Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1258

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Хашбаатар /томилолтоор/,

шүүгдэгч Э.Ц , түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо ҮД:01-79, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж”танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Ц холбогдох эрүүгийн 1903 00546 ..... дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Э.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Э.Ц  нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мянган оюутны байр”-ны автобусны буудал дээр “Hyundai aero city” маркийн 63-35 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 -т заасан “Жолооч нь тээврийн хэрэгсэлээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалгаа нээхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг тус тус зөрчин автобусны хаалгыг хаалгүйгээр хөдөлгөөн эхэлсний улмаас зорчигч 61 настай иргэн И.Ишням унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц  мэдүүлэхдээ: 17-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Станцын буудлаас Шар хад руу чиглэж хөдлөсөн. 14 цаг өнгөрч байхад хохирогч хойд хаалгаар орж ирсэн. Оюутны байрны буудал дээр хойгуураа хүмүүсээ буулгаад, урдуураа суулгаад толиндоо хараад хөдөлтөл хүмүүс хүүе гээд орилолдохоор нь буугаад очтол хүн унасан байсан. Өөр ярих зүйлгүй гэв.

           Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Ишнямын өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Багшийн Дээдийн автобусны  буудлын хойд талын сүүдрэвчинд Сэр-Одтой тааралдан хоёулаа хууч хөөрч нэг цаг орчим байсан. Энэ хугацаанд 0.5 граммын гэх шил архи авч уусан. Интерномын дэлгүүр орж ном унших гэснээ болиод Багшийн Дээдийн автобусны буудал дээрээс “Шархад” гэсэн бичигтэй автобусанд суусан. Мянган оюутны байрны автобусны буудал дээр бууж хүнтэй уулзахаар явсан. Мөнгөө төлөөгүй болохоор санаа зовоод байсан. Тэгээд автобусны буудал дээр ирээд эхлээд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн  түрүүлээд буусан. Тэгээд би буух гэтэл автобус урагшаа ухас ухас гээд байхаар нь доошоогоо хөлөө тавьтал гишүүрээс нь халтираад хаалгаанаас барих гэтэл хаалга нь гүйгээд хий алдаад хальтираад унасан. Цааш нь юу ч санаагүй...Бие хүнд оргиод хөдөлж чадахгүй байсан. Нилээн байж байгаад хартал зүүн хөлийн өвдөг дээгүүр тайрахаар хөрөөдсөн. Тэгээд юу болсныг хальт санаж эхэлсэн...Би гэмтлийн эмнэлэгт 16 хоног хэвтээд гарсан. Сар гаруй хугацаанд эмчийн хяналтанд байсан. Үрэвслийн болон өвчин намдаах эм хэрэглэхийг зөвлөсөн. Одоо хөл тайрсан хэсгээрээ өвдөөд байна. Намайг зогсоож байхад хөдөлсөн бол юу гэж ийм зүйл болох вэ. Хөлөө тайруулсандаа маш их харамсалтай байна. “Эрхэст төмөр” хувийн үйлдвэрээс 4.500.000 төгрөгөөр протез худалдаж авмаар байна. Эм тарианд  500.000 төгрөг зарцуулсан. Эмчилгээний зардалд 4.930.534 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20 сая төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Батзоригийн өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мянган оюутны  байр”-ны автобусны буудал дээр зогсож байтал баруун талаас цэнхэр өнгийн автобус ирээд зорчигч нар буусан. Зорчигч нар бууж дуусаагүй байтал буюу ахимаг насны хүн буух гэж байтал автобус хөдлөөд тэр хүн халтираад автобусны баруун хойд дугуйн доогуур зүүн хөл ороод автобус дээгүүр нь гарсан. Тэгээд хартал гэмтсэн хүн автобусны хойно үлдсэн. Зүүн хөл нь өвдөг орчмоороо тасарсан цус алдаж байсан. Тэгтэл дотор нь сууж байсан зорчигч нар буугаад явсан. Гэмтсэн хүний хөлнөөс цус алдаад байхаар нь би жолоочтой хамжин уяагаар боосон. Тэгээд би 102 болон 103 руу өөрийнхөө утсаар дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн № 6353 дугаартай шинжээчийн:

            1. И.Ишнямын биед зүүн шилбэ яс болон зүүн тойг ясны бяцарч, сэтэрсэн хугарал, булчин, судас мэдрэлийн эдийн дутагдал бүхий шарх, зүүн дунд чөмөг ясны доод 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            5. Цаашид шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17, 108.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 60 хувиар алдагдуулна. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр тал/,

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, фото зураг /хх-ийн 3-7, 9-12 дугаар тал/,

            - Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 038859 дугаартай шинжээчийн:

            1. “Hyundai” маркийн Аero city-540 загварын 63-35 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслэл нь техникийн бүрэн бүтэн байдал өнгө үзэмж стандартын  шаардлага хангахгүй байна.

            2. Уг тээврийн дахометр ажиллахгүй, зорчигчийн дунд хаалга дотроос гадагш гадагш чигт доогуураа гажиж, хаалга доод талын гүйдэг хувьлаас гарсан, тал онгойж гацсан, баруун гар талын арын оврын гэрэл асахгүй байна.

            3. Уг тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Дахометр ажиллахгүй, баруун гар талын арын оврын гэрэл асахгүй гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн гэмтэл ба зорчигчийн дунд хаалга дотроос гадагш гадагш чигт доогуураа гажиж, хаалга доод талын гүйдэг хувьлаас гарсан, тал онгойж гацсан эвдрэл нь ослын үед үүссэн байна.

            4. Тээврийн хэрэгслийн тоормос нь хийн дамжуулалт АВS тоормосны системтэй. Тоормос стандартын шаардлага хангаж байна.

            5. Уг тээврийн хэрэгслэл нь хийн дамжуулалт АВS тоормосны системтэй. Тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ.

            6. Уг тээврийн хэрэгсэлийн спидометр ажиллаж байна. Шинжээч Б.Зул, С.Бат-Эрдэнэ, Б.Ганцоож...гэх дүгнэлт /хх-ийн 51-54 дүгээр тал/,

            Осол болсон  газрын камерын  бичлэгт үзлэг хийсэн  тэмдэглэлээс: ... автобус  мянган оюутны байрны урд талын автобусны зогсоол дээр ирээд зогсоход хойд талын хаалгаар таван хүн, урд талын хаалгаар нэг хүн буугаад, урд хаалгаар хоёр хүн ороод автобусны хаалга онгорхой хөдлөөд явах үед хойд хаалгаар цайвар малгайтай дээгүүрээ бараан өнгийн хувцастай 60 орчим насны эрэгтэй зүүн хөлөө газарт тавин буух үед баруун хөл нь автобусны хойд гүйдэг хаалганд хавчигдан  хаалга хаагдан чирэгдэж унах үед зүүн хөл дээгүүр нь автобусны хойд дугуй гарч  хөл нь өвдөг орчмоороо тасарсан байдалтай харагдаж буй, гэмтсэн хүн баруун хажуу талаараа автобусны хойд талд газар унасан байна. /хх-ийн 16-17 дугаар тал/,

            Жолооч Э.Ц , зорчигч И.Ишнямын согтуурал шалгасан тэмдэглэл. /хх-ийн 8 дугаар тал/,

            - Иргэний хариуцагчаар “Мяралзаа” ХХК-ийг татсан тухай тогтоол /хх-ийн 28-29 дүгээр тал/,

            - Хохирогч И.Ишням 857.300 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлсэн байна. /хх-ийн 68-76 дугаар тал/,

            - Шүүгдэгч Э.Ц ийн иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-91, 109 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.Ц  нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мянган оюутны байр”-ны автобусны буудал дээр “Hyundai aero city” маркийн 63-35 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 -т заасан “Жолооч нь тээврийн хэрэгсэлээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалгаа нээхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг тус тус зөрчин автобусны хаалгыг хаалгүйгээр хөдөлгөөн эхэлсний улмаас зорчигч 61 настай иргэн И.Ишням унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И. Ишнямын өгсөн Мянган оюутны байрны автобусны буудал дээр бууж хүнтэй уулзахаар явсан. Мөнгөө төлөөгүй болохоор санаа зовоод байсан. Тэгээд автобусны буудал дээр ирээд эхлээд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн  түрүүлээд буусан. Тэгээд би буух гэтэл автобус урагшаа ухас ухас гээд байхаар нь доошоогоо хөлөө тавьтал гишүүрээс нь халтираад хаалгаанаас барих гэтэл хаалга нь гүйгээд хий алдаад хальтираад унасан. Цааш нь юу ч санаагүй...Бие хүнд оргиод хөдөлж чадахгүй байсан. Нилээн байж байгаад хартал зүүн хөлийн өвдөг дээгүүр тайрахаар хөрөөдсөн. Тэгээд юу болсныг хальт санаж эхэлсэн...Би гэмтлийн эмнэлэгт 16 хоног хэвтээд гарсан. Сар гаруй хугацаанд эмчийн хяналтанд байсан. Үрэвслийн болон өвчин намдаах эм хэрэглэхийг зөвлөсөн. Одоо хөл тайрсан хэсгээрээ өвдөөд байна. Намайг зогсоож байхад хөдөлсөн бол юу гэж ийм зүйл болох вэ. Хөлөө тайруулсандаа маш их харамсалтай байна. “Эрхэст төмөр” хувийн үйлдвэрээс 4.500.000 төгрөгөөр протез худалдаж авмаар байна. Эм тарианд  500.000 төгрөг зарцуулсан. Эмчилгээний зардалд 4.930.534 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20 сая төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/,

 мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Батзоригийн өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мянган оюутны  байр”-ны автобусны буудал дээр зогсож байтал баруун талаас цэнхэр өнгийн автобус ирээд зорчигч нар буусан. Зорчигч нар бууж дуусаагүй байтал буюу ахимаг насны хүн буух гэж байтал автобус хөдлөөд тэр хүн халтираад автобусны баруун хойд дугуйн доогуур зүүн хөл ороод автобус дээгүүр нь гарсан. Тэгээд хартал гэмтсэн хүн автобусны хойно үлдсэн. Зүүн хөл нь өвдөг орчмоороо тасарсан цус алдаж байсан. Тэгтэл дотор нь сууж байсан зорчигч нар буугаад явсан. Гэмтсэн хүний хөлнөөс цус алдаад байхаар нь би жолоочтой хамжин уяагаар боосон. Тэгээд би 102 болон 103 руу өөрийнхөө утсаар дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн № 6353 дугаартай шинжээчийн “И.Ишнямын биед зүүн шилбэ яс болон зүүн тойг ясны бяцарч, сэтэрсэн хугарал, булчин, судас мэдрэлийн эдийн дутагдал бүхий шарх, зүүн дунд чөмөг ясны доод 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, фото зураг /хх-ийн 3-7, 9-12 дугаар тал/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ц ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн  505 дугаар зүйлийн 505.1:-д  бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор  учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Ишням нь эмчилгээний зардалд 4.930.534 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20 сая төгрөг нэхэмжилж байсан боловч хавтаст хэрэгт 857.300 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч 1.000.000 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 20-22, 68-76 дугаар тал/,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т ...тээврийн хэрэгслийн ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилсан байх ба шүүгдэгч Э.Ц  нь “Мяралзаа” ХХК-н өмчлөлийн нийтийн тээврийн “Hyundai aero city” маркийн 63-35 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хохирогч И.Ишнямын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх эрүүгийн хэрэгт “Мяралзаа” ХХК-н иргэний хариуцагчаар татагдаж хохирогчид хохиролд нийт 3.930.534 төгрөгийг төлж, нийт 4.930.534 төгрөгийг төлсөн, одоогоор хавтаст хэрэгт хохирогчид нотлох баримтаар төлбөргүй байна. /хх-ийн 133 дугаар тал/

Хохирогч И.Ишням нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Ц т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.Ц ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх боловч шүүгдэгч эрхэлсэн ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, тулгуур эрхтэн болох зүүн талын хөлгүй болгосон, гэм хорын хохирол бүрэн арилаагүй зэргийг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Ц  нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 89 дүгээр тал/

Шүүгдэгч Э.Ц т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын ихэнх хэсгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Э.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  заасан автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Э.Ц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт   зааснаар Э.Ц т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Э.Ц  нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн  ирсэн хөрөнгөгүй, одоогоор хохирогч И.Ишнямд баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч И.Ишням нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Ц т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг тус тус баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураагдан ирсэн Э.Ц ийн “В, С, Д” ангилалын 1053855 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Шүүгдэгч Э.Ц т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ц т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ