Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00207

 

Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

              Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн

            2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШШ2017/00137 дугаар шийдвэр,

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар магадлалтай, 

            Л-ийн нэхэмжлэлтэй,

            “М” ХХК -д холбогдох

             Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч Л-ийн нэхэмжлэл болон тайлбарт: Би “М” ХХК-ийн захирлын 2015 оны 07 сарын 16-ны өдрийн 10/123/15 дугаартай тушаалаар 2015 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн уурхайд ахлах тогоочоор томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 07 сарын 31-ний шөнө ээлжинд гарсан. Өдөр нь DPP-д өгч чадаагүй амтлагч болон талхны хольц, сонгино, сармис, цуу, гүчгари зэргийг өгөх гээд авч гарах гэтэл бамбай харуул н.Түмэнжаргалын зөвшөөрөлгүй гаргахгүй гэсэн. Би одоо үүнийг яах вэ гэтэл буцаагаад оруулаад тавь гэсэн. Хоолны болон хүнсний бүтээгдэхүүний захиалга ирсэн тохиолдолд би өөрийн шийдвэрээр кемпээс гаргах эрхтэй. Гэхдээ би эдгээр зүйлийг кемпээс авч гараагүй. Гэтэл намайг 2016 оны 08 сарын 08-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9, компанийн дүрмийн 8.5, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон “М” ХХК-ийн захирлын 161/16 дугаар тушаалаар ажлаас халсан. Миний бие ажлаас халагдах хэмжээний хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа тул “М” ХХК-ийн захирлын 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 161/16 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг “М” ХХК-ийн Хөшөөтийн уурхайн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяагийн тайлбарт: Иргэн Л-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул “М” ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай асуудал нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд бид нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотолсон баримтуудыг шүүхэд хангалттай гаргаж өгсөн бөгөөд мөн нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажиллагааг шүүхээр гүйцэтгүүлсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтууд бүрдсэн гэж үзэж байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийг биечлэн оролцуулахгүйгээр буюу миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү. Хариуцагч талын хувьд нэхэмжлэгч талтай ямар нэгэн байдлаар эвлэрэхгүй болно. Хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн харуул хамгааалалтын “Бамбай” компанийн 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчлийн хуудас нотлох баримтыг бүдэг талаар магадлалд тэмдэглэсэн байх тул тухайн баримтыг дахин нотариатаар гэрчлүүлэн хүргүүлж байна. Хариуцагч талаас анх О.Хүсэлбаяр, Р.Сүрэн, Ч.Даваасамбуу, М.Зоригоо нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байсан. Гэвч хүсэлт болгосон дээрх 4 иргэнээс О.Хүсэлбаяр гэгч нь ажиллаж байсан байгууллагаасаа гарсан хаана юу хийдэг нь мэдэгдэхгүй, олдох боломжгүй байдал үүсч болзошгүй байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гацаах, удаашруулахгүй байх зорилгоор хүсэлтээ өөрчлөн иргэн П.Түмэнжаргал, Р.Сүрэн, Ч.Даваасамбуу, М.Зоригоо нараас гэрчээр мэдүүлэг авахуулахаар дахин хүсэлт гаргасан. Энэ дагуу гэрчүүд шүүхэд мэдүүлэг өгсөн гэжээ.

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШШ2017/00137 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-ийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №161/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л-г Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт байрлах “М” ХХК-ийн уурхайн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 9.381.760 төгрөгийг хариуцагч “М” ХХК -иас гаргуулан Л-д олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан ажилтан Л-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж түүний дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “М” ХХК -д үүрэг болгож шийдвэрлэжээ.

             Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар магадлалаар: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2017/00137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л-ийн хариуцагч “М” ХХК -д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинзаяад буцаан олгож шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч Л болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 49 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна. Магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ “Нэхэмжлэгч Л нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цаг 43 минутанд 10-43ХОҮ улсын дугаартай автомашины хойд талын сандал доор хар гялгар уутанд “түүхий татсан мах, лаазалсан бүтээгдэхүүн” зэрэг зүйлийг авч гарахыг завдсан үйлдэл хийсэн болох нь “Бамбай СС” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчлийн хуудас, “М” ХХК-ийн зөрчлийн судалгаа, сахилгын шийтгэлийн маягт, хамгаалагч Р.Сүрэн, О.Хүсэлбаяр нарын тайлбар өгөх маягт, иргэн Ч.Даваасамбуугийн и-мэйлээр бичиж ирүүлсэн тодорхойлолт, Р.Сүрэн, Ч.Даваасамбуу, П.Түмэнжаргал нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Энэ нь ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3-т нэрлэн заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил байна. Иймд ажил олгогч “М” ХХК-ийн дэд захирал Ж.Оюунчимэг нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг удирдлага болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг шүүхээс буруутгах боломжгүй байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухайгаа заахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн байх тул дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна”гэжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасныг нотлож чадаагүй, Л-г ноцтой зөрчил гаргасныг нотолж чадахгүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж, ажил олгогчийн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг зөвтгөөд байгаа нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна.

            Хэрэгт авагдсан “Бамбай СС” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  Зөрчлийн хуудас гэх 1 хуудас баримт нь 2016 оны 07 сарын 31-ний өдөр бичигдсэн, аюулгүй байдлын ажилтан Б.Гансүх гэж бичигдсэн боловч Б.Гансүх гарын үсэг зураагүй, зөрчлийн хуудсыг Б.Гансүхэд танилцуулж хүлээлгэн өгсөн гэж тэмдэглэсэн байх ба Б.Гансүх шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө ”Бамбай харуул хамгаалалтын албаны хамгаалагч 2016 оны 07 дугаар сарын 31-ний орой зөрчил гарсан тухай надад маргааш өглөө нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өглөө мэдэгдсэн“ гэснээс үзэхэд зөрчлийн хуудас гэх баримтыг Л-г буруутгах зорилгоор нөхөж /хуурамчаар/ бичсэн байх магадлалтай. Л-г хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасныг хуульд зааснаар шалгаж тогтоогоогүй. Давж заалдах шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагчийн шахалтаар бичигдсэн байх магадлалтай тайлбаруудыг нотлох баримт гэж үнэлж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Хариуцагч нь хууль болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журманд зааснаар Л-г хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотлож, зөрчлийг хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд Л зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халах шийтгэл ногдуулж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Л-г ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэсээр байхад ажлаас халсан нь хариуцагч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

           Магадлалд ”Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухайгаа заахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн байх тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой зааж, хэргийг шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд хэргийг хянан үзэж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШШ2017/00137 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т нийцсэн байна.

          Нэхэмжлэгч Л нь “М” ХХК-ийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 161/16 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус компанийн Хөшөөтийн уурхайн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ. 

              Ажилтан Л нь “М” ХХК-ийн Хөшөөтийн уурхайд ахлах тогоочоор ажиллаж байсан нь 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10/123/15 дугаартай ажилд томилох тухай тушаал, Л-ийн”М” ХХК -тай байгуулсан 276 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, түүний 302665 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 161/16 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9, Компанийн дүрмийн 8.5, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дахь заалтуудыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

            Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3-т “Ажил олгогчийн ... эсхүл бусдын эд хөрөнгийг хулгайлсан, зөвшөөрөлгүй авсан буюу авч гарахыг завдсан ... бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасанд тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах”-аар заасан байна.

             Ажилтан Л нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цаг 43 минутанд 10-43 ХОҮ улсын дугаартай автомашины хойд талын сандал доор хар гялгар уутанд түүхий татсан мах, лаазалсан бүтээгдэхүүн зэрэг зүйлийг авч гарахыг завдсан үйлдэл хийсэн тухай “Бамбай СС” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчлийн хуудас, “М” ХХК-ийн зөрчлийн судалгаа, сахилгын шийтгэлийн маягт, хамгаалагч Р.Сүрэн, О.Хүсэлбаяр, тайлбар өгөх маягт, иргэн Ч.Даваасамбуугийн цахим шуудангаар ирүүлсэн тодорхойлолт, Р.Сүрэн, Ч.Даваасамбуу, П.Түмэнжаргал нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

           Л-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3-т заасан ноцтой зөрчилд тооцох “хулгай хийсэн үйлдэл”-ийн талаарх хэрэгт цугларсан дээрх баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх өөр өөрөөр үнэлсэн байх бөгөөд дээрх зөрчил нь ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3-т нэрлэн заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэх эсэх талаар ялгаатай дүгнэлт хийгдсэн байна.

           Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

         Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр үүрэг хүлээж гүйцэтгэж байсан чиг үүрэг зэргээс үзэхэд ажил олгогч “М” ХХК  нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг удирдлага болгон ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг шүүхээс буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл бүхий тайлбарлажээ.

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН