Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2068

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХХХХ” ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2016/00760 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХХ” ТББ холбогдох

 

30 260 988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч     ХХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        ХХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                                    ХХХХХ               

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

“ХХХХ” ТББ-д “ХХХХ” ХХК-ийн ашиглалтын захиргааг шилжүүлж өгөхөөс өмнөх 2015 оны 2, 3, 4 саруудын ашиглалтын төлбөр болох 30 260 988 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр хураан авч өөрсдийн санхүүжилтийг бүрдүүлсэн. Энхтайван өргөө ТӨХ-ны гүйцэтгэх захирал ХХХХ болон “ХХХХ” ХХК-ийн нягтлан бодогч ХХХХХ нарын санхүүгийн тооцоо нийлсэн актаар нотлогдож байна. Тухайн үед цахилгаан, дулаан, ус гэх мэт ашиглалтын бүх зардал манай компаниас төлөгдөж бид энэхүү байдлаас болж нийгмийн даатгал, санхүү татварын өрөнд орсон. 2015 оны 5 дугаар сарын 1 өдөр харилцан тохиролцон гэрээ байгуулж эрх үүргээ шилжүүлсэн тул 2015 оны 2, 3, 4 саруудын ашиглалтын төлбөр болох 30 260 988 төгрөгийг “ХХХХ” ТББ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ТББ-ын төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ , ХХХХХ, ХХХХХ нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“ХХХХ” ТББ нь 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан бөгөөд Пийс молл худалдааны төвийн нийт талбай өмчлөгчдийн санаачлагаар сайн дурын үндсэн дээр байгуулагдсан ашгийн бус байгууллага бөгөөд 146 талбай өмчлөгчдийг багтааж үйл ажиллагаагаа явуулдаг. Тус холбоо нь ашиг харж ажилладаггүй бөгөөд сар, сард нь ашиглалтын зардлыг талбай өмчлөгч, түрээслэгчдээс хураан авч тухайн сард гарсан ашиглалтын зардлыг төлснөөр баланс барьж явдаг санхүүгийн хувьд үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй байна. Манай холбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага, энэ үүргийнхээ дагуу “ХХХХ” ХХК-ийн ашиглалтын төлбөр гэх ямарч үндэслэлгүй хураан авах байсан 36 936 639.64 төгрөгийг холбоо байгуулсны гол зорилгын дагуу 24 444 798 төгрөгийг тус 50 павильон өмчлөгчөөс хураан авч павильонд ногдох ашиглалтын зардал болох дулаан, цахилгааны төлбөрт 6 739 389 төгрөгийг шилжүүлж, худалдааны төвийн эрүүл ахуй, аюулгүй байдал тохижилт үйлчилгээнд зарцуулсан нь үндсэндээ гишүүдээс гарах 12 491 870 төгрөгийг хэмнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан “ХХХХ” ТББ-аас 17 705 379 төгрөгийг гаргуулж “ХХХХ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 555 609 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэх болгож, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 254 төгрөгийг Улсын төсөвт үлдээж, хариуцагч “ХХХХ” ТББ-аас Улсын тэмдэгтийн хураамжид 246 477 төгрөгийг гаргуулж “ХХХХ” ХХК-нд олгуулан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

...Хариуцагч "Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо" нь 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр "Пийс Молл" худалдааны төвийн нийт талбай өмчлөгчдийн санаачлагаар, сайн дурын үндсэн дээр, гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилготойгоор байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. Тус холбоо нь 2015 оны 2, 3, 4 дүгээр саруудад холбооны гишүүн 50 талбай өмчлөгчөөс үйлчилгээний зардалд 24 444 768 төгрөг шилжүүлэн авч ашиглалтын зардал болон холбооны ажил үйлчилгээний зардалд зарцуулсан юм. Гишүүдийн эрх ашгийн үүднээс 2016 оны 2, 3, 4 дүгээр саруудын үйлчилгээ, ашиглалтын зардлын бодит тооцоог гаргаж нийт 50 гишүүдээс холбогдох зардлаа шилжүүлж авсан байна. Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК нь хариуцагчийг 2016 оны 2,4,5 саруудын үйлчилгээ, ашиглалтын зардлыг "ХХХХХ" ТББ-г хурааж авах үндэслэлгүй гэж үзэн 30 260 988 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас 17 705 379 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр дараах үндэслэлээр няцаагдана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэгдэх үед хариуцагч дээр дурьдсан 50-н өмчлөгчийн “ХХХХ" ХХК-тай хийсэн ашиглалтын зардлыг зохицуулсан гэрээний хугацаа дууссан учир шинээр гэрээ байгуулж ажилласан тухай тайлбарласан байдаг. Гэтэл дээрх гэрээ нь огт хэрэгт авагдаагүй байх бөгөөд энэ нь "ХХХХ" ХХК-ийг ашиглалтын зардлыг нэхэмжлэх эрхтэйг нотлох, хэрэгт чухал ач холбогдолтой баримт байсан байна. Шүүгч хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" хэсгийг үндэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйл, 492.1 дэх хэсэгт "Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй" гэж заасан байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч нь хариуцагчид хөрөнгө шилжүүлсэн бөгөөд дээрх хөрөнгөө хуульд заасан үндэслэлээр буцаан шаардах эрхийн тухайд зохицуулсан зохицуулалт юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйл, 167.1.4 дэх хэсэгт "Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох" заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХ” ТББ-д холбогдуулан 2015 оны 2,3,4 сарын талбай ашиглалтын зардалд 30 260 988 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ “...Тус төрийн бус байгууллага нь 2015 оны 2, 3, 4 сарын ашиглалтын зардлыг зарцуулах эрхтэй”  гэсэн үндэслэл заасан байна.

 

Харин дээрх саруудын ашиглалтын зардлыг шилжүүлэн авсан болохоо үгүйсгээгүй бөгөөд уг байдал нь харилцагчийн гүйлгээний баримтаар тогтоогдсон байна. / хэргийн 8-59 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нь “Пийс тауэр” худалдаа үйлчилгээний цогцолборын талбай өмчлөгчид нь өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ХХХХ” ТББ-ыг байгуулсан, уг байгууллагыг байгуулахаас өмнө нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь тус цогцолборын өмчлөгчдийн цахилгаан, дулаан, ус гэх мэт ашиглалтын зардлыг хариуцан ажиллаж үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХ” ТББ-д “Пийс тауэр” төвийн худалдаа үйлчилгээний төвийг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгч протокол үйлдсэн байх ба Хаан банкны депозит дансны хуулгаас үзэхэд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагад ашиглалтын зардалд 6 739 389 төгрөгийг шилжүүлжээ. /Хэргийн 230, 299 дүгээр тал/

 

Хариуцагч байгууллага шилжүүлэн авсан 2015 оны 2, 3, 4 дүгээр сарын ашиглалтын зардлыг төлөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу өөрийн тайлбарын татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч “ХХХХ” ТББ-аас 17 705 379 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч “ХХХХ” ХХК олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 182/ШШ2016/00760 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ ы заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “ХХХХ” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 477 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                       

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН                                                                                                                                          

Ц.ИЧИНХОРЛОО