Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 154/ШШ2017/00137

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 154/ШШ2017/00137

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Цэцэг сумын харьяат, 1979 оны 12 сарын 03-нд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух, ПМ79120301 дугаарын регистртэй, Хатач овогт*******ий*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь шүүхэд ирүүлсэн гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би******* ХХК ны захирлын 2015 оны 07 сарын 16-ны өдрийн 10/123/15 дугаартай тушаалаар 2015 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн уурхайд ахлах тогоочоор томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 07 сарын 31-ний шөнө ээлжинд гарсан. Өдөр нь DPP-д өгч чадаагүй амтлагч болон талхны хольц, сонгино, сармис, цуу, гүчгари зэргийг өгөх гээд авч гарах гэтэл бамбай харуул Түмэнжаргалын зөвшөөрөлгүй гаргахгүй гэсэн. Би одоо үүнийг яах вэ гэтэл буцаагаад оруулаад тавь гэсэн би эдгээр зүйлийг кемпээс авч гараагүй.

Гэтэл намайг 2016 оны 08 сарын 08-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компаны хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9, компаны дүрмийн 8.5, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон******* ХХК-ны захирлын 161/16 дугаар тушаалаар ажлаас халсан. Миний бие ажлаас халагдах хэмжээний хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа тул******* ХХК-ны захирлын 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 161/16 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг******* ХХКны Хөшөөтийн уурхайн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

...Би 2016 оны 07 сарын 31-ний орой ээлжийн ажилтай байсан. Миний бие тус компаны Хөшөөтийн уурхайд ахлах тогоочоор ажиллаж байсан тул шөнийн ээлжийн хоолыг ээлжинд гарч байгаа тогооч нь хүргэж өгдөг юм. Тэр орой 34 хүний хоол хийгээд, хоол амтлагчуудаа аваад гараад иртэл миний цүнхийг шалгаад, тортой байсан хоолны амтлагч, хольцийг гаргахгүй гэсэн. Би яагаад гаргахгүй байгаа юм бэ гэхэд Түмэнжаргалаас асууж байж гаргана гэсэн. Миний авч явсан тор дотор хоолны хачир, талхны хольц, кетчуп, цуу, сонгино, сармис байсан мах байгаагүй. Хоолны болон хүнсний бүтээгдэхүүний захиалга ирсэн тохиолдолд би өөрийн шийдвэрээр кемпээс гаргах эрхтэй гэв.

Хариуцагч******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа шүүхэд гаргасан хүсэлт тайлбартаа: Иргэн Б.Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул******* ХХК нь Б.Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай асуудал нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд бид нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотолсон баримтуудыг шүүхэд хангалттай гаргаж өгсөн бөгөөд мөн нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажиллагааг шүүхээр гүйцэтгүүлсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтууд бүрдсэн гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийг биечлэн оролцуулахгүйгээр буюу миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү. Хариуцагч талын хувьд нэхэмжлэгч талтай ямар нэгэн байдлаар эвлэрэхгүй болно.

Хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн харуул хамгааалалтын Бамбай компаны 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчлийн хуудас нотлох баримтыг бүдэг талаар магадлалд тэмдэглэсэн байх тул тухайн баримтыг дахин нотариатаар гэрчлүүлэн хүргүүлж байна. Хариуцагч талаас анх О.Хүсэлбаяр, Р.Сүрэн, Ч.Даваасамбуу М.Зоригоо нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байсан.

Гэвч хүсэлт болгосон дээрх 4 иргэнээс О.Хүсэлбаяр гэгч нь ажиллаж байсан байгууллагаасаа гарсан хаана юу хийдэг нь мэдэгдэхгүй олдох боломжгүй байдал үүсч болзошгүй байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гацаах, удаашруулахгүй байх зорилгоор хүсэлтээ өөрчлөн иргэн П.Түмэнжаргал, Р.Сүрэн, Ч.Даваасамбуу, М.Зоригоо нараас гэрчээр мэдүүлэг авахуулахаар дахин хүсэлт гаргасан. Энэ дагуу гэрчүүд шүүхэд мэдүүлэг өгсөн гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь шүүхэд МоЭнКо ХХК-ны захирлын 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 161/16 дугаартай тушаалыг хүчингүй болгож,******* ХХКны Хөшөөтийн уурхайн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгахыг хүссэн гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа нь иргэн Б.Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул******* ХХК-д холбогдуулан Б.Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэхгүй гэж маргасан байна.

Б.Лхагавсүрэн нь******* ХХК-ны Хөшөөтийн уурхайд ахлах тогоочоор ажиллаж байсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10/123/15 дугаартай Б.Лхагвасүрэнг ажилд томилох тухай тушаал, Б.Лхагвасүрэнгийн МоЭнКо ХХК-тай байгуулсан 276 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, түүний 302665 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Б.Лхагвасүрэнг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 161/16 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компаны хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9, Компаны дүрмийн 8.5, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл байх тул хуульд заасан үндэслэл хэргийн харъяалал зөрчөөгүй гомдлыг шүүх хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрхтэй байна.

Хариуцагч байгууллага Б.Лхагвасүрэнг хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасанд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан зөрчил байх тул ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж тайлбар гаргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтаны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн******* ХХК-ны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3-т Ажил олгогчийн... эсхүл бусдын эд хөрөнгийг хулгайлсан, зөвшөөрөлгүй авсан буюу авч гарахыг завдсан... бол үүнийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасанд тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байна.

Гэтэл Б.Лхагвасүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3-т заасан ноцтой зөрчил гэх хулгай хийсэн үйлдэл нь гэрч нарын мэдүүлэг болон зөрчлийн тухай тэмдэглэлээр нотлогдохгүй байна.

Б.Лхагвасүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний ажлын байрны тодорхойлолтод ...кемпийн ахлах ажилтантай хамтран хүнсний нөөц бүрдүүлэх, захиалга хийх хэрэгцээг тодорхойлох, мөн түүхий эд материал хагас боловсруулсан болон түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын болон хөргүүртэй саванд хадгалах явцад хяналт тавих ажил гүйцэтгэхээр тусгагджээ.

Б.Лхагвасүрэнд холбогдуулан бичсэн зөрчлийн хуудас нь тодорхой бус тухайн өдөр О.Хүсэлбаяр нь зөрчлийг илрүүлсэн гэх боловч мах лаазалсан бүтээгдэхүүн зэргийг Гансүхэд хүлээлгэн өгсөн гэж тэмдэглэсэн байхад ..... гэрч Б.Гансүхийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн ....Бамбай харуул хамгаалалтын албаны хамгаалагч 2016 оны 7 дугаар сарын 31-ний орой зөрчил гарсан тухай надад маргааш өглөө нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өглөө мэдэгдсэн. Зөрчил гарсан тохиолдолд холбогдох удирдлагууд болон захиргааны ажилтанд мэдэгдэнэ мөн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтанд мэдэгдэж тухайн ажилтан холбогдох удирдлагад мэдэгдэнэ. Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтанд мэдэгдсэн тохиолдолд тухайн үеийн нөхцөл байдлын зураг авч ажилтнаас болон хөндлөнгийн гэрчүүдээс тайлбар авч холбогдох удирдлагад мэдэгдэнэ гэх мэдүүлгээр Б.Гансүх нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний шөнө байгаагүй 8 дугаар сарын 01-ний өдөр уг зөрчлийн талаар мэдсэн байхад Б.Гансүхэд танилцуулж хүлээлгэн өгсөн гэх зөрчлийн хуудаст тэмдэглэсэн тэмдэглэл нь Б.Гансүх тухайн эд зүйлийг хүлээн авч гарын үсэг зураагүй байдлаар нотлогдож байна. Мөн зөрчлийн хуудаст тэмдэглэсэн тэмдэглэлээс дүгнэхэд ГХХ-н алба хаагч нараас авсан арга хэмжээ нь байхгүй байхад зөрчил үйлдэгдсэн гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж гэрч Р.Сүрэнгээс гэрчийн мэдүүлэг авахад 2016 оны 07 дугаар сарын 31-ний орой 23 цаг 49 минутын орчим 1043 дугаарын авто машинд би шалгалт хийсэн гэх мэдүүлэг нь .....мөн гэрч Р.Сүрэнгийн 23 цаг 49 минутад 1043ХОҮ машинаар жолооч Нармандах, safety Гансүх нар лаборатори болон DPP ажилчдын хоол авч гарч ирэхэд 24-ийн хамгаалагч О.Хүсэлбаяр үзлэг шалгалт хийсэн гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор нь үгүйсгэгдэж байх тул гэрч Р.Сүрэнгийн ....О.Хүсэлбаяр үзлэг шалгалт хийсэн ажилчдын хоол авч гарч ирсэн гэх мэдүүлгийг шүүх үнэлсэн болно./хх-ийн 125 хуудас/

Харин О.Хүсэлбаярын тодорхойлолтод гарын үсэггүй, он сар өдөр байхгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно./хх-ийн 126 хуудас/

Б.Лхагвасүрэнг ажлаас чөлөөлсөн 161/16 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн дотоод журмын 2.5.8-д зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан боловч 2.5.9-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд дараах зөрчлүүдийг тооцно Үүнд:

6.ажилтан гэмт хэргийн шинжтэй аливаа үйлдэл гаргаж, энэ тухайгаа өөрөө хүлээн зөвшөөрсөн,

8.компанийн ажилтны хувьд ажлын буюу ажлын бус цагаар хийх ёстой ажлаа хийхгүйгээр бусдад ажил үйлчилгээ, үзүүлсэн нь баримтаар нотлогдсон,

9.ноцтой зөрчил гэж тооцогдох хэмжээний бусад үйлдэл, эс үйлдэл эдгээр тохиолдлуудад хүний нөөцийн менежер компаны эрх бүхий албан тушаалтны саналд тулгуурлан ажилтныг ажлаас халах мэдэгдлийг бичгээр өгнө гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад хүний нөөцийн асуудал эрхэлсэн захирал нь хэн болох тодорхойгүй, шууд удирдлага болох П.Түмэнжаргал нарын санал авагдаагүй нь Б.Лхагвасүрэнгийн зөрчлийг хянан шийдвэрлээгүй хүний нөөцийн менежер болон шууд удирдлага санал өгөөгүй гэж үзэхээр байна.

Гэтэл Б.Лхагвасүрэнг хариуцан ажиллах ажилтан П.Түмэнжаргалын гэрчээр мэдүүлсэн ...Миний өөрийн ажлын чиг үүрэг нь кемпийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, хяналт тавих, зааварчилгаа өгч ажиллах үүрэгтэй. ....Тэр шөнө ээлжийн хоолноос өөр ямарч захиалга ирээгүй....2016 оны 07 дугаар сарын 31-ний шөнийн ээлжийн боолтын хоолыг хийгээд зөөврийн машинд авч гарах үедээ хог хийдэг хар өнгийн гялгар уутанд татсан мах лаазалсан бүтээгдэхүүн хийгээд тухайн машины суудлын доогуур хийсэн байсныг илрүүлсэн гэж бамбай харуул хамгаалтын ажилтан мэдэгдсэн болно гэж мэдүүлсэн нь тухайн өдөр шөнийн ээлжийн хоолны захиалга ирсэн нь гэрч С.Даваанямын ....Би захиалга өгсөн захиалгыг тухайн өдрийн ахлах тогоочид өгдөг, тэр өдрийн ахлах тогооч бэлтгэн нийлүүлдэг гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа хариуцагч талаас гарган өгч байгаа тодорхойлолт судалгаа баримтууд нь яг тухайн үйл явдал болсон мөчид бүрдүүлэгдсэн тухайн үйл явдал түүнийг илрүүлэх ажиллагааг биечлэн гүйцэтгэсэн шууд мэдэж гэрчилж чадах хөндлөнгийн этгээдийн тайлбарууд гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан зөрчлийн хуудаст тэмдэглэгдсэн ээлжийн менежер Ж.Эрдэнэбат, салбарын захирал Х.Мөнгөншагай, аюулгүй байдлын ажилтан Гансүх нар нь хүндлэл кемпийн шалган нэвтрүүлэх постод гарсан зөрчлийг тэмдэглэж баримтжуулсан байхад эдгээр хүмүүсийн зөрчлийн тухай тэмдэглэл нь бусад нотлох баримтуудтайгаа уялдаа холбоогүй гэрчийн мэдүүлэг нь зөрөөтэй цаг хугацааны хувьд зөрөөтэй байх тул гэрч Р.Сүрэн, С.Давааням нарын мэдүүлгийг үнэлэн Б.Лхагвасүрэнг хөдөлмөрийн гэрээний 8.2.3-д заасан ажил олгогчийн бусад ажилтны эсхүл бусдын эд хөрөнгийг хулгайлсан зөвшөөрөлгүй авсан буюу авч гарахыг завдсан худалдсан гэх заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

Хариуцагч байгууллага нь компанийн дүрмийн 8.5 д зааснаар зөрчил гаргасан гэж тайлбарлаж мөн тушаалдаа үндэслэл болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй компаны дүрмийг шүүхэд ирүүлээгүй нь ажилтан ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон компаны дүрмийн дээрх зохицуулалт нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага нь нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон хөдөлмөрийн гэрээний 2.4-д зааснаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу Б.Лхагвасүрэнгийн 2016 оны 3, 4, 5 дугаар сарын цалингийн дунджаас ажилгүй байсан хугацааны хоногт шилжүүлэн тооцоолж 9381760 төгрөгийг хариуцагч******* ХХК-аас гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар******* ХХК захирлын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №161/16 дугаар тушаалыг хүчингүй болгож Б.Лхагвасүрэнг Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт байрлах******* ХХК-ны уурхайн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 9381760 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулан Б.Лхагвасүрэнд олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 т заасныг баримтлан ажилтан Б.Лхагвасүрэнгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж түүний дэвтэрт бичилт хийхийг хариуцагч******* ХХК-д үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч******* ХХК-иас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ