Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2019/0893

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Р.О, “Ч” Сууц өмчлөгчдийн холбоо

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолын З.Ц-д холбогдох хэсэг, уг тогтоолыг үндэслэн З.Ц-д олгосон 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр олгосон 0117611 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, уг гэрчилгээг үндэслэж бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Ү-2205066165 тоот бүртгэл, Б.А-д олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.О, “Ч” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ц.О, нэхэмжлэгч Р.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээд “ХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээд З.Ц-ийн өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Баянголд дүүргийн 15-р хорооны 23Б байрны 4-р орцны “0” тоот өрөө нь тухайн байрны Сууц өмчлөгчдийн дундын өмч юм. Гэтэл уг “0” тоот өрөөг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор иргэн З.Ц гэдэг хүнд хувьчлан гэрчилгээ олгосон нь орон сууцны дундын өмчлөлд халдсан хууль бус үйлдэл болсон.

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 15 дугаар зүйлд орон сууцны байшингийн дундын өмчлөлд “сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө”-г байхаар хуулиар тогтоосон.

Монгол Улсын Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д “Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна.”, 99.3-д “Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна.” гэж заасан.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Г-өөс тус СӨХ-д ирүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1926 тоот албан бичигт тухайн өрөөг “СӨХ-ны захирал Ю.Ц-ын 2016 оны 9 дүгээр сарын 15- ны өдрийн 29 тоот албан бичиг болон бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн иргэн З.Цэрэнчимэдэд орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон болно” гэжээ. Гэтэл өмнөх захирал Ю.Ц-ын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 29 тоот албан бичигт дээрхи өрөөнд З.Ц гэдэг хүн амьдарч байсан мэтээр ор үндэсгүй худлаа тодорхойлсон байдаг. Энэ өрөөнд З.Ц нь хэзээ ч амьдарч байгаагүй харин тус СӨХ-ны албан контороор ашиглагдаж байсан.

1996 оны Орон сууц хувьчлах тухай хууль бол төрийн өмчийн орон сууцыг хувьчлах зорилготой хууль болохоос сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хувьчлах хууль биш юм. Уг хуулийн үйлчлэх хүрээг хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Энэ хууль төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад үйлчилнэ.”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 2-д “Орон сууц хувьчлах гэж” төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг ойлгоно” гэж заасан. “Орон сууц хувьчлах тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлд зааснаас харахад Орон сууц хувьчлах товчоо нь Сууц өмчлөгчдийн дундын өмчийг хувьчлах эрх олгогдоогүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Мөн хуулийн 11.2-д заасан “эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авах” ёстой байтал уг “0” өрөөг эзэмшиж байгаагүй хүний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Бид хууль бус шийдвэр гаргаж, хувьчилсан асуудлаар захиргааны акт гаргасан байгууллага, уг байгууллагын дээд шатны холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд энэ маргаан бүхий асуудлаар Орон сууц хувьчлах товчоонд гомдол гаргахад “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 8/464 тоот, гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу ирүүлсэн. Мөн “Ч” СӨХ-с Төрийн өмчийн хороонд гомдол гаргахад “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”- ын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой хууль зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн хэрнээ уг асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн татгалзсан хариуг 2019 оны 5 дугаар сарын 23-нд гардан авсан, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт уг маргаантай өмчлөх эрх, улсын бүртгэлийн асуудлаар гомдол гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 7/3617 тоот татгалзсан хариу ирүүлсэн тул харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Мөн уг асуудлаар бид 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Авилгатай тэмцэх газарт гомдол гаргаж байсан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ж.С 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 5/419 тоот хариугаар “.. Иргэн З.Ц нь орон сууц эзэмших эрхийн бичгийг зохих журмын дагуу аваагүй, орон сууцыг хувьчилж авахдаа Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 15-р хороо, 3 дугаар хороолол, 23 б байрны 4 дүгээр орцны 0 тоот хаягт 2010 оноос 5 жил амьдарсан гэх худал тодорхойлолт, тус дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргаар дээрх хаягт амьдардаг гэж худал тодорхойлолт тус тус гаргуулан авсан гэх үндэслэл тогтоогдсон” боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн болно. Мөн энэ асуудлаар Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж, Улсын Ерөнхий прокурорын газраас 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 1/863 тоот хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу ирүүлсэн.

Бид өмнө нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэж шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Бид зохих журмын дагуу хууль, хяналтын байгууллагад хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд Орон сууц хувьчлах товчооны 2017 оны 5 дугаар сарын 24-ны 04 тоот тогтоол, уг тогтоолыг үндэслэн З овогтой Ц-д Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хороолол 23 б байр 4-р орцны “0” тоот өрөөг хууль бусаар хувьчилсан 0117611 тоот гэрчилгээ, мөн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205066165 тоот улсын бүртгэл, холбогдох өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсье." гэжээ.

Хариуцагчаас Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хорооллын 236 дугаар байрны 4 дүгээр орцын “0° тоотыг З.Ц-д олгосон 0117611 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа.

Уг “0” тоот өрөөнд олгогдсон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох боломжгүй хариуг “Ч" СӨХ-ны захирал Ц.О болон иргэн Р.О-т 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 8/464 дугаар албан бичгээр хүргүүлсэн." гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол 23б байрны 4 дүгээр орцны 0 тоот орон сууцыг иргэн З.Ц, Б.Г, Ц.М нарын өмчлөлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын олгосон орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, “Ч” СӨХ -ийн 2017 оны 3 сарын 27-ны 7 тоот албан бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 5 сарын 24-ний 04 тоот тогтоолоор олгосон 0117611 тоот гэрчилгээ, мэдүүлэг үйлчилгээний хураамж зэрэг нотлох баримтыг үндэслэн 2017 оны 7 сарын 03-нд эрхийн улсын бүртгэлийн Ү2205066165 дугаарт бүртгэсэн байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү2205066165 дугаарын бүртгэл нь “Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.5 д заасан нотлох баримтуудыг бүрдүүлсэн хуулийн дагуу хийгдсэн бүртгэл байна.

Иргэн З.Ц, Б.Г, Ц.М нар нь дээрх орон сууцыг 2017 оны 9 сарын 04-нд 87 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Б.А-д шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар уг орон сууц нь Хаан банктай байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 07-ны барьцааны гэрээнд бүртгэлтэй байна.

Дээрх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгүүдийг хүлээн авхаас татгалзах “Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлд заасан хуулийн үндэслэл байгаагүй болно.

Эрхийн улсын бүртгэлийн Ү2205066165 дугаарын бүртгэл нь “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 3.1.4, 3.1.5 д заасны дагуу үнэн зөв, бодитой, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хийгдсэн бүртгэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд иргэн Р.О болон “Ч” СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд З.Ц-ээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн З.Цэ би зохих хууль журмын дагуу дээрх нэхэмжлэлд дурдсан 0 тоот өрөөг хувьчилж авсан юм. “Г” СӨХ-ны шинэ удирдлага гомдол гаргаж хууль, шүүхийн байгууллагаар заргалдах болсон. Миний бие дээрх нэхэмжлэлийг хүлээн аваад нэхэмжлэлийн шаардлага ямар учраас хүчингүй болгох нь тодорхойгүй, ойлгомжгүй мөн яагаад иргэн Р.О гэх хүн, зөвхөн Сууц өмчлөгчдийн холбооны дарга гэх Ц.О нар нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байх тул хуульд нийцсэн тодорхой шаардлага, хуульд заасан эрх бүхий этгээд шүүхэд хандаагүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.А-ээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 23Б-4-0 тоотод оршин суух Б.А миний бие тус хаяг дээрх 9 мкв орон сууцыг 201 оны 08 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 15000000 төгрөгөөр худалдаж авсан. Одоог хүртэл энэ байрандаа охины хамт амьдарч байгаа бөгөөд халаалт, тог, усны мөнгөө цаг тухай бүр нь төлдөг. Байрыг худалдан авахаар нотариатаар ороход үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан ямар нэг зөрчилгүй байсан. Мөн байраа зарсан З.Цэрэнчимэд нь хувьчилж авсан дэвтэр дээрх огноо болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн нь ямар нэг асуудал байгаагүй тул худалдаж авсан болно.” гэжээ.

Гуравдагч этгээд “Х Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Р.О, “Ч” Сууц Өмчлөгчдийн холбоо нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоол, уг тогтоолыг үндэслэн З овогтой Ц-д олгосон Баянгол дүүрэг, 15-р хороолол, 23Б байр 4-р орц 00 тоот өрөөг хувьчилсан 0117611 тоот гэрчилгээ, уг гэрчилгээг үндэслэж бүртгэсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205066165 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захиргааны хэрэгт “Х Б” ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Н.А нь Хаан банкны Хүлэг тооцооны төвтэй 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 317201843887354 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг жилийн 28.8 хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулсан өрхийн хэрэглээний зээл авахдаа Б.А-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 15-р хороолол, 23Б байр 4-р орц 00 тоот хаягт байрлах №000573992, Ү-2205066165 улсын бүртгэлийн дугаартай 9 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг итгэмжлэлийн дагуу Хаан банкинд барьцаалуулж зээл авсан байна.

Уг хөрөнгийг банк барьцаалахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д “барьцааны зүйлийг өөр этгээдэд барьцаалуулсан эсэх тухай лавлагаа” гэсэн заалтын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн лавлагаагаар дээрх эд хөрөнгийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.А худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж авч улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан бөгөөд талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу Улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.

Хаан банк уг эд хөрөнгийн барьцаалахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу барьцаалсан бөгөөд Н.А-гийн зээл төлөгдөж дуусаагүй байгаа учир барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэж заасан бөгөөд банк уг хөрөнгийн барьцаалахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу барьцаалсан болно.

Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих, хариуцагчийн тайлбарыг дэмжих гэсэн байр суурьнаас оролцохгүй болно.

Иймд шүүх талуудын хооронд маргаж байгаа маргаан шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн эрх ашгийг үндэслэл болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Р.О болон “Ч” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар шүүхэд хандаж “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолын З.Ц-д холбогдох хэсэг, уг тогтоолыг үндэслэн З.Ц-д олгосон 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр олгосон 0117611 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, уг гэрчилгээг үндэслэж бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Ү-2205066165 тоот бүртгэл, Б.А-д олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцны байшингийн дундын өмчлөлд хамаарах хөрөнгө...тул хувьчлах ёсгүй..., энэ сууцанд амьдарч байгаагүй хүнд өмчлүүлсэн нь хууль бус” гэж тодорхойлсныг хариуцагч нар “...З.Ц-д олгосон эзэмших эрхийн бичиг болон холбогдох бусад баримт бичгийг үндэслэн хувьчилсан, уг гэрчилгээ болон мэдүүлгийг үндэслэн бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Захиргааны байгууллагууд хууль зөрчөөгүй...” гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэн З.Ц-ээс Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт хандаж “...эхнэр хүүхдийн хамтаар  Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 4 дүгээр орцны 0 тоот орон сууцанд амьдардаг тул энэ өрөөг орон сууцны хувьчлалын журмын дагуу магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гаргаж өгнө үү” гэж хүсэлт гаргасан, уг хүсэлтдээ Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн дарга Ж.Б-ын, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой “Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 4 дүгээр орцны 0 тоотод 2010 оноос хойш 5 жил амьдарч байгаа нь үнэн...” гэсэн тодорхойлолт, “Чингэлтэй” СӨХ-ийн Гүйцэтгэх захирал Ю.Ц-ын, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр огноолсон “Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 4 дүгээр орцны 0 тоотын оршин суугч З.Ц нь өөрийн амьдарч байгаа 00 тоот өрөөг хувьчлах хүсэлт гаргасныг дэмжиж байна...” гэсэн тодорхойлолт, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөр огноолсон “З.Цэрэнчимэд нь 23б байрны 4-0 тоотод оршин суудаг” гэх Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга Ж.А-ын тодорхойлолт, З.Ц нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооноос 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжин явсан тухай Улсын бүртгэгч Б.Б-ийн тодорхойлолт болон Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3-р хороолол, Энэбишийн гудамж, 23б байр, 4-0 /4 гэсэн тоо нь засвартай/ 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 120 дугаартай улсын бүртгэгчийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3-р хороолол, Энэбишийн гудамж 23А байрны 58 тоот хаягт амьдардаг хаяг бүхий өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргаж өгсөн байна. 

Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Төрийн өмчийн хорооны дарга, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 226/517 тоот хамтарсан тушаалаар томилогдсон Магадлан шинжлэх хэсгийн бүрэлдэхүүн 2016 оны 5 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд...орон сууцны хороолол дахь “00” тоот өрөөнүүд нь орон сууцны зориулалтаар ашиглагдаж, хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар үзлэг шалгалт хийж гаргасан, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар “Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт”-ээр уг Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 4 дүгээр орцны 00 тоот хаягт орших 9 м2 талбай бүхий өрөө нь “...хүн амьдрах наад захын шаардлагыг хангасан...” гэж дүгнэжээ.

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 5 дахь заалтаар дээр дурдсан Магадлан шинжлэх хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 107 тоот дүгнэлтийг баталсан байх ба тус товчооны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” тогтоолын 1 дэх заалтаар “Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 4 дүгээр орцны 0 тоот 1 өрөө сууцыг иргэн З.Ц /ам бүл 3/-д, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны дарга Т.Г-өөс 2017 оны 3 дугаар сарын 15-ний өдөр олгосон 2017007 тоот, орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн, 565,704 төгрөгийн үнэлгээтэйгээр хувьчлахаар шийдвэрлэж улмаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны дарга Т.Г-өөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 0117611 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ З.Ц-д олгосон байна. 

2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэн З.Ц нь улсын бүртгэлийн байгууллагад хандан 00 тоотын орон сууц өмчлөх эрхээ баталгаажуулахаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хүсэлт гаргаж уг хүсэлтдээ тухайн орон сууцыг эзэмших эрх олгосон 2017007 тоот гэрчилгээ, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн өргөдөл, уг өргөдөлдөө хамтран эзэмших эрхтэй гишүүдээр Б.Г, Ц.М нарыг тодорхойлон улмаар Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга Д.Б болон “Ч” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Ю.Ц-ын “З.Ц нь 23б байрны 0 тоотод ам бүл 3-уул амьдардаг, өр төлбөргүй” гэсэн тодорхойлолтыг тус тус хавсарган гаргасныг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр уг орон сууцыг З.Цэ, Б.Г, Ц.М нар хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2205066165 дугаарт бүртгүүлжээ.

Түүнчлэн 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэн З.Ц нь “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж уг орон сууцыг иргэн Б.А-д худалдсан, тэрээр 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн иргэн Б.А-д 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000573992 тоот гэрчилгээ олгогдсон,  уг орон сууцыг иргэн Б.А-гийн итгэмжлэлийн дагуу иргэн Н.А нь Хаан банктай байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 8 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд бүртгүүлсэн үйл баримтууд тогтоогдов.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн  2-т  "орон сууц хувьчлах" гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг; 5-д "сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/-ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг; 6-д "сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/ болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 4 дүгээр орцны 00 тоот өрөөг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчийн өмчлөлд дээрхи хуульд заасан журмын дагуу шилжүүлснээр тухайн орон сууцыг хууль ёсоор хувьчилсан гэж үзэхээр байх боловч иргэн З.Цэрэнчимэд нь уг 00 тоот өрөөнд огт амьдарч байгаагүй тул З.Ц нь тухайн сууцны хууль ёсны эзэмшигч биш, уг сууцыг хуульд заасан журмын дагуу хувьчилж аваагүй байна.

Иймд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 4 дүгээр орцны 00 тоот өрөөг түүнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” тогтоолын 1 дэх заалтын З.Ц-д холбогдох хэсэг болон З.Ц-д олгосон орон сууц өмчлөх эрхийн 0117611 тоот гэрчилгээ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  Тухайлбал:

 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог” 15.4-т “Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө.” 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд дараахь эд хөрөнгө хамаарна”, 15.1.1-д “орон сууцны байшингийн…сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө… орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж тус тус заажээ.

Үүнээс  үзвэл уг 00 тоотын өрөө нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйл байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, энэ хууль зүйн утгаараа тус байрны оршин суугчдын байгуулсан “Чингэлтэй” Сууц өмчлөгчдийн холбоо болон 23б байрны 14 тоотод оршин суугч Д.О нарын хэн аль нь уг 00 тоот өрөөний талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээдүүд мөн байна.

Нөгөө талаар хэрэгт нотлох баримтаар авагдсан, Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.С-ээс 2019 оны 3 дугаар сарын 14-нд 5/419 тоот албан бичгээр гомдлын хариу өгөхдөө “...Иргэн З.Ц нь орон сууц эзэмших эрхийн бичгийг зохих журмын дагуу аваагүй, орон сууцыг хувьчилж авахдаа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23Б байрны 4 дүгээр орцны 0 тоот хаягт 2010 оноос хойш 5 жил амьдарсан гэх худал тодорхойлолт, тус дүүргийн 15 дугаар хорооны засаг даргаар дээрхи хаягт амьдардаг гэж худал тодорхойлолт тус тус гаргуулан авсан гэх үндэслэл тогтоогдсон байна...” гэж дүгнэсэн, энэ нь нийтэд илэрхий үйл баримт байх тул шүүхээс нотлох ажиллагаа явуулах шаардлагагүй.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Э-ын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17 дугаар тогтоолоор, иргэн З.Ц-д орон сууц эзэмших эрхийн 2017007 тоот, орон сууц өмчлөх эрхийн 0117611 тоот гэрчилгээнүүдийг хууль бус бичиг баримтанд үндэслэн олгосон нь тогтоогдсон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан дээрхи маргаан бүхий захиргааны акт хууль бус, уг захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

 Түүнчлэн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц" гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална”, хуулийн 11 дүгээр зүйлд”Орон сууц хувьчлах товчоо орон сууц хувьчлах ажлыг хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй”  2-т “эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авах; 3/ орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ болон орон сууц эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн иргэний бичиг баримт, бүртгэл, түүнчлэн сууцны хөлс төлөлтийг шалгаж, зөрчлийг арилгуулах үүрэгтэй” гэж тус тус заасан боловч хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ: 5.1.2.бүртгэл үнэн зөв байх гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна.7.7.Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.9.Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны дарга Т.Г-өөс 2017 оны 3 дугаар сарын 15-ний өдөр З.Цэрэнчимэдэд олгосон 2017007 тоот, орон сууц эзэмших эрхийн бичиг, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр З.Ц-д олгосон 0117611 тоот өмчлөх эрхийн гэрчилгээнүүд зохих журмын дагуу олгогдоогүй нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, энэ үндэслэлээр шүүх З.Ц-д Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 4 дүгээр орцны 00 тоот өрөөг өмчлөх эрх олгосон Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” тогтоолын З.Ц-д холбогдох хэсэг болон З.Ц-д олгосон орон сууц өмчлөх эрхийн 0117611 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг 0117611 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэж хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205066165 дугаар бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205066165 дугаарт бүртгэгдсэн дээрхи 00 тоотын 9 м2 талбай бүхий нэг өрөө сууцыг З.Ц нь хэлцлийн үндсэн дээр иргэн Б.А-д худалдсан, Б.А нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаснаар түүнд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23Б байрны 4 дүгээр орцны 00 тоот 9 м2 талбай бүхий нэг өрөөний өмчлөгчөөр Ү-2205066165 дугаарт бүртгэж 000573992 тоот гэрчилгээ олгосон байх тул “улсын бүртгэл үнэн зөв, бүртгэл нэгдсэн байх” хуулийн шаардлагын хүрээнд уг бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй.

Харин шударга эзэмшигч иргэн Б.А нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар буруутай этгээдээс хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 5, 11 дүгээр зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, 13.9, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1, 15.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч СӨХ болон иргэн Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолын З.Ц-д холбогдох хэсэг, З.Ц-д олгосон 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0117611 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Ү-2205066165 дугаар бүртгэл, Б.А-д олгосон  000573992 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН