Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 716

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Б.Бүжинлхам,

иргэдийн төлөөлөгч С.Цэрэндэжид,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг /¹0778/,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Баярмаа /¹1814/ нарийн бичгийн дарга М.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлий прокурорын газраас Боржигон овогт Баяраагийн Б.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201218000278 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2-р баг 03-06 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баяраагийн Б.Б, /РД: М092122811/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  яллагдагч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж дахиж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би ганц хүүтэй, хүүгээ 7 жилийн өмнө алдсан. Миний хүү архи дарс уудаггүй байсан. Цэргээс халагдаад ирсэн байсан. Тухайн өдөр ангийнхаа хүүхэдтэй пиво уусан байдаг. Ээждээ согтуу харагдаж үзээгүй гээд гэр рүүгээ алхаж явахдаа Б.Б нарын 5 залуутай тааралдсан. Өөрөө бол ангийнхаа хүүхэдтэй хамт алхаж явсан. Энэ залуугийн санахгүй байгаа гэж хэлж байна. Удаа дараа 7 жилийн ярианд үнэн худал хоёрын зааг гэж байдаг. Энэ хүүхдүүдээс хэн ч уучлалт гуйж байгаагүй. Хэрвээ миний хүү энэ хүний оронд үлдсэн байсан бол би хүүгээ хэргээс мултлахын төлөө явахгүй, эх хүний сэтгэлийг яаж ийгээд аргадаач, зөв ч бай, буруу ч бай та нараас болж энэ зүйл болсон.

Яагаад би зөв ч бай буруу ч бай гэж хэлээд байна гэхээр буруутай гэдэг нь олон зүйлээр нотлогдоод байхад зөрөөд яваад байна. Одоо мэдүүлэгтээ нөхөр бид хоёртой тааралдахаараа намайг алуурчин гэлээ, автирк бариад хөөлөө гээд сууж байдаг. Тэр болгон хэрүүлийг би хаясан. Хохирсон зовсон тухайгаа яриад яахав. Баримтаар гарсан зардлуудаа нэхэмжилнэ. Хэрэг гарснаас хойш 2 жилийн хугацаанд л баримтжуулсан. Тэрнээс хойш баримтжуулаагүй. Өнөөдөр хэргийг шийдвэрлэмээр байна. Би 7 жил ингэж явж байна. Надад үнэндээ л чанга байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Улсын яллагч: шүүгдэгч Б.Бын сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Түвшинтөр ...Хашаа налаад сууж байсан ...Хашаа налаад суугаад үлдсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 120-121х/,

яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би уг нь согтуу байсан болохоор очоод юм яриад алгадсан байх...Хэрэг хийгээгүй зөвшөөрөхгүй... Би талийгаачийг цохиогүй. Би эхний мэдүүлэг дээрээ сандраад цохисон гэж мэдүүлсэн...Талийгаач нөгөө хэдийг зодолдож байхад л алга болсон байсан ...Талийгаач хашаа налаад сууж байсан түүнийг зодсон хүн байхгүй ...Би нэг ухаан ороход талийгаач газар хэвтэж байсан. Зүгээр үү гэж хэлээд хацар луу нь 1 удаа алгадсан. Тэгтэл талийгаач босч ирээд хойшоо зам дагаад явсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 122-127х/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Талийгаач 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг болж байхад өвөө Сүхбаатарыгаа хот руу явдаг галт тэргэнд суулгаж өгөхөөр хоёулахнаа гарч явсан. Тэгээд байж байгаад 22 цаг 30 минутын үед би хүүгээ гэртээ ирэхгүй байхаар нь дүү Ууган-Эрдэнэ рүү залгаж асуухад манайхаар орж ирээгүй, ирвэл танд хэлнэ гэж хэлэхээр нь би унтаж амарсан... 8 цаг болж байхад сэрээд хүүгээ асуухаар Батаа, Ууган-Эрдэнэ нарынхаар очиход гэр нь цоожтой байсан... ангийнх нь хүүхэд Ганзориг руу залгаж, Түвшинтөрийн ээж байна гээд хүүгээ асуухад юу ч ярилгүй гар утсаа салгачихсан ...дахиан залгаад асуухад хотод байна гээд гар утсаа салгасан...Тэгэхээр нь би зүгээр санаандгүй байдлаар Ганзориг руучамтай хамт хүү маань явж байсан байна, та нар хаан байна гэхэд ямар ч хариу ирүүлээгүй. Тэгэхээр нь аав руугаа ярьж Түвшинтөр хамт явчихвуу гэртээ ирж хонсонгүй гэхэд өчигдөр орой өөрийнхөө үеийн махлаг залуутай инээлдээд Шаамрын вокзал дээр үлдсэн. Би хүүгээ үнсчихээд явуулсан... хамт ирээгүй гэсэн... Соёмбо гэдэг хүүхэдтэй манай хүү таарамжгүй харьцаатай, манай хүүг дээрэлхдэг асуудал байсан. Тиймээс энэ байдлаасаа болоод Соёмбо манай хүүг захиалж алуулсан байх гэж үзэж байна. Хамт байсан гэх банди нартай нь уулзахаар ямар нэгэн юм нуугаад байгаа нь мэдрэгдээд байна. Батжаргалын аав Магсар надтай уулзаад "Манай хүү Батжаргал тэр орой унтах гэж байсан. Гэтэл утас нь дуугараад л гараад явсан. Өглөө ирэхдээ их хачин царайтай орж ирсэн. Нэг хүүхэд нь болохоо байсан юмдаг уу даа " гэж байсан... Б.Бын хувьд ч гэсэн манай хүүтэй урьд өмнө таарамжгүй дээрэнгүй харьцаатай байсан. Соёмбоотой уулзахад янз бүрээр яриад байгаа. Б.Быг гаргаж ирж архи бэлтгэж өгөөд хүүгийн маань замыг тосоод байж байсан гэж бодож байна. Дөлгөөнөө гэж банди болохоор "би танай хүүхдийг алаагүй шүү Соёмбоо мэднэ гэж байгаа. Тиймээс Соёмбоо Б.Быг хорихоос гаргаж ирээд алуулсан гэж бодож байна... Оршуулгын зардлыг нь тооцож гаргасан 5.285.100 төгрөгний зардал гарсан байгаа... Манайх хэрэг болсон газраас ертөнцийн зүгээр урагшаа байдаг. Тэгэхээр миний хүү хэрэг болсон газраас хойшоо гүйгээд төмөр зам руу явах ямар нэгэн шалтгаан байхгүй... Хүү маань анх цохилт аваад бие хамгаалах чадваргүй, сааталд орчихсон байсан байх гэж бодож байна. Соёмбоогийн хэлж байгаагаар Б.Быг салгахад хүү маань ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан гэдэг. Оршуулгын ажил болж байхад Эрдэнэбилэгээс би "Хамгийн сүүлд миний хүү юу гэж дуугарсан бэ" гэхэд "Уучлаарай" гэж 2 удаа хэлсэн гэдэг. Үүнээс бодоход хүүг маань нас барахад Эрдэнэбилэг хажууд нь байж байгаад хамгийн сүүлд уучлаарай гэх үгийг сонссон байна гэж үзэж байна ..." гэх мэдүүлэг /1хх-ийн 25-28х, 2хх-ийн 164-167х, 240х, 243-245х, 4хх-ийн 144х, 6хх-ийн 220-222х, 8хх-ийн 165х/,

хохирогч Л.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Соёмбо дэлгүүрийн хашааны үзүүр хавьд шээгээд зогсож байхад нь Б.Б ирсэн. Тэгээд Б.Б түүнийг "Чи намайг таних уу? гээд гараараа зүүн шанаа руу нь 2 удаа цохисон. Тэгэхээр нь би бид хоёр салгаад "Чи одоо яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн Ганаа Дөлгөөн хоёр ирээд намайг зодож эхэлсэн. Соёмбоо ирж салгасан. Би нар зодолдохоо болиод эвлэрсэн. Соёмбоогоос талийгаачийг асуухад төмөр замын гарамаар гараад явсан гэж хэлсэн... Б.Б ямар ч байсан Түвшинтөрийг шээгээд зогсож байхад нь ирээд намайг таньж байна уу гээд ямар ч үгийн зөрүүгүй нэг удаа гараараа толгой хэсэгт нь цохиод авахыг би харсан. Талийгаач эсэргүүцэл үзүүлээгүй... Би мөн шээж байсан учир хөөе яаж байгаа юм болиоч гэх хооронд Б.Б дахиад угсруулаад талийгаачийг гараараа толгой нүүр орчим руу нь цохиод авсан. Талийгаач уучлаарай гээд өөр юм яриагүй. Тэгээд би шээж дууссан учир очоод салгасан. Тэгтэл цаанаас Ганзориг, Дөлгөнөө нар ирээд манай найзыг яаж байнаа гээд намайг шууд цохиж бариад зодолдсон. Тэр хоёр хоёулаа нийлж намайг зодсон..." гэх мэдүүлэг /1хх-ийн 30-33х/,

Л.Эрдэнэбилэгийн гэрчээр мөрдөн шалгах  ажиллагааны үед өгсөн "...Соёмбоогийн хашааны ойролцоо шээж байтал Б.Б араас нь ирээд чи намайг таньж байна уу гэхээр нь Түвшинтөр эргэж харахад Б.Б нүүрэн тус газар луу нь хоёр удаа цохисон. Тэгээд удаа ч үгүй намайг Дөлгөөн, Ганаа хоёр цохисон. Б.Б, Түвшинтөр хоёр дараа нь юу болсныг мэдэхгүй, Соёмбоо харин надад цагдаа дээр ирээд Б.Б Түвшинтөрийн дээр нь суугаад нүүр лүү нь цохиж байсан гэж ярьсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 42х/,

гэрч Ш.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Түвшинтөр, Эрдэнэбилэг 2 пиво ууж дуусаад шөнийн 00 цаг 30 минутын үед гэр лүүгээ харилаа гэж хэлээд явсан. /1хх-ийн 34-35х/,

гэрч Б.Соёмбын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр утсаар "Б.Б байнаа орой 21 цагийн үед унаа олж чадах уу гэхээр нь би яах гэж байна гэсэн орой харуулаасаа чөөлөө аваад очих гэсэн юм гэсэн... очоод Б.Быг дуудуулсан. Тэр харуул нь 00 цаг гэхэд ирчихсэн байгаарай гэсэн... Шаамар явах гээд байж байхад Дөлгөөнөө, Ганаа, Бачка нар ирчихсэн байсан... гэртээ унтаж байхад 02 цагийн орчим, ...цонхыг хүн нүдэхээр нь гартал Б.Б, Дөлгөөнөө, Ганаа, Бачка нар манай гадаа зогсож байсан... манай гэрийн замын хажууд 0,75 граммын архи задлаад Ганаа, Дөлгөөнөө, Б.Б нар тэр архийг талд нь ортол уугаад байтал зам дагуу манай гэрийн зүг 2 хүн явж байсан. Б.Б энэ 2 дээр очиж намайг таних нь уу үзнээ гээд Б.Б тэр хоёр хүн дээр очоод намайг таних уу гээд орилж хашгирч байгаа сонсогдсон... зодоон цохион болоод байхаар нь Бачка бид хоёр очсон... Түвшинтөрийн дээр Б.Б гараад суучихсан байдалтай байхаар нь Бачка бид хоёр салгасан. Б.Быг Түвшинтөрөөс холдуулсан... Түвшинтөр дээшээ харсан байдалтай хөдлөхгүй хэвтээд байсан... Ганаа Ээгийн хёрыг салгаад буцаад Түвшинтөрийн хэвтэж байсан газар ирэхэд Түвшинтөр доошоо харсан байдалтай хэвтэж байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 48-53х, 59-63х/,

гэрч Б.Соёмбоогийн мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл "..хашааны банз унасан байсан..." /1хх-ийн 54-57х/,

гэрч Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Соёмбоогийн гадаа хашааных нь үзүүрт зодоон болсон. Намайг харахад Б.Б Түвшинтөрийг нүүр лүү нэг удаа гараараа цохиж байсан... бид гурав зодолдож байгаад салаад ирсэн чинь Түвшинтөр байхгүй болчихсон байсан ..." гэх мэдүүлэг /1хх-ийн 62-65х/,

гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Тэгтэл Б.Б нөгөө хоёр банди дээр очоод 1-ийг нь цохиод авах шиг болсон. Яг хаана нь цохисныг анзаараагүй... Соёмбоо тэр хоёрыг салгаж байх шиг байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 66-68х/,

гэрч Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Талийгаач хашаа налаад хөл дээрээ явган сууж байсан. Хашааны хажууд нэг сугарчихсан банз байсан байсан. Тэр банзны хажууд, урд талд сууж байсан /Соёмбоогийн "Талийгаач доошоо хараад хэвтэж байсан " гэж хэлсэн газрын зургыг заав./" гэх мэдүүлэг /1хх-ийн 69-75х/,

гэрч Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "....04 цаг 20 минутын үе Ганзориг, Дөлгөөнөө 2 манай гэрийн гадаа ирээд цонх тогшоод ...Б.Быг хүргэж өгөхгүй бол болохгүй гээд Шаамар сумаас 4 цаг 50 минутын үед гараад 5 цаг 30 минутын үед Сэлэнгэ орсон. Цаг хараагүй багцаагаар хэлж байна..." гэх мэдүүлэг /1хх-ийн 76-77х/,

гэрч О.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...гүүрнээс холгүйхэн хүн хэвтэж байсан Отгонболд 06 цаг 36 минутанд цагдаад дуудлага өгсөн... 5 цаг 10 минутанд вагон өнгөрсөн. Вагон өнгөрч байхад хүн дайрчихлаа гэх чимээ сонсогдоогүй.Вагоны замын ойр орчим ямар нэг хүн харагдаагүй..." гэх мэдүүлэг /1хх-ийн 80-81х/,

гэрч Б.Дархансүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...05 цаг 10 минутын үед хүн нас барсан газрын хажуугаар гарсан. Хүн байгаагүй, замаа хянаад явсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 94-95х/,

гэрч Ц.Отгонболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Ямар ч байсан би өөрөө нас барсан байсан хүний яг хажууд явж очсон нь үнэн. Бид нарыг ингэж бужигнаж байх хооронд буюу аймгаас цагдаагийнхан ирэхээс өмнө орон нутгийн галт тэрэг энэ хэсгээр хот тал руугаа явж өнгөрсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 174х/,

Шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай задлан шинжилгээний дүгнэлт "... цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл, тархины хатуу хальсны урагдал, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал, суурь яс, зүүн чамархай, дагзанд хугарал , толгойн орой, дагз, чихэнд шарх.Хуйханд цус хуралт, зовхи, шуу, сарвуунд зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэх боломжтой. Гэмтлийн авснаас хойш талийгаач амьд байх боломжгүй. Тухайн гэмтэл авснаас хойш бие даан босох үйлдэл хийх боломжгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал суурь Зовхи шуу, сарвуунд зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2 болон түүнээс түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэнэ. Хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ..." гэсэн /1хх-ийн 158-163х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаартай дүгнэлт "...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт №63 үндэслэлтэй байна. Дээрхи гавал тархины гэмтэлтэй хүн түргэн хугацаанд нас барах ба зорилгот хөдөлгөөн хийж чадахгүй. Гавал тархины гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ..." гэсэн /1хх-ийн 214-215х/,

Шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 715 дугаартай дүгнэлт "Урьд гаргасан шүүх эмнэлгийн 63, 966 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна" гэсэн /5хх-ийн 1, 64-165х/,

Шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 7724 дугаартай дүгнэлт "...Хохирогчийн гэх хүрэм, футболк, жинсэн өмд дээр цус илэрсэн. Энэ нь ВЗ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Бусад хувцсан дээр цус илрээгүй. Хохирогч Т.Түвшинтөрийн гэх хатаасан цус нь ВЗ бүлгийн цус байна" гэсэн /1хх-ийн 198х/,

Шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 7096 дугаартай дүгнэлт "...Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Т.Түвшинтөрийн өмсөж явсан гэх зүүн пүүз дээр цус илрээгүй, баруун пүүз дээр цус илэрсэн. Уг цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй.Шинжилгээнд ирүүлсэн пүүзний улны урд ирмэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна..." гэсэн /5хх-ийн 167х/,

Шинжээчийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2/003/179 дугаартай дүгнэлт"...Цогцосны унасан байдал нь галт тэргэнд дайрагдсан гэх үндэслэлгүй байна. Дээрх хурдтай галт тэргэнд дайрагдсан тохиолдолд цогцос төмөр замын хажууд тийм байдалтай үлдэх боломжгүй..." гэсэн /2хх-ийн 159х/,

Шинжээч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Талийгаач нь тэр гэмтлийг аваад ямарч хөдөлгөөн хийгүйгээр тэр дороо нас барахгүй гэж давтан шинжилгээ хийсэн манай комисс үзэж байна. Учир нь гавал тархины гэмтэл нь ил гэмтэл байсан, мөн тархины эдэд амьдрах боломжгүй шууд үхэлд хүргэхээр бяцрал/ их хэмжээний/ байгаагүй. Тийм болохоор богино хугацаанд ухамсаргүй, зорилгот бус үйлдэл хийх Жишээ нь мөлхөх,явах, хөл гараа хөдөлгөх үйлдэл хийх боломжтой...Алхах мөлхөх үйлдлийг 10-20 метр, 3-5 минутанд ухамсаргүй, зорилгот үйлдэл хийх боломжтой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед өвдөлт, шок-ийг бууруулдаг...Гэмтэл аваад уначихсан хэвтээ байрлалд байхад бол хохирогчийн пүүз цусаар бохирлогдох боломжгүй..." гэх мэдүүлэг /3хх-ийн 171-173х, 5хх-ийн 145х/,

Шинжээч Б.Бадрахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Логик утгаар нь авч үзвэл гэмтэл галт тэрэгний үйлчлэлээр учирсан байх боломжтой ч би өөрийн шинжээчийн зүгээс бол дээрх гэмтлийг галт тэрэгний үйлчлэлээр учирсан байх боломжгүй гэж үзэж байна..." гэх мэдүүлэг /5хх-ийн 155-156х/,

хохирлын тооцоо хийсэн баримт /8хх-ийн 167-168х/, яллагдагч Б.Бын ялын тооцоо /8хх-ийн 204х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15-22х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс гэрч Эрдэнэбилэгийн мэдүүлэг /1хх-ийн 44х/, гэрч Батжаргалын мэдүүлэг /1хх-ийн 74-75х/, гэрч Соёмбын мэдүүлэг /1хх-ийн 45х, 53-54х, 61х/, гэрч Отгонбаярын мэдүүлэг /1хх-ийн 82х/, гэрч Хүрэлтулгын мэдүүлэг /1хх-ийн 96х/, Болдбаатарын мэдүүлэг /2хх-ийн 175х/, хохирогчийн гаргаж өгсөн хохирлын тооцоо баримтууд /2хх-ийн 65-81х/, Буяндэлгэр /4хх-ийн 148х/, гэрч Отгонбатын мэдүүлэг /4хх-ийн 35х/, гэрч Дархансүхийн мэдүүлэг /1хх-ийн 94х/, гэрч О.Гансүхийн мэдүүлэг /1хх-ийн 98х/, гэрч Батбаярын мэдүүлэг /1хх-ийн 83х/, шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 159х/ Бадрах шинжээч, /2хх-ийн 45х/ 2/21 албан тоот хариу тайлбар, 63 тоот шинжээчийн задлан шинжилгээний дүгнэлт /4хх-ийн 158х/, задлан шинжилгээний нэмэлт дүгнэлт /4хх-ийн 27/, УБ төмөр замын Сүхбаатар өртөөнөөс гаргаж өгсөн цагийн хуваарь /4хх-ийн 21х/, Даваасүрэн шинжээчийн мэдүүлэг /1хх-ийн 163х/, шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 186х, 192х, 198х/, /4хх-ийн 10х/, /5хх-ийн 167х/, албан бичиг /10хх-ийн 05х/, 2/125 дүгнэлтийн тайлбар /16хх-ийн 110х/, Содбилэгийг гэрчээр асуусан мэдүүлэг /16хх-ийн 108х/, Батбилэгийн мэдүүлэг /16хх-ийн 106х/ талуудад авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс Ганзоригийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-ийн 126х/, Дөлгөөний мэдүүлгийг газар дээр нь шалгасан /4хх-ийн 128х/, шинжээч эмч Цэцэгмааг байцаасан тэмдэглэл /4хх-ийн 174-175х/, шинжээч эмч Ганболдын байцаалт /4хх-ийн 176х/, шинжээчийн 415 дугаартай дүгнэлт /7хх-ийн 123х/, шинжээч эмч Цэцэгмааг дахин байцаасан тэмдэглэл /4хх-ийн 182х/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд Т.Түвшинтөрийг зодож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ. 

 

Шүүхээс Б.Бод холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хууль зүйн дүгнэлт хийхэд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд талын гаднах талбайд шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Т.Түвшинтөрииг цохисон үйл явдал болжээ.

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн үйл явдал болсон газраас 180 метрийн зайтай төмөр замын хажууд амь хохирогч Т.Түвшинтөр нь биедээ гэмтэл авч нас барсан байдалтайгаар олдсон байна.     

Шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай задлан шинжилгээгээр: "... цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл, тархины хатуу хальсны урагдал, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал, суурь яс, зүүн чамархай, дагзанд хугарал, толгойн орой, дагз, чихэнд шарх, хуйханд цус хуралт, зовхи, шуу, сарвуунд зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэх боломжтой. Гэмтлийг авснаас хойш талийгаач амьд байх боломжгүй. Тухайн гэмтэл авснаас хойш бие даан босох үйлдэл хийх боломжгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал суурь зовхи шуу, сарвуунд зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2 болон түүнээс түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэнэ. Хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ..." гэсэн дүгнэлт /1хх-ийн 158-163х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаартай дүгнэлт "...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт №63 үндэслэлтэй байна. Дээрхи гавал тархины гэмтэлтэй хүн түргэн хугацаанд нас барах ба зорилгот хөдөлгөөн хийж чадахгүй. Гавал тархины гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ..." гэх /1хх-ийн 214-215х/ дүгнэлтүүд тус тус гарч амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон байна.

Шинжээч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Талийгаач нь тэр гэмтлийг аваад ямар ч хөдөлгөөн хийлгүйгээр тэр дороо нас барахгүй гэж давтан шинжилгээ хийсэн манай комисс үзэж байна. Учир нь гавал тархины гэмтэл нь ил гэмтэл байсан, мөн тархины эдэд амьдрах боломжгүй шууд үхэлд хүргэхээр бяцрал /их хэмжээний/ байгаагүй. Тийм болохоор богино хугацаанд ухамсаргүй, зорилгот бус үйлдэл хийх, жишээ нь мөлхөх, явах, хөл гараа хөдөлгөх үйлдэл хийх боломжтой, ...Алхах мөлхөх үйлдлийг 10-20 метр, 3-5 минутанд ухамсаргүй, зорилгот үйлдэл хийх боломжтой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед өвдөлт, шок-ийг бууруулдаг, ...Гэмтэл аваад уначихсан хэвтээ байрлалд байхад бол хохирогчийн пүүз цусаар бохирлогдох боломжгүй..."  /3хх-ийн 171-173х, 5хх-ийн 145х/ гэж мэдүүлжээ.

Тухайн үед хэргийн газарт байсан гэрч Л.Эрдэнэбилэг, Б.Соёмбо, Ш.Шинэбаяр, Б.Ганзориг, Батжаргал нарын мөрдөн шалгах ажиллагааны үед хэд хэдэн удаа өгсөн зөрүүгүй мэдүүлгүүдээр амь хохирогч Т.Түвшинтөрийг, шүүгдэгч Т.Б.Бод цохиулсаны дараа “...тухайн газраас алга болсон байсан”, эсхүл “...цохиулаад гүйгээд явсан...” гэжээ.    

Дээрхи гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, шинжээч нарын дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээс үзэхэд: Амь хохирогч Т.Түвшинтөр нь шүүгдэгч Б.Бод цохиулж биедээ дээрхи хүнд гэмтлийг аваад идэвхтэй хөдөлгөөн хийж мөлхөж, алхаж явах, гүйх байдлаар 80-90 метр, эсхүл 180 метр замыг туулах боломжгүй нь тогтоогдож байна. Амь хохирогч Т.Түвшинтөр нь ямар байдлаар явж, эсхүл хүн зөөвөрлөх байдлаар хэрэг учрал болсон газраас дээрхи зайг туулж төмөр замын хажууд очсон, хүргэгдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй байна. Мөн амь хохирогч Т.Түвшинтөрд учирсан гэмтлийг гараар цохиход үүсгэгдэх боломжгүйгээс гадна хавтас хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бичгийн баримтаар Б.Б нь амь хохирогч Т.Түвшинтөрийг гартаа мод, чулуу, төмөр гэх мэт зэвсгийн чанартай зүйл барьж цохисон нь тогтоогдохгүй бөгөөд хэргийн газраас ямар нэг эд мөрийн баримтаар авагдсан зүйл байхгүй байна. Өрөөр хэлбэл Б.Бын үйлдлийн улмаас амь хохирогч Т.Түвшинтөрийн биед  гавал тархины гэмтэл, тархины хатуу хальсны урагдал, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал, суурь яс, зүүн чамархай, дагзанд хугарал, толгойн орой, дагз, чихэнд шарх бүхий гэмтэл учирсан гэж үзэхэд эргэлзээ гарч байна гэж шүүх үзэв.

Улсын яллагч нь Б.Быг 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд Т.Түвшинтөрийг зодож, хүнийг алсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь яллах үндэслэл болсон бичгийн нотлох баримтууд болон  хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар эргэлзээ төрүүлж няцаагдаж байна.    

Харин хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд талын гаднах талбайд шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Т.Түвшинтөрийг цохисон үйл баримт тогтоогдож байх хэдий ч, шүүх хэргийг улсын яллагчийн шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд тухайн Б.Бын үйлдийн улмаас амь хохирогч Т.Түвшинтөрийн биед ямар зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоогоогүй байх ба Б.Бын хийсэн үйлдэл нь 2015 онд батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүдийн шинжид тохирохгүй байгааг дурдах нь зүйтэй.    

Иймд шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Т.Түвшинтөрийг зодож амь насын хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн гэж хөдөлбөргүй тогтоож чадаагүй, энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч, гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэж, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нийт 7 жилийн хугацаанд явагдсан байх ба урьд шүүхээр 7 удаа хэлэлцүүлж байсан. Мөн хэргийн нөхцөл байдлыг тогтоох бүхий л талын мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн, ач холбогдол бүхий нотлох баримтыг хавтас хэрэгт цуглуулж бэхжүүлсэн байх ба одоо тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалт, 2 дахь хэсэг, 36.2, 36.6,  36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл, хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн 201218000278 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б нь нийт 1343 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ

                                         

     ШҮҮГЧИД                                 П.АРИУНБОЛД

 

                                                               Б.ХАЛИУН