Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2020/0347

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.О, “Ч” СӨХ-ны

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч “Ч” СӨХ-ны захирал Ц.О, Р.О өмгөөлөгч Г.О, гуравдагч этгээд Р.Ц өмгөөлөгч С.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 893 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Р.Ц өмгөөлөгч С.Г гаргасан давж заалдах гомдлоор, “Ч” СӨХ, Р.О нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Ч” СӨХ-ны захирал Ц.О, Р.О нар 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолын З.Ц холбогдох хэсэг, уг тогтоолыг үндэслэн З.Ц 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр олгосон 0..... тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, уг гэрчилгээг үндэслэж бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Ү-...... тоот бүртгэл, Б.А олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

 

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 893 дугаар шийдвэрээр:

“Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 5, 11 дүгээр зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, 13.9, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1, 15.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” СӨХ болон иргэн Д.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолын З.Ц холбогдох хэсэг, З.Ц олгосон 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0...... тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Ү-...... дугаар бүртгэл, Б.А олгосон ....... тоот өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.  

Гурав. Гуравдагч этгээд Р.Ц өмгөөлөгч С.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 893 дугаар шийдвэрийг хүлээн авлаа.

Тус шийдвэр нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчиж байна.

Тус шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нэхэмжлэлийн шаардлага гаргах зэргээс эхлэн журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн үйл явц өрнөсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д заасан нөхцөл шаардлагыг хангаагүй мөн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, ойлгомжгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй байхад шийдвэрлэлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр шийдлийн хувьд зөв байх тул гуравдагч этгээд З.Ц өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж, харин шийдвэрт хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлт оруулав.

Улсын Их Хурлын 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолын 2 дахь заалтаар төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасны дагуу Засгийн газрын 2004 оны 140 дүгээр “Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай” тогтоолоор төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд мөн даалгажээ.

Баянгол дүүргийн 15 дугаар хороо, ... байр нь төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцад хамаарах бөгөөд Төрийн өмчийн хорооны дарга, нийслэлийн Засаг даргын хамтарсан 2006 оны 226/517 тоот тушаал, захирамжаар томилогдсон Магадлан шинжлэх хэсгийн бүрэлдэхүүн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 107 дугаар дүгнэлтээр дээрх байрны 4 дүгээр орцны “....” тоотыг хүн амьдрах шаардлага хангасан гэж үзэхдээ Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төв болон “Ч” СӨХ-өөс гаргасан хүсэлтэд тус тус үндэслэсэн байгаа нь одоогийн маргаан бүхий актуудыг хэлбэрийн хувьд хууль, тогтоомжид нийцсэн мэт харагдуулах боловч бодит байдалд хууль бус бичиг баримтын хүрээнд гарсан байна.

Тухайлбал гуравдагч этгээд З.Ц нь уг “.....” тоотод огт амьдарч байгаагүй болох нь нэхэмжлэгч Р.О гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 17 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдох бөгөөд энэхүү тогтоол нь:

-З.Ц “…1984 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, .... тоот байрны ... тоотод оршин суудаг, маргаан бүхий ....... тоот өрөөнд тухайн үед 10 орчим хоног амьдарсан, аавынхаа заавар зөвлөгөөний дагуу өргөдөл, хүсэлт гаргаж байсан…” гэх,

-З.Ц аав Ч.З “…тухайн үед хүн амьдарч байгаагүй, 0 тоот өрөөг хөөцөлдөж байж хүүгийнхээ нэр дээр хувьчилж авахдаа Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн даргаар ажиллаж байсан Ж.Б, “Ч” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ю.Ц нараас гуйж байгаад хүүгээ “...” тоотод 5 жил амьдарч байгаа, магадлан шинжилгээний дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн тодорхойлолтыг тус тус гаргуулж авсан…” гэх тэдгээрийн 2019 оны 1 дүгээр сарын 17, 18-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гэрчийн мэдүүлэгт;

-“Маргаан бүхий “...” тоотод 2017.10.15-ны өдөр Б.А хүүхдийн хамт шилжиж ирснээс өмнө тус хаяг дээр бүртгэлтэй хүн байхгүй, өрхийн дэвтэр үүсч байгаагүй”-г тодорхойлсон Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2 тоот лавлагаанд;

-“…орон сууц хувьчлах үндсэн баримт бичиг болох орон сууц эзэмших эрхийн бичиг нь зохих журмын дагуу олгогдоогүй болох нь тогтоогдсон, үндэслэлгүй мэдээлэл, баримт бичгийн дагуу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас З.Ц орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон байна…” гэх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Э 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан дүгнэлтэд тус тус үндэслэгджээ.

Иймд гуравдагч этгээд З.Ц олгосон орон сууц эзэмших эрхийн ...... тоот, өмчлөх эрхийн ....... тоот гэрчилгээнүүд болон магадлан шинжлэх хэсгийн маргаан бүхий сууцанд холбогдох дүгнэлт нь Улсын Их Хурал, Засгийн газрын дээр дурдсан тогтоолуудад нийцээгүй, хуурамч бичиг баримтад үндэслэж хийгдсэн байх тул Орон сууц хувьчлах тухай хуулийн 12, 121 дугаар зүйлд тус тус зааснаар түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах эрх, үүрэг бүхий этгээд, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 1-ийн 1/-д зааснаар сууц эзэмших эрхийн бичгийн эзэмшигч гэж үзэхгүй.

Тиймээс хууль бус хувьчлал, түүнд үндэслэж хийгдсэн бүртгэл, гэрчилгээний улмаас нэхэмжлэгч Р.О, “Ч” СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн төдийгүй нэхэмжлэл гаргах эрхтэйд тооцогдоно. 

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй гэж дүгнэх, цаашлаад давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Харин хууль хэрэглээний хувьд бичиглэлийг зөвтгөсөн, мөн хэрэгт хамаарал бүхий хуулийн зүйл, заалтыг нэмсэн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 893 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан хуулийн зүйл, заалтыг “1.Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2/, 5/, 11 дүгээр зүйлийн 3/, 161 дүгээр зүйлийн 1-ийн 1/, 17 дугаар зүйлийн 1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт…” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд З.Ц өмгөөлөгч С.Г гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН