Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/02170

 

2017 оны 08 сарын 02 өдөр

     Дугаар 102/ШШ2017/02170

Улаанбаатар хот

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

                  

Нэхэмжлэгч: Япон улс, Мие муж, Ёккаичи хот, Ояачичо дүүрэгт оршин байх, “Си ти эс” ХХК /РД:1900-01-018787/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 18 тоотод оршин суух,  Цэвэгжавын Туяа /РД:жю66052364/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, нарны хороолол, үтб гудамж, 6-47 тоотод оршин суух Хотгойд овогт Энхбаярын Эрдэнэбаатар /РД:жю87012376/ нарт холбогдох,

 

117,158,724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагч Э.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Си ти эс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Ц.Туяа, Э.Эрдэнэбаатар нарт нийт 7,237,600 японы иений үнэ бүхий автомашины хуучин дугуй болон бусад эд зүйлийг явуулсан. Үүнд:

1/ 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,533,000 иений үнэ бүхий 100 ширхэг 13 инчийн, 264 ширхэг 14 инчийн, 614 ширхэг 15 инчийн, 230 ширхэг 16 инчийн өвлийн хуучин дугуй, 32 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, 6 ширхэг 12К22.5 инчийн обудтай, 10 ширхэг 13 инчийн обудтай, 30 ширхэг 15 инчийн обудтай дугуй, 4 ширхэг хүүхдийн суудал, 6 ширхэг дугуйны гинж, нийт 1296 ширхэг эд зүйлийг Э.Эрдэнэбаатарын нэр дээр явуулсан.  

2. 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,938,000 японы иений үнэ бүхий 336 ширхэг 13 инчийн, 222 ширхэг 14 инчийн, 626 ширхэг 15 инчийн, 208 ширхэг 16 инчийн хуучин дугуй, 178 ширхэг даацын хуучин дугуй, 1 ширхэг хуучин дугуй солигч, 1 ширхэг хуучин генератор, 1 ширхэг хуучин олон залгуур, 1 ширхэг хуучин манангийн гэрэл, 1 ширхэг хуучин цахилгаан хөрөө, 50 ширхэг хуучин очлуур, 2 ширхэг машины хуучин хөгжим, 32 ширхэг хуучин калпак, 20 ширхэг дугуйны хуучин олгой хаймар, 1 ширхэг машины хуучин компьютер, дэлгэц, 1680 ширхэг эд зүйлийг Э.Эрдэнэбаатарын нэр дээр явуулсан.

3. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,257,400 японы иений үнэ бүхий 104 ширхэг 13 инчийн, 116 ширхэг 14 инчийн, 1040 ширхэг 15 инчийн, 40 ширхэг жийпний дугуй, 42 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, нийт 1342 ширхэг эд зүйлийг Э.Эрдэнэбаатарын нэр дээр явуулсан. 

4. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,305,600 японы иений үнэ бүхий 82 ширхэг 13 инчийн, 702 ширхэг 14 инчийн, 234 ширхэг 15 инчийн, 50 ширхэг жийпний дугуй, 78 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, нийт 1146 ширхэг эд зүйлийг Э.Эрдэнэбаатарын нэр дээр явуулсан.

5.  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,203,600 японы иений үнэ бүхий 58 ширхэг 13 инчийн, 250 ширхэг 14 инчийн, 540 ширхэг 15 инчийн, 60 ширхэг жийпний дугуй, 108 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, 16 ширхэг обуд, 1 ширхэг хуучин будаа агшаагч, 1 ширхэг хуучин компьютер, 2 ширхэг хос гутал, 2 ширхэг машин угаагч, нийт 1038 ширхэг эд зүйлийг Ц.Туяагийн нэр дээр явуулсан.  

Хариуцагч Ц.Туяа, Э.Эрдэнэбаатар нараас “ХААН” банкны гүйлгээгээр нийт 2,250,000 японы иен шилжүүлж төлбөр хийгдсэн. Үүнд:

1. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 иенийг Э.Эрдэнэбаатар шилжүүлсэн.

2. 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 650,000 иенийг Ц.Туяа шилжүүлсэн.  

3. 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 500,000 японы иенийг Ц.Туяа шилжүүлсэн.  

4. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 японы иенийг Ц.Туяа шилжүүлж төлбөр хийсэн байна. Үлдэгдэл төлбөр 4,987,600 японы иенийг хариуцагч нар төлж барагдуулаагүй байгаа тул Ц.Туяа, Э.Эрдэнэбаатар нараас барааны үлдэгдэл төлбөрт 4,987,600 иен буюу 117,158,724 төгрөгийг гаргуулж өгнө үү. 4,987,600 японы иенийг Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн албан ёсны ханшийг үндэслэж тооцож байгаа болно гэжээ. 

 

Нэхэмжлэгч “Си ти эс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар “Си ти эс” ХХК-иас контейнер буюу бараа хүлээж авсан эсэх тал дээр маргахгүй байна.  Хариуцагч нар “Си ти эс” ХХК-иас явуулсан эд бараа буюу автомашины дугуй, бусад дагалдах хэрэгслийг Монгол улсад хүлээн авч зарж, борлуулаад мөнгийг нь явуулдаг. Үндсэндээ зээлээр бараа материал аваад өөрсдийн ашгаа нэмж зараад төлбөрийг нь дараа нь хийдэг тал дээр маргахгүй байна. “Си ти эс” ХХК нь  өөрөө тээврийн хэрэгслийн сэлбэг, дугуй зэрэг дагалдах хэрэгслийг бусдаас худалдаж авдаг. Ингээд зарим улс руу өөрсдийн тогтоосон үнээр явуулаад мөнгийг нь бараа зарагдаж дууссаны дараа авдаг байгууллага. “Си ти эс” ХХК нь Японд үйл ажиллагаа явуулдаг, хууль ёсны дагуу байгуулагдсан компани юм. Энэ компаниас 7,237,600 иенийн үнэ бүхий эд зүйл Японы хилээр гарч явсан. Хилээр хичнээн хэмжээний, ямар үнэтэй бараа гараад явж байгааг бүгд шалгаад явдаг бөгөөд бид хариуцагч талын хэлээд байгаа шиг ямар нэг байдлаар илүү мөнгө нэхэмжлэх боломжгүй. Хариуцагчаас олгой хаймар, машины компьютер, хүүхдийн  суудал, зарим нэг дугуй зэрэг эд зүйлийг хүлээж аваагүй гэж тайлбарлаж байна. “Си ти эс” ХХК нь иргэн Э.Эрдэнэбаатар, Ц.Туяагийн нэр дээр тодорхой хэмжээний эд зүйл явуулсан тул уг барааны үнийг нэхэмжлэх эрх нь “Си ти эс” ХХК-д байна. Харин хэнээс нэхэмжлэх вэ гэхээр Э.Эрдэнэбаатар, Ц.Туяа хоёроос нэхэмжлэх болж байгаа. Түүнээс биш нэхэмжлэгч талд ачаа, бараа Монголд буусны дараа “энэ бараа нь тэрнийх, энэ бараа нь түүнийх байсан” гэж хуваарилах, араас нь хөөцөлдөх боломж байхгүй, хэрэв хариуцагч нар нэхэмжлэгчийн зүгээс явуулсан эд зүйлийг өөр хүнд өгсөн, өгөх ёстой бол тэр асуудал тусдаа яригдах ёстой байх. Хариуцагч тал албан ёсны гэрээ, хэлцэл байгуулаагүй, ямар эрх зүйн харилцаа үүссэн нь тодорхойгүй гэж ярьж байна. Гэтэл хариуцагч нар барааг авч борлуулчихаад одоо мөнгөө өгөхгүй бол тэд үндэслэлгүй хөрөнгөжих болоод байна. Бид зөвхөн хэнд ямар эд хөрөнгө өгсөн, түүнийхээ үнийг тухайн эд зүйлийг авсан хүмүүсээс нэхэмжилж байгаа. Мөн гаалийн татвар, тээврийн зардлыг хариуцагч тал төлсөн гэж хэлж байна. Япон дахь тээврийн зардал, татварыг “Си ти эс” ХХК төлсөн. Харин тухайн явуулсан бараа нь Монгол улсын хилээр орж ирсэн бол импортын татвар, тээврийн зардлыг хариуцагч тал даах ёстой. Монголын гааль, тээврийн зардлаа хасаад ашиг олох нь энэ хүмүүсийн асуудал. Бид хариуцагчтай Япон улсад “...чи эдгээр дугуйг ингэж зар, хямдхан зар” гэж тохирсон асуудал байхгүй. Бид хариуцагчтай байнгын харилцаатай байсан бөгөөд хариуцагч нарын хүссэн барааг Япон улсаас тодорхой үнэ тогтоож, тохирсны үндсэн дээр илгээгээд, барааны үнийг дараа нь авдаг. Японы хилээр гарсан тухай бичиг баримтуудыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтууд нь Японы гаальд мэдүүлсэн хууль ёсны баримт болж байгаа. Бид өөрсдийн барааны татварыг Япондоо төлсөн. Бид энэ хүмүүст бараа явуулаад энэ хүмүүс тухайн барааг зараад олсон ашгаас нь бид мөнгө нэхээгүй, зөвхөн өөрсдийн явуулсан барааны үнийг л нэхэмжилсэн байгаа. Хариуцагч талаас Э.Эрдэнбаатар болон Ц.Туяагийн нэр дээр н.Пүрэвээгийн контейнерийн төлбөр 1,210,000 иенийг төлж, шилжүүлсэн нь үнэн. Бид уг мөнгийг н.Пүрэвээ гэж хүний төлбөрт тооцож авсан. Энэ хүмүүс харин н.Пүрэвээгээс буцаагаад нэхэмжлэх боломжтой байх гэж үзэж байна. “Си ти эс” ХХК нь барааны төлбөрийг Э.Эрдэнэбаатар, Ц.Туяа нараас нэхэмжилж байгаа. Энэ хүмүүс нэг гэр бүлийн гишүүд бөгөөд бид энэ хүмүүсийг хамт бараа аваад, бараагаа борлуулаад ашгаа яаж хувааж авдгийг нь мэдэхгүй тул төлбөрийн асуудлыг хамтран хариуцах ёстой гэж үзэж байгаа. Хариуцагч нар “Си ти эс” ХХК-ийн захирал н.Эрдэмт гэж хүнтэй ах дүү, найз нөхдийн холбоотой байсан гэдэг. Гэхдээ тэдний яриад байгаа шиг барааны төлбөрийг н.Эрдэмтийн дүү болон өөрт бэлнээр өгч байсан баримт хэрэгт байхгүй гэжээ.

 

Хариуцагч Э.Эрдэнэбаатар, С.Туяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч    хариуцагч нараас 117,158,724 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн харьяат Сүхийн Эрдэмттэй 2009 онд Япон улсын Кобе хотод анх танилцсан. Тухайн үед С.Эрдэмт нь Япон улсын “Тохо” компанийн борлуулагчаар ажиллаж байсан. Энэ үеэсээ л дугуй зардаг байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах шаардлагууд гаргасанд хариу тайлбарыг өгч байна. Үүнд:

1. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,533,000 иений үнэтэй нийт 1296 ширхэг эд зүйлийг Э.Эрдэнэбаатар миний нэр дээр нэр дээр ирүүлсэн нь үнэн. Гэхдээ 4 ширхэг хүүхдийн суудал, 6 ширхэг дугуйны гинжийг тухайн үед надад үнэгүй өгч байсан. Өөрөөр хэлбэл бэлэглэсэн. Энэ 20,000 иений үнийг нэхэмжлэлд нэмж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугуйны төлбөрт 1,533,000 иен нэхэмжилснээс би 1,201,000 иенийг хүлээн зөвшөөрнө. Учир нь 2014 оны 10 дугаар сарын 23-нд ирүүлсэн контейнерт 242 ширхэг 3 давхар дугуй ирүүлсэн. 14 инчийн 242 ширхэг дугуйг 300 иенээр, 15 инчийн 242 ширхэг дугуйг 400 иенээр, 16 инчийн 242 ширхэг дугуйг 600 иенээр зарахаар С.Эрдэмттэй тохирсон. Тухайн дугуйны чанар нь муу, Монгол улсад маш удаан зарагддаг размерийн дугуйнууд байсан. 175-65-14 хэмжээтэй дугуй 176 ширхэг, 155-80-13 хэмжээтэй дугуй 34 ширхэг, 215-60-16 хэмжээтэй дугуй 116 ширхэг, 185-65-15 хэмжээтэй дугуй 86 ширхэг дугуйнууд байсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 20-нд С.Эрдэмт нь Монгол улсад ирж өөрөө үзээд үнээ дээрх үнээр хямдруулж зарахаар болсон. Тохиролцсон ёсоор 312,000 иенээр хасч тооцсон хирнээ одоо өндөр үнээр үнэлж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх чанарын шаардлага хангахгүй дугуйнуудыг өөрт буцааж өгөх хүсэлтэй байна.

2. Хоёр дахь шаардлагад заасан дугуйнуудаас 102 ширхэг, 196,800 иений дугуй нь Г.Пүрвээгийх байсан тул нэхэмжилж буй үнээс хасч тооцно. Үүнийг С.Эрдэмт өөрөө мэдэж байгаа. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 20-нд С.Эрдэмт өөрөө ирээд 195-65-15 маркын 272 ширхэг дугуй, 115-65-15 маркын 80 ширхэг дугуй , 205-55-16, 215-60-16 маркын 124 ширхэг дугуйнуудыг хямдруулан зарахаар болсон. 1468 ширхэг дугуй буюу 1,391,000 иенийг төлөхийг хүлээн зөвшөөрнө.  Харин хуучин дугуй солигч 1 ширхэг, хуучин генаратор 1 ширхэг, хуучин олон залгуур 1 ширхэг, хуучин манангийн гэрэл 1 ширхэг, хуучин цахилгаан хөрөө 1 ширхэг, 50 ширхэг хуучин очлуур, машины хуучин хөгжим 2 ширхэг, хуучин калпак 32 ширхэг, хуучин олгой хаймар 20 ширхэг, хуучин машины компютер 1 ширхэгийг би аваагүй. Дээрх эд зүйлийг Г.Пүрвээ гэж хүн хүлээж авсан.

3. Гурав дахь шаарлагыг хүлээн зөвшөөрнө. Учир нь 2015 оны 4 дүгээр сарын 20-нд ирэхдээ дугуйны үнийг нэхэмжлэлд дурдсан үнэтэй ижил зарахаар харилцан тохиролцсон.  1342 ширхэг дугуйг 1,257,000 иенээр зарахаар тохиролцсон тул зөвшөөрч байна.

4. Дөрөв дэх шаардлага 1146 ширхэг дугуйг 1,305,600 иенээр төлөхөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 1146 ширхэг дугуйг 1,031,400 иенээр зарахаар тохиролцсон. 273,600 иенийг төлөхийг зөвшөөрөхгүй байна.

5. Тав дугаар шаардлагын хувьд хариуцагч Ц.Туяад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс хуучин будаа агшаагч 1 ширхэг, хуучин компьтер 1 ширхэг, усны хос гутал 2 ширхэг, машин угаагч шингэн саван 2 ширхэгийг нэхэмжлэгч талаас “...хаях гэж байгаа эд зүйл, энд хэрэггүй” гээд контейнерт хийсэн. Надад хэрэггүй тул өөрөө буцаан авахад татгалзах зүйлгүй. 1038 ширхэг эд зүйлд 1,203,600 иенийг нэхэмжилсэн ба бид 934,200 иен төлөхийг зөвшөөрнө. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 7,237,600 иенийг нэхэмжилснээс 2,250,000 иенийг төлсөн. Харин одоо 4,987,600 иенийг Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн албан ёсны ханшаар 23,49 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байна. Э.Эрдэнэбаатарын “Хаан” банкны 5174003891 дугаарын данснаас 2015 оны 4 дүгээр сарын 16-нд 136,000 иен, Г.Пүрэвээ хүлээн авагчаар ирүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гаалийн мэдүүлгээр орж ирсэн барааны гаалийн татвар болон, тээврийн хөлсөнд зориулж 400,000 иен, 2015 оны 4 дүгээр сарын 24-нд 850,000 иенийг “Си ти эс” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 10-нд бид С.Эрдэмтийн төрсөн дүү н.Журамтад 240,000 иенийг Нарны хорооллын 6-47 тоот гэртээ бэлнээр өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 05-нд С.Эрдэмтэд “Цэцэг” төвийн валют арилжааны төвөөс Ц.Туяа нь 1,189,500 төгрөгөөр иен худалдаж аваад түүнээсээ 450,000 иенийг бэлнээр С.Эрдэмтэд өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 27-нд 370,000 иенийг “Си ти эс” ХХК-ийн данс руу хийсэн. 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 300,000 иенийг “Си ти эс” ХХК-ийн дансаар шилжүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 20-нд  “Цэцэг” төвийн валют арилжааны үүдэнд 6,800,000 төгрөг буюу 406,250 иенээр тооцож бэлнээр өгсөн. Бид одоо үлдэгдэл 412,550 иенийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд илүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн иений ханшийг одоогийн зах зээлийн ханшаар бус тухайн үеийн контейтер авсан Монгол улсын ханшаар тооцож төлнө гэжээ. 

 

Хариуцагч Э.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж Ц.Туяа бид хоёр “Си ти эс” ХХК болон захирал С.Эрдэмттэй 2010 оноос эхлэн бизнесийн харилцаатай, хамтран ажиллаж, ах дүүгийн шахуу харилцаатай байсан. Бид Японоос автомашины дугуй, зарим дагалдах хэрэгслийг “Си ти эс” ХХК-ийн тусламжтай ачуулж, Монголд оруулж ирээд зардаг, дараа нь барааны мөнгийг өгдөг байсан. Гэвч сүүлийн хэдэн сард талуудын хооронд үүссэн үл ойлголцлоос болж шүүх, цагдаа дээрээ тулаад байна. Бид нэхэмжлэгч талын шаардаж буй шаардлага бүрд дараах байдлаар тайлбар өгч байна. Үүнд:

1/ 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,533,000 иены үнэ бүхий 100 ширхэг 13 инчийн, 264 ширхэг 14 инчийн, 614 ширхэг 15 инчийн, 230 ширхэг 16 инчийн өвлийн хуучин дугуй, 32 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, 6 ширхэг 12К22.5 инчийн обудтай, 10 ширхэг 13 инчийн обудтай, 30 ширхэг 15 инчийн обудтай дугуй, 4 ширхэг хүүхдийн суудал, 6 ширхэг дугуйны гинж, нийт 1296 ширхэг эд зүйлийг нэхэмжлэгч тал Э.Эрдэнэбаатар миний нэр дээр явуулсан. Явуулсан эд барааны тоо, хэмжээн дээр маргаан байхгүй. Харин уг явуулсан эд зүйлийн үнэ нь 1,201,000 орчим иен байх ёстой бөгөөд нэхэмжлэгч биднээс 332,000 иенийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Учир нь бид нэхэмжлэгчийн явуулсан барааг нэхэмжилж буй үнийн дүнгээс арай багаар зарж, борлуулсны эцэст мөнгийг буцаан төлөхөөр тохирсон байсан. 

2. 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,938,000 японы иен үнэ бүхий 336 ширхэг 13 инчийн, 222 ширхэг 14 инчийн, 626 ширхэг 15 инчийн, 208 ширхэг 16 инчийн хуучин дугуй, 178 ширхэг даацын хуучин дугуй, 1 ширхэг хуучин дугуй солигч, 1 ширхэг хуучин генератор, 1 ширхэг хуучин олон залгуур, 1 ширхэг хуучин манангийн гэрэл, 1 ширхэг хуучин цахилгаан хөрөө, 50 ширхэг хуучин очлуур, 2 ширхэг машины хуучин хөгжим, 32 ширхэг хуучин калпак, 20 ширхэг дугуйны хуучин олгой хаймар, 1 ширхэг машины хуучин компьютер, дэлгэц, 1680 ширхэг эд зүйлийг Э.Эрдэнэбаатар миний нэр дээр явуулсан. Уг бараанаас нийт 75,000 иений барааг нэхэмжлэгч тал миний нэр дээр биш харин хэрэгт гэрчээр асуугдсан Пүрэвээ гэж хүн рүү явуулсан, энэ хүн ч уг бараагаа хүлээж авсан байгаа. Мөн би 1384 ширхэг дугуйг л авсан, харин үлдсэн дугуйг Г.Пүрэвээ гэж хүн авсан. Уг бараа болон дугуйны үнийг бид төлөхгүй, нэхэмжлэгч илүү нэхэмжилсэн.

 3. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,257,400 японы иен үнэ бүхий 104 ширхэг 13 инчийн, 116 ширхэг 14 инчийн, 1040 ширхэг 15 инчийн, 40 ширхэг жийпний дугуй, 42 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, нийт 1342 ширхэг эд зүйлийг Э.Эрдэнэбаатар миний нэр дээр явуулсан. Эдгээр эд зүйлсийн тоо ширхэг, үнийн тал дээр бол маргаан байхгүй.

4. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,305,600 японы иен үнэ бүхий 82 ширхэг 13 инчийн, 702 ширхэг 14 инчийн, 234 ширхэг 15 инчийн, 50 ширхэг жийпний дугуй, 78 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, нийт 1146 ширхэг эд зүйлийг Э.Эрдэнэбаатар миний нэр дээр явуулсан. Нэхэмжилж буй барааны тоо, ширхэг, нэр төрөл дээр маргаан байхгүй, хүлээж авсан. Уг барааны үнийг нэхэмжлэгч тал мөн л илүү бодож нэхэмжилж байна. Анх тохирсон үнээ хэт өндрөөр үнэлж нэхэмжилж байгаа бөгөөд 1,031,400 иений үнэтэй бараа материал явуулсан, илүү нэхэмжилж байгаа 273,600 иенийг зөвшөөрөхгүй.

5.  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,203,600 японы иен үнэ бүхий 58 ширхэг 13 инчийн, 250 ширхэг 14 инчийн, 540 ширхэг 15 инчийн, 60 ширхэг жийпний дугуй, 108 ширхэг өвлийн даацын хуучин дугуй, 16 ширхэг обуд, 1 ширхэг хуучин будаа агшаагч, 1 ширхэг хуучин компьютер, 2 ширхэг хос гутал, 2 ширхэг машин угаагч, нийт 1038 ширхэг эд зүйлийг манай ээж Ц.Туяагийн нэр дээр явуулсан. Мөн л нэхэмжлэлд дурдсан бараа, барааны тоо ширхэг дээр маргаангүй. Харин нэхэмжлэгч нь энэхүү контейнерт явуулсан дугуйнуудаас бусад эд зүйлс, бараануудыг бидэнд үнэгүй өгсөн. Тэгсэн атлаа одоо мөнгийг нь нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. 934,200 иений бараа авсан тал дээр маргаангүй, харин 269,600 иений барааны үнийг биднээс үндэслэлгүй нэхэмжилж байна.

Ингээд бидний тооцоогоор нэхэмжлэгч хариуцагч нарт 5,814,800 орчим иений барааг шилжүүлсэн байна. Үүнээс бид 5,402,250 орчим иенийг нэхэмжлэгчийн дансаар, нэхэмжлэгч компанийн захирлын дүүд нь болон өөрт нь бэлнээр өгсөн. Одоо бид барааны үлдэгдэл үнэд 412,550 иенийг л төлнө.

Бид 5,402,250 орчим иенийг төлсөн болох нь дараах баримтаар нотлогдоно. Үүнд;

1/ 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 иенийг “Си ти эс” ХХК-ийн дансанд төлсөн.

2/ 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 650,000 иенийг “Си ти эс” ХХК-ийн дансанд төлсөн.

3/ 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 130,000 иенийг би өөрийнхөө картанд хийсэн. Учир нь миний карт “Си ти эс” ХХК-ийн захирал Эрдэмтэд явж байсан бөгөөд түүний хүсэлтээр би өөрийнхөө данс руу уг мөнгийг хийсэн болно.

4/ 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 400,000 иенийг н.Пүрэвээ гэж хүний нэр дээр орж ирсэн контейнерийн татвар болон гаалийн төлбөр, тээврийн хөлсөнд төлсөн. Үүнийг гэрч н.Пүрэвээ өөрөө шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Уг төлбөр нь “Си ти эс” ХХК-ийн захирал Эрдэмт бид хоёрын хооронд байсан тооцооны асуудал байсан. Уг мөнгийг нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах ёстой.

5/ 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 850,000 иенийг “Си ти эс” ХХК-ийн дансанд төлсөн.

6/ 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 500,000 иенийг “Си ти эс” ХХК-ийн дансанд төлсөн.

7/ 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 240,000 иенийг “Си ти эс” ХХК-ийн захирал Эрдэмтийн дүү н.Журамтад бэлнээр өгсөн.

8/ 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 450,000 иенийг “Си ти эс” ХХК-ийн захирал Эрдэмтэд өөрт нь бэлнээр өгсөн.

9/ 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 360,000 иенийг “Си ти эс” ХХК-ийн дансанд тушаасан.

10/ 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 иенийг “Си ти эс” ХХК-ийн дансанд тушаасан.

11/ 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 300,000 иенийг  “Си ти эс” ХХК-ийн захирал Эрдэмтийн дансанд тушаасан. 

12/ 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 406,250 иенийг Эрдэмтэд өөрт нь бэлнээр өгсөн. Нийт хүлээж авсан мөнгөн дүн, зарим эд зүйлс нь н.Пүрэвээгийн нэр дээр байсан зүйлсийг миний хариуцах ёстой төлбөрт нэхэмжилсэн нь буруу. Мөн тухайн үед мөнгөөр үнэлээгүй, бэлэглэсэн эд зүйлийг өндөр үнээр үнэлж нэхэмжилсэн байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээс миний гадаад гуйвуулгаар төлж байсан төлбөр болон захирал Эрдэмтийг Монголд ирэхэд нь бэлнээр өгч байсан мөнгийг хасч тооцоогүй. “Си ти эс” ХХК-тай анх 2010 оны үеэс Эрдэмт гэж хүн тэнд байгаа Монголчуудтай нийлж Японд хуучин дугуй зарах үйл ажиллагаа явуулдаг байхад нь танилцсан. Энэ хүн нь тусдаа ганцаараа компани байгуулж ажиллаж байсан. Бид ажил хэргээс илүү дотно харилцаатай байсан. Төлбөрийг гадаад гуйвуулгаар шилжүүлэхээс гадна компанийн дансаар биш өөрийн хувийн данс болон бэлнээр, мөн би өөрийн Япон дахь дансны картаа н.Эрдэмт гэж хүнд өгч ашиглуулсан. Гэтэл нэхэмжлэгч Японд барааг хэдэн төгрөгөөр зарахаар анх тохирсон үнээс илүү үнээр шилжүүлчихээд одоо мөнгийг нь нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй.  Эрдэмт Японоос дугуй явуулаад би Монголд ирэхээр нь гаалийн тогтсон ханшаар төлбөрийг нь төлдөг. Тухайн дугуйнуудыг яг тоолоод хэмжээ хэмжээгээр нь хийдэггүй. Харин буулгахдаа хэмжээгээр нь ялгадаг ба дугуйны чанарын асуудал яригддаг. Японоос бараа явуулахдаа зүгээр үнэ наагаад явуулдаг. Учир нь Японы бүх байгууллагууд хуучин, ашиглагдсан барааг экспортолсноор тухайн байгууллагад жилийн эцэст нь урамшуулал орж ирдэг. Иймд хэдийн чинээ их контейнер явуулна тэр хэмжээгээр урамшуулал орж ирдэг тул зүгээр үнэ наагаад явуулдаг. Бид “Си ти эс” ХХК-иас нийт 5,814,800 орчим иенийн барааг авсан. Үүнээс 5,402,250 орчим иенийг нь төлсөн. Одоо 412,550 иенийг “Си ти эс” ХХК-д төлнө гэжээ.

 

Хариуцагч С.Туяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Эрдэнэбаатарын хариу тайлбарыг бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгч тал хасах ёстой төлбөр, зардлуудыг хасвал бидний зүгээс маргаан байхгүй, үлдэгдэл төлбөрийг нь төлнө. Түүнээс гадна талуудын хооронд ямар шаардах эрх байгаа болохоор мөнгө шаардаж байгаа нь тодорхойгүй байгаа. Аливаа гэрээний гол нөхцөл нь үнэ байдаг. Гэтэл үнийг тохирсон зүйл байхгүй. “Си ти эс” ХХК болон Ц.Туяа нар хэрхэн эрх зүйн харилцаанд орсон талаар ямар ч баримт бичиг байхгүйг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч 1 иенийн ханшыг 23,49 төгрөг гэж үнэлж байгаа боловч тухайн үеийн гаалиар орж ирсэн үеийн 1 иенийн ханш 16,62 төгрөг байсан. Бид үүнийг баримталж үнийг төлнө. Монгол улсын хилээр бараа орж ирсэн, бид хүлээж авсан. Гэхдээ энэ эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн нотлох баримтаар нотлогддог. Гаалийн тооцооллоор 6,359,117 иен гарч ирсэн. Хариуцагч талаас 1,210,000 иенийг “Си ти эс” ХХК-ийн дансанд шилжүүлсэн болохоос н.Пүрэвээгийн өмнөөс өгөөгүй. Гэрчээр н.Пүрэвээ нь ирж мэдүүлэг өгсөн бөгөөд өөрийн авсан контейнерийг хүлээн зөвшөөрсөн байгааг анхаарна уу. н.Пүрэвээ контейнер хэний нэр дээр орж ирсэн, тэндээс юуг авсан болохоо шүүхэд хангалттай хэлж өгсөн. 

Нэхэмжлэгч нь өнөөдөр хууль ёсны компани мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Хэргийг шийдвэрлэхийн тулд “Си ти эс” ХХК-ийн дүрмийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаж байсан ч шүүхээс хангаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг байгууллагын дүрмээр томилогддог болохоос бланканд хийж өгдөггүй. Энэ нь цаашлаад төлөөлөгч нь төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх асуудал гарна. “Си ти эс” ХХК нь Ц.Туяа, Э.Эрдэнэбаатар нараас нэхэмжлэх эрхгүй этгээд гэж ойлгож байгаа. Учир нь Иргэний хуулийн 243.1-д заасан гэрээний хэлцэл байхгүй учир нэхэмжлэгч талд нэхэмжлэх эрх үүсээгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг гэр бүлийн гишүүд учраас хамтран хариуцна гэж байгаа. Ц.Туяа, Э.Эрдэнэбаатар нар нь ээж, хүү хоёр мөн. Харин нэг гэр бүлийн гишүүн мөн үү эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх байх. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ярих юм бол нэхэмжлэгч нэр зааж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгаа. Ц.Туяагийн хувьд 934,200 иенийн өглөгтэй байна гэж харж байгаа. Монгол улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд хэн ч бай зээлээ төлүүлэх эрхтэй. Нэхэмжлэгч талаас гаргасан тайлбаруудыг хүлээж авах боломжгүй бөгөөд эсэргүүцэж байна. Ц.Туяагийн нэрээр шилжүүлэх хэлцэл хийсэн бол Ц.Туяа, Э.Эрдэнэбаатар нараас хэдэн төгрөг өгсөн, хэдэн төгрөгийн эд зүйлийг шилжүүлсэн талаар нэхэмжлэгч тал нотлоогүй. Нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэж байж нэхэмжлэгч шаардах эрхтэй. “Си ти эс” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадаагүй. Худалдах-худалдан авах гэрээ нь хаана байна. Хэрэв худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж үзвэл энэ талаар бичгийн хэлбэрээр байгуулсан гэрээ байхыг шаарддаг боловч энэ талаар ямар ч гэрээ байхгүй байгаа учир нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй байна. Иенийн ханшаар 23,49 төгрөг гэж үзэж байгаа бол гадаад валютын ханшыг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлохоор 63.2-т заасан байдаг бөгөөд үүрэг үүсэн үеийн ханшаар тооцно гэж Иргэний хуулийн 218.1, 218.2-т заасан. Ийм нөхцөл байдлаар харж үзвэл нэхэмжлэгч талд бид нар 412,500 иенийг төлнө гэсэн. Иймд энэ асуудлыг авч үзэх хэрэгтэй. “Си ти эс” ХХК-ийг хуулийн этгээд гэж үзвэл Компанийн тухай хуулийн 3.1-д хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэлдээ ашиг олох зорилгогүй байсан юм шиг тайлбарлаж байгаа. Ингэснээр “Си ти эс” ХХК-ийг хууль ёсны компани гэдгийг юугаар нотлох вэ. Ерөөсөө “Си ти эс” ХХК-ийг хууль ёсны компани гэдгийг бид зөвхөн дүрмээр л батална. Хувьцаа эзэмшигч нь Эрдэмт байж болно. Гэхдээ компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөхгүй. Энэ асуудлыг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан байдаг. Иймд эдгээр зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Гэрээ байгуулахын тулд гэрээ байгуулах саналыг 2 тал зөвшөөрсөн байж гэрээ байгуулсанд тооцдог. Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийг зөрчиж байгаа. Гэрээний үнийг тохироогүй байж вэ юу нэхэмжилж байгаа вэ. Энэ нь бүдүүлэг асуудал. Бид нар хувь хүний хувьд оруулж ирсэн барааны дагуу төлбөрийг нь төлнө гэж байгаа. Энэ талаас нь харахад “Си ти эс” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Ц.Туяа болон Э.Эрдэнэбаатар нар хангах үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүгч хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбарыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Си ти эс” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,533,000 иений үнэ бүхий 1296 ширхэг эд зүйл, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,938,000 иений үнэ бүхий 1680 ширхэг эд зүйл, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,257,400 иений үнэ бүхий 1342 ширхэг эд зүйл,  2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,305,600 иений үнэ бүхий 1146 ширхэг эд зүйлсийг Э.Эрдэнэбаатарын нэр дээр, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,203,600 иений үнэ бүхий 1038 ширхэг эд зүйлийг Ц.Туяагийн нэр дээр буюу нийт 7,237,600 иений эд зүйлийг Япон улсаас явуулжээ /хх 15-53 хуудас/.   

 

Нэхэмжлэгч “Си ти эс” ХХК нь дээр дурдсан барааны үнийн үлдэгдэлд 4,987,600 иен буюу 117,158,724 төгрөгийг хариуцагч Э.Эрдэнэбаатар болон Ц.Туяа нараас шаардаж шүүхэд хандсан байна.  

 

Хариуцагч талын “...2010 оноос нэхэмжлэгчтэй танилцан хамтран ажилласан”, “...Си ти эс ХХК-ийн Япон улсаас ачуулсан контейнер, уг контейнерт ирсэн барааг өөрсдийн ашгийг нэмж зарж, борлуулсны эцэст мөнгийг нь буцаан шилжүүлдэг” гэх тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй бөгөөд хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ гэж шүүхээс дүгнэлээ.

 

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1296 ширхэг эд зүйл, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1680 ширхэг эд зүйл, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр  1342 ширхэг эд зүйл, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1146 ширхэг эд зүйл, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1038 ширхэг эд зүйлийг хариуцагч тал нэхэмжлэгч “Си ти эс” ХХК-иас хүлээн авсан эсэх болон 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 иен, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 650,000 иен, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 500,000 иен, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 иен, нийт 2,250,000 иенийг хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

 

Харин хариуцагчаас “...нэхэмжлэгч бидэн рүү явуулсан барааг нэхэмжилж буй үнийн дүнгээс багаар зарж, борлуулахыг зөвшөөрсөн атлаа одоо гэнэт үнийн дүнг ихэсгэн шаардаж байна”, “бидний дансаар болон бэлэн мөнгөөр төлсөн төлбөрийг нэхэмжлэгч хасч тооцсонгүй”, “...зарим бараа нь хүнийх байсан, зарим барааг үнэгүй өгсөн атлаа одоо мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй”, “иений ханшийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох учиргүй”, “гэрээг бичгээр байгуулаагүй нь хуульд нийцэхгүй”, мөн “бид хүлээн авсан контейнеруудын гаалийн татвар болон хүлээн авахтай холбоотой зардлуудыг төлснийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаагүй байна” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд өгчээ.

 

Хариуцагчийн зүгээс дээрх байдлаар маргах боловч хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагч Ц.Туяа, Э.Эрдэнэбаатар нар нийт 7,237,600 иений барааг хүлээн авсан үзэхээр байх бөгөөд талууд барааны үнийг өөр байдлаар тогтоосныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Худалдагч гэрээний зүйл болсон эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, тохиролцсон үнийг төлөхтэй холбогдсон эрх, үүргийг зохицуулсан иргэн, хуулийн этгээдийн хэлцлийг худалдах-худалдан авах гэрээ гэх бөгөөд худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгээр байгуулдаг тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн нь тодорхойгүй, талууд бичгээр гэрээг байгуулаагүй” гэх тайлбар үндэслэлгүй. 

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал хариуцагчаас 4,987,600 японы иен буюу 117,158,724 төгрөгийг  шаардахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасантай харшлахгүй.

 

Хэдийгээр хариуцагч талаас “...бид хүлээн авсан контейнеруудын гаалийн татвар болон хүлээн авахтай холбоотой зардлуудыг төлснийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаагүй байна” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч хариуцагчийн уг татгалзлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцах учиртайг Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заажээ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн байх боловч хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хасч тооцох нь зүйтэй байна.  

 

2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 850,000 иен, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 360,000 иен буюу нийт 1,210,000 иенийг хариуцагч нар “Си ти эс” ХХК руу шилжүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй боловч тэрээр “...уг мөнгө нь иргэн Г.Пүрвээгийх бөгөөд түүний контейнерийн мөнгийг хариуцагч нар шилжүүлсэн” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй тул 1,210,000 иенийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хасч шийдвэрлэв.  

 

2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Ц.Туяагаас Эрдэмтэд шилжүүлсэн 300,000 иенийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Учир нь уг мөнгийг “Си ти эс” ХХК-ийн данс руу хийгээгүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг мөнгө “дугуйны үнэ”-д төлөгдсөн эсэх талаар маргаагүй. 

 

Түүнчлэн 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр явуулсан бараанаас 1 ширхэг хуучин дугуй солигч, 1 ширхэг хуучин генератор, 1 ширхэг хуучин олон залгуур, 1 ширхэг хуучин манангийн гэрэл, 1 ширхэг хуучин цахилгаан хөрөө, 50 ширхэг хуучин очлуур, 2 ширхэг машины хуучин хөгжим, 32 ширхэг хуучин калпак, 20 ширхэг дугуйны хуучин олгой хаймар, 1 ширхэг машины хуучин компьютер, дэлгэц, нийт 75,000 иений үнэтэй барааг иргэн Г.Пүрвээ авсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул уг 75,000 иенийг, мөн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр явуулсан бараанаас будаа агшаагч, хуучин компьютер, гутал, машины угаагч шингэн зэрэг нийт 64,800 иений барааг нэхэмжлэгч талаас хариуцагч нарт үнэгүй өгсөн болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байх тул нийт 139,800 иенийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасав.   

 

Хариуцагч Ц.Туяа, Э.Эрдэнэбаатар нар “Си ти эс” ХХК-иас явуулсан контейнерийг хүлээн авсан эсэхээ үгүйсгээгүй учир төлбөрийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж шүүхээс үзсэн болно. 

 

Иймд хариуцагч нараас нийт 3,337,800 иен буюу 78,404,922 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Туяа, Э.Эрдэнэбаатар нараас 78,404,922 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Си ти эс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38,753,802 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 743,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Туяа, Э.Эрдэнэбаатар нараас 549,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Си ти эс” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ