Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 181

 

 

 

 

 

 

2020                2              6                                          2020/ДШМ/181

 

 

Б.Б-од холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэгбадам,

цагаатгагдсан этгээд Б.Б.Б-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 716 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б.Б-од холбогдох эрүүгийн 201218000278 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.Б-, 19.. оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл.............хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......................../;

2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Б.Б.Б- нь 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд Т.Т- алсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн 201218000278 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б - нь нийт 1343 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдаж, Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэг гарсан цаг үеэс хойш хуулийг хувьдаа ашигладаг хүмүүсийн оролцооноос болж маш хэцүү замыг туулж 7 жилийн хугацааг өнгөрүүлж, арай гэж нэг хүн амины хэргээр 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 166 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, шүүхийн харьяалал тогтоолгон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Гэтэл шүүх хуралдааны явц нэг л сонин болоод явчихсан /өмнө нь шүүх хуралдааны дэгийг хуралдаанд оролцож мэддэг болсон учраас/. Шүүх хуралдаан нь харилцан маргаан мэтгэлцэл байдаг ч огт тийм зүйл болсонгүй. Шүүгдэгч Б.Б- нь өнгөрсөн үйл явдлыг огт санахгүй байгаа гэх... шүүгдэгчийн өмгөөлөгч /томилгооны/ 2-3 өгүүлбэр хэлэх төдий бараг сонсогдохгүй байсан... гэтэл хурлын үеэр гаднаас хүн орж ирэн эмэгтэй шүүгчид юм хэлж цаас өгч гарсан. Дараанаас нь эхлэн тэр эмэгтэй шүүгч улсын яллагч руу дайрч, зэмлэж эхэлсэн. Хэн яллагдаж байгаа билээ, хэний гэм буруугийн тухай ярьж байгаа нь ойлгомжгүй болж урьдаас бэлтгэсэн жүжиг шиг шүүх хуралдаан завсарлав. Бараг нэг цагийн завсарлага болоход миний өмгөөлөгч гайхаж байгаагаа хэлээд “цагаатгах тогтоол гаргах юм шиг байна даа” гэж харамсаж байсан. Үнэхээр цагаатгах тогтоол уншсан. Иргэн миний хувьд тус хуралдаанаас гарсан цагаатгах тогтоолыг олж авах  гэж утасдаж, нэхэж гуйж байж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гардаж авсан. 201218000278 дугаартай эрүүгийн хэрэг нь удаан хугацаагаар шалгагдсан ч хохирогч амь насаа яаж алдсан гэдгийг тогтоож болохоор баримт цугларсан гэж үзэж байгаа. Хамт цуг байсан Соёмбо, Дөлгөөн, Ганзориг, Батжаргал нартай үгсэн тохиролцож зодоон болсон газраас  цогцсыг холдуулан төмөр зам дээр аваачиж орхисон ч цогцос бүтэн байж энэ хэрэг эхэлсэн билээ. Ул мөрөө баллах, гэмтэн ял завшиж үлдэх бүхий л боломжийг хуулийн байгууллага тэдэнд олгосон юм. Хүн гараараа цохиод үхэлд хүргэх гэмтэл аваагүй харин банзаар цохисны улмаас үхэлд хүргэх гэмтэл үүсгэгдэж болохыг, талийгаач нь өөрийн биеийн жингээр унахад тархинд цөмрөл, цууралт үүсэхгүй гэдгийг олон удаа тайлбарласан. Миний бичсэн зүйлүүд хэрэг дотор авагдсан материалуудаар бүрэн нотлогддог юм. Б.Б-ын Сэлэнгэ аймаг руу хүргүүлэх цаг хугацаа, талийгаачийг төмөр зам дээр тавьсан цагийн үйлдлийг боломжтой болгодог цогцосны хөрч хөшөөгүй бүлээн байсан нь үүнийг гэрчилнэ. Талийгаач нь бусдын оролцоотойгоор амь насаа алдсан гэдэг нь үйл баримтаар тогтоогдож байхад яагаад ойлгомжгүй, нотлогдохгүй гэж үзэж хэрэгтнийг цагаатгаж байгаа юм бэ. Маш их харамсаж байна. Өдийг хүртэл энэ хэргийн талаас үнэний төлөө явсан муугаас олон сайн хуульчидтай тааралдсан болоод хэргийг хаалгачихгүйгээр дэнжигнэж явсаар ганцхан удаа зөв яллах дүгнэлттэй шүүх рүү орсон ч бас л саад учирлаа. Иймд  цагаатгах тогтоолыг хүчингүй болгож,  201218000278 дугаартай эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяагийн өмгөөлөгч Р.Атарцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар Баяраагийн Б.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан байдаг. Энэхүү заалтыг ямар учраас журамлаж байгаа нь тодорхойгүй. Шийдвэрлээд байгаа хэрэгтэй нь хамааралгүй зүйл, заалтыг журамласан нь ойлгомжгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалт нь “...үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэсэн заалт байдаг. Тэгвэл Б.Б.Б-ын хэрэг, үйлдэлд хэзээний, ямар хуулийг буцаан хэрэглэж буй нь ойлгомжгүй байна. Мөн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасугай” гэсэн байна. Шүүх цагаатгах тогтоол гаргаснаа тайлбарлахдаа “...Б.Б- нь Т- зодсон гэдэг нь тогтоогдсон, харин гартаа ямар нэгэн зүйл барьсан гэдэг нь тогтоогдоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн...” гэж тайлбарласан атлаа энэ тогтоолдоо огтоос гэмт хэрэг үйлдээгүй мэтээр бичсэн нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, хянаж чадаагүйгээс Б.Б.Б-од холбогдох хэргийг илт нэг талыг барьж цагаатгасан гэж үзэж байна. Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь, Б.Б- нь 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жилийн хугацаагаар хорих ял эдэлж байх хугацаанд согтуугаар 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Т- зодож амь насыг нь хохироосон үйлдэл хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь туйлаас үндэслэлгүй юм. Тухайн нөхцөл байдал болон гэрчүүд, яллагдагч нар “Т-г Б.Б- зодсон, зодуулсан газраа хөдөлгөөнгүй хэвтэж байсан, түүний дэргэд хашааны банз сугарсан байсан, чи бос гээд нүүр лүү нь алгадаад байсан” гэх мэдүүлгүүд байгаа. Гэтэл ямар үндэслэлээр Т-н амь насыг Б.Б хохироогоогүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Б.Б- тухайн үед Т- зодоогүй байсан бол амь насаа алдахгүй байсан. Түүний үйлдэлтэй салшгүй холбоотой. Нөгөө талаар суудлын болон ачааны галт тэргэнд дайруулах ямар ч боломж байхгүй. Шинжээч Б.Даваасүрэнгийн 2 удаагийн дүгнэлтээр “... талийгаачийн толгойн оройнд үүссэн гэмтэл нь босоо эсхүл хэвтээ, хөдөлгөөнгүй байдалд толгойн чанх дээрээс тэгш гадаргуутай хүчтэй зүйлээр цохиж үүсгэсэн. Хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.” гэсэн байна. Хэрэв галт тэргэнд дайрагдсан буюу шүргүүлсэн, мөргүүлсэн тохиолдолд хүн галт тэрэгний рэйс төмөр дээр гараа дэлгээд хэвтэх боломжгүй. “Галт тэрэг явах үед замд ямар ч саад тотговор болох зүйл байгаагүй” гэж галт тэрэгний машинч нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Төмөр замын мэргэжлийн шинжээч Бадрахын 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2/003/179  тоот дүгнэлтэд “...80 км цагийн хурдтай явж байгаа галт тэргэнд хүн мөргүүлэх, шүргүүлэх тохиолдолд ийм байдалтай үлдэх боломжгүй.” гэж дүгнэсэн байсан. 1хх-167 талд шинжээч эмч Даваасүрэнгийн 2012 оны 9 дүгээр сарын 19-ны өгсөн мэдүүлэгт “ ...Толгойн оройн хэсгийн шарх язарч, урагдсан, зах ирмэг нь тэгш бус салбарсан нь юманд цохигдож огил татагдсан байх боломжтой, гавал ясны цөмрөлт нь хатуу мохоо зүйлийн нэг удаагаар үйлчлэлээр харин толгойн орой хэсэгт үүссэн цөмрөлт нь дахин нэг удаагаар үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой энэ гэмтэл нь эхний гэмтлийн дараа үүсгэгдэх үндэслэлтэй. Учир нь цөмөрсөн хугарлын завсар зүүн болон урд хэсгээрээ ус болон шороорхог зүйл хавчуулагдсан, бохирлогдсон байсан.” гэжээ. Үүнээс үзэхэд талийгаачийн зодуулсан, зодуулаад тэндээ хөдөлгөөнгүй хэвтэж байсан гэх газарт  маш их шавар шалбаагтай байсан нь хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон / 1хх-32 дугаар талд Эрдэнэбилэг... тэр үед бороо их орсон байсан учир гудамж шавар шалбаагтай байсан/. Талийгаач нь Б.Б-од зодуулсан газраа амь насаа алдсан гэдэг нь тодорхой байгаа. 1хх-191 дүгээр талд Б.Ганзориг “... талийгаачийг Б.Б.Б- л цохисон, хаашаа зугтсан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг. 1хх-45  дугаар талд Соёмбын”...Т-н дээр Б.Б- сууж байхаар нь сугадаад холдуулсан. Түвшинтөр дээшээ харсан байдалтай хөдлөхгүй хэвтээд байсан. Буцаад ирэхэд Түвшинтөр доошоо харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтээд байсан”, 54 дүгээр талд “...дээшээ хараад хэвтээд үлдсэн шүү дээ...” гэх мэдүүлэг,

1хх-75 дугаар талд Батжаргалын “... Б.Б- замын хажууд байж л байсан талийгаач ч гэсэн байсан газраасаа хөдлөөгүй...” гэх мэдүүлэг,

Гэрчүүд талийгаачийг шөнийн 03 цаг гэхэд алга байсан гэж мэдүүлдэг. Эхний галт тэрэг үүрээр 04 цаг 50 минутад Шаамар сумын галт тэрэгний станцад ирж хөдөлдөг. Энэ үед талийгаач гараа дэлгээстэй төмөр замын рейс төмөр дээр хэвтэж байсан бол хэрчигдээд хэн гэдэг нь мэдэгдэхгүй болсон байх ёстой. Гэтэл түүний дараагийн буюу Сүхбаатар сумаас Улаанбаатарын чиглэлд явж байсан галт тэрэг ирэх үед талийгаачийн цогцос олдсон газарт төмөр зам дээр гар нь дэлгээстэй хэвтэж байсныг замчин олж мэдээд цагдаад дуудлага өгсөн. 4хх-148 дугаар талд П.Буяндэлгэрийн “...ямар ч л байсан нэг гар нь дэлгээстэй байсныг нь биеийнх нь дагуу дагуул болгосон” гэж мэдүүлдэг. Хэрэв хүүр хөшсөн байсан бол хэзээ ч гар биеийг нь дагуулж тавих боломжгүй болно. Энэ байдал нь талийгаачийн бие нь хөрөөгүй, дөнгөж авчирч тавьсан байх нөхцөл байдал харагддаг. Энэ цаг хугацаатай давхцан Б.Б- нар нь машин хөлөглөн Сэлэнгэ аймгийн төвд байрлах ШШГГ-т очих гэж зодоон болсон газар буюу Соёмбоогийн гаднаас явсан хугацаатай маш ойрхон болж таардаг. Гэтэл тэд нарыг хүргэж өгсөн гэх машин гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байх явцад зарагдсан байсан нь анхаарал татдаг. Учир нь тухайн тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн байх магадлалтай. Үзлэг хийх гэтэл уг машин байхгүй зарагдсан тул үзлэг хийж чадаагүй.

Соёмбоогийн мэдүүлэгт “...арай Т- үхчихнэ гэж бодоогүй харин Эрдэнэбилэгийг үхчих вий гэж бодож байсан” талаар мэдүүлдэг. Тэгвэл хүнийг нэг удаа алгадаад, нэг удаа шанаан тус газар цохих үед яагаад Соёмбоогийн сэтгэлд ийм бодол төрөв гэдгийг бусад хамт байсан хүмүүсийн мэдүүлэг болон бусад нотолгооны хэрэгсэлтэй харьцуулан дүгнэлт хийхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон.

1хх-70 дугаар талд Батжаргал мэдүүлэхдээ “...хашаа налаад хөл дээрээ явган сууж байсан. Хашааны хажууд нэг сугарчихсан банз байсан. Тэр банзны урд талд нь сууж байсан. Соёмбоогийн талийгаач доошоо хараад хэвтэж байсан гэж хэлсэн газрыг зурагт заав.” гэсэн байгаа. Энэ мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй байна.

Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт /7-р хуудсанд/ “...Т.Түвшинтөр нь .Б.Б-од цохиулж биедээ дээрхи хүнд гэмтлийг аваад идэвхитэй хөдөлгөөн хийж мөлхөж, алхаж, явах, гүйх байдлаар 180 метр зайг туулах боломжгүй нь тогтоогдож байна.” гэжээ. Энэ асуудлыг талийгаачийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч олон удаа тавьж байсан. Талийгаач хөлөөрөө явж тэнд очоогүй гэдэг нь түүний өмсөж явсан пүүзэн дээр цус илэрсэн байдлаар тогтоогддог /1хх-19, 5хх-167/. Талийгаач хэрэв хөлөөрөө явсан бол тухайн үед маш их хэмжээний бороо орсон, шалбааг ихтэй, хүн явах боломжгүй, өвс өндөр ургасан зэрэг байдлуудаас харьцуулалт хийхэд пүүзэн дээрхи цус бүрэн арилах боломжтой. Энэ байдал нь зарагдсан гэх машинаар хүргэгдсэн байх боломжтой.

Түүнчлэн талийгаачийн төмөр замын рейс төмөрийн хажууд хэвтэж байсан газрын фото зураг хэрэгт авагдсан байгаа. Энэ байдлаас харахад талийгаачийн толгой дор цус болсон байдаг. Хөл, гар бусад биеийн хэсэгт огтоос цус болж урссан зүйл тогтоогдоогүй. Тэгвэл энэ байдал талийгаачийн пүүз төмөр замын дэргэд ирснээр цус болох боломжгүйг нотолж байгаа юм. Үүнийг шинжээч Ц.Ганболд “...гэмтэл аваад уначихсан хэвтээ байрлалд байхад хохирогчийн пүүз цусаар бохирлогдох боломжгүй.” гэсэн мэдүүлгээрээ нотолдог юм.

Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “... төмөр замын хажууд яаж очсон, хүргэгдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй...” гэсэн үндэслэл зааж, цагаатгах тогтоол гаргасан нь харамсалтай байна.

Мөн талийгаач Т-д учирсан гэмтэл гараар цохиход үүсгэгдэх боломжгүйгээс гадна хохирогч Т- гартаа мод, чулуу, төмөр гэх мэт зэвсгийн чанартай зүйл барьж цохисон нь тогтоогдохгүй бөгөөд хэргийн газраас эд мөрийн баримтаар авагдсан ямар нэгэн зүйл байхгүй нь Б.Б-ын үйлдлийн улмаас талийгаачид гэмтэл учирсан гэж үзэхэд гарч байна гэж шүүх үзэв гэжээ. Хэрэгт Соёмбо, Ганзориг, Дөлгөөн нарын мэдүүлэгт “...хашааны банз унасан, түүний хажууд сууж байсан..” талаар мэдүүлдэг. Тэдгээр хүмүүсийг анхнаас нь тусгаарлан шалгаагүйгээс үгээ нийлүүлэх, үгсэн тохирох тохироог бүрдүүлсэн.

Түүнчлэн талийгаачийн тухайн үед өмсөж явсан хувцас шүүх хуралдааны үед шинжлэн судлуулах гэсэн боловч байгаагүй. Энэ нь маш чухал ач холбогдолтой эд мөрийн баримт бөгөөд зориудаар алга болгосон гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой байна.

Хамгийн чухал нь талийгаачийн өмсөж явсан хувцас ямар хэмжээтэй, хаана нь, яаж цусаар бохирлогдсон болохыг л харуулах ёстой байсан. Анхаарал татсан асуудал нь талийгаачийн өмсөж явсан хүрэмний гадна тал нил цусаар бохирлогдсон байсан. Хүрэмний дотор тал цэвэрхэн байсан, гэтэл талийгаачийн цогцос олдсон тэр газарт хүрэм цус болох болон тэнд ямар ч цус байгаагүй болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Энэ байдлууд нь цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт бичсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, эргэлзээ огт байхгүй гэдгийг илтгэн харуулж байгаа баримт юм. /1хх-202 талд 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 7724/28 дугаартай шинжээчийн дүгнэлт/,

Талийгаачийн хувцсанд үүссэн гэмтлийн талаар 1хх-181 дүгээр талд 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2897 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тодорхой бичигдсэн байгаа.

Цагаатгах тогтоолд “... Б.Б- нь амь хохирогч Т- цохисон үйл баримт тогтоогдож байх хэдий ч шүүх хэргийг улсын яллагчийн шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Б.Б-ын үйлдлийн улмаас амь хохирогч Т-н биед ямар зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоогоогүй байх ба Б.Б-ын хийсэн үйлдэл нь 2015 онд батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүдийн шинжид тохирохгүй байна” гэжээ. Шүүхийн тогтоол тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй, хууль ёсны байх ёстой. Гэтэл учир битүүлэг өгүүлэмж бичээд хэргийг цагаатгаж байгаа нь илт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Гэрчүүдийн мэдүүлгийг юугаар үгүйсгэж байгаа, эсхүл үнэлэхгүй байгаа шалтгаан зэргийг тодорхой ойлгомжтойгоор бичих ёстой байтал гэмт хэргийн шинжид тохирохгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг цагаатгасанд гомдолтой байна. Тэгвэл шүүх 10хх-5 дугаар талд Монгол Улсын зам тээврийн хөгжлийн яамны 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10/-а/1082 дугаар шинжээчийн дүгнэлтийн тухай, 2хх-45 дугаар талд байгаа Улаанбаатар төмөр замын хяналтын албаны 2013 оны 2 дугаар сарын 2/21 дүгнэлтүүдийг хэрхэн үнэлж байгаа талаараа үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

Мөн анх дуудлага авч хэргийн газарт очсон цагдаа Буяндэлгэр нь /4хх-148/ “...талийгаачийн баруун гар төмөр замын рэйс төмөр дээр дэлгээтэй байсан, галт тэрэг явах болсон тул гарыг нь биеийг нь дагуулж тавьсан...” гэх мэдүүлэг зэрэг ач холбогдолтой нотлох баримтын талаар тогтоолд огт бичигдсэнгүй. Үүнээс улбаалан хохирогчийн хохирлын асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй үлдэж байна. Хохирогч энэ олон жил сэтгэл санаа, эд материалын асар их хохирол амсаж байгааг бид анхаарах ёстой. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ... “ гэв.  

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад шүүх хуралдааны үед ямар нэгэн дэг зөрчигдсөн зүйл байгаагүй. Б.Б- нь 7 жилийн өмнөх үйл явдлыг санахгүй байх боломжтой. Энэ талаарх гаргасан гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн “Б.Б-ын өмгөөлөгч хоёр, гурван өгүүлбэр хэлсэн. Тэр нь сайн сонсогдохгүй байсан” гэж гомдолдоо тусгасан байна. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж хэдэн өгүүлбэр, ямар хугацаанд хэлэх нь хохирогчийн эрх ашигт нөлөөлнө гэж үзэхгүй байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны үеэр гаднаас хүн орж ирээд шүүгчид цаас өгсөн, чихэнд нь шивнээд байсан гэж байна. Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгчийн туслахууд орж ирж гарын үсэг зуруулах асуудал байдаг. Зөвлөлдөх тасалгаанд зөвлөлдөж байхад нь гаднаас хүн орсон бол өөр асуудал байх байсан. Прокурор хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн. Үүнтэй холбоотой шүүгч нар прокуророос асууж тодруулах зүйлээ асуусан болохоос дайрч давшилсан асуудал байгаагүй харагддаг. Мөн шүүх хуралдаан 1 цаг гаруй хугацаанд завсарласан гэж байна. Ямар хугацаанд завсарлах нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүх хэнээс ч хараат бусаар шийдвэрээ гаргадаг байгууллага юм. Өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан нь үндэслэлгүй гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь хуулийг буцаан хэрэглэх тухай заалт байгаа. Тухайн хэрэг 2012 онд гарсан. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж зүйлчилсэн. Үүнийг ойлгохгүй байна гэдгийг нь мэдэхгүй байна. Анхан шатны шүүх хохирогчийг нас бараагүй гэх дүгнэлт хийгээгүй. Б.Б- нь талийгаачийг алсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан. Уг хэргийг хаагаагүй хэрэг бүртгэлт рүү буцаасан. Дахиад шалгана гэсэн үг юм. Талийгаачийн цогцосыг зөөсөн, тээвэрлэсэн гэдэг зүйл ярьж байна. Энэ талаар хэрэгт ямар ч баримт байхгүй. 16 дугаар хавтас хэргийн 9-10 дугаар хуудсанд 2018 оны 6 дугаар сарын 19-нд анхны шинжээчийн дүгнэлт гаргасан Даваасүрэн шинжээчээс мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгт “цогцост хийсэн үзлэг болон хэргийн газрын үзлэгээс харахад цогцосыг зөөвөрлөсөн гэх шинж тэмдэг байдаггүй. Цогцосны гадна үзлэгээр хүүрийн толбо биеийн ар тал дарагдаагүй хэсгээр хүрэн өнгөөр үүссэн хүүрийн хөшилт эрүү, хүзүү дээд, доод мөчид сул илэрсэн байна. Хэрвээ зөөвөрлөсөн гэх юм бол цогцосны байрлалаас хамаараад хүүрийн толбо нь биеийн аль нэг гадаргуугаар тархмал үүссэн байх боломжтой. Гэтэл талийгаач Т-н цогцост ийм шинж тэмдэг илрээгүй байсан” гэсэн байна. Мөн 9 дүгээр хавтас хэргийн 88-92 дугаар хуудсанд гэрч Итгэл мэдүүлэхдээ “би 60 гаруй галт тэрэгний осол, хүн хохирсон гэмт хэрэгт шинжилгээ хийхэд дээрх хэрэгтэй ижил нөхцөлд галт тэргэнд мөргөгдөж, шүргэгдэж нас барсан тохиолдолтой таарч байсан. Т-н нас барсан хэргийн хувьд хавтас хэргийн материал, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргийг үндэслэн өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд галт тэрэгний зүтгүүрээс хойшхи бүрэлдэхүүнд өөрийн үйлчлэлээр очиж мөргөлдсөн, эсхүл шүргэгдсэн гэж үзсэн” гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн байдлыг заавал нотлон тогтооно гэж заасан. Прокурорын яллах дүгнэлтэд Б.Б- нь гараараа цохиод гэмтэл учруулсан гээд байгаа боловч яг ямар хэмжээний гэмтэл учруулсан болохыг тогтоох боломжгүй, Б.Б- цохиж гэмтэл учруулсанаас болж талийгаач нас барсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо дурдсан нь үндэслэлтэй. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Цэцэгбадам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болон үйл баримтуудад дүгнэлт хийж шүүгчийн дотоод итгэлийнхээ дагуу шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнээд прокуророос эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тухайн хэргийг хэлэлцэж байгаа боловч давж заалдсан гомдлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо “Амь хохирогч Т.Түвшинтөр нь  шүүгдэгч Б.Б-од цохиулж биедээ дээрх хүнд гэмтлийг аваад идэвхтэй хөдөлгөөн хийж мөлхөж, алхаж явах, гүйх байдлаар 80-90 метр, эсхүл 180 метр замыг туулах боломжгүй нь тогтоогдож байна. Амь хохирогч Т.Түвшинтөр нь ямар байдлаар явж, эсхүл хүн зөөвөрлөх байдлаар хэрэг учрал болсон газраас дээрх зайг туулж төмөр замын хажууд очсон, хүргэгдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Т.Түвшинтөр нь шүүгдэгч Б.Б-од зодуулж ямар нэг идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй хүнд гэмтсэн атлаа өөр газар нас барсан байдалтай олдсон юм бол талийгаач нь ямар нөхцөл байдалд амь насаа алдсан болох нь тодорхойгүй үлдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтуудад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол“, “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заажээ.

201218000278 тоот эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, дээрх хуулийн шаардлагыг хангаагүй дүгнэлтэд хүрэх шалтгаан болсон байна гэж үзэхээр байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/716 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-од холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, Б.Б-ын гэм буруутайг тогтоолгох” талаарх давж заалдсан гомдлыг хэлэлцээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Мөн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгээс хэргийн эд мөрийн баримт алга болсон талаар тайлбарласныг анхаарч шалгах зайлшгүй шаардлага бөгөөд шүүгдэгч Б.Б- нь хорих ял эдэлж байхдаа гэмт хэрэгт холбогдсон болох нь тогтоогдсон байхад түүнд хяналт тавьж байсан зохих байгууллагыг иргэний хариуцагчаар татан оролцуулж, гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохирлыг хариуцуулах эсэх асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой болгох хэрэгтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/716 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-од холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ