Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2016/0946/З |
Дугаар | 614 |
Огноо | 2017-08-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 614
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С ийн О ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.М-Ө , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэгч С.О миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажилд Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг үндэслэн 6 жилийн хугацаагаар томилогдон ажиллаж байгаа билээ.
Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлөх тухай захирамж нь хууль зүйн ямар нэг зүйл заалт баримтлаагүй мөн Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг зөрчин 6 жилийн хугацаатай томилогдсон бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.
Мөн түүнчлэн Ерөнхий сайдын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн илт хууль бус, үндэслэлгүй захирамж юм. Иймд Захиргааны хууль бус акт болох Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хүчингүй болгож өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч иргэн С.О нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын 102 дугаар захирамжаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ерөнхий сайдын 88 дугаар захирамжаар тус албан тушаалаас чөлөөлөгдсөн.
Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг эрчим хүчний хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр томилно гэж заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4 болон 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан гэж үзэж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүргийг заавал 6 жил хаших ёстой гэж нэхэмжлэгч тал буруу ойлголттой байх шиг байна. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн томилдог албан тушаалыг заавал хугацааг нь дуустал байлгана гэсэн ойлголт байхгүй.
Засгийн газрын 2016 оны 132 дугаар тогтоолоор Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийг баталсан. Дүрмийн 3.3-д Хорооны дарга нь дээд боловсролтой, эрчим хүчний салбарт ажилласан дадлага туршлагатай Монгол Улсын иргэн байна гэж заасан. Одоо хорооны даргын үүрэг гүйцэтгэж буй А.Т нь эрчим хүчний салбарт 30 гаруй жил ажиллаж буй, дулааны эрчим хүчний доктор зэрэгтэй хүн.
Ерөнхий сайдын 88 дугаар захирамж техникийн алдаанаас болж хуулийн үндэслэлгүй гарсныг Захиргааны Ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу засварлан гарахад бэлэн болоод байна. Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлага нь Ерөнхий сайдын захирамжаар томилогддог, дүрмийг нь Засгийн газрын тогтоолоор баталдаг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлд заасны дагуу Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар юм.
Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5-д Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна гэснийг ноцтой зөрчин 2016 оны УИХ-ын сонгуульд албан тушаалаа хүлээлгэж өгөлгүйгээр нэр дэвшиж өрсөлдсөн нь энэ албан тушаалаас чөлөөлөгдөх хангалттай үндэслэл юм.
Мөн иргэн С.О нь ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын эрчим хүчний нөөц хэмжээнээс хэдэн зуу дахин их хэмжээний эрчим хүчний тусгай зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд олгосон нь уг ажилдаа ашиг сонирхлын зөрчил байсныг тодорхой харуулж байна.
Нэхэмжлэлдээ өөрийн хувийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзсэн мөртлөө улсын эрх ашгийг хүндэтгэж үзээгүй нь харагдаж байна. Дээрх үндэслэлүүдээр иргэн С.О ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч хүлээн авах боломжгүй байна” гэжээ.
Гурав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.О ын Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 88 дугаар захирамжийг хүчингүй болгож өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгөх шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч С.О Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажилд Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг үндэслэн 6 жилийн хугацаагаар томилогдон ажиллаж байгаа тухай нэхэмжлэлдээ дурджээ.
Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, орон тооны бус хоёр зохицуулагчийг Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн саналыг тус тус үндэслэн Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 3 жилийн хугацаагаар томилно.
Томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно гэж зааснаас гадна Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 132 дугаар тогтоолоор баталсан Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн З.б-д “Хорооны дарга, гишүүнийг энэ дүрмийн 3.5.2-3.5.5-д заасны дагуу бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас чөлөөлсөн тохиолдолд шинээр томилогдсон дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа нь өмнөх дарга, гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд Зохицуулах хорооны дарга нь 3 жилийн хугацаатай томилогдох, томилогдсон дарга хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бол шинээр томилогдсон дарга нь өмнөх даргын бүрэн эрхийн хугацаанд үүрэг гүйцэтгэхээр зохицуулсан байна.
Нэхэмжлэгч С.О нь Эрчим хүчний зохицуулах хорооны анхны дарга биш байсан тул түүнийг Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасны дагуу 3 жилийн хугацаагаар томилох ёстой байхад 6 жилийн хугацаагаар томилж хууль зөрчсөн байсан. Нөгөөтэйгүүр С.О ын өмнөх дарга Т.Ц нь 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр томилогдоод 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөнөөс үзвэл С.О ын томилолтын хугацаа нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны даргыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд томилж чөлөөлдөг. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8-д “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, мөн Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны даргыг Эрчим хүчний сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайд томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд энэхүү бүрэн эрхийнхээ дагуу А.Т ыг томилсон болно.
Түүнчлэн одоо томилогдон ажиллаж байгаа А.Т нь Эрчим хүчний салбарт 32 жил ажилласан, энэ салбарыг удирдах дадлага туршлагатай, чадвартай, эрчим хүчний зөвлөх инженер, эрдмийн зэрэг цолтой (Доктор)-н зэрэгцээ хууль тогтоох байгууллагад удаа дараа сонгогдож байсан, эрчим хүчний салбарын хууль тогтоомжийг санаачлах, түүнийг батлах, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулахад бодитой хувь нэмэр оруулсан болно.
Монгол Улсын Ерөнхий сайд Эрчим хүчний зохицуулах хороог мэргэшсэн, чадварлаг хүнээр удирдуулах, нөгөө талаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг гаргаж Эрчим хүчний зохицуулах хорооны даргыг томилж чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь шүүхэд “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч өөрийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон учир итгэмжлэлээр олгосон эрхийнхээ дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд уг маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан учир шүүх хүлээн авч, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.О ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, А.Т ыг тус хорооны даргаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар томилжээ.
Үүнийг эс зөвшөөрч С.О шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамжаар Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс чөлөөлсөн.
Мөн өдрийн 132 дугаар захирамжийн 1 дүгээр заалтаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар А.Т ыг томилж, 2 дугаар заалтаар “Ажлаас чөлөөлөх тухай” Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.
Дээрх 2 захирамжид зааснаар нэхэмжлэгч С.О ыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу үүрэгт ажлаас чөлөөлсөн хугацаа нь нэг өдөр тохиож байх тул тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “ажилд эргүүлэн тогтоолгох буюу ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн” гэх асуудал байхгүй юм.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д тус тус зааснаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргыг томилох, чөлөөлөх, өөрийн бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргах эрхтэй хэдий ч маргаан бүхий 2016 оны 88 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.2.3-д “захиргааны актыг бичгээр гаргахдаа бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заана” гэснийг тус тус зөрчиж, захиргааны актын үндэслэх хэсэгт ямар нэгэн хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байна.
Энэ нь нэхэмжлэгчийн ямар алдаа зөрчил гаргаж, ямар хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөнөө мэдэх боломж олгоогүй, бодит байдлыг хууль эрх зүйн хүрээнд тогтоогоогүй, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “Захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэсэн, илт тод нээлттэй байх зарчим алдагдсан” гэж үзэхээр байна.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэсний дагуу хариуцагч хуульд үндэслээгүй гэх шалтгаанаар өөрөө хүчингүй болгосон учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг хүчингүй болгосон” бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3. 40.3, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.О ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА