Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00250

 

“С Т Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02170 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2017/02212 дугаар магадлалтай,

“С Т Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Т-, Э.Э- нарт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 117.158.724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагч Э.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-, өмгөөлөгч Д.Т, хариуцагч Ц.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга  Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С Т Э-” ХХК нь хариуцагч нарт нийт 7 237 600 иений үнэ бүхий автомашины хуучин дугуй болон бусад эд зүйлийг явуулсан. Үүнд: 1. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1 533 000 иений үнэ бүхий 100 ширхэг 13 инчийн, 264 ширхэг 14 инчийн, 614 ширхэг 15 инчийн, 230 ширхэг 16 инчийн өвлийн хуучин дугуй, 32 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, 6 ширхэг 12К22.5 инчийн обудтай, 10 ширхэг 13 инчийн обудтай, 30 ширхэг 15 инчийн обудтай дугуй, 4 ширхэг хүүхдийн суудал, 6 ширхэг дугуйны гинж, нийт 1296 ширхэг эд зүйлийг Э.Э-ын нэр дээр явуулсан. 2. 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1 938 000 иений үнэ бүхий 336 ширхэг 13 инчийн, 222 ширхэг 14 инчийн, 626 ширхэг 15 инчийн, 208 ширхэг 16 инчийн хуучин дугуй, 178 ширхэг даацын хуучин дугуй, 1 ширхэг хуучин дугуй солигч, 1 ширхэг хуучин генератор, 1 ширхэг хуучин олон залгуур, 1 ширхэг хуучин манангийн гэрэл, 1 ширхэг хуучин цахилгаан хөрөө, 50 ширхэг хуучин очлуур, 2 ширхэг машины хуучин хөгжим, 32 ширхэг хуучин калпак, 20 ширхэг дугуйны хуучин олгой хаймар, 1 ширхэг машины хуучин компьютер, дэлгэц, нийт 1680 ширхэг эд зүйлийг Э.Э-ын нэр дээр явуулсан. 3. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 257 400 иений үнэ бүхий 104 ширхэг 13 инчийн, 116 ширхэг 14 инчийн, 1040 ширхэг 15 инчийн, 40 ширхэг жийпний дугуй, 42 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, нийт 1342 ширхэг эд зүйлийг Э.Э-ын нэр дээр явуулсан. 4. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1 305 600 иений үнэ бүхий 82 ширхэг 13 инчийн, 702 ширхэг 14 инчийн, 234 ширхэг 15 инчийн, 50 ширхэг жийпний дугуй, 78 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, нийт 1146 ширхэг эд зүйлийг Э.Э-ын нэр дээр явуулсан. 5. 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 1 203 600 иений үнэ бүхий 58 ширхэг 13 инчийн, 250 ширхэг 14 инчийн, 540 ширхэг 15 инчийн, 60 ширхэг жийпний дугуй, 108 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, 16 ширхэг обуд, 1 ширхэг хуучин будаа агшаагч, 1 ширхэг хуучин компьютер, 2 ширхэг хос гутал, 2 ширхэг машин угаагч, нийт 1038 ширхэг эд зүйлийг Ц.Т-гийн нэр дээр явуулсан. Хариуцагч нараас Хаан банкны гүйлгээгээр нийт 2 250 000 иений төлбөрийг шилжүүлсэн. Хаан банкаар 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 000 000 иенийг Э.Эрдэнбаатар 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 650 000 иенийг Ц.Т- , 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 500 000 иенийг Ц.Т- , 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 100 000 иенийг Ц.Т- тус тус шилжүүлж төлбөр хийсэн байна. Үлдэгдэл төлбөр 4 987 600 иенийг хариуцагч нар төлж барагдуулаагүй байгаа тул Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн албан ёсны ханшийг үндэслэж хариуцагч нараас барааны үлдэгдэл төлбөрт 4 987 600 иен буюу 117 158 724 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Талуудын хоорондын гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байгаа бол үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал үүснэ. Мөн гаалийн татвар, тээврийн зардлыг хариуцагч тал төлсөн гэж тайлбарлаж байна. Япон дахь тээврийн зардал, татварыг “С Т Э-” ХХК төлсөн. Харин тухайн явуулсан бараа нь Монгол улсын хилээр орж ирсэн бол импортын татвар, тээврийн зардлыг хариуцагч тал төлөх ёстой. Нэхэмжлэгч явуулсан эд зүйлийг ямар өртгөөр Монголд борлуулах талаар хариуцагчтай тохирсон зүйл байхгүй. Японы хилээр бараа, материал гарсан талаар нотлох баримтуудыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтууд нь Японы гаальд мэдүүлсэн хууль ёсны баримт юм. Хариуцагч нар нь н.Пүрэвээгийн контейнерийн төлбөр 1 210 000 иенийг шилжүүлсэн нь үнэн. Харин нэхэмжлэгчийн зүгээс явуулсан бараа, материалынхаа үнийг хариуцагч нараар төлүүлэх бөгөөд тэд нэг гэр бүлийн гишүүд тул төлбөрийн асуудлыг хамтран хариуцах ёстой гэж үзэж байна. Хариуцагч нар “С Т Э-” ХХК-ийн захирал н.Эрдэмтийн дүү болон өөрт нь барааны төлбөрийг бэлнээр өгч байсан удаа байхгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд, хариуцагч нараас үлдэгдэл төлбөрт 4 987 600 иен буюу 117 158 724 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр “С Т Э-” ХХК болон захирал С.Эрдэмттэй 2010 оноос эхлэн бизнесийн харилцаатай болсон бөгөөд хамтран ажиллаж, ах дүүгийн шахуу харилцаатай байсан. Бид нэхэмжлэгч талын шаардаж буй шаардлага бүрд дараах байдлаар тайлбар өгч байна. Үүнд: 1. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1 533 000 иены үнэ бүхий 100 ширхэг 13 инчийн, 264 ширхэг 14 инчийн, 614 ширхэг 15 инчийн, 230 ширхэг 16 инчийн өвлийн хуучин дугуй, 32 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, 6 ширхэг 12К22.5 инчийн обудтай, 10 ширхэг 13 инчийн обудтай, 30 ширхэг 15 инчийн обудтай дугуй, 4 ширхэг хүүхдийн суудал, 6 ширхэг дугуйны гинж, нийт 1296 ширхэг эд зүйлийг нэхэмжлэгч тал Э.Э- миний нэр дээр явуулсан. Явуулсан эд барааны тоо, хэмжээн дээр маргаан байхгүй. Харин уг явуулсан эд зүйлийн үнэ нь 1.201.000 орчим иен байх ёстой бөгөөд нэхэмжлэгч биднээс 332 000 иенийг үндэслэлгүйгээр илүү нэхэмжилж байна. 2. 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1 938 000 японы иен үнэ бүхий 336 ширхэг 13 инчийн, 222 ширхэг 14 инчийн, 626 ширхэг 15 инчийн, 208 ширхэг 16 инчийн хуучин дугуй, 178 ширхэг даацын хуучин дугуй, 1 ширхэг хуучин дугуй солигч, 1 ширхэг хуучин генератор, 1 ширхэг хуучин олон залгуур, 1 ширхэг хуучин манангийн гэрэл, 1 ширхэг хуучин цахилгаан хөрөө, 50 ширхэг хуучин очлуур, 2 ширхэг машины хуучин хөгжим, 32 ширхэг хуучин калпак, 20 ширхэг дугуйны хуучин олгой хаймар, 1 ширхэг машины хуучин компьютер, дэлгэц, 1680 ширхэг эд зүйлийг Э.Э- миний нэр дээр явуулсан. Уг бараанаас нийт 75 000 иений барааг нэхэмжлэгч тал миний нэр дээр биш харин хэрэгт гэрчээр асуугдсан н.Пүрэвээ гэж хүн рүү явуулж, тэрээр өөрөө барааг хүлээж авсан. Мөн бид 1384 ширхэг дугуйг аваад, харин үлдсэн дугуйг н.Пүрэвээ гэж хүн авсан. Уг бараа болон дугуйны үнийг бид төлөхгүй, нэхэмжлэгч илүү төлбөр нэхэмжилж байна. 3. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 257 400 японы иен үнэ бүхий 104 ширхэг 13 инчийн, 116 ширхэг 14 инчийн, 1040 ширхэг 15 инчийн, 40 ширхэг жийпний дугуй, 42 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, нийт 1342 ширхэг эд зүйлийг Э.Э- миний нэр дээр явуулсан. Эдгээр эд зүйлсийн тоо ширхэг, үнийн тал дээр бол маргаан байхгүй. 4. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1 305 600 японы иений үнэ бүхий 82 ширхэг 13 инчийн, 702 ширхэг 14 инчийн, 234 ширхэг 15 инчийн, 50 ширхэг жийпний дугуй, 78 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, нийт 1146 ширхэг эд зүйлийг Э.Э миний нэр дээр явуулсан. Нэхэмжилж буй барааны тоо, ширхэг, нэр төрөл дээр маргаан байхгүй, хүлээж авсан. Уг барааны үнийг нэхэмжлэгч тал мөн л илүү нэхэмжилж байна. Явуулсан барааг анх тохирсон үнээсээ хэт өндрөөр үнэлж нэхэмжилж байна. Бид 1 031 400 иений үнэтэй бараа, материал хүлээн авсан, илүү нэхэмжилж байгаа 273 600 иенийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 5. 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 1 203 600 японы иен үнэ бүхий 58 ширхэг 13 инчийн, 250 ширхэг 14 инчийн, 540 ширхэг 15 инчийн, 60 ширхэг жийпний дугуй, 108 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, 16 ширхэг обуд, 1 ширхэг хуучин будаа агшаагч, 1 ширхэг хуучин компьютер, 2 ширхэг хос гутал, 2 ширхэг машин угаагч, нийт 1038 ширхэг эд зүйлийг манай ээж Ц.Т-гийн нэр дээр явуулсан. Нэхэмжлэлд дурдсан бараа, барааны тоо ширхэг дээр маргаангүй. Бид 934 200 иений барааг хүлээн авсан, харин 269.600 иений барааны үнийг биднээс үндэслэлгүй нэхэмжилж байна. Бидний тооцоогоор 5 814 800 орчим иений барааг шилжүүлсэн байна. Үүнээс 5 402 250 орчим иенийг нэхэмжлэгчийн дансаар, нэхэмжлэгч компанийн захирлын дүүд нь болон өөрт нь бэлнээр өгсөн. Одоо бид барааны үлдэгдэл төлбөрт 412 550 иенийг л төлнө. Бид 5 402 250 орчим иенийг төлсөн болох нь дараах баримтаар нотлогдоно. Үүнд: 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 000 000 иенийг “С Т Э-” ХХК-ийн дансанд, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 650 000 иенийг “С Т Э-” ХХК-ийн дансанд, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 130 000 иенийг Э.Э- би өөрийнхөө картанд хийсэн. Учир нь миний карт “С Т Э-” ХХК-ийн захирал н.Эрдэмтэд явж байсан бөгөөд түүний хүсэлтээр би өөрийнхөө данс руу уг мөнгийг хийсэн болно. 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 400 000 иенийг н.Пүрэвээ гэж хүний нэр дээр орж ирсэн контейнерийн татвар болон гаалийн төлбөр, тээврийн хөлсөнд төлсөн. Үүнийг гэрч н.Пүрэвээ өөрөө шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Уг төлбөр нь “С Т Э-” ХХК-ийн захирал н.Эрдэмт бид хоёрын хоорондын тооцооны асуудал бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах ёстой. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 850 000 иенийг “С Т Э-” ХХК-ийн дансанд, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 500 000 иенийг “С Т Э-” ХХК-ийн дансанд төлж, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 240 000 иенийг “С Т Э-” ХХК-ийн захирал н.Эрдэмтийн дүү н.Журамтад бэлнээр өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 450 000 иенийг “С Т Э-” ХХК-ийн захирал н.Эрдэмтэд өөрт нь бэлнээр өгч, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 360 000 иенийг “С Т Э-” ХХК-ийн дансанд, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 100 000 иенийг “С Т Э-” ХХК-ийн дансанд, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 300 000 иенийг “С Т Э-” ХХК-ийн захирал н.Эрдэмтийн дансанд тус тус тушаасан. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 406 250 иенийг н.Эрдэмтэд өөрт нь бэлнээр өгсөн. Тус хэрэгт гэрчээр оролцсон н.Пүрэвээд ирүүлсэн барааг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүйгээс гадна тухайн үед бидэнд бэлэглэсэн эд зүйлийг өндөр үнээр үнэлж нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээс миний гадаад гуйвуулгаар төлж байсан төлбөр болон захирал н.Эрдэмтийг Монголд ирэхэд нь бэлнээр өгч байсан мөнгийг хасч тооцоогүй байна. Иймээс бид төлбөрийг гадаад гуйвуулгаар шилжүүлэхээс гадна компанийн дансаар биш н.Эрдэмтийн өөрийн хувийн данс руу шилжүүлж, бэлнээр өгч, өөрийн картаа ашиглуулж байсан. Японоос бараа явуулахдаа зүгээр үнэ наагаад явуулдаг. Учир нь Японы бүх байгууллагууд хуучин, ашиглагдсан барааг экспортолсноор тухайн байгууллагад жилийн эцэст урамшуулал орж ирдэг. Иймээс хэдийн чинээ их контейнер явуулна, тэр хэмжээгээр урамшуулал орж ирдэг учраас тоо, хэмжээ, чанарт анхаардаггүй. Харин бид буулгахдаа хэмжээгээр нь, чанараар нь ялгадаг тул чанар муутай гэх асуудал гарч ирдэг. Бид “С Т Э-” ХХК-иас нийт 5 814 800 орчим иенийн барааг хүлээн авсан. Үүнээс 5 402 250 орчим иенийг нь төлсөн. Одоо 412 550 иенийг “С Т Э-” ХХК-д төлнө, бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02170 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 78 404 922 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С Т Э-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 753 802 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 743 745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 549 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С Т Э-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2017/02212 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...78 404 922 төгрөг ...” гэснийг “...47 402 820 төгрөг ...” гэж, 2 дахь заалтын “…549 975 төгрөг…” гэснийг “…394 964 төгрөг…” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэлийн үнэ болон хариуцагчийн зөвшөөрсөн гэх үнэ, шүүхийн гаргасан алдаатай тооцооны талаар: Шүүхийн магадлалд “... хариуцагч 5.814.600 иенийг зөвшөөрсөн ...” гэжээ. Энэ дүнг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн, маргаагүй тухай хавтаст хэрэгт авагдсан үйл баримт байхгүй. Шүүх ямар үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнг 1.423.000 иенээр бууруулж, 5.814.600 иенд талууд маргаагүй, зөвшөөрсөн гэж дүгнэв. Хэрэв шүүх магадлалд хариуцагчдыг 3.796.600 иений төлбөрийн үүрэггүй гэж дүгнэсэн бол нэхэмжлэлийн шаардлагаас бус, яагаад зөвшөөрсөн гэх дүнгээс хасах болов. Тэгвэл хариуцагчид 2.018.000 иен биш, харин 3.441.000 иен төлөх ёстой. Хариуцагчид 7.237.600 иен биш, 5.814.600 иен ч биш, ерөөсөө 3.796.600 иен төлөх ёстой, түүнийгээ төлчихсөн гэвэл шүүх тэдний хүссэнээр шийдэх үү. Хариуцагчдын тайлбарыг судлахад дугуйны төлбөрт 5.814.600 иен төлнө гэсэн байна. Хариуцагчдын зөвшөөрсөн гэх 5.814.600 иенийг шүүх үнэн гэж дүгнэсэн юм бол гэрчийн авсан гэх дугуйны үнэ 196.000 иен, бусад эд зүйлийн үнэ 75.000 иен, мөн Ц.Т-, Э.Э- үнэгүй авсан гэх бусад эд зүйлийн үнэ 64.800 иенийг яагаад 7.237.600 иенээс биш, 5.814.600 иенээс хасаад байгаа юм. “С Т Э-” ХХК нь 7.237.600 иений эд зүйл явуулсан, тухайн эд зүйлийн тоо, ширхэг түүний үнэ бодит болохыг Япон Улсын гаалийн байгууллага болон Монгол Улсын гаалийн байгууллагын баримтаар хөдлөшгүй тогтоогдоод байхад шүүх нь хариуцагчид ийм л дүн хүлээн зөвшөөрөөд байна гээд шийдэж болдог юм. Тэгвэл хариуцагчдын өмгөөлөгчид давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн шаардлага нь иен биш, харин гаалийн жишиг үнийг барих ёстой, тэр нь 6.131.557 иен байна /магадлалын 7 дугаар хуудас, доороосоо 6 дугаар мөр/. Тэд үйлчлүүлэгчдээ та нар 5.814.600 иен биш, 6.131.557 иен төлөх ёстой юм байнаа гээд шударга явдлаас үнэнийг жаахан нууж туслах гээд байгаа юм биш үү. Гэх мэтээр хариуцагчид, тэдгээрийн өмгөөлөгчдийн тайлбар зэргээр төлбөрийн үнэ өөр өөр байгааг дүгнэн үзвэл нэхэмжлэгчийн шаардлага хууль ёсны бөгөөд шударга нэхэмжлэл байна.  “С Т Э-” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ...149200 дугаартай контейнерт 1.533.000 иений үнэ бүхий 100 ширхэг 13 инчийн, 264 ширхэг 14 инчийн, 614 ширхэг 15 инчийн, 230 ширхэг 16 инчийн өвлийн хуучин дугуй, 32 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, 6 ширхэг 12К22.5 инчийн обудтай, 10 ширхэг 13 инчийн обудтай, 30 ширхэг 15 инчийн обудтай дугуй, 4 ширхэг хүүхдийн суудал, 6 ширхэг дугуйны гинж, нийт 1296 ширхэг эд зүйл /худалдан авагч болон эрсдэл хариуцагч Э.Э-ын нэр дээр/ ачуулахад: Японы гаалийн байгууллага “Экспортын зөвшөөрлийн бичиг” гэдэгт: Монгол орчуулгын 1 дүгээр хуудсанд Код гэх хэсэгт “...бараа нийлүүлэх баримтын үнэ 1.541.600-С…”, 2 дугаар хуудсанд “... Барааны нэр, хуучин хийн дугуй, мэдэгдлийн үнэ, 1.431.000 иен мөн хуудсанд “...Барааны нэр, обуд, мэдэгдлийн үнэ, 1.110.600 иен...” гэсэн байна. Нийт дүнгээр контейнерийн үнэ 1.541.600 иен болж байгаа бөгөөд зөрүү 8.600 иенийг “С Т Э-” ХХК өөрийн зүгээс гаалийн холбогдох төлбөрөө хийж, тухайн дүнг нэхэмжлээгүй. Хэрэв нэхэмжлэгч шударга нэгэн биш байсан бол өөрсдийн хариуцсан зардал болох 8.600 иенийг ч нэмж нэхэмжлэх бүрэн боломжтой байсан. Хариуцагч нарын тайлбарт “... хямдруулсан, 312.000 иен хасаж тохиролцсон ...” гэх зэргээр тайлбарладаг бөгөөд “С Т Э-” ХХК Японы татварын байгууллагын өмнө элдэв эрсдэл хүлээж, үнэ хямдруулах, төлбөрөөсөө хасах шаардлага байна уу? ...Мөн гэрчийн авсан дугуйны үнэ 196.000 иен, бусад эд зүйлийн үнэ 75.000 иений төлбөрийн асуудал “С Т Э-” ХХК-ийн төлбөрөөс хасагдах биш, харин ч гэрч Г.Пүрвээ болон Ц.Т-, Э.Э- нарын хоорондын тооцооны асуудал. Тэгээд ч гэрчээр асуулгахыг хариуцагчид хариу тайлбартаа бичсэн байсан нь гэрч болон хариуцагчид нэг санаа, зорилготой байсан гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

         Гэрч Г.Пүрвээгийн мэдүүлэг болон “С Т Э-” ХХК-ийн захирал С.Эрдэмтийн Монгол Улсад зорчиж байсан тухай Улсын хилээр нэвтэрсэн лавлагааг хооронд нь харьцуулж судлалгүй шийдвэр, магадлал гаргасан талаар: Гэрч Г.Пүрвээ нь 2014 оны намар “С Т Э-” ХХК-ийн захирал С.Эрдэмтэд 12 сая төгрөг өгч байсан гэдэг гэтэл тухайн цаг хугацаанд С.Эрдэмт нь Монгол Улсад байгаагүй /Улсын хилээр нэвтэрсэн лавлагаагаар нотлогдоно/ бөгөөд 12 сая төгрөг нь тэр үеийн төгрөг болон иентэй харьцах ханшаар 850.000 иен болж байгаа. Г.Пүрвээгээс авсан мөнгөө С.Эрдэмт иенд шилжүүлээд, Ц.Т-д өгч Хаан банкаар шилжүүлүүлсэн цаг хугацаа, С.Эрдэмтийн Монгол Улсад байсан үе нь 2015 оны 04 дүгээр сар байж таараад байгаа бөгөөд гэрч он, сар, өдрөө андуураад байна. Гэрчийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн гээд байгаа мөнгө нь гэрчийн өөрийнх нь төлбөрийн үлдэгдэл болох 360.000 иен бөгөөд тухайн мөнгийг мөн Ц.Т-гаар Япон Улс руу шилжүүлсэн 360.000 иен мөн /гэрч Г.Пүрвээ нъ “С Т Э-” ХХК-д 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ачуулсан ВР8116312870 дугаартай контейнерийн төлбөр болох 1.494.200 иений төлбөр/. Ц.Т-гийн нэрээр шилжүүлсэн дээрх 1.210.000 иен нь Г.Пүрвээгийн төлбөр болохоос хариуцагчдын шилжүүлсэн, өөрсдийн авсан дугуйны төлбөр биш. 5 контейнерийн 4 нь Э.Э-ын нэр дээр, 1 нь Ц.Т-гийн нэр дээр Монгол Улсад орж ирсэн мөртлөө иений ганцхан гүйлгээ эргээд Э.Э-ын нэр дээр хийгдэж, бусад гүйлгээ, бусдын гүйлгээг ээж Ц.Т- өөрийн нэр дээр хийдэг байсан /Ц.Т-гийн үйлдлүүдийн ач холбогдлыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мэтгэлцэж, мөн холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулж байсан/. С.Эрдэмтээс хариуцагчдад явуулсан 5 контейнерт дахь дугуйнаас бусад эд зүйлийг гэрч Г.Пүрвээгийнх байсан.

          Ц.Т-, Э.Э- нарт хаях гэж байсан зүйлээ хариу төлбөргүйгээр өгсөн гэх талаар: Япон улсад хаягдал болон хог хаях нь өөрөө төлбөртэй асуудал гэдгийг хэн аль нь мэдэж байгаа бөгөөд хэнд ч хэрэггүй, хаях байсан зүйлийг хадгалах нь бүүр ч хохиролтой, ач холбогдолгүй зүйл. Тухайн зүйлийг, нэхэмжлэл гаргаад байгаа Японы компани нь хуучин эд зүйлийг бусдаас худалдан авч, түүнийгээ бусдад борлуулдаг үйл ажиллагаа явуулдаг компани болохоос хаягдал эд зүйлийг олж, цуглуулж авч, түүнийгээ бусдад борлуулдаг компани биш. Тийм болохоор хуучин, зарим шинэ эд зүйл нь өөрийн гэсэн үнэ, өртөгтэй эд зүйлс бөгөөд Япон улсын хилээр гаргахдаа үнэлж гаргаж байнаа гэдэг чинь мөн тэр хэмжээгээр татвар, төлбөр, хураамж төлөх болно. Мөн эргээд Япон Улсад манай компани тэр хэмжээгээр орлогын татвар төлдөг. Анхан болон давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс өгдөг тайлбарт аливаа улсын гаалиар нэвтэрсэн эд зүйлст үнэ төлбөргүй, зээл, тусламжийн ...” гэсэн тэмдэглэл, бүртгэл хийгдээгүй бол тухайн эд зүйл нь хариу төлбөртэй гэсэн энгийн ойлголт юм. Тэгээгүй бол яах гэж гаалийн мэдүүлгэнд үнэ зааж мэдүүлэх ёстой вэ?

        Магадлалд 196.000 иений үнэ бүхий 102 ширхэг дугуйны үнийг шүүх нэхэмжлэлээс хасч, тооцож, шийдвэрлэсэн талаар: 102 ширхэг дугуй яагаад 196.000 иен болов. Гэрч мэдүүлэхдээ тэр үед Японд дугуйнууд 1.000-1.100 иен байдаг байсан, 102 дугуй минийх гэсэн. Тэгвэл гаалийн мэдүүлгэнд нэг дугуй дунджаар 700-1.000, 1.100 иен гэж байхад багадаа 71.400 иен, ихдээ л 102.000-112.200 иен болж хасагдаж магадгүй. Гэрч 102 ширхэг дугуй авсан гэж мэдүүлсэн болохоос 196.000 иений үнэтэй 102 ширхэг дугуй авсан гэж мэдүүлээгүй.

         Нэхэмжлэлээс 64.800 иенийг хасч тооцсоныг шийдвэрлэсэн талаар: Нэхэмжлэлийн 5 дугаар шаардлага болох 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ачуулсан 1.203.600 иений үнэ бүхий 1038 ширхэг эд зүйлээс хариуцагчид тоо, ширхэгт маргадаггүй мөртлөө 64.800 төгрөгийн үнэ бүхий дугуйнаас өөр эд зүйлсийн үнийг анхан шатны шүүх хасч тооцсоныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэлийн 5 дугаар шаардлага нь 1.203.600 иен байхад анхан шатны шүүх 64.800 иен хасч тооцсон, хариуцагчид 934.200 иен төлөхөөр зөвшөөрсөн байдаг. Зөрүү 204.600 иен хаашаа алга болов? Хэн хариуцах вэ? Хэн төлөх вэ? Гэх мэтээр энэ маргаанд анхан болон давж заалдах шатны шүүхүүд илт нэг талыг барьж шийдвэр гаргалаа гэж шат бүрт гомдол гаргаад байгаа учир нь энэ юм. Мөн үзлэг хийсэн тэмдэглэлд дугуйны үнэ болон тоо ширхэг хэвээрээ байсан ба бусад эд зүйлийг хариу төлбөргүй шилжүүлэх тухай огт дурдагдаагүй байдаг...”

Нэхэмжлэгч “С Т Э-” ХХК-ийн захирал С.Эрдэмтийн өөрөө онцгойлон хүсч, гомдолд тусгуулсан сэтгэгдлийг оруулав. ...Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлага 4.987.600 иен буюу 117.158.724 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

С Т Э- ХХК нь Ц.Т-, Э.Э- нараас худалдсан эд хөрөнгийн үнийн үлдэгдэл 117.158.724 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрчээ.

Хэргийн баримтаар Япон улсын хуулийн этгээд С Т Э- ХХК, хариуцагч Ц.Т-, Э.Э- нарт 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд чингэлэгээр 5 удаа автомашины хуучин дугуй, сэлбэг шилжүүлж, үнийг авахаар тохиролцсноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч С Т Э- ХХК барааны үнийг худалдааны нэхэмжлэх хуудсыг /инвойс/ баримталж шаардсан бол хариуцагч Ц.Т-, Э.Э- нар барааны үнийг урьдчилан тохиролцоогүй тул худалдааны нэхэмжлэх хуудсаар /инвойс/ тооцох боломжгүй, зарим эд зүйлийг үнэ төлбөргүй шилжүүлсэн, шилжүүлсэн бараанд бусдын эд зүйл байсан, төлсөн төлбөрийг дутуу тооцсон, төлбөрийг нэхэмжлэл гаргах үеийнхээр тодорхойлох боломжгүй, гааль, татварын төлбөрийг хасна” гэх үндэслэлээр маргасан байна.

Гэрээний үнийг хэрхэн тохирсон нь зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл болсон ба барааг илгээхдээ дагалдан ирүүлсэн худалдааны нэхэмжлэх хуудаст /инвойс/ заасан барааны нийт үнийн дүнгийн хэмжээ буюу 7.237.600 иенээр гэрээний үнэ тодорхойлогдсон  гэж анхан шатны шүүх дүгнэснийг, давж заалдах шатны шүүх өөрчилж 5.814.600 иен гэж үзсэн нь буруу байна.  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд талууд гэрээний үнийг гэрээгээр тохиролцох эсхүл үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцох ёстой байна.

Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл нь үнэ ба үнийг тохиролцоогүй бол тухайн гэрээг байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч худалдааны нэхэмжлэх хуудсаар /инвойс/  эд зүйлийн үнийг тодорхойлж, энэ талаар хариуцагч нарт имэйл явуулж, барааны хамт илгээснийг тэд хүлээн авсан, барааны үнийг гаалийн мэдүүлгийн үнээр тодорхойлохоор талууд тохиролцсон нь тогтоогдоогүй тул гэрээний үнэ 7.237.600 иен гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч талаас худалдааны нэхэмжлэх хуудсыг /инвойс/ нотлох баримтаар ирүүлсэн байгаа боловч уг баримтыг худалдах-худалдан авах гэрээний үнэ гэж үзэх боломжгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн боловч энэ үндэслэлээ тодорхой заагаагүйгээс гадна  тухайн дүгнэлт нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргасан баримтыг няцааж чадаагүй байхад, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, нотолгооны үүргийг хариуцагчид бус нэхэмжлэгчид ногдуулж, нотлох үүргийн зарчмыг буруу тодорхойлжээ.

Иймд хариуцагч нарын тайлбарт үндэслэн нийт 5.814.600 иений бараа шилжүүлсэн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

Түүнчлэн хариуцагч нарын тайлбараас үзвэл тэд үнэ төлбөргүй буюу бэлэглэсэн гэх эд зүйл болон бусдын хүлээн авсан барааны үнийг хасч тооцоолж нийт 5.814.600 иений барааг хүлээн авснаа зөвшөөрч үүнээс 5.402.250 орчим иен төлсөн гэж тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх дээрх байдлаар хасагдсан барааны үнийг дахин хасч тооцоо хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, гэрээний үнийн талаар зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэргийн баримтад үндэслэсэн дүгнэлт хийж, барааны үнээс төлөгдсөн 3.760.000 иен, /2.250.000 иен, 850.000 иен, 360.000 иен, 300.000 иен/ Г.Пүрэвээгийн авсан барааны 75.000 иен, үнэгүй өгсөн барааны 64.800 иен, хасч үлдэх 3.337.800 иен буюу 78.404.922 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2017/02212 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506.730 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ