Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0215

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Н нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ц.Н 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/281, 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б/412 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр албан тушаалд томилуулах, цалин хөлс, нэмэгдлүүдийн зөрүүг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх”-ийг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 45 дугаар зүйлийн 45.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 85 дугаар зүйлийн 85.12-д заасныг баримтлан Ц.Н Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б/412 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Н урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/281 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, цалин хөлс, нэмэгдлүүд, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Б дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/750 дугаар тушаалаар Ц.Намсрайжавт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү, аж ахуйн тасгийн даргаар томилсон боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 207 дугаар шийдвэрээр П.Д урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгасан тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор мөн газрын даргын 2019 оны Б/281 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлж, албан ажлын шаардлагаар Нийслэлийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн ахлах офицерын сул орон тоонд түр томилж ажиллуулсан.

Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргаж, мөн зөвлөлөөс Ц.Н урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр бололцооны дагуу өөр албан тушаалд томилохыг мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчийг мөн газарт чиглэлийн ахлах мэргэжилтнээр томилсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/139 дүгээр тушаалаар Хангалт үйлчилгээний төвийн барилга байгууламжийн хяналтын тасгийн ахлах инженерийн орон тоог Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн болгон түр шилжүүлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 1.6-д “төрийн жинхэнэ алба хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй”, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд нийцсэн байна”, 85 дугаар зүйлийн 85.12-д “хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн албан хаагчийг ...өөр албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн байна” гэж дүгнэжээ.

Дээрх удирдлага болгосон журам нь төрийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлага хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулахтай холбоотой харилцааг зохицуулсан журам бөгөөд байгууллага дотор алба хаагчийн ажлын байрыг өөрчлөхтэй холбогдох харилцаанд хамаарахааргүй байна.

Түүнчлэн “хуульд зааснаас бусад үндэслэлээр өөр албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлд алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх үндэслэлийн талаар заасан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ холбогдох хууль тогтоомжийг хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүхээс хариуцагчийг “харьяа байгууллагын орон тоог нөгөөд шилжүүлэх эрх хуулиар олгогдоогүй” гэж дүгнэж буй нь үндэслэлгүй бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т “Агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.3.4-т “батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох”, Цагдаагийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоог цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж тус тус зааснаар харьяа нэгж байгууллагын бүтэц, орон тоог батлах эрхтэй.

2. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Ц.Н урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал зэрэглэл, цалин хөлс зэрэг дэвийг бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн тусгай албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэвийг хууль тогтоомжид заасны дагуу тогтооно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн томилогдсон чиглэлийн ахлах мэргэжилтний ажлын байрны албан тушаалын зэрэглэл нь түүний урьд томилогдсон Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү, аж ахуйн тасгийн даргын албан тушаалын зэрэглэлтэй ижил буюу “ТТ-14” зэрэглэлтэй. Үүнээс үзэхэд хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрх зүйн байдлыг дордуулаагүй байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх ямар эрх хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг захиргааны санаачилгаар шилжүүлээгүй, сэлгэн ажиллуулаагүй, харин Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын чиглэлийн ахлах мэргэжилтнээр томилсон байхад шүүхээс маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, өөр албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

Нэхэмжлэгч Ц.Н тухайд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан хаагчдын сахилга, дэг журмыг бэхжүүлэх талаар үр дүнтэй арга хэмжээ аваагүй, өдөр тутмын ажилд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас хариуцсан нэгж, алба хаагчид нь ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/750 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү, аж ахуйн тасгийн даргаар томилогдсон боловч уг албан тушаалд өмнө нь ажиллаж байсан П.Д шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосноор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг бололцооны ажил, албан тушаалд томилох шаардлага хариуцагчид үүссэн байна.

Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/281 дүгээр тушаалаар Санхүү, аж ахуйн тасгийн даргаас чөлөөлж, Нийслэлийн Цагдаагийн газарт Шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн ахлах офицероор томилж, улмаар 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б/412 дугаар тушаалаар дээрх ажлаас чөлөөлж, тус газрын Мөрдөн шалгах газрын чиглэлийн ахлах мэргэжилтнээр томилсон, мөн Нийслэлийн Цагдаагийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/616 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн болон Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс ирүүлсэн чиглэлийг үндэслэн нэхэмжлэгчийн албан тушаалын цалингийн зэрэглэлийг ТТ-14-5 дугаар шатлалаар, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25, цолны нэмэгдлийг 30 хувиар тус тус тооцож, цалин хөлсийг олгохоор шийдвэрлэснээс үзэхэд албан тушаалын зэрэглэл, бусад нэмэгдлүүд өмнө олгогдож байснаас огт буураагүй төдийгүй онцгой нөхцөлийн нэмэгдэл өмнөхөөс 5 хувиар өсчээ.

Тухайлбал Ц.Н Санхүү, аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байхад онцгой нөхцөлийн нэмэгдэл 25 бус 20 хувиар, албан тушаалын зэрэглэл ТТ-14-5 дугаар шатлалаар, цолны нэмэгдэл 30 хувиар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 45 хувиар тогтоогдсон нь Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн даргын 2018 оны Б/75 дугаар тушаалаар батлагдах тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийг бололцооны ажилд томилох үүргээ хариуцагч бүрэн биелүүлсэн байна.

Харин Нийслэлийн Цагдаагийн газарт жижүүрийн ахлах офицероор томилогдсон 1 сар гаруйн хугацаанд л албан тушаалын зэрэглэл болон зарим нэмэгдэл зохих байдлаар буурснаас бус тус газрын Мөрдөн шалгах газрын чиглэлийн ахлах мэргэжилтнээр томилогдсоноор цалингийн зэрэглэл, бусад нэмэгдлүүд огт буураагүй болох нь дээрх байдлаар, мөн албан тушаалын ангилалын хувьд Санхүү, аж ахуйн тасгийн дарга нь удирдах бус гүйцэтгэх албан тушаалд хамаарагддаг болох нь ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтоор тус тус тогтоогдох тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн томилгоо хийсэн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү, аж ахуйн тасгийн дарга болон Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын чиглэлийн ахлах мэргэжилтний албан тушаалыг албан тушаалын ангилалын хувьд адилтгасан шийдвэр, тушаал байхгүй нь, Хангалт үйлчилгээний төвийн барилга байгууламжийн хяналтын тасгийн ахлах инженерийн орон тоог Нийслэлийн Цагдаагийн газарт мөрдөн шалгах чиглэлийн ахлах мэргэжилтэн болгон шилжүүлэх эрх хэмжээ хариуцагчид байгаа эсэх нь, мөн уг албан тушаалын тодорхойлолт батлагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй үйл баримтууд болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр тушаалаар хамтран баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын зохицуулалт ч энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн .... дугаар албан бичигт “…2019 оны 3-8 сард ТТ-14, ТТ-15 зэрэглэлийн сул орон тоо байгаагүй тул албан хаагч томилогдоогүй…” гэсэн байхад энэ талаарх лавлагааг шаардан гаргуулсан атлаа хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Н Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/281, 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б/412 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах, цалин хөлс, нэмэгдлүүд, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Б гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН