Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00331

 

Э.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01765 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2331 дугаар магадлалтай,

Э.А-ийн нэхэмжлэлтэй,

О С Н А А У Г-ОНӨААТҮГ-т холбогдох,

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/671 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухайиргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б-ы гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Э.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ОСНААУГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн бараа материалын нягтлан бодогчоор, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөнгөн урсгалын нягтлан бодогчоор ажиллаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж ажил үүргээ хэвийн хэрэгжүүлж байсан ба ажлын хариуцлага алдаж, арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл ОСНААУГ-ын даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/671 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан ажлаас чөлөөлж, үндэслэлээ Санхүү, эдийн засгийн хэлтсийн ажилтнуудын цалин хөлс бодолт, үр дүнгийн урамшуулалд олгох нэмэгдэл хөлс бодолтыг зөвшөөрсөн 25 хувийг 31 хувь болгон нэмэгдүүлсэн байтал мөнгөн урсгалд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзсэн нь хууль зүйн хувьд алдаатай байна.

Уг зөрчилтэй холбогдуулан хийж гүйцэтгэж байсан ажлыг шалгаж, холбогдох үйл баримтыг нотлоогүй байж ажлаас чөлөөлсөн. Мөнгөн урсгалын нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод төв аппаратын ажилтнуудын цалин хөлс бодолт, үр дүнгийн урамшуулал, нэмэгдэл хөлс бодолтод хяналт тавих заалт тусгагдаагүй, үүнийг ахлах эдийн засагч шалгаж, хэлтсийн дарга хянадаг. Өөрөөр хэлбэл байгууллагын ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл хөлс, үр дүнгийн урамшууллыг тогтоох, бодож тооцох нь цалин хөлсний нягтлан бодогчийн үүрэг. ОСНААУГ-ын 2017 оны 02 дугаар сарын үр дүнгийн урамшуулал олгох асуудлыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ахлах нягтлан бодогч тодорхойлсныг ахлах эдийн засагч шалгаж, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга хянаж гарын үсэг зурж баталгаажуулсан. Эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан баримтад тусгагдсан мөнгөн дүнг өөрчлөх, зөв бичсэн эсэх, цалингийн тооцоог хянах эрх байхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа танилцуулаагүй, тайлбар хийх боломж олгоогүй, 15-ны өдрөө тушаал гаргаж, ажлыг шууд хүлээн авсан.

Иймд мөнгөн урсгалын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: Э.А-ийн ажлын байрны тодорхойлолтод үндсэн гол ажлыг мөнгөн урсгалыг хянаж, өдөр бүр батлагдсан хувь хэмжээг зөв ангилан гүйлгээг хийлгүүлэх, удирдлагад танилцуулах, хэрэглэгчид болон удирдлагуудыг санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй атал Санхүү эдийн засгийн хэлтсийн ажилтнуудын 02 дугаар сарын үр дүнгийн цалинг газрын даргаас 25 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг 31 хувь болгон нэмж олгосон. Гэхдээ энэ хүн 31 хувь болгож тооцоогүй боловч түүнийг хянаж байх ёстой, энэ хяналтыг тавиагүй, танилцуулах үүргээ биелүүлээгүй итгэл алдсан үйлдэл гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтод байгаа зөв ангилан гүйлгээ хийлгэх, өдөр бүрийн мөнгөний урсгалыг хянаж, удирдлагад танилцуулах ажил нь нийт ажлын 60 хувийг эзэлдэг. Газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 тоот тушаал, түүний хавсралтыг хэрэгжүүлж ажиллаагүй, итгэл алдсан гэж үзэж ажлаас халсан байгаа. Ажил олгогчийн Б/671 тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01765 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А-ийг О С Н А А У Г-ОНӨААТҮГ-ын Санхүү эдийн засгийн хэлтсийн мөнгөн урсгалын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 372 098 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тус байгууллагын даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/671 тоот тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Э.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 84 903 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2331 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Э.А-ийн хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон гол нөхцөл болох ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилт нь банкны програмаар мөнгөний урсгалыг өдөр бүр батлагдсан хувь хэмжээ, үйлчилгээний нэр төрлөөр зөв ангилан гүйлгээг хийлгүүлэх, өдөр бүрийн мөнгөний урсгалыг боловсруулж удирдлагад танилцуулахаас гадна мөнгөний урсгал касс харилцахын гүйлгээнд хяналт хийх, өдөр бүрийн мөнгөн урсгалын гүйлгээг нэр төрлөөр нь зөв ангилах, бүртгэлээр хяналт шалгалт хийх үүрэгтэй. Санхүү, эдийн засгийн хэлтсийн зарим ажилтнуудын цалингийн 2017 оны 02 дугаар сарын үр дүнгийн урамшуулалыг Газрын даргын тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн ямар ч үндэслэлгүй нэмэгдүүлэн тооцож мөнгөний зардал гарч байхад мөнгөний орлого болон зарлагад хяналт тавих гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл, эс үйлдэхүй нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болсон.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01765 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2331 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Э.А-, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/671 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан мөнгөн урсгалын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ажил олгогч 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б/671 тоот тушаал гарган өөрийн санаачилгаар Э.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1 дэх заалтуудыг баримталж “...санхүү, эдийн засгийн хэлтсийн ажилтнуудын цалин хөлс бодолт, үр дүнгийн урамшуулал болох нэмэгдэл хөлс бодолтод зөвшөөрсөн 25 хувийг 31 болгон нэмэгдүүлсэн байтал мөнгөн урсгалд хяналт тавих гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй ажил олгогчийн итгэлийг алдсан” гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа нэгдүгээрт, ажил олгогчийн тушаалд дурдаж буй “...ажилтнуудын цалин хөлс бодолт, үр дүнгийн урамшуулал болох нэмэгдэл хөлс бодолтод зөвшөөрсөн 25 хувийг 31 болгон нэмэгдүүлсэн...” нь тогтоогдоогүй, хоёрдугаарт, Э.А- нь ажилчдад олгох цалингийн тооцоог хянах, тодорхойлох үүргийг хүлээгээгүй тул “ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл” гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн байна.

Дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Ажилчдад олгох урамшууллын хэмжээг гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан хэмжээнээс илүү бодогдсноос байгууллагад хохирол учирсан гэх үйл баримтын талаар зохигч маргаагүй байтал хоёр шатны шүүх уг үйл баримт тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай, энэ дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна. Гүйцэтгэх захирлын тушаалаар санхүү, эдийн засгийн хэлтсийн ажилтнуудад 2017 оны 2 дугаар улиралд олгох урамшууллын хэмжээг цалингийн 25 хувь байхаар тогтоосон, уг хувийг 31 хувь болгон өсгөж ажилтнуудад олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

Харин дээрх зөрчил нь нэхэмжлэгч Э.А-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт хамаарах эсэх нь зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл байжээ. Байгууллагын мөнгөний урсгал, зарцуулалтад хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ ажил олгогч тодорхойлж нотлоогүй байна.

Э.А-ийн ажлын байрны тодорхойлолтод байгууллагын мөнгөний урсгал, зарцуулалтад хяналт тавих үүрэгтэйг заасан хэдий ч тухайн гаргасан гэх зөрчлийн тухайд байгууллагын цалингийн нягтлангийн бодож, ахлах эдийн засагч шалгаж, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга хянаж гарын үсэг зурж баталгаажуулсан олголтыг нэхэмжлэгч хэрхэн хяналт тавьж илрүүлэх байсан нь тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01765 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2331 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б-ы гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ