Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 931

 

  М.Дад холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргин давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор М.Энхбаатар,

өсвөр насны шүүгдэгч М.Дын хууль ёсны төлөөлөгч Ц.Долгорсүрэн,

өсвөр насны шүүгдэгч М.Дын өмгөөлөгч Ө.Болормаа,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 504 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр өсвөр насны шүүгдэгч М.Дад холбогдох эрүүгийн 1911003600607 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ........................, 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хаяг рекламны газар гүйцэтгэгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 56-656 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /......................./;

            Өсвөр насны шүүгдэгч М.Д нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 37 дугаар дунд сургууль дотор насанд хүрээгүй хохирогч болох тус сургуулийн 10г ангийн сурагч Х.Тэмүүлэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Өсвөр насны шүүгдэгч М.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ......................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Дад оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч М.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, өсвөр насны шүүгдэгч М.Дад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Булганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “Өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт “гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” асуудлыг зохицуулсан. Шүүх өсвөр насны шүүгдэгч М.Дад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэсэн ялын аль нэгийг оногдуулах, эсхүл мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

            Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

            Өсвөр насны шүүгдэгч М.Дын хууль ёсны төлөөлөгч Ц.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

            Өсвөр насны шүүгдэгч М.Дын өмгөөлөгч Ө.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 504 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Өсвөр насны шүүгдэгч М.Д 9 дүгээр ангиасаа сургуулиасаа гарсан. Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээтэй. Одоогоор хаяг рекламын газар сарын 800.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Эх, дүүгийн хамт амьдардаг. Эх Ц.Долгорсүрэнгийн бие муу, бамбайн хүнд хэлбэрийн хордлоготой. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хагалгаанд орохоор болсон. Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх гол зарчим нь нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургахад оршино. М.Дын ажилладаг гэх хаяг рекламын компанийн зүгээс М.Дыг идэвхи зүтгэлтэй ажилласан тохиолдолд 2020 онд “Зохиомж” дээд сургуулийн лицей 10 дугаар ангид оруулж өгнө гэх амлалтыг захирал нь өгсөн байдаг. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тохиолдолд М.Д нь сургуулиасаа гарахад хүрнэ. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 504 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

М.Д нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах, Нийслэлийн ерөнхий боловсролын 37 дугаар дунд сургууль дотор насанд хүрээгүй хохирогч болох тус сургуулийн 10г ангийн сурагч Х.Тэмүүлэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч Х.Тэмүүлэнгийн “...сургууль дотроо явж байтал гэнэт 30 орчим насны үл таних хүн миний баруун хацар руу 2 алгадаад, дараа нь 17 орчим насны банди манай доод ангийн зүс таних 1 бандийн хамт миний цамцны захнаас бариад тонгойлгож дарж байгаад нүүр рүү хэдэн талаас өшиглөөд байсан. Хүмүүс салгаж байхад дундуур нь миний нүүр рүү өшиглөөд бас боогоод байсан. Манай багш нар салгаад ангийн багш цагдаа нарын хамт орж ирсэн. ...” /хх 15-16/,

 

насанд хүрээгүй гэрч Ц.Тэмүүлэнгийн “...ах нь цаашаа эргэж явснаа Х.Тэмүүлэнг шатаар бууж ирж байсан чинь өөдөөс нь очоод нүүр рүү нь 2, 3 удаа цохиод тэгээд багш нар очиж салгаад байж байтал Дамдинбазарын аав нь гэх эрэгтэй бас Х.Тэмүүлэнгийн баруун, зүүн хацар руу 2 удаа алгадсан. Тэгээд дахиад багш нар салгаад ахыг нь сургуулиас гаргаад бас аавыг нь гаргах гэж байхад ах нь гэх хүн дахиж сургууль руу орж ирээд Х.Тэмүүлэнгийн хоолойг боож доошоо дарж байгаад нүүр рүү нь өшиглөөд дахиад багш нар очиж салгасан. ...” /хх 26-27/,

 

гэрч Д.Амарбаярын “...Миний харснаар Дамдинжамц нь гараараа Х.Тэмүүлэнгийн нуруу руу 1 удаа цохиж харагдсан. Тэгээд л эцэг эхчүүд ирээд аваад явсан. Тэмүүлэнгийн хамар дээр нь улайсан харагдсанаас ил харагдах шарх, сорив бол харагдаагүй. ...” /хх 31-32/,

 

гэрч Ц.Батзаяагийн “...Дамдинбазарын ах Дамдинжамц нуруу руу нь гараараа цохиж байгаа харагдахаар нь Амарбаяр, Гандорж багш бид 3 дундуур нь орж салгасан. ...” /хх 34-35/ гэх мэдүүлгүүд,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 558 дугаартай дүгнэлт /хх 52/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх 68-69/, хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 82/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн өсвөр насны шүүгдэгч М.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Өсвөр насны шүүгдэгч М.Дын иргэн Х.Тэмүүлэнг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар, зүүн хацрын нум, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Харин анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч М.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Прокурор Д.Булганцэцэг “...өсвөр насны шүүгдэгч М.Дад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэсэн ялын аль нэгийг оногдуулах, эсхүл мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд дараах ял оногдуулна”, 8.2 дугаар зүйлийн 1.1-д “нийтэд тустай ажил хийлгэх”, 1.2-д “зорчих эрхийг хязгаарлах”, 1.3-д “сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид 8.2 дугаар зүйлийн 1-д заасан ялын аль нэг төрлийг оногдуулахаар заасан тохиолдолд сонгон хэрэглэх нь хуульд нийцнэ.

Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан журмын дагуу хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн тул прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 504 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус  хүчингүй болгосугай.

 

2. Шийтэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Дад ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.” гэсэн,

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Дыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч, эх Ц.Долгорсүрэнд даалгасугай.” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ