Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1371

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Д.Саран-Очир,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1906 04036 1681 дугаар хэргийг 2019 оны  8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Б, 1981 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3б хэсэг, Улиастай гудамж 534 тоотод оршин суух  бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны 51 тоотод түр оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 23 хоногийн хорих ялыг өршөөн сулласан, регистрийн ............... дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны гадна иргэн Д.Саран-Очиртой маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Саран-Очирын өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би ахынхаа гэрт хоносон. Авто машины тоосыг соруулах гэж 5 давхараас уртасгагч утас унжуулахад шүүгдэгч, бусад хүмүүсийн хамт байрны сүүдэрт сууж байсан. Манай дүү “уртасгагч утас унжуулах гэж байна” гэж хэлэхэд шүүгдэгч өөдөөс нь янз бүрийн зүйл хэлсэн байсан. Манай дүү надад энэ талаараа хэлсэн. Би гараад очиход шүүгдэгч над руу агсараад байсан. Шүүгдэгчийн эхнэр нь хүртэл ирээд гэртээ ор гэж гуйсан. Сүүлдээ шүүгдэгчийн дүү нь шүүгдэгчийг гэрт нь оруулах гээд цохисон. Шүүгдэгч “би өмнө нь ял эдэлж байсан, чиний машиныг харсан, чамайг ална” гэж заналхийлж, миний хажуугаас цохисон. Миний хамар хугарч, нүдний судас тасарсан.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ариунжаргалын өгсөн: “...Тэнд ямар нэгэн байдлаар зодоон болоогүй байхад Н.Б гэх хүн нь гэнэт манай дүү Саран-Очирын нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 8414 дүгээр:

1. Д.Саран-Очирын биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгт зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 13 дугаар тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 19 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 20 дугаар тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.                                                                                                  

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны гадна иргэн Д.Саран-Очиртой маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бын өгсөн “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх,

мөн хохирогч Д.Саран-Очирын өгсөн “2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би ахынхаа гэрт хоносон. Авто машины тоосыг соруулах гэж 5 давхараас уртасгагч утас унжуулахад шүүгдэгч, бусад хүмүүсийн хамт байрны сүүдэрт сууж байсан. Манай дүү “уртасгагч утас унжуулах гэж байна” гэж хэлэхэд шүүгдэгч өөдөөс нь янз бүрийн зүйл хэлсэн байсан. Манай дүү надад энэ талаараа хэлсэн. Би гараад очиход шүүгдэгч над руу агсараад байсан. Шүүгдэгчийн эхнэр нь хүртэл ирээд гэртээ ор гэж гуйсан. Сүүлдээ шүүгдэгчийн дүү нь шүүгдэгчийг гэрт нь оруулах гээд цохисон. Шүүгдэгч “би өмнө нь ял эдэлж байсан, чиний машиныг харсан, чамайг ална” гэж заналхийлж, миний хажуугаас цохисон. Миний хамар хугарч, нүдний судас тасарсан.” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Д.Саран-Очирын өгсөн “...Тэгээд зогсож байтал 40 орчим насны 160-170 см орчим өндөртэй, хүрэн эрээн пудволктой, шорт, тавчиктай залуу миний нүүр лүү нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд манай дүү Санчир-Очир луу намайг цохисон залуу хандан “Би ална, хоёула хамт шоронд сууна” гэж орилоод манай дүү лүү дайраад байсан. ...Намайг цохисон залуу 17 дугаар байрны 3 давхарт 51 тоотод оршин суух Н.Б гэх залуу байдаг гэж сонссон. ...Би Н.Б гэх хүнд цохиулсанаас болж шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлж, тархины зураг 60.000 төгрөгөөр авхуулж, хамраа улсын нэгдүгээр эмнэлэгт тэгшлүүлж, эм тариа худалдаж авсан. Баримтууд нь байгаа, би авч ирж өгнө.” гэх /хх-7, 9/,

мөн гэрч Б.Ариунжаргалын өгсөн “...08-ны өглөө Санчир-Очир нь машины тоос соруулах гээд би цонхоор разетка буулгаад Санчир-Очир доороос нь тосоод байж байсан. Гадаа архи уугаад сууж байсан хэсэг эрэгтэй хүмүүс манай дүү Саран-Очиртой маргалдаад эхэлсэн. Доороос Санчир-Очир нь ахыг дуудчих гээд Саран-Очир гарсан. Хэсэг хугацааны дараа тэр хоёрыг орж ирэхгүй байхаар нь би Лхагва-Очирыг гар гээд гаргасан. Хэсэг хугацааны дараа би өөрөө гарсан. Намайг гарч ирэхэд тэдгээр хүмүүс манай дүү нартай хэрэлдээд байсан. ...Тэнд ямар нэгэн байдлаар зодоон болоогүй байхад Н.Б гэх хүн нь гэнэт манай дүү Саран-Очирын нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Н.Б нь цохихоосоо өмнө “би танай хаалга, машиныг чинь мэднэ, би алсан ч чадна, би урд өмнө шоронд орж байсан” гэх мэтээр ярьж байсан. Н.Б гэх хүн манай дүү Саран-0чирыг цохисоны дараа шууд гэртээ яваад орсон.” гэх  /хх-17/ мэдүүлгүүд,

           шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн эмчийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт /хх12/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 8414 дүгээр /хх-13/ дүгнэлт, эмнэлгийн магадлагаа /хх-38/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож  байх бөгөөд шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдсэн /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.Б нь хохирогч Д.Саран-Очирт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

           Хохирогч Д.Саран-Очир нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохирол болох эмчилгээний зардалд шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, тархины зураг авхуулсан 60.000 төгрөг, 1 дүгээр эмнэлэгт хамраа эмчлүүлсэн 120.000 төгрөг, эм худалдан авсан 34250 төгрөг, үзлэгийн төлбөр 16200 төгрөг, хувь хүнээр толгой бариулсан 5 удаа 10.000 төгрөг төлсөн төлбөр 50.000 төгрөг, хаван хөөдөг шүүс 2000 төгрөгөөр 10 ширхэг авсан зардал 20.000 төгрөг нийт 308.450 төгрөгийг нэхэмжилж, мөрдөн байцаалтад нотлох баримтаар эм худалдан авсан 34250 төгрөг болон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлсэн 16200 төгрөгийн баримтыг /хх-ийн 38 дугаар тал/ гарган өгсөн байна.

Шүүх хуульд заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтаар  тогтоогдож буй нийт 50.450 /16.200+34.250/ төгрөгийг шүүгдэгч Н.Боос гаргуулан хохирогч Д.Саран-Очирт олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Түүнчлэн хохирогч Д.Саран-Очирийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол буюу шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, тархины зураг авхуулсан 60.000 төгрөг, 1 дүгээр эмнэлэгт хамраа эмчлүүлсэн 120.000 төгрөг, толгой бариулсан болон хаван хөөх шүүс авсан зардлын талаарх бичмэл нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Н.Боос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Бод эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Би хувиараа шөнө сууж хатгамал хийж, манай эхнэр өдөр нь явж зардаг. Надад торгох ял оноож өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Шүүх шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.                                                                                    

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Салдан овогт Нэргүйн Н.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бод 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Н.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлйн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Боос 50.450 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Саран-Очирт олгож, хохирогч Д.Саран-Очир нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.             

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.ОДОНТУУЛ