Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1011

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Н.Уранбайгаль,

          шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,

          нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/1258 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Цийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ......................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.Ц, 1994 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .............................. ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

 

Э.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мянган оюутны байр”-ны автобусны буудал дээр “Нyundai aero city” загварын 63-35 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэж, мөн дүрмийн 3.4-д “Жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэж тус тус заасныг зөрчин автобусны хаалгыг хаалгүйгээр хөдөлгөөнөө эхэлсний улмаас зорчигч 61 настай И.Ишням унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Э.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бодонгууд овогт Энхтөрийн Э.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Энхтөрийн Э.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Цт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.Ц нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, одоогоор хохирогч И.Ишнямд баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, хохирогч И.Ишням нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг тус тус баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураагдан ирсэн Э.Цийн “В, С, Д” ангилалын 1053855 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Ц гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/1258 дугаартай шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Би анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч хохирол, төлбөрөө төлж байсан. Шийтгэх тогтоолыг уншиж үзэхэд хохирогчид төлбөртэй юм шиг ойлгогдохоор бичжээ. Шийтгэх тогтоолын 6 дугаар хуудсанд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын ихэнх хэсгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т, Э.Цэрэнцунцаг нь хохирогч И.Ишнямд баримтаар төлөх төлбөргүй гэх зэргээр бичигдсэн байна. Би хохирогчид мөрдөн байцаалтын үед 1.000.000 төгрөг, шүүх хуралдаанаас өмнө 3.930.634 төгрөгийг өгч, бүгд 4.930.534 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч И.Ишням нь 425.534 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд үлдэх 4.505.000 төгрөгийн хохирол нь баримт байхгүй ч түүний хүсэлтээр хиймэл эрхтний хохирлыг төлснөөр хохирол бүрэн төлөгдсөн. Энэ талаар хохирогч И.Ишням нь шүүхэд гаргасан хүсэлтээ тодорхой бичиж, хохирогчийн хувиар ял шийтгэлийн талаар санал, хүсэлтээ бичиж өгсөн. Тухайн осол нь миний 100 хувь буруугаас болсон. Хохирогчид цаашид төлөх төлбөргүй болно. Миний бие анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, хохирлоо бүрэн төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ар гэрт минь бага насны 3 хүүхэд, ажил хийх боломжгүй эхнэр маань үлдэж, сэтгэл зүйн хувьд би маш их харамсаж байна. Би хэдийгээр жолооч хийх боломжгүй болсон ч компанидаа засварчнаар ажиллаж, ар гэрээ тэжээж байсан болно. Иймд миний хэргийн болон хувийн байдал, шүүх хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж дүгнэсэн байдал, ар гэрийн амьдралыг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ... гэв.

 

Шүүгдэгч  Э.Цийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар Э.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Э.Ц гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хамгийн түрүүнд эмнэлэг, цагдаагийн байгууллагыг дуудаж хохирогчийг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн нь гэмт хэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал гэж үзэж байна. Мөн хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг заавал нотлох баримт шаардахгүйгээр өөрийн хэлснээр нь төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж дурдаж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нөхөн төлөгдсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжтой гэж үзэж байна. ... гэв.

 

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг харахад тухайн жолооч нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2 талаа хараагүй, маш хариуцлагагүй хандсан. Хохирогч тухайн үед ах нь хөл муутай шүү бууя гэж хэлээд зүүн хөлөө тавиад дөнгөж буух үед жолооч хаалгаа хаагаад хөдөлсөн нөхцөл байдал харагддаг. Жолооч хүнээ буулгаж, суулгасны дараа хөдөлгөөнийг эхлүүлэх үүргийг биелүүлээгүйн улмаас хохирогч унаж, түүний хөлөн дээгүүр автобусны дугуй гарсан. Үүнээс болж хохирогч хөлөө тайруулсан. Мөн шинжээч Нандинцэцэгийн дүгнэлтэд хохирогчийн хөл 1.3 буюу тайрах мэс заслын дараах нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогчийн зүгээс эмчилгээний зардалд нийт 4.930.530 төгрөгийг авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжилэх зүйлгүй гэх тайлбар гаргасан боловч прокурорын зүгээс хор уршиг арилаагүй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/1258 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ... гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Э.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мянган оюутны байр”-ны автобусны буудал дээр “Нyundai aero city” загварын 63-35 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэж, мөн дүрмийн 3.4-д “Жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэж тус тус заасныг зөрчин автобусны хаалгыг хаалгүйгээр хөдөлгөөнөө эхэлсний улмаас зорчигч 61 настай И.Ишням нь унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч И.Ишнямын “...Тэгээд би буух гэтэл автобус урагшаа ухас ухас гээд байхаар нь доошоогоо хөлөө тавьтал гишгүүрээс хөл халтираад, хаалганаас барих гэтэл хаалга нь гүйгээд хий алдаад унасан. Цааш нь юу ч санаагүй. 00 цаг өнгөрч байхад сэртэл эмнэлэг дээр байх шиг байсан. Бие хүнд оргиод хөдөлж чадахгүй байсан. ...Би бууя, хөл муутай шүү зогсоод өг гэж хэлсэн. Тэгтэл жолооч хурдан буу гээд түр зогссоноо хаалга нь гүйгээд автобус ухас ухас гээд хөдлөөд байсан. ...” /хх 18-21, 22/,

гэрч М.Батзоригийн “…Зорчигч нар бууж дуусаагүй байтал буюу ахимаг насны хүн буух гэж байтал автобус хөдлөөд тэр хүн халтираад автобусны баруун хойд дугуйн доогуур зүүн хөл ороод дээгүүр нь гарсан. …” /хх 24/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Даваахүү “…Hyundai aero city загварын 63-35УНП улсын дугаартай автомашины зорчигчийг буулгах, суулгах хойд хаалга замаасаа гарч гажсан байсан. …” /хх 25-28/ гэх мэдүүлгүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9-12/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 6-7/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 14/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 16-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3083 тоот /хх 38-41/,

“И.Ишнямын биед зүүн шилбэ яс болон зүүн тойг ясны бяцарч, сэлтэрсэн ил хугарал, булчин, судас, мэдрэлийн эдийн дутагдал бүхий шарх, зүүн дунд чөмөг ясны доод 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6353 тоот /хх 42-44/ болон Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 038859 тоот /хх 49-57/ дүгнэлтүүд, хохирлын баримтууд /хх 60, 68-76/, өвчний түүх /хх 77-88/, шүүгдэгч Э.Цийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Цийг автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.Цийн автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зорчигчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Э.Цийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Цт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Шүүгдэгч Э.Ц нь “...миний хэргийн болон хувийн байдал, шүүх хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж дүгнэсэн байдал, ар гэрийн амьдралыг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэдийгээр хохирогч И.Ишням нь гомдол, саналгүй гэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч Э.Ц нь хохирлыг төлж барагдуулсан байх боловч хавтас хэрэгт авагдсан “И.Ишнямын биед зүүн шилбэ яс болон зүүн тойг ясны бяцарч, сэлтэрсэн ил хугарал, булчин, судас, мэдрэлийн эдийн дутагдал бүхий шарх, зүүн дунд чөмөг ясны доод 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хөдөлмөрийн чадварыг тогтонги /60%/ алдагдуулна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, өвчний түүх, бусад нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч нь хөлөө тайруулж, хиймэл эрхтэн хийлгэсэн, хор уршиг нь арилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүгдэгч Э.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч Э.Цийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Цийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/1258 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Цийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

                                                                        

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                                           Ц.ОЧ

 

                                ШҮҮГЧ                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ