.А-, Ө.Ш -, Ц.Т - нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/02199 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01451 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн *** -дугаар дунд сургуулийн 0,79 га буюу нэгж талбарын 18642307777224 дугаар бүхий 899 м.кв талбай бүхий газраас хариуцагч Ж.А-, Ц.Г - нарын тус тус эзэмшиж буй 0.03 га газар, хариуцагч Ө.Ш -, Ц.Т - нарын эзэмшиж буй газрыг тус тус албадан чөлөөлүүлсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ө.Ш -, Ц.Т - нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримтууд дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн тогтоох хэсэгт “өндөр настан Ө.Ш -г Хан-Уул дүүргийн 11 хороо, Соёмботын 1-16 тоотод хууль ёсоор оршин суудаг гэх нь үндэслэлгүй байна /хэргийн 84-94-р хуудас/” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй төдийгүй Ө.Ш - нь 1998 оноос 2015 он хүртэл 17 жил амьдарч байгаа тухайгаа иргэний үнэмлэхний хаяг, оршин суугаа газрын тодорхойлолтоор нотолж, түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг энэхүү хаягаар хүргүүлэн, зарлан дуудсан баримтууд иргэний хэрэгт хавсаргасан атлаа энэхүү хаягт байдаггүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн 0,098 га талбайг сургуулийн аж ахуйн хашааны газар гэдэг нь тодорхойгүй, уг иргэдийн оршин сууж байгаа газар болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 1-15, 16, 16а тоот нь нэхэмжлэгчийн аж ахуйн хашаанд хамаарахгүй, уг газарт нэхэмжлэгчийн аж ахуйн хашаа байрлаж байсан гэдэг нь эргэлзээтэй, мөн нэхэмжлэгчийн ашиглах зөвшөөрөл бүхий газрын талбайн хэмжээ нь зөрүүтэй уг газарт хөл бөмбөгийн талбайн тохижилт хийнэ гэж төлөвлөн хадгалж байсан гэх зэргээс харахад хөл бөмбөгийн талбай байгуулахаар хадгалж, хамгаалж байсан талбай гэж үзэх ямар ч үндэслэлгүй байхад бодит байдалд шүүх бүрэн дүүрэн бодит дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Нэхэмжлэгч сургуулийн агуулахын барилга, аж ахуйн хашаа нь өөр газарт байсан тухай холбогдох гэрч болон хариуцагч нараас тухай бүрд тайлбарласан. Агуулахын байр байсан гэх үл мэдэг ул мөр байгаа нь өөрийн эзэмшлийн газраа хэрхэн яаж ашиглаж байсан нь бүрэн харагдаж байна. Мөн уг маргаан бүхий газарт олон жил суурьшиж байсан иргэд 1-2 давхар үл хөдлөх хөрөнгүүдийг барьж ашиглаж байхад сургууль яагаад хориглохгүй, болохгүй талаар мэдэгдээгүйгээр өөрийн эзэмшилээ биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан байна. Харин өөрийн эзэмшил байсан бол хэрхэн яаж хамгаалж байсан тухайгаа ямар нэг нотлох баримтаар нотлоогүй. Анхан шатны шүүх уг маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэхдээ маргаан бүхий газарт олон жил суурьшиж байсан иргэдийн хөрөнгөө оруулж барьж ашиглаж байгаа 1-2 давхар үл хөдлөх хөрөнгүүдийг цаашид хэрхэн яаж шийдвэрлэх тухайгаа шүүхийн шийдвэртээ тусгаагүй байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагч Ө.Ш -, Ц.Т - нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болоод хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцжээ.
Хоёр шатны шүүх Ц.Г, Ө.Ш, Ж.А, Д.О, Б.Д, Ц.Т -нарт холбогдуулан газраас албадан чөлөөлүүлэхийг хүссэн *** -дугаар сургуулийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
Маргааны зүйл болсон Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах, 0.79 га газрыг *** дугаар сургууль эзэмших, ашиглах эрхтэй нь Байгаль орчны яамны 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар гэрчилгээ болон гэрээгээр тогтоогджээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар хариуцагч Ц.Г -, Ж.А- нарт дээрх газрын тодорхой хэсэгт тус бүр 300 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 389 дугаар шийдвэрээр Ц.Г -од эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгосон, уг шийдвэр хүчин төгөлдөр байна.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар, тус дүүргийн 11 дүгээр хорооны 237 иргэнд газар эзэмших эрх олгосон 2008 оны 224 дүгээр захирамжийг хүчингүй болгосон учир Ж.А-ын хувьд мөн газар эзэмших эрх хүчингүй болсон байна.
Хариуцагч Ө.Ш -, Ц.Т -, Д.О-, Б.Д- нар Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу анхнаасаа газар эзэмших эрх олж авсан нь тогтоогдоогүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.О-, Б.Д- нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Иймд хариуцагч Ц.Г -, Ж.А-, Ө.Ш -, Ц.Т - нар газрыг хууль болон гэрээгээр эзэмших эрхгүй, тэдний эзэмшил хууль бус байх тул газрыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн 32 дугаар сургуулийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв болжээ.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг оновчтой тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, түүнчлэн хариуцагч нарын чөлөөлбөл зохих газрын хэмжээг тодорхой заагаагүйг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай нийцжээ.
Маргаан бүхий газарт Ө.Ш - 1997 оноос эхлэн амьдарч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон боловч иргэний оршин суух хаягийн бүртгэл нь тухайн амьдарч байгаа газрын эзэмших эрхтэйг нотлохгүй юм. Учир нь Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газрыг эзэмшиж, ашиглах бөгөөд энэ тохиолдолд газар эзэмших, ашиглах эрх нь хууль ёсны гэж тооцогдоно.
Үүнээс гадна нэхэмжлэгч *** дугаар сургуульд эрх бүхий байгууллагаас аж ахуйн зориулалтаар ашиглуулахаар зөвшөөрсөн газарт хариуцагч нар оршин сууж байгаа буюу газрын байршил давхцсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар Ө.Ш -н нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ дүгнэлт хийсэн нь хэргийн 75-85-р талд авагдсан байна.
Иймд Ө.Ш -, Ц.Т - нарын хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/02199 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ш -, Ц.Т - нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ