| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 142/2017/0092/Э |
| Дугаар | 000078 |
| Огноо | 2017-07-05 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 000078
Ц.Батхаан, М.Галбадрах нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 142/2017/0092/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Т.Ганзориг
Шүүгдэгч Ц.Батхаан, М.Галбадрах
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Энхбаяр, Р.Бямбажав
Хохирогч Г.Төмөрбаатар
Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолтой Цэнд-Аюушийн Батхаан, Мөнхцэцэгийн Галбадрах нарт холбогдох, 201614000367 дугаартай, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Батхааны өмгөөлөгч Д.Энхбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум, Дэнж баг, Баруун дэнжийн 10 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ФБ 98062519 регистрийн дугаартай, Сүрэн овгийн Цэнд-Аюушийн Батхаан,
Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ээж Д.Мөнхцэцэгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 23 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, урьд нь 2015 оны 03 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ФБ 97082890 регистрийн дугаартай, Боржигон овгийн Мөнхцэцэгийн Галбадрах.
Шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нар нь бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 00 цаг 25 минутын үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-19 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн Г.Төмөрбаатарын хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн түүний “Нокиа” маркийн гар утас, тамхины асаагуур зэргийг дээрэмдэн 120.400 төгрөгийн хохирол учруулсан,
М.Галбадрах нь насанд хүрээгүй Ц.Батхааныг хүч хэрэглэн дээрх гэмт хэргийг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Боржигон овгийн Мөнхцэцэгийн Галбадрах, Сүрэн овогт Цэнд-Аюушийн Батхаан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, шүүгдэгч М.Галбадрахыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч М.Галбадрахад Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.д зааснаар хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Ц.Батхааныг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Галбадрахыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Ц.Батхаанд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг, шүүгдэгч М.Галбадрахад оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч М.Галбадрахын цагдан хоригдсон 246 хоногийг, шүүгдэгч Ц.Батхааны цагдан хоригдсон 222 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах,
Хохирогч Г.Төмөрбаатар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдах гомдолдоо:
Шүүгдэгч Ц.Батхаан нь М.Галбадрахтай бүлэглэн 2016.06.21-ний шөнө иргэн Төмөрбаатарт хүч хэрэглэн эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэгт үйлдэл оролцоо байхгүй, түүний үйлдэл нь нотлох баримтаар хангалттай бүрэн дүүрэн нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
Түүнтэй хамт гэмт хэрэг үйлдсэн гэх Галбадрахын мэдүүлэг болон хохирогч Төмөрбаатарын мэдүүлгээр түүний үйлдэл холбогдол нь үгүйсгэгдсэн. Гэрч Г.Долгормаа, Т.Ургамал нар нь 2 хүн доош зугатаж буусныг гэрчилсэн бөгөөд тэдний мэдүүлэг нь Батхаан дээрмийн хэрэг хамтран үйлдсэнийг нотлосон баримт болж чадахгүй байна.
Мөн шүүгдэгч Батхаан, Галбадрах нарын сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан мэдүүлгийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон тул эдгээр мэдүүлгүүдийг нотлох баримтанд тооцох боломжгүй.
Тэдний дахин сэжигтэн яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд дээр Батхаан энэ хэрэгт оролцоогүй болохыг шүүгдэгч нар тууштай мэдүүлсэн.
Иймд шийтгэх тогтоолоос шүүгдэгч Батхаанд холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13.2, 208.1.2.т зааснаар хэрэгсэхгүй болгож тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нарыг бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 00 цаг 25 минутын үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-19 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн Г.Төмөрбаатарын хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн “Нокиа” маркийн гар утас, тамхины асаагуур зэргийг дээрэмдэн 120.400 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүлйийн 147.2.т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч М.Галбадрах нь насанд хүрээгүй Ц.Батхааныг хүч хэрэглэн дээрх гэмт хэргийг үйлдэхэд татан оруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, шүүгдэгч М.Галбадрахыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцоод, М.Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.д зааснаар хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нарт эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 3 жил 5 сар хорих ял оногдуулж ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ц.Батхаан нь М.Галбадрахтай бүлэглэн хохирогч Г.Төмөрбаатарт хүч хэрэглэн эд зүйлсийг нь дээрэмдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тухайлбал энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгийн үед удаа дараа өгсөн :
-Хохирогч Г.Төмөрбаатар “ ... манайх 4 давхарт байдаг..., ирээд зогсож байтал дээрээс нэг хүн бууж ирээд намайг унагаад утасыг аваад зугатаасан...” гэсэн мэдүүлэг,
-шүүгдэгч М.Галбадрахын ....тухайн үед бид хоёр зүгээр цуг явж байсэн.., түүнийг 2 давхарт байж бай гээд би дээшээ гарсан..., намайг хүний утас авсныг мэдээгүй.... намайг орцноос гараад гүйгээрэй гэхээр л дагаад гүйсэн..., орц руу орохдоо бид хоёр утас авна гэж юу ч яриагүй ...гэсэн мэдүүлэг,
-шүүгдэгч Ц.Батхааны ... тэр үед бид хоёр хамт явж байгаа Галаа ах энэ орц руу орно гэхээр нь дагаж ороод миний дотор муухай болоод байхаар нь шатан дээр сууж байсан...., гэтэл Галаа ах дээрээс гүйж ирээд зугатаарай гэхээр нь юу болсныг ойлгоогүй дагаад гүйсэн..., би утас авсныг мэдээгүй ... гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн энэ хэргийн гэрч болох Г.Долгормаа, Т.Ургамал нар нь “хоёр хүн гүйгээд гарсан” гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь хохирогчийг хоёр хүн дээрэмдсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд шүүгдэгч Ц.Батхаан дээрх гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, түүний орцноос гарч гүйсэн үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн шинжийг агуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Галбадрах ганцаараа хохирогч Г.Төмөрбаатарын эд зүйлийг хүч хэрэглэж дээрэмдсэн болох нь тогтоогдож байгаа учраас түүнийг гэм буруутайд тооцож ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Галбадрах нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө дээрх гэмт хэргийг үйлдсэн учраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэснийг үндэслэн М.Галбадрахад оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуулийн зохицуулалтанд нийцүүлэн хасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолд:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газраас Цэнд-Аюушийн Батхаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай., гэсэн заалт нэмсүгэй.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1., 3., 4 дүгээр заалтыг
-Шүүгдэгч Мөнхцэцэгийн Галбадрахыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж.,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч М.Галбадрахыг 2 жил хорих ялаар шийтгэсүгэй гэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д заасныг баримтлан шүүгдэгч М.Галбадрахад оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж.,тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3.Ц.Батхаанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.
4.Ц.Батхааны өмгөөлөгч Д.Энхбаярын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ Ц.ТУЯА