Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2016/00760

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч:  П ХХК  -ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч:  Э ТББ-д  холбогдох

30,260,988 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр, хариуцагчийн  төлөөлөгч А.Бархүү, З.Оюунчимэг, Г.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч П ХХК шүүхэд болон түүний төлөөлөгч Д.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э ТББ-д П ХХК-ийн ашиглалтын захиргааг шилжүүлж өгөхөөс өмнөх 2015 оны 2, 3, 4 саруудын ашиглалтын төлбөр болох 30,260,988 төгрөгийг ямарч үндэслэлгүйгээр хураан авч өөрсдийн санхүүжилтийг бүрдүүлсэн. Энхтайван өргөө ТӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Туяа болон П ХХК-ийн нягтлан бодогч Т.Буянхишиг нарын санхүүгийн тооцоо нийлсэн актаар нотлогдож байна. Тухайн үед цахилгаан, дулаан, ус гэх мэт ашиглалтын бүх зардал манай компаниас төлөгдөж бид энэхүү байдлаас болж нийгмийн даатгал, санхүү татварын өрөнд орсон. 2015 оны 05 сарын 01 өдөр харилцан тохиролцон гэрээ байгуулж эрх үүргээ шилжүүлсэн тул 2015 оны 2, 3, 4 саруудын ашиглалтын төлбөр болох 30,260,988 төгрөгийг Э ТББ-аас гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Э ТББ шүүхэд болон түүний төлөөлөгч А.Бархүү, З.Оюунчимэг, Г.Даваажав нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э нь 2015 оны 1 сарын 17-ны өдөр байгуулагдсан бөгөөд Пийс молл худалдааны төвийн нийт талбай өмчлөгчдийн санаачлагаар сайн дурын үндсэн дээр өөрсдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, худалдааны төвийн цаашдын хөгжил, дэвшлийг улам сайжруулж олон улсын стандартад нийцсэн төв болгох зорилгоор гишүүдийн давуу эрхтэйгээр байгуулагдсан ашгийн бус байгууллага бөгөөд 146 талбай өмчлөгчдийг багтааж үйл ажиллагаагаа явуулдаг. Тус холбоо нь ашиг харж ажилладаггүй бөгөөд сар, сард нь ашиглалтын зардлыг талбай өмчлөгч, түрээслэгчдээс хураан авч тухайн сард гарсан ашиглалтын зардлыг төлсөнөөр баланс барьж явдаг санхүүгийн хувьд үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй байна. Холбоог санаачлан ажиллагсад буюу анхны 50 павьлион нь П ХХК-ийг үндэслэлгүйгээр ашиглалтын зардлыг өндрөөр тогтоон хураамж хураан авч байгааг удаа дараа сануулан холбоо байгуулсанаа мэдэгдэж өөрийн гишүүдийн өмчлөлийн хөрөнгө ашиглалтаа өөрсдөө хариуцахаа мэдэгдсэн боловч тус компани нь арга хэмжээ авалгүй хойшлуулсаар 2015 оны 5 дугаар сар хүргэсэн. Энэ хугацаанд П ХХК-ийн тогтоосон ашиглалтын төлбөрийг өндөр байна гэж үзэж тус холбоог байгуулагч, санаачлагч гишүүд хамтран ашиглалтын зардлыг өөрийн холбоонд албан мэдэгдэлийг 2015 оны 1 сарын 30-ны өдрийн 01 тоот албан бичиг тус тус компанид хүргүүлсэн бөгөөд 2,3,4-р сарын төлбөрийг өөрийн холбоонд төлж 50 павьлионы хэмжээнд гарсан цахилгаан, дулаан гэх мэт ашиглалтыг холбогдох газар нь төлсөн. Манай холбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага, энэ үүргийнхээ дагуу П ХХК-ийн ашиглалтын төлбөр гэх ямарч үндэслэлгүй хураан авах байсан 36,936,639.64 төгрөгийг холбоо байгуулсаны гол зорилгын дагуу 24,444,798 төгрөгийг тус 50 павьлион өмчлөгчөөс хураан авч павьлионд ногдох ашиглалтын зардал болох дулаан, цахилгааны төлбөрт 6.739.389 төгрөгийг шилжүүлж, худалдааны төвийн эрүүл ахуй, аюулгүй байдал тохижилт үйлчилгээнд зарцуулсан нь үндсэндээ гишүүдээс гарах 12,491,870 төгрөгийг хэмнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Э ТББ-д холбогдуулан 2015 оны 2,3,4 сарын ашиглалтын зардалд 30,260,988 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э ТББ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тус холбоо нь 2015 оны 1 сарын 17-ны өдөр байгуулагдаж эрх үүссэн тул 2015 оны 2,3,4 сарын ашиглалтын зардлыг зарцуулах эрхтэй гэж маргажээ.

 

Э ТББ нь 2015 оны 01 сарын 27-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж /-тай, П худалдаа үйлчилгээний цогцолборын талбай өмчлөгчдийг дэмжих тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр, гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага байгуулж, 2016 оны 01 сарын 23-ны өдөр гүйцэтгэх захирлаар Д.Отгончулууныг томилсон /хх-ийн 61-62 талд/ байна.

 

Хариуцагч Э ТББ нь 2015 оны 01 сарын 30-ны өдөр 01 дугаартай “Мэдэгдэл”, 2015 оны 03 сарын 21-ний өдөр 08 дугаартай “Шаардлага” хүргүүлж “Үйл ажиллагаагаа нэн яаралтай зогсоохыг П ХХК-аас шаардсан /хх-ийн 87, 88 талд/ байна.

 

П ХХК, Э ТББ-ын хооронд 2015 оны 5 сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, эрх, үүрэг шилжсэн болох нь  талуудын хооронд байгуулсан “Үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардлыг хувааж хариуцах хэлцэл, П цамхагын 1-6 давхар бүхий худалдаа, үйлчилгээний төвийг хүлээн авсан, хүлээлгэн  өгсөн протокол /хх-ийн 236-239, 231 талд/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

 Хариуцагч Э ТББ нь 2015 оны 2,3,4 сарын ашиглалтын зардлыг шилжүүлэн авсан нь хөрөнгө олж авсан этгээд  болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байхад бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Хариуцагч Э ТББ нь Пийс молл худалдааны төвийн 50 талбай өмчлөгч нараас ашиглалт, үйлчилгээний 2015 оны 2,3,4 сарын  зардалд 24.444.768 төгрөгийг  шилжүүлэн авсан болох нь “Харилцагчийн гүйлгээ”-ний баримт болон гүйцэтгэх захирал Д.Туяатай тооцоо нийлсэн /хх-ийн 8-59 талд/ баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь П ХХК-нд цахилгаан болон ашиглалтын зардалд 6.739.389 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны дипозит дансны хуулга /хх-ийн 299 талд/ тогтоогдож байх тул төлбөрөөс хасч тооцож, хариуцагчаас үлдэх 17.705.379 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.555.609 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй. 

 

Нэхэмжлэгч П ХХК нь 30,260,988 төгрөгийг гаргуулах нотлох баримтаа ирүүлээгүй нь нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасныг баримтлан хариуцагч Э ТББ-аас 17.705.379 /Арван долоон сая долоон зуун таван мянга гурван зуун далан ес/ төгрөгийг гаргуулж П ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.555.609 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392.254 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 246.477 төгрөгийг гаргуулж П ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ