Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 504

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч М.Энхбаатар,

өсвөр насны шүүгдэгч М.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Долгорсүрэн,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан М.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911003600607 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өсвөр насны шүүгдэгч Монгол улсын иргэн, Харчин овогт М.Д, 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хаяг рекламны газарт гүйцэтгэгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 56-656 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .............................................................

          Өсвөр насны шүүгдэгч М.Д нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 37 дугаар дунд сургууль дотор насанд хүрээгүй хохирогч болох тус сургуулийн 10г ангийн сурагч Х.Тэмүүлэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

    Өсвөр насны шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч Х.Тэмүүлэн нь манай хоёр дүүг байнга дээрхэлдэг байсан” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Х.Тэмүүлэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 37 дугаар дунд сургууль дээрээ ангиа цэвэрлэж байхад ангийн багш Цогзолмаа нь Ц.Тэмүүлэнд гар утас аваачаад өг гэхээр нь би гар утсыг нь аваад нэг давхарын үүд рүү очтол 30 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан. Тэр ах миний баруун хацар луу 2 алгадаад дараагаар нь хамт явж байсан 17-18 орчим насны эрэгтэй болон манай сургуулийн доод ангийн Дамдинбазарын хамт миний өмсөж байсан цамцны захнаас татаад доош тонгойлгож дараад миний нүүр лүү нилээд хэдэн удаа өшиглөсөн. Яг хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна ...багш нар хоорондоо юм яриад зогсож байхад нь би тэд нарын хойд талд зогсож байхад 17-18 орчим насны эрэгтэй нь ирээд цамцны захнаас заамдаж боосон, тэр эрэгтэй миний нүүр, гэдэс хэсэг рүү өшиглөсөн. Хэдэн удаа гэдгийг нь би мэдэхгүй байна. Намайг боосон байсан болохоор боолт ороод унах гэж байхад өмсөж байсан цамц урагдаж боолт орохоо больсон юм. Миний хамар амнаас цус гарсан, зүүн талын хацар шанаа хэсгээр хавдсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-18-19х/,

Гэрч Ц.Тэмүүлэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...ах нь цаашаа эргэж явснаа Х.Тэмүүлэнг шатаар бууж ирж байсан чинь өөдөөс нь очоод нүүр лүү нь 2-3 удаа цохиод тэгээд багш нар очиж салгаад байж байтал Дамдинбазарын аав нь гэх эрэгтэй бас Х.Тэмүүлэнгийн баруун, зүүн хацар луу 2 удаа алгадсан. Тэгээд дахиад багш нар салгаад ахыг нь сургуулиас гаргаад бас аавыг нь гаргах гэж байхад ах нь гэх хүн дахиж сургууль руу орж ирээд Х.Тэмүүлэнгийн хоолойг боож доошоо дарж байгаад нүүр лүү нь өшиглөөд дахиад багш нар очиж салгасан ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

Гэрч Д.Амарбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний харснаар Дамдинжамц нь гараараа Х.Тэмүүлэнгийн нуруу руу 1 удаа цохиж харагдсан. Тэгээд л эцэг эхчүүд ирээд аваад явсан. Тэмүүлэнгийн хамар дээр нь улайсан харагдсанаас ил харагдах шарх, сорив бол харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-31-32х/,

Гэрч Ц.Батзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Х.Тэмүүлэн гартаа утас барьчихсан бууж ирээд Ц.Тэмүүлэн дээр очиж гар утсаа өгчихөөд зогсож байтал Дамдинбазарын ах Дамдинжамц нь нуруу руу нь гараараа цохиж байгаа харагдахаар нь Амарбаяр, Гандорж багш бид гурав дундуур нь орж салгасан. Тэгээд би жижүүр багшаар ажиллаж байсан болохоор дээш, доошоо явж шалгалт хийгээд буцаад 1 давхарт буугаад ирэхэд Х.Тэмүүлэнгийн хамар нь хавдсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-34-35х/,

 Яллагдагч М.Д мэдүүлэхдээ: “...би эхэлж Х.Тэмүүлэнгийн зүүн шанаа руу нь гараараа цохиход Х.Тэмүүлэн зөрүүлээд миний баруун талын хөмсөг орчимд цохихоор нь би Х.Тэмүүлэнгийн өмсөж байсан цамцны захнаас нь татахад Х.Тэмүүлэн доошоо тонгойхоор нь би би нуруу луу нь гараараа 2-3 удаа цохисон ...миний цохисоноос болж хохирогч Х.Тэмүүлэнгийн биед тархи доргилт, хамар, зүүн хацрын нум, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүссэн гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх-62-63х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №558 тоот дүгнэлтэд:

 “1. Х.Тэмүүлэнгийн биед тархи доргилт, хамар, зүүн хацрын нум, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-52х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч М.Д нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 37 дугаар дунд сургууль дотор насанд хүрээгүй хохирогч болох тус сургуулийн 10г ангийн сурагч Х.Тэмүүлэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч М.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч М.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.