Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 838

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Т.Мандахнаран,

өсвөр насны шүүгдэгч Т.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Тунгалаг,

тэдгээрийн өмгөөлөгч Д.Даваа, 

нарийн бичгийн даргаар Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Тунгалагийн Т.Бд холбогдох 1902002830178 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 6-260 тоотод оршин суух, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих оногдуулж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Тунгалагийн Т.Б /РД- КЮ01311115/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Өсвөр насны шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Т.Б нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта-9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай, 2.2965 грамм цэвэр жинтэй, "өвс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэл хийсэн болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Т.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг

гэрч Э.Пүрэв-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед ажлаасаа тараад ТБД Андууд гэх газрын ойролцоо байрлах "Зэвэг" нэртэй писи тоглоомын газарт тоглох гэж ганцаараа очсон. Тэр писи тоглоомын газарт очиход миний таньдаг хүн байгаагүй. Би ганцаараа тоглоод сууж байсан. Миний тоглох цаг дуусаад гарах гэж байхад емнө нь зүс таньдаг байсан Борко гэх 20 гаран насны ах намайг таниад дуудсан. Би эхэндээ тэр ахыг таниагүй юм. Тэгээд очиход "юу хийж байна" гэж асуугаад хамт тамхи татангаа писи тоглоомоос гараад явсан. Борко ах надад тамхи гаргаж өгөөд мөн цүнхнээсээ улаан гялгар ууттай ургамал шиг зүйл гаргаж ирээд "ахад нь мөнгөний хэрэг гараад байна, чи энийг авах уу, чи энэ өвсийг сороод үз, гоё болно, энэ бол мансууруулах өвс" гэж хэлсэн. Би "надад мөнгө байхгүй байна, гэхдээ надаа жоохонг өгчих тэгэх үү, би хэрэглэж үзье" гэж хэлсэн. Тэгээд Борко ах гялгар уутнаасаа нэг талыг нь тасдаж, тэрэн дээрээ өвснөөс бага зэргийг тавьж өгсөн. Тэр өвсийг нь аваад гэрлүүгээ явсан. Маргааш өдөр нь буюу 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед найз Т.Бтай уулзах гэж манай гэрийн хажуу талд байдаг "Викалан" нэртэй писи тоглоомын газарт очсон. Тэр писи тоглоомын газарт Т.Б тоглож байсан. Тэгээд Т.Бд нөгөө уутгай мансууруулах өвсөө үзүүлээд "таньдаг ахаасаа авсан, 2-лаа хэрэглэж үзье" гээд гэрийн хажуу талд байдаг Цагаан худаг гэх газарт очсон. "Цагаан худаг" гэх газар очоод сонингийн цаасанд нөгөө өвснөөсөө ороож татсан. Тэр өвснөөс 2 удаа ороож татсан юм. Тэгэхэд надад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байсан болохоор тэр өвсийг "наадах чинь худлаа юм байна, наадахаа хаячих" гэж хэлээд нөгөө өвсөө тэнд нь хаяад үлдээгээд явсан. Тэгээд Т.Б бид 2 писи тоглоомын газарт тоглож байгаад өдөр 16 цагийн үед хотын төв рүү орж ирээд "Тэнгис" кино театрын орчим ирсэн. Т.Б "Тэнгис" кино театрын хажууханд байдаг дэлгүүрээс "шоколад авья" гэж хулгайлах зорилготой орсон. Тэр дэлгүүрт ороход лангуун дээр байсан Мерси нэртэй шоколаднаас 5 хайрцгийг хулгайлж авсан. Т.Бын үйлдлийг дэлгүүрийн хамгаалагч хараад бид 2-ыг барьсан юм. Тэгээд бид 2-ыг цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Тэгсэн цагдаа нар бид 2-ын биед үзлэг хийхэд Т.Бын халааснаас нь нөгөө ууттай өвс гарч ирсэн. Би тэр өвсийг Т.Быг авсан байсмыг мэдээгүй. Би тэр өвсийг хаячихсан гэж ойлгож байсан юм. Би тэр өвсийг "худлаа юм байна" гэж хэлээд хаясан байсан юм. Миний хаясан өвсийг Т.Б авч байхыг хараагүй мэдээгүй юм. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Дэлгүүрээс хулгайлах гэж байсан шоколадыг буцаагаад өгсөн байгаа." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2326 дугаартай "... Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгөтэй гялгар ууттай шар ногоон өнгийн ургамал мэт зүйл, улаан, цагаан өнгийн оруулгатай гялгар ууттай шар ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь 1971 оны НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ид багтдаг болно." гэсэн дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 40-41х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2095 дугаартай "Эрдэнэбулган Пүрэв-Эрдэнэ", "Баттунгалаг Т.Б" гэж хаягласан 2ш шээсний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтад хамаарна" гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44х/

хүний биед үзлэг хийсэн "Өмссөн хувцсыг нь үзэхэд тогтоогдсон нөхцөл байдал Т.Б “... халаас, нугалаа, бүхий л зүйлсэд үзлэг хийхэд ... цагаан уутанд боосон жижиг нунтаг зүйл зэрэг гарч ирсэн бөгөөд цагаан өнгийн уутанд хийсэн жижиг нунтаг зүйлд шинжилгээ хийлгэхээр хураан авсан болно. ..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 11-13х/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Бын хориглосон Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта-9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай, 2.2965 грамм цэвэр жинтэй, "өвс" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Бд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэв.

Мөн Т.Быг урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих оногдуулж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байх ба тэрбээр ял хойшлуулсан хугацаанд дахин гэмт үйлдсэн тул энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ял буюу 2 жил 6 сарын хорих ялыг бүхэлд нь нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамихтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цагаан өнгийн гялбар уутанд шар ногоон өнгийн ургамал мэт зүйл уутны хамт 2.1271 грамм, цэвэр жин 1.2275 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 1.1271, улаан өнгийн уутанд шар ногоон өнгийн ургамал мэт зүйл уутны хамт 2.4500 грамм, цэвэр жин 1.0690 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.9545 грамм зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамихтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч Боржигин овогт Тунгалагийн Т.Быг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Т.Бд энэ тогтоолоор шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялд, өмнөх Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Т.Бд шүүхээс оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/  жил 9 /ес/ сарын хугацаагаар тогтоож, тус ялыг нээлттэй сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Т.Бын цагдан хоригдсон нийт 34 /гучин дөрөв/ хоногийг, түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

 

6.Өсвөр насны шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамихтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цагаан өнгийн гялбар уутанд шар ногоон өнгийн ургамал мэт зүйл уутны хамт 2.1271 грамм, цэвэр жин 1.2275 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 1.1271, улаан өнгийн уутанд шар ногоон өнгийн ургамал мэт зүйл уутны хамт 2.4500 грамм, цэвэр жин 1.0690 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.9545 грамм зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамихтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ