Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0483/З |
Дугаар | 221/МА2020/0298 |
Огноо | 2020-05-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2020/0298
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 933 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Б.Н 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын “О” ХХК-д холбогдолтой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, MV-.....тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 889.0 сая.төгрөг гаргуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 139 дүгээр шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг үндэслэн “О” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын “О” ХХК-д холбогдолтой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, MV-.....тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 889.0 сая.төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...“О” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын “Талын бор толгой” нэртэй газарт ....... гектар талбай бүхий МV-.... тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Олон Улсын нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт зориулан 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авсан.
Уг тусгай хэрэгцээний газарт нэхэмжлэгч “О” ХХК-ийн эзэмшлийн 96.7 гектар талбай бүхий МV-...... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 76.26 гектар талбай хамрагдсан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс давхцалгүй 25.46 га талбайд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэсэн мэдэгдлийг 2014 онд “О” ХХК-д өгсөн боловч Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор дээрх 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж баталснаар үлдсэн ..... гектар талбай тусгай хэрэгцээнд хамрагдаж, “О” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ тусгай хэрэгцээний газартай давхцалтай болсон.
Засгийн газрын 2010 оны 14 дүгээр тогтоол нь Улсын Их Хурлаас 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын үндэслэл болсон тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “энэ хуулийн 16.1.5-16.1.8-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” гэж газрыг тусгай хэрэгцээнд авах төрийн гүйцэтгэх дээд байгууллагын эрх хэмжээг тогтоохдоо “шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай” гэж тодорхойлсон. Харин Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т “Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэсэн заалтыг нэмж, 18 дугаар зүйлийн 18.1.2-т “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” гэж өөрчлөн найруулсан байдаг.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн талаар
Хэдийгээр Газрын тухай хуульд 2015 онд тус нэмэлт өөрчлөлт орсон боловч, өөрчлөн найруулахаас өмнө байхгүй хуулийн заалтад үндэслэж “О” ХХК-ийн эзэмшлийн хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 78.86% буюу ...... гектар талбайг нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт зориулан тусгай хэрэгцээнд авсан нь Засгийн газар хуулиар өөрт нь олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн буюу эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна.
Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Энэ нь хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь Газрын тухай хуульд заасан зориулалтын бусаар, өөрөөр хэлбэл Олон Улсын нисэх онгоцны буудал барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан нь уг 140 дүгээр тогтоолын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалттай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн “Засгийн газарт 140 дүгээр тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх тайлбар үндэслэлтэй...” гэж дүгнэсэн хэрнээ 1999 оноос хойш Төв аймгийн Сэргэлэн сумын “Талын бор толгой” нэртэй газарт 96 гектар газарт МV-..... тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “О” ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу тухайн газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөө эргэлтэд оруулаагүйд хариуцагчийг буруутгах боломжгүй”, “...1999 оноос хойш өнөөдрийг болтол 21 жилийн хугацаанд ямар ч ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй, газрын төлбөр төлөөгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй...” гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
“О” ХХК нь МҮ-......тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдөр авсан бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаар ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Харин Засгийн газрын 140 дүгээр тогтоол 2010 онд гарсан. Ашиглалтын үйл ажиллагаа явуулахын тулд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, батлуулах, олборлолтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бусад бэлтгэл ажлыг хийх шаардлагатай байдаг. Үүний дагуу 2013 онд техник эдийн засгийн үндэслэлээ батлуулж, 2014 оны уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад байсан.
Гэтэл ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө батлуулах энэ хугацаанд тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг аль 2010 аль онд тусгай хэрэгцээнд авсан талаар огт мэдэгдээгүй байдаг. ТЭЗҮ батлагдаж эхний жилийн уулын ажлын төлөвлөгөө батлагдсанаар дараа дараагийн шатны ажлууд болох орон нутагтай газар эзэмших гэрээ байгуулах, гэрээ байгуулсны үндсэн дээр газрын төлбөр төлөх үүрэг үүсэх байсан.
Гэвч 2014 онд уулын ажлын төлөвлөгөө батлагдсаны дараа Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан талаар олж мэдсэнээр эдгээр ажиллагаа хэрэгжих боломжгүй болсон. Үүнд нэхэмжлэгчийг 21 жил ямар ч ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй, газрын төлбөр төлөөгүй гэж буруутгах үндэслэл байхгүй. Нөгөө талаас “тусгай зөвшөөрлөө эргэлтэд оруулаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй” гэх шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон гэж үзэж байна.
Засгийн газрын дээрх тогтоолын улмаас “О” ХХК нь эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас олгосон хүчин төгөлдөр МV-.... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон ашигт малтмал ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд үүний улмаас 2013 онд батлуулсан ТЭЗҮ-ээ хэрэгжүүлж чадаагүй, улмаар уг ТЭЗҮ-г хэрэгжүүлснээр олох ёстой байсан орлогоо олж чадахгүй нөхцөлд хүрч хохирсон.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Мөн шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжтой байх зарчмын үүднээс Засгийн газрын 140 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцох шаардлага хангагдсан ч нэхэмжлэгчийн “зөрчигдсөн” гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй” гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосноор захиргааны байгууллага хууль бус шийдвэр гаргасан гэдэг нь тогтоогдох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэсний дагуу “О” ХХК-д тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадаагүйгээс учирсан хохирлоо шаардах эрх үүсэх юм. Үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо МV-...... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 889.0 сая төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон болно.
Иймд Засгийн газрын 140 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосноор “О” ХХК нь учирсан хохирлоо гаргуулах замаар зөрчигдсөн эрхээ сэргээх бүрэн боломжтой юм. Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан. Ийнхүү өөрчлөлт оруулснаар “О” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ тусгай хэрэгцээний газарт орсон. Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоол гарах үед Улсын Их Хурлаас 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн заалтыг шинээр нэмж хуульчилсан байсан.
Гэтэл Засгийн газар уг заалтын дагуу “О” ХХК-д нөхөн олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байдаг. Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт байх тул мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.
Иймд уг эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актад нэмэлт өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоол нь мөн хууль бус юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.2.6-д зааснаар захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, бусдын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлахаар заасан байна.
“О” ХХК-ийн МV-....... тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа боловч Засгийн газрын дээрх тогтоолуудын дагуу уг тусгай зөвшөөрлийг ашиглах боломжгүй болсон, бодит нөхцөл байдалд ч уг тусгай зөвшөөрлийн талбайд нисэх онгоцны буудал баригдсан, тусгай зөвшөөрөл бүхий талбайд нисэх онгоцны буудлын уурын зуух баригдсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоор байтал шүүх хэргийн бодит байдлыг хангалттай үнэн зөв тогтоож чадаагүйгээс “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж дүгнэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
“О” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа огт үйл ажиллагаа явуулаагүй, гэхдээ ийнхүү явуулаагүй шалтгаанаа Засгийн газрын дээрх маргаан бүхий 2 тогтоолтой холбон тайлбарладаг, гэтэл бодит байдалд Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бусад тооцон, 2016 оны 154 дүгээр тогтоолын мөн хэсгийг хүчингүй болгосон ч цаашид ашигт малтмалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн үед батлагдсан ТЭЗҮ-д үндэслэн Засгийн газрын тогтоолуудын улмаас өөрт учирсан гэх хохирлыг 889.0 сая төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолоор Газрын тухай хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байхад дэд бүтэц, бүтээн байгуулалт хийх, олон улсын нисэх буудал барих зориулалтаар нэхэмжлэгчид олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 80 орчим хувийг хамруулан улсын тусгай хэрэгцээнд авсан нь энэхүү тогтоол гарах үед мөрдөгдөж байсан уг хуулийн 18.1.2-т нийцээгүй, өөрөөр хэлбэл тухайн үед 140 дүгээр тогтоол гаргах эрх зүйн үндэслэл байгаагүйг шүүхээс үгүйсгэх боломжгүй ч, ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх сэргэхгүй учраас учирсан “хохирол”-оо шаардаж буй энэ тохиолдолд Засгийн газрын тогтоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага хангагдсан эсэхээс үл хамааран хохирлоо шаардах эрх нээлттэй.
Гэхдээ хэрэгт авагдсан баримтаас үзэхэд давж заалдах гомдолд дурдсанчилан “О” ХХК-д MV-..... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 2009 онд бус харин 2006 онд анх олгогдсон, иймд дээрх 140 дүгээр тогтоолоос шалтгаалж үйл ажиллагаа явуулж чадаагүй гэх гомдол цаг хугацааны хувьд үндэслэлгүй, өөрөөр хэлбэл 2006 оноос хойш Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх 2010 оныг хүртэлх хугацаанд огт хязгаарлагдаагүй байна.
Харин өөрт учирсан гэх хохирлоо нэхэмжлэгчийн зүгээс Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13-16-08 тоот дүгнэлтэд үндэслэсэн, гэтэл тус компанийн захиалгаар “Л” ХХК-ийн боловсруулсан ТЭЗҮ-д ордын нөөцийг БНМАУ-ын ГУУҮЯ-ны дэргэдэх ШУТЗ-ийн 1983 оны 122 дугаар шийдвэрээр тогтоосон B, C1, C2 зэрэглэлийн нөөцөөс В зэрэглэлийн нөөцөд тулгуурлан 4 жилийн хугацаанд ашиглахаар, төслийн нийт хөрөнгө оруулалтыг 982.8 сая төгрөгөөр, татварын дараах цэвэр ашгийг 889.0 төгрөгөөр, хөрөнгө оруулалтаа 2.8 дахь жилдээ нөхөхөөр урьдчилан тооцсон байх боловч шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд тус компаниас ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны тайлан ирүүлээгүй тул ордын хөрөнгө оруулалт, олборлолт, борлуулалт, үйл ажиллагааны ашиг, алдагдлын талаарх мэдээлэл гаргах боломжгүй гэж үзсэн, хариуцагчаас ч тухайн газарт очиж үзэхэд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй, орон нутагт огт бүртгэлгүй байсан гэх зэргээр төгрөгөөр илэрхийлэгдэх хохирол учирсан эсэх талаар маргаж буй энэ тохиолдолд зөвхөн ТЭЗҮ-д тусгагдсанаар нэхэмжлэгчид 889.0 сая төгрөгийн хохирол учруулсан гэж хариуцагчийн буруутгах боломжгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан.
Засгийн газрын тогтоолуудын улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь баримтаар тогтоогдохгүй, тухайлбал ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалтыг огт хийгээгүй, олборлолт явуулаагүй, татвар, төлбөр, хураамж төлөөгүй атлаа үйл ажиллагаа явуулснаас олж болох цэвэр ашгийг урьдчилан тооцсон дүнгээр өөрт учирсан хохирлыг тодорхойлж буй нь утгагүй.
Гэхдээ захиргааны актын улмаас учирсан хохирлыг зөвхөн үйл ажиллагаа явуулсантай холбож үзэх нь хангалтгүй тул тухайн тусгай зөвшөөрлийг анх авах, мөн дээрх ТЭЗҮ-ийг боловсруулж, батлуулахтай холбогдож гарсан болон эдгээртэй адилтгаж болох баримтаар нотлогдох бусад зардлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй.
Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын тухайд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дараа гарсан, хэдийгээр солбицлын хувьд нэхэмжлэгчид олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь хамруулсан боловч мөн л тухайн газарт үүссэн бодит байдал буюу нэгэнт баригдсан нисэх онгоцны буудал, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл, мөн хохирлоо гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, зөрчигдсөн эрхийг сэргээх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгын хүрээнд тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч анхнаасаа Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь хамруулан улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх зорилгоор тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулж Засгийн газраас зөвхөн хохирол нэхэмжилснээс бус хуулиар олгогдсон нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн талаар “даалгах” шаардлага гаргаагүй тул давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүйг болохыг тэмдэглээд, хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрт баримталсан заалтын зарим нь хэрэгт хамааралгүй, зарим нь хэт ерөнхийлөн заасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 139 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн “16.1, …” гэснийг “16.1.3,” гэж өөрчлөн, “…43 дугаар зүйлийн 43.6…” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН