Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2020/0344

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ГХОХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргасан “М” ГХОХХК-ийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Я.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 214 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ГХОХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчид холбогдох хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “М” ГХОХХК-иас шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0066571 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 214 дүгээр шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4, 10.2 дугаар зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ГХОХХК-ийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0066571 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “Мое жапанс бюти клаб” ГХОХХК-д оногдуулсан 0066571 дугаартай 20 000 000 /хорин сая/ төгрөгийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч улсын байцаагч Э.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн оролцогчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан талаар:

Б.Б 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бичгээр ирсэн гомдлыг хүлээн аваад Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасныг баримтлан зөрчлийн шинжтэй үйлдлийг шалган тогтоож, шийтгэл оногдуулсан.

Б.Б гомдолдоо “гоо сайхны үйлчилгээ үзүүлэхдээ зориулалтын бус, гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаагүй бүтээгдэхүүнээр үйлчилсэн” гэсэн бөгөөд энэ нь “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу “М” ГХОХХК-д шалгалт хийхэд шинжилгээний бичгүүд байхгүй, гарал үүсэл тодорхойгүй, бүтээгдэхүүний зориулалтын бус бүтээгдэхүүн хийж хэрэглэж байгаа нь газар дээрх шалгалтаар тогтоогдсон.

Иймд Зөрчлийн тухай хуульд заасан “бараа бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангаагүй” гэх шинжийг агуулж байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт заасан харьяалуулсан зөрчлийн хэрэгт тус хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээсэн.

Гэвч зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад энэхүү зөрчлийн шинжтэй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлд заасан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих” гэснийг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Учир нь “М” ГХОХХК нь усан массажны үйлчилгээ үзүүлэхдээ WaterCos гэх брэндийн арьсанд өндөр нөлөө үзүүлэх, хүчилтөрөгчтэй, эрдэст бодистой анагаагч усаар үйлчилдэг хэмээн тайлбарлаж төлбөр авдаг хэрнээ тухайн бараа бүтээгдэхүүнийхээ саванд зориулалтын бус ус хийж үйлчлэн хэрэглэгчдийг хуурч мэхлэн, эрхийг нь хохироож байсан.

Энэ нь хохирогч Б.Б мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г мэдүүлэг, газар дээр хийсэн шалгалт, МХЕГ-ийн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүнгээр нотлогддог.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна”, 10.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэл оногдуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-т заасны дагуу “холбогдогч ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх”, 2.6-т “эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хангаагүй” гэх гомдлын тухайд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гансүх зөрчлийн хэрэг нээсэн цагаас эхлэн прокурорт дөрвөн удаа гомдол гаргаж, тухай бүрт нь прокуророос холбогдох хариуг үндэслэл бүхий тайлбарын хамтаар өгч байсан болохыг зөрчлийн хэрэгт авагдсан материалуудаас харж болно.

Холбогдогч зөрчлийн хэрэг анх нээсэн зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг сольсон гэх асуудлыг удаа дараагийн гомдлууддаа бичдэг бөгөөд энэ асуудлаар прокуророос хуулийн үндэслэл бүхий тайлбартай хариу өгдөг байсан.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрхээ эдэлж хэрэгжүүлж байсан болох нь нотлогдож байгаа бөгөөд оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэх нь үндэслэлгүй байна.

2.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн талаар:

Холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохоос өмнө шийтгэлийн хуудас бичсэн хэмээн холбогдогч гомдолдоо бичжээ. Гэвч холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г нь зөрчлийн хэрэг нээсэн цагаас эхлэн прокурорт удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд энэ нь ямар зөрчилд холбогдсоноо мэдээгүй, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоогүй гэх үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа 14 хоног байх бөгөөд Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болдог.

Холбогдогч удаа дараа хүсэлт гомдол гаргаж байсан тул тухай бүрт нь прокурорт танилцуулан хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаж, гомдол хүсэлтийн хариуг өгч байсан. Холбогдогчийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолдоо бичсэнээр гэрч, хохирогч нь найз нөхдийн холбоотой, хуйвалдсан гэх асуудал нь энэ зөрчлийн хэрэгтэй огт хамааралгүй юм.

3.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй төдийгүй, хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа талаар:

WaterCos брендийн бүтээгдэхүүнүүдийг “И” ХХК нь Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирж аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр худалдан борлуулдаг.

Water threrapy төхөөрөмж 30-0691186 дугаар гэрчилгээтэй, WaterCos брендийн 1000 мл савлагаатай бүтээгдэхүүний орц найрлагыг тогтоосон баримт бичиг, сертификат, шинжилгээнд хамруулж байсан сорилын дүн холбогдох баримт бичгүүд анхан шатны шүүх дэх хавтаст хэрэгт авагдсан болно.

“М” ГХОХХК нь тухай үеийн хяналт шалгалтаар Water threrapy төхөөрөмжийг ашиглахдаа зориулалтын бус ус ашиглаж үйлчилгээ үзүүлсэн нь холбогдох гэрчилгээ, гэрчийн мэдүүлэг, лабораторийн шинжилгээ зэрэг зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримт, бусад баримт бичгээр тогтоогдож Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасны дагуу хуульд нийцүүлэн шийтгэл оногдуулсан.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хариуцагч улсын байцаагчийн гаргасан гомдлыг хангаж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хүний арьсанд өндөр нөлөө үзүүлэх хүчилтөрөгч бүхий эрдэс бодистой усаар үйлчилгээ үзүүлж “Хүчилтөрөгчтэй усан массаж”-ний үр дүнд 5 төрлийн цэвэрлэгээ болон арьсан дахь гүн бохирдлыг цэвэрлэн, арьсыг эрүүлжүүлж чангалахаас гадна чийгшил өгөх үүрэгтэй гэх үйлчлүүлэгч татах зорилго бүхий тус компанийн сурталчилгааны хуудас 1-р хавтас хэргийн 82 дахь талд авагдсан, түүнчлэн “WaterСos” брендийн бүтээгдэхүүний шошго бүхий саванд өөр төрлийн /San Benedetto/ ус хийж үйлчилгээ үзүүлж байсан нь зөрчлийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад нэр бүхий гэрчүүдийн болон “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г мэдүүлгээр, түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд хамруулсан сорилын дүнгээр “WaterСos” брендийн бүтээгдэхүүний саванд хийж хэрэглэж байсан усыг тус брендийн лацтай задлаагүй устай харьцуулахад хатуулаг өндөр болох нь тус тус тогтоогдсон байна.

Улсын байцаагчаас иргэн Б.Б гаргасан гомдлын дагуу анх зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4-т заасан “Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй” гэсэн зөрчилд холбогдуулж нээсэн боловч шалгалтын явцад зөрчлийн шинжтэй үйл ажиллагаа нь дээрх байдлаар уг хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдаж, гүйцэтгэсэн” болох нь батлагдсан тул хуульд заасан шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс “…Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалт нь гаргасан зөрчилтэй нийцэж байх ёстой бөгөөд энэ тухай холбогдогчид танилцуулан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй…” гэж хариуцагчийг буруутгадаг. Гэтэл уг хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангахаас бус танилцуулах үүрэггүй.

Мөн зөрчлийн зүйлийг өөрчилсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй гэдэг ч холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г энэ талаар Хан-Уул дүүргийн прокурорын газарт гаргасан гомдлын хариунд /2019.09.11-ны өдрийн 5/609 тоот/ “…Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан шийтгэл оногдуулсанд хууль хэрэглээний болон процессийн зөрчил гараагүй байна…” гэж үзжээ.

Иймд улсын байцаагчаас “М” ГХОХХК-ийг үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх байдлаар гоо сайхны үйл ажиллагаа явуулж байсан болохыг хангалттай шалгаж тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан уг зөрчилд 200 нэгж буюу 20 сая төгрөгөөр торгосон нь хуульд нийцсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхээс зөрчлийг хангалттай тогтоогүй, процессийн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүйгээс гадна холбогдох хуулийг буруу тайлбарлаж, маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийлгүйгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан “М” ГХОХХК-ийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д холбогдуулан гаргасан “2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0066571 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч улсын байцаагч Э.Д гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН