| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0117/Э |
| Дугаар | 000075 |
| Огноо | 2017-07-05 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 000075
Х.Дэмбэрэлтүмэдэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 142/2017/0117/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Л.Оюунтуяа
Шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг
Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолтой Хуягбаатарын Дэмбэрэлтүмэдэд холбогдох, 201714000209 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 12 дугаар гудамжны 27 тоотод оршин суух, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн хянан харгалзсан, УП 95120713 регистрийн дугаартай Чүлтэм овогт Хуягбаатарын Дэмбэрэлтүмэд.
Шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд нь урьд нь Б.Мөнхдэлгэрэхтэй бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 19-21-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 65 дугаар гудамжны 04 тоотод оршин суух иргэн С.Сэдбазарын хашаан дотроос 21 тооны хонь, ямаа хулгайлан 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож тус хэрэг прокурорын хяналтанд байх хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундрагын 9-10 тоотод оршин суух А.Доржцэдэвийн байшингийн цонхоор нэвтрэн орж DELL маркын зөөврийн компьютер хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Чүлтэм овогт Хуягбаатарын Дэмбэрэлтүмэдийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдийн эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3.т зааснаар шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 84 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг нь буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5.д зааснаар шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдэд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдооогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд давж заалдах гомдолдоо:
2017 оны 5 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсаныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би өмнө нь бас ял шийтгүүлээд хэрэг прокурорт байхад дахин нөүтбүк хулгайлаад энэ хэргийн юмыг нь буцаагаад өгчихсөн гээд намайг ерөөсөө цагдаа дуудаагүй юм.
Тэгсэн чинь анхны хэргийн шүүх хурал 2017.04.03-ны өдөр болоод тэнсэгдээд гараад явж байтал цагдаа дуудаад намайг шалгаж эхэлсэн. Уг нь энэ хоёр хэргийг минь нэгтээд шийтгэсэн бол надад ашигтай байсан гэж бодож байна.
Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хулгайн хэрэг хийхгүй байж чадна. Анхан шатны шүүх хуралд өмгөөлөгчгүй орсоноос буруудсан гэж бодож байна. Миний хэргийг хянаж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Оюунтуяа дүгнэлтдээ:
...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд нь Б.Мөнхдэлгэрэхтэй бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 21-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 65- 04 тоотод оршин суух иргэн С.Сэдбазарын хашаан дотроос 21 тооны хонь ямаа хулгайлан 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ба 2017 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 9-10 тоотод оршин суух А.Доржцэдэвийн байшингийн цонхоор нэвтрэн орж DELL маркийн зөөврийн компьютер хулгайлан 600. 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа хэлбэрийн хувьд Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.д заасныг хэрэглэсэн боловч түүнийг тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хуулийг буруу ойлгон агуулгын хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримталсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Өөрөөр хэлбэл Х.Дэмбэрэлтүмэд нь шүүхээр шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.д заасныг журамлаж ял оногдуулах нь зүйтэй.
Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
С.ЦЭЦЭГМАА